Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 329

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Пийс тауэр 13 дугаар давхар, 1308 тоотод байрлах, Мөнхийн тун ХХК /РД:2024608/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельс гудамж, Алтай хотхон 25 дугаар байрны 110 тоотод оршин суух, Бэсүд овогт Гантулгын Байгальмаа /РД:ДМ95052705/-д холбогдох,

 

1,664,010 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 1,200,378 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга, хариуцагч Г.Байгальмаа, гэрч П.Нацагдорж, Э.Даваадагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мөнхийн тун ХХК нь Г.Байгальмаатай 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан Мөнхийн тун ХХК-ийн Бөмбөгөр Эм ханган нийлүүлэх төвийн захиалга хүлээн авагч, олгогч албан тушаалд ажиллуулж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Г.Байгальмаа нь компанид ажиллаж байх хугацаандаа бараа, бэлэн бүтээгдэхүүний дутагдал гаргах, компанийн касс дахь бэлэн мөнгөнөөс хувьдаа авч хэрэглэх зэрэг үйлдлийг гаргаснаас компанид дараах хохирол учраад байна. Үүнд:

1. 2018 оны 01 дүгээр сарын тооллогоор Бөмбөгөр эм ханган нийлүүлэх төвийн бараа бүтээгдэхүүнээс нийт 55,160 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутаж, түүнийг эд хөрөнгө хариуцагчдаар хувь тэнцүүлэн төлж барагдуулахаар хуваарилан тогтоосон бөгөөд Г.Байгальмаа нь нийт 27,580 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайн сард Г.Байгалмаа нь 201,165 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан хэдий ч худалдан авагчаас төлбөрийг аваагүй байгаа гэсэн тул тухайн үед тооллогын комиссын гишүүн нягтлан бодогч нь уг төлбөрийг кассын үлдэгдэлд хамааруулан тэмдэглэсэн байдаг.

2. 2018 оны 02 дугаар сарын тооллогоор Бөмбөгөр эм ханган нийлүүлэх төвийн кассаас нийт 63,665 төгрөг дутаж, түүнийг хөрөнгө хариуцагч нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсний дагуу Г.Байгалмаа нь 31,832.50 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнээс гадна дээр дурдсанчлан Г.Байгальмаа нь 2018 оны 01 дүгээр сарын тооллогоор худалдан борлуулсан хэдий ч худалдан авагчаас төлбөрийг нь авч амжаагүй байгаа гэх тайлбарыг өгч кассыг үлдэгдэлд тэмдэглүүлэн дараа сард кассын орлогод нэмж төлөхөөр тохиролцсон 201,165 төгрөгийг кассанд орлогдоогүй байсан тул 2018 оны 02 сарын тооллогоор уг төлбөрийг Г.Байгальмааг төлж барагдуулахыг сануулан өр төлбөрт тооцож тайланд тусгасан байдаг.

3. 2018 оны 03 сарын тооллогоор Бөмбөгөр эм ханган нийлүүлэх төвөөс нийт 1,235,936 төгрөгийн үнэ бүхий Лаферобион лаа дутсан бөгөөд тус төлбөрийг эд хөрөнгө хариуцсан ажилтнуудад тэдний чиг үүрэг, хүлээх хариуцлагын хэр хэмжээг харгалзан тодорхойлж, эд хөрөнгө хариуцсан ажилтнуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр Г.Байгалмаа нь уг төлбөрийн 35 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөр буюу 432,577.72 төгрөгийн эд хөрөнгийн хариуцлагыг хүлээхээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн энэхүү тооллогоор кассаас 19,209 төгрөг дутсаныг эд хөрөнгө хариуцагч ажилтнуудаар хувь тэнцүүлэн төлүүлэхээр хариуцлага тооцсон бөгөөд үүний дагуу хариуцагч нь 9,604.55 төгрөг төлж барагдуулах үүрэг хүлээнэ.

4. Түүнчлэн хариуцагчтай хамт ажиллаж байсан Бөмбөгөр эм ханган нийлүүлэх төвийн жолооч албан тушаалтай ажилтан П.Нацагдорж нь бүтээгдэхүүний хүргэлт хийх явцдаа хүргэлтийн бүтээгдэхүүний төлбөр болох 500,000 төгрөгийг бэлнээр авч, уг төлбөрийг Г.Байгальмаагийн Хаан банканд эзэмшдэг 5031466139 тоот данс руу кассын орлогод оруулахаар шилжүүлсэн хэдий ч Г.Байгальмаа нь уг мөнгийг кассанд тушаахгүйгээр хувьдаа авч хэрэглэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй болно.

5. Мөнхийн тун ХХК-ийн Бөмбөгөр ЭХНТөв нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Шиншила ХХК-д 461,250 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг зээлээр олгосон ба Шиншила ХХК нь зээлээр худалдан авсан бүтээгдэхүүнийхээ өр төлбөрийг өөрийн ажилтан Дөлгөөний Хаан банканд эзэмшдэг 5005212539 дансаар 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн Хаан банканд эзэмшдэг 5031466139 тоот дансанд бүрэн шилжүүлсэн байна. Гэтэл хариуцагч Г.Байгальмаа нь уг төлбөрийг өөрийн хувийн дансаар хүлээн авсан боловч компанийн дансанд тушааж, Шиншила ХХК-ийн зээлийн дансыг хаахгүйгээр уг төлбөрийг хэрэглэсэн байна.

Иймд Г.Байгальмаагаас нийт 1,664,010 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин сүүлд санхүүгийн баримтаа шүүж үзэхэд Г.Байгальмаагийн цалингаас 544,853.67 төгрөгийг суутгасан байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 544,853.67 төгрөгөөр багасгаж, одоо хариуцагчаас1,119,156 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Г.Байгальмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 01 дүгээр сарын бараа бүтээгдэхүүний дутагдал болох 27,580 төгрөгийг хүлээн зөвшөөрч тухайн сарын цалингаас төлж барагдуулсан болно. 201,165 төгрөгийн бараа бүтээгдэхүүний хувьд тухайн сард бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчаас авч тооцоо дууссан байдаг. Сар бүрийн сүүлийн өдөр тооллого тооцоо нийлж өр дутагдал гарсан тохиолдолд цалингаас хасуулж цалингаа авсан болно. 2018 оны 02 дугаар сарын бараа бүтээгдэхүүний дутагдал болох 31,832.50 төгрөгийг хүлээн зөвшөөрч тухайн сарын цалингаас төлж барагдуулсан. 2018 оны 3 дугаар сарын бараа бүтээгдэхүүний дутагдал болох 432,577.72 төгрөгийг хүлээн зөвшөөрч тухайн сарын сүүл цалин болох 620,000 төгрөгийн үлдэгдэл цалингаас төлж барагдуулсан. 500,000 төгрөгийн хувьд тухайн өдрийн бэлэн борлуулалтад оруулж төлсөн ба сар тухай бүр тооллого нийлдэг байсан. Мөн Шиншила эмийн сангаас 461,250 төгрөгийг авч кассанд бэлэн төлсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Г.Байгальмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Мөнхийн тун ХХК тай 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хөлсийг борлуулалтын 2 хувиар бодож олгохоор тохиролцон гэрээ хийсэн ба сүүлд 3 дугаар сарын 20-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж, 900,000 төгрөг нь дээр бонус цалин нэмж өгөхөөр тохиролцсон. Гэрээхийснээс хойш 2017 оны 12 сар, 2018 оны 1,2,3 дугаар саруудын цалинг буруу бодож олгосон гэдгээ Мөнхийн тун ХХК хүлээн зөвшөөрсөн.

Миний бие ажиллах хугацаандаа 2017 оны 12 дугаар сард 645,685 төгрөг, 2018 оны 1 дүгээр сард 1,912,117 төгрөг, 2018 оны 2 дугаар сард 522,700 төгрөг, 2018 оны 3 дугаар сард 250,000 төгрөг, нийт 3,330,502 төгрөгийн цалинг авсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу борлуулалтын 2 хувиарбодвол 2017 оны 12 дугаар сард 120,712,520 төгрөгийн борлуулалт хийсний 2 хувь болох 2,414,250 төгрөг.Үүнээс шимтгэл хасагдаж, гар дээр 1,911,380 төгрөг авах байснаас 645,685 төгрөгийн цалинг авсан. Иймд зөрүү 1,265,695 төгрөг болж байна,

2018 оны

 

 
 


1 дүгээр сард 65,001,730 төгрөгийн борлуулалт хийсэний 2 хувь болох 1,300,034 төгрөгнөөс шимтгэл хасагдаад гар дээр 1,051,327 төгрөг авах байхад 1,912,117 төгрөгийн цалин авсан. Илүү 860,790 төгрөгавсан байна.

 

2018 оны 2 дугаар сард 42,661,525 төгрөгийн борлуулалт хийсэн ба түүний 2 хувь болох 853,230төгрөгнөөс шимтгэл хасагдаад 695,104 төгрөгийг гар дээр авах байснаас 522,700 төгрөгийн цалин авсан. Үүнээс зөрүү 172,404 төгрөг,

2018 оны 3 дугаар сард 34,484,771 төгрөгийн борлуулалт хийснээс 2 хувь буюу 689,695 төгрөг(2018/03/01-2018/03/19 хүртэлх хугацааны борлуулалтын орлогоос 2 хувь тооцож гаргасан дүн) 2018 оны 3дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажлын өдрийн цалинг үндсэн цалингаас дүйцүүлэн тооцоход 873,069 төгрөг гар дээр авахаас 250,000 төгрөг авсан. Зөрүү 623,069 төгрөгбайгаа. Иймд хариуцагчаас цалингийн зөрүү болох 1,200,378 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл холбогдуулан гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Байгальмаа нь хариуцагч Мөнхийн тун ХХК-д анх 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ирж ажлын ярилцлаганд орж, уг ярилцлаганд үндэслэн Мөнхийн тун ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/324 дугаар тушаалын дагуу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны 03 сарын 31-ний дуустал Мөнхийн тун ХХК-д захиалга хүлээн авагч, олгогчийн албан тушаалд ажилласан. Дээрх хугацаанд Мөнхийн тун ХХК нь хариуцагчид дутуу хувь хэмжээгээр цалин хөлсийг олгосон асуудалгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс буруу бодсон, дутуу хувь хэмжээгээр цалинг олгосон талаар холбогдох этгээдүүдэд урьд нь гомдол гаргаж байгаагүй болно.

Цалинг юунд үндэслэж, хэрхэн олгосон талаар тайлбар өгөхөд 2017 оны 12 дугаар сард зохигчдын харилцан тохиролцсоны үндсэн дээр хариуцагч компанийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/324 дугаар тушаалын дагуу үндсэн цалинг 800,000 төгрөгөөр тооцож, 2018 оны 01 дүгээр сард хариуцагч компанийн Гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/324 дугаар тушаал болон зохигчдын хооронд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний дагуу үндсэн цалинг Бөмбөгөр ЭХНТөвийн 2018 оны 1 сарын борлуулалтын орлогын 2 хувиар тооцож, 2018 оны 02 дугаар сард хариуцагч компанийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 сарын 27-ны өдөр 18/01/45 дугаар тушаалд үндэслэн үндсэн цалинг 600,000 төгрөгөөр тооцож, 2018 оны 3 дугаар сард хариуцагч компанийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 01 -ний өдрийн 18/01/506 дугаар тушаал болон талуудын хооронд 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээнд үндэслэн үндсэн цалинг 900,000 төгрөгөөр тооцож тус тус олгосон. Дээрх шалтгааны улмаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК нь хариуцагч Г.Байгальмаад холбогдуулан 1,664,010 төгрөг гаргуулахтухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Г.Байгальмаа нь нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК-д холбогдуулан 1,200,378 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК нь хариуцагч Г.Байгальмаагаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 544,853.67 төгрөгөөр багасгаж, 1,119,156 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбарыг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Г.Байгальмаа нь нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс тус компанийн Бөмбөгөр эм ханган нийлүүлэх төвийн захиалга хүлээн авагч, олгогчийн ажлын байранд ажилд орж ажиллаж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигч маргахгүй байна.

 

Нэг: Нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК-ийн хариуцагч Г.Байгальмаагаас 1,119,156 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... хариуцагч Г.Байгальмаа тус компанид ажиллаж байх хугацаандаа бараа бүтээгдэхүүний болон бэлэн мөнгөний дутагдал гаргасан ба нийт 1,664,010 төгрөгийн дутагдал гаргаснаас түүнд олгох цалингаас 544,854 төгрөгийг суутгаж авсан тул үлдэх 1,119,156 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд:

- 2018 оны 01 дүгээр сарын тооллогоор 27,580 төгрөгийн бараа бүтээгдэхүүний дутагдал болон 201,165 төгрөгийн кассын бэлэн мөнгөний дутагдал гарсан,

- 2018 оны 02 дугаар сарын тооллогоор кассын бэлэн мөнгөнөөс 31,832.50 төгрөгийн дутагдал гарсан,

- 2018 оны 03 дугаар сарын тооллогоор 432,577.72 төгрөгийн бараа бүтээгдэхүүний дутагдал болон кассын бэлэн мөнгөний 9,605.55 төгрөгийн дутагдал гарсан,

- Тус компанийн жолооч П.Нацагдорж бүтээгдэхүүний хүргэлт хийх явцдаа бараа бүтээгдэхүүний төлбөр болох 500,000 төгрөгийг Г.Байгальмаагийн хаан банкинд байрших 5031466139 дансруу шилжүүлснийг компанид өгөөгүй,

- Шиншила ХХК нь зээлээр худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн Хаан банканд эзэмшдэг 5031466139 тоот дансанд бүрэн шилжүүлсэн боловч компанид өгөхгүйгээр хохирол учруулсан гэж тайлбарлаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д ажилтан хөдөлмөрлөх үүргээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 125.1.2-т хөдөлмөрлөх үүргээ хэрэгжүүлэх явцдаа байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэжээ.

 

Хариуцагч Г.Байгальмаа нь Мөнхийн тун ХХК-ийн Бөмбөгөр эм ханган нийлүүлэх төвийн захиалга хүлээн авагч, олгогчийн ажлын байранд ажиллаж байхдаа Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-г байгуулан ажиллаж байсан байх ба тус гэрээний 1.3-д ажилтан хөдөлмөрлөх үүргээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу ажиллаж байх хугацаандаа байгууллагад учруулсан хохирлыг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Г.Байгальмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргаж байх ба үндэслэлээ... нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК-д нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бүх мөнгийг бүгдийг нь төлсөн... гэж тайлбарлан байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Г.Байгальмаа нь дээрх дутагдал гарсан эсэх, уг дутагдал гарахад ажил олгогч байгууллагын буруутай үйлдэл байсан эсэх талаар маргахгүй байх ба харин уг гарсан дутагдлыг төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар 2018 оны 01 дүгээр сарын тооллогоор 27,580 төгрөгийн бараа бүтээгдэхүүний дутагдал, 2018 оны 02 дугаар сарын тооллогоор кассын бэлэн мөнгөнөөс 31,832.50 төгрөгийн дутагдал, 2018 оны 03 дугаар сарын тооллогоор 432,577.72 төгрөгийн бараа бүтээгдэхүүний дутагдал болон кассын бэлэн мөнгөний 9,605.55 төгрөгийн дутагдал гарсан болох нь тогтоогдож байна.

 

Харин 2018 оны 01 дүгээр сарын тооллогоор 201,165 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал гарсан гэж нэхэмжлэгч нь хариуцагчаас нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан 2018 оны 01 сарын тооллогоны баримтад энэ талаар тусгагдаагүй, хэрэгт уг дутагдал гарсан болохыг нотолсон баримт байхгүй байна.

 

Мөн хариуцагч Г.Байгальмаагийн Хаан банкны 5031466139 тоот дансанд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч компанийн жолооч П.Нацагдорж нь бараа бүтээгдэхүүний үнэ болох 500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь гэрч П.Нацагдоржийн мэдүүлэг, Г.Байгальмаагийн Хаан банкны 5031466139 тоот дансны хуулга зэрэг бичгийн баримтаар, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн харилцагч Шиншила ХХК-аас бараа бүтээгдэхүүний төлбөрт 461,250 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч Г.Байгальмаа нь дээрх төлбөрүүд өөрийнх нь дансанд орсон болохыг хүлээн зөвшөөрч, маргаагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт ажил олгогчид учирсан хохирлыг хэмжээг шууд хохирлоор тодорхойлно гэж заасны дагуу ажил олгогч Мөнхийн тун ХХК нь хариуцагч Г.Байгальмаагаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагад учирсан хохирлоо бүрэн хэмжээгээр шаардах эрхтэй байх боловч шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдсон хэмжээгээр хохирлыг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Г.Байгальмаа нь тус компанид ажиллаж байх хугацаандаа 2018 оны 01 дүгээр сарын дутагдал 27,580 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын тооллогын дутагдал 31,832.50 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын тооллогоор бараа бүтээгдэхүүний дутагдал 432,577.72 төгрөг, кассын бэлэн мөнгөний дутагдал 9,605.55 төгрөг, дансаар 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр орж ирсэн бараа бүтээгдэхүүний үнэ болох 500,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдөр орж ирсэн 461,250 төгрөг, нийт 1,467,374 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч Г.Байгальмаа нь 2018 оны 01 дүгээр сарын дутагдал 27,580 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын тооллогын дутагдал 31,832.50 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын тооллогоор бараа бүтээгдэхүүний дутагдал 432,577.72 төгрөг, кассын бэлэн мөнгөний дутагдал 9,605.55 төгрөг, дансаар 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр орж ирсэн бараа бүтээгдэхүүний үнэ болох 500,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдөр орж ирсэн 461,250 төгрөг зэргийг бүгдийг нь кассанд бэлнээр тушаах, цалингаасаа суутгуулах зэргээр төлж барагдуулсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийн цалингаас суутгасан гэх 544,853.67төгрөгийг хасч, үлдэх 916,192 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 201,165 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хоёр: Хариуцагч Г.Байгальмаагийн нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК-иас цалингийн зөрүүнд 1,200,378 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч Г.Байгальмаа нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа... Мөнхийн тунХХК тай 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа сарын цалинг борлуулалтын 2 хувиар бодож олгохоор тохиролцон гэрээ хийсэн боловч гэрээнд заасны дагуу миний цалинг бодож олгоогүй тул 2017 оны 12 сар, 2018 оны 1,2,3 дугаар саруудын цалингийн зөрүү болох 1,200,378 төгрөгийг дутуу олгосон гэж... тайлбарлаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэжээ.

 

Хариуцагч Г.Байгальмаа нь цалингаа тухайн сар бүр авдаг байснаа хүлээн зөвшөөрч байх ба цалинг дутуу олгосон гэдгийг цалин авсан тухайн үедээ мэдэх боломжтой байжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Байгальмаагийн нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагч Г.Байгальмаагийн нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК-иас цалингийн зөрүүнд 1,200,378 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахьхэсэг, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар 135.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Байгальмаагаас 917,991 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК-д олгож, үлдэх 201,165 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8, 129 дүгээр 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Байгальмаагийн нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК-иас цалингийн зөрүү 1,200,378 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,904 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Байгальмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 26,582 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мөнхийн тун ХКК-д олгож, хариуцагч Г.Байгальмаагаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,600 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан хариуцагч Г.Байгальмаад буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА