Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул,

Улсын яллагч Н.,

Хохирогч Э.*******,

Түүний өмгөөлөгч Т.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох 2223001310149 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, эгч, дүүгийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суудаг, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь 2022 оны 07 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын баг тоотод  байрлах иргэн О.*******ын эзэмшлийн байшинд  хохирогч Э.*******ийн үснээс зулгааж газарт унагаж толгой, цээж, хөл, гар, нуруу хэсэгт хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүгдэгч С.******* нь 2022 оны 07 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын баг тоотод  байрлах иргэн О.*******ын эзэмшлийн байшинд  хохирогч Э.*******ийн үснээс зулгааж газарт унагаж толгой, цээж, хөл, гар, нуруу хэсэгт хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь биед тархи доргилт, уруулын баруун дотор хэсэгт язарсан шарх, баруун нүдний доод зовхинд, хамрын нуруу, баруун хацарт хавдар, баруун хөмсгөнд, духны хэсэгт, доод уруулын баруун дотор хэсэгт, баруун эрхий хурууны арын үений хэсэгт, баруун тохойн үений хэсэгт, зүүн тохойн үений хэсэгт, зүүн шилбэний гадна дунд хэсэгт, зүүн гуяны дотор дунд хэсэгт, баруун шагайн үений гадна хэсэгт, баруун тавхайн хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

-   Хохирогч Э.*******ийн “...2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад найз ******* над руу залгаад “гараад ир, уулзаж гол оръё” гээд манай гэрийн гадаа өөрийнхөө машинтай ирээд намайг авсан. Тухайн үед түүний машинд *******ын ажлын газрын найзууд гээд үл таних 2 залуу мөн түүний багийн найз нь гэх үл таних залуутай явж байсан. Би гэрээсээ гарахдаа эрүүл архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин машин барьсан үл таних залуугаас бусад нь архи уусан байдалтай байсан. Бид нар голын эрэг дээр 2,5 литрийн хэмжээтэй Сэрүүн нэртэй пиво 8 ширхгийг уугаад шөнө 04 цаг өнгөрч байхад багийн Нефтийн хэсэг 400 тоот буюу найз *******ын гэрт очоод хашаа руу нь машинаа оруулаад машин дотор 2,5л хэмжээтэй пиво 2-3 ширхгийг ууж дууссаны дараа *******, , С.******* нарын хамт гэр лүү нь орсон. Машин барьж байсан залуу шууд гэр рүүгээ явсан. Бид нар жижиг өрөө рүү хамт орсон. Би *******ыг хүргээд өгөөч гээд унтахгүй жижиг өрөөнд сууж байсан. ******* *******ыг “том өрөөнд унт” гэхэд орохгүй суугаад байсан. Тэгээд *******, хоёр жижиг өрөөндөө унтсан. Тэгэхээр нь би гэрээс нь гарах гэхэд хаалгыг нь дотор талаас нь түгжсэн байсан. Гал тогооны өрөөнд түлхүүр хайгаад олдохгүй байхаар нь жижиг өрөө рүү ортол ******* гэх залуу миний 2 гараас барьж байгаад намайг газарт унагааж байгаад миний өмдийг тайлах гэхээр нь би түүнийг түлхсэн. Тэгтэл үснээс зулгаагаад том өрөө рүү чирээд оруулахаар нь би түүний цээж хэсэг рүү түлхсэн. Тэгтэл буйдан дээр суугаад босож ирээд “чи яасан их түлхдэг юм бэ” гээд үснээс зулгаагаад газарт унагааж байснаа толгой, цээж, хөл, гар, нуруу руу хөлөөрөө дэвсэх, өшиглөх, гараараа олон удаа цохисон. Нүүр рүүгээ өшиглүүлснээр болоод миний хамар, ам, уруулаас цус гарсан. Би *******, хоёрыг дуудсан боловч сэрэхгүй нам унтсан байсан. Тэгэхээр нь би жижиг өрөөний цонхоор нь гарч зугтаад гэртээ очсон. ...******* гэх залуу юунаас болсныг нь сайн мэдэхгүй байна. Надтай маргалдаад миний хоёр гарнаас бариад авахаар нь би газарт хий гишгээд унасан. Тухайн үед би түүнийг согтуу байсан болохоороо миний өмдийг тайлах гэж байгаа юм болов уу гэж бодоод түүнийг түлхсэн. Түүнээс ******* гэх залуу миний өмдийг тайлсан болон тайлах гэж оролдсон зүйл байхгүй.

...Түүнээс хойш би эрүүл мэндээрээ хохирч, салганаж чичрээд, толгой хүчтэй хатгуулаад, цээжээр өвдөөд, хамар өвдөөд байнга цус гарч байгаа. Би энэ хүнд зодуулсандаа гомдолтой байна. Цаашид хот руу явж эмчлүүлэх эмчилгээний зардлаа гаргуулна. Би зодуулснаас хойш ажлаа хийж чадахгүй байгаа. Сард 2.100.000-2.700.000 төгрөгийн орлоготой, өдөрт хамгийн доод тал нь 70.000 төгрөг, тал нь 100.000 гаран төгрөгийн орлоготой, өглөөний 09 цагаас оройн 11 цаг хүртэл ажилладаг байсан бол одоо ажлаа хийж чадахгүй байна. Одоо өдрийн 5, 6 цаг л ажиллаж байгаа. Удаан явахаар толгой эргээд, нүд бүрэлзээд унах гээд байдаг болсон. Эмч хөнгөн гэмтэл гэсэн ч бие зовуурьтай байгаа. Гомдолтой байна. Би цаашид гарах зардалтайгаа нийт 4,000,000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 19-20-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч О.*******ын “...Манайд , *******, хохирогч Э.******* бид дөрөв ороод жижиг өрөөнд унтацгаахаар болсон. бид хоёр жижиг өрөөнд унтсан. ******* “том өрөөнд унтлаа” гээд хөнжил гудас аваад орсон. *******т жижиг өрөөнд тусдаа ор засаж өгсөн. Би тэр чигтээ нам унтаад өдөр 12 цагт сэрсэн. Намайг сэрэхэд хэн ч байхгүй, гэр орон эмх цэгцгүй том өрөөнд байсан модон ширээний хөл хугарсан, ширээн дээр байсан тавагтай ааруул чихэр бүгдийг асгасан, том өрөөний шал нь цус болсон байхаар нь шууд гэрээ цэвэрлэсэн. Би гэрээ цэвэрлэж дуусаад ******* рүү залгаад өчигдөр юу болсон талаар асуухад “чиний найз ******* гэх залуугаа дуудчих ярих юм байна” гэхээр нь 14 цагийн орчимд ******* руу залгаад түүнийг дагуулаад *******ийн ажил дээр очоод тэр хоёрыг уулзуулсан. Би тэр хоёрыг юу ярьсан талаар нь мэдээгүй. *******ыг дагуулж очиход хохирогч Э.******* “танай найз намайг зодоод хамаг бие хөх няц болгосон” гээд 2 гар, хавдсан уруулаа үзүүлсэн өөр зүйл хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн -р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.гийн  2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 000000370 дугаартай “...1. Э.*******ийн биед тархи доргилт, уруулын баруун дотор хэсэгт язарсан шарх, баруун нүдний доод зовхинд, хамрын нуруу, баруун хацарт хавдар, баруун хөмсгөнд, духны хэсэгт, доод уруулын баруун дотор хэсэгт, баруун эрхий хурууны арын үений хэсэгт, баруун тохойн үений хэсэгт, зүүн тохойн үений хэсэгт, зүүн шилбэний гадна дунд хэсэгт, зүүн гуяны дотор дунд хэсэгт, баруун шагайн үений гадна хэсэгт, баруун тавхайн хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно.

3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2022 оны 07 дугаар сарын 07-нд үүссэн байх боломжтой.

4. Э.*******ийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 36-38-р хуудас/ 

- Шүүгдэгч С.*******ын “...Би болсон явдлын талаар өмнө мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...Би хохирогчид 1,100,000 төгрөгийн хохирол төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нь нөхөн төлөхөө илэрхийлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хохирогч Э.******* нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “С.******* толгой, цээж, хөл, гар, нуруу руу хөлөөрөө дэвсэх, өшиглөх, гараараа олон удаа цохисон” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчийн уг үйлдэл нь Э.******* рүү шууд чиглэсэн санаатай үйлдэл байна.

Шүүгдэгч С.******* нь хохирогч Э.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, зөв боловсон харьцаа, архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ, бие биенээ хүндлэх хүндлэл болон нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Хохирлын талаар:

Хохирогч Э.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би гэмт хэргийн улмаас учирсан хохиролд одоо хийлгэсэн эмчилгээ болон цаашид гарах эмчилгээний зардалтайгаа нийлээд нийт 4,000,000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан байх тул хохирогч Э.******* гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүгдэгч С.******* нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүрэгтэй.

Шүүх хохирлын баримтыг шинжлэн судлаад хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 1,005,029 төгрөгөөс 731,906 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин 3,123 төгрөгийн нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой хамааралгүй хоол, хүнс, бараа материал авсан баримт байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.******* гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1,100,000 төгрөгийг хохирогчид төлсөн болох нь хохирогч Э.*******ийн ХААН банкны дансанд хохирол төлсөн баримт /хх-ийн 72-р хуудас/ болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.*******ыг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин хохирогч Э.******* нь цаашид гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.*******аас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.******* урьд нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 73-84-р хуудас/

Иймд шүүх шүүгдэгч С.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 1,005,029 төгрөгөөс 731,906 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3,123 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.******* 1,100,000 төгрөг төлж энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Э.******* нь цаашид гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.*******аас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ