Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0647

 

 

 

 

 

 

 

 

 

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Б.Н, түүний өмгөөлөгч Х.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч К ХХК

Хариуцагч Э ХК, Э ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Э” ХК-иас зарласан “Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/202******** тоот нээлттэй тендер шалгаруулалтын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 0* дугаартай тэмдэглэл буюу шийдвэрийн “К” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, мөн өдрийн зөвлөмж, “Э” ХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01**** дугаартай мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, “Э” ХК-иас 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилт”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/202******** дугаартай нээлттэй тендер шалгаруулалт дахин зарласан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “К” ХХК-ийн тендерийг дахин үнэлж, хамгийн сайн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах, Үнэлгээний хорооны тус шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгохыг захиалагч “Э” ХК-д даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0656 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.Ч, Г.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, С.М, Х.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э

Хэргийн индекс: 128/2024/0670/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “К” ХХК нь “Э” ХК, “Э” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулж “Э” ХК-иас зарласан “Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/202******** тоот нээлттэй тендер шалгаруулалтын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 0* дугаартай тэмдэглэл буюу шийдвэрийн “К” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, мөн өдрийн зөвлөмж, “Э” ХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01**** дугаартай мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, “Э” ХК-иас 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилт”-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох ЭТТХК/202******** дугаартай нээлттэй тендер шалгаруулалт дахин зарласан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “К” ХХК-ийн тендерийг дахин үнэлж, хамгийн сайн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах, Үнэлгээний хорооны тус шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгохыг захиалагч “Э” ХК-д даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0656 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2023 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 17 дугаар зүйлийн 17.2.4, 17.4, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4.1, 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Б.Н нар давж заалдах гомдолдоо:

...Үйлдвэрлэгчээс гаргасан албан ёсны каталогит HL780ХDТ-9s загварын утгуурт ачигчийн утгуурын хэмжээг ачиж буй материалын төрлөөс хамаараад хэдэн метр.куб утгуурыг ашиглаж болохыг каталогийн Bucket selection guide хэсэгт нарийн тодорхойлж өгсөн. Тодруулбал каталогит 1400кг/м3 нягттай материалыг 7м3 хүртэл утгуураар ачих боломжтой хэмээн үйлдвэрлэгч тодорхойлсон байдаг. Захиалагчаас Цанхийн Зүүн уурхайд нүүрс ачих ажлын тендер зарласан бөгөөд манай компани тендерт санал болгосон 8*-**УР улсын дугаартай HL780ХDТ-9s загварын утгуурт ачигчаар зөвхөн нүүрс ачилтын ажлыг хийх болохоо бичгээр тодорхойлж мэдэгдлийг өгсөн. 1м3 нүүрс дунджаар 1400кг жинтэй байдаг болно. Үүнээс үзвэл манай санал болгосон техник тендерт заасан нүүрс ачилтын ажлыг хийхэд шаардлагатай 6-10м3 утгуурын багтаамжийг бүрэн хангасан техник юм.

Гэтэл үнэлгээний хорооноос манай тендерийг үнэлэхдээ захиалагчийн тендерээр хийлгэх ажлын шинж чанар болон тендерийн баримт бичигт заасан техникийн хэрэгцээ шаардлагыг бодитоор үнэлж дүгнэлгүй каталогийн ерөнхий үзүүлэлт заасан хэмжээг үндэслэн хянан үзсэн үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй бодит байдалд нийцээгүй болно. Захиалагч 6-10м3 утгуурын багтаамжтай утгуурт ачигчийг шаардсан нь хамгийн багадаа 8400кг нүүрсийг нэг удаагийн ачилтаар ачих боломжтой техникийг оролцогчид ирүүлэх шаардлагыг тавьсан. Манай компанийн санал болгосон техник 8*-**УР улсын дугаартай HL780ХDТ-9s загварын утгуурт ачигч тус шаардлагыг бүрэн хангаж байгаа болох нь каталогийн Bucket selection guide хэсэгт тодорхойлогдсон байдаг.

Үнэлгээний хорооны гишүүд захиалагчийн хүсэл зориг, тендерийн баримт бичигт заасан шаардлагын хүрээнд тендерт оролцогчийн материалыг тал бүрээс нь бодитоор хянан үзэх үүрэгтээ хайнга хандаж манай компанийн санал болгосон 8*-**УР улсын дугаартай HL780ХDТ-9s загварын утгуурт ачигчийн утгуурын багтаамж мэдээллийг каталогит авагдсан хэмжээ тус бүрээр нарийн тооцоолж үнэлээгүй байхад анхан шатны шүүхээс Үнэлгээний хороог буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна хэмээн дүгнэсэн үндэслэлгүй байна.

...Тодруулбал манай 6-10м3 утгуурт ачигч 5 ширхгийг санал болгосноос захиалагч зүгээс татгалзсан мэдэгдлээр 3 утгуурт ачигчийг шаардлага хангасан хэмээн дүгнэж, захиалагчийн зүгээс татгалзсан 4*-** УБ улсын дугаартай утгуурт ачигчийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.2, 10.10 дахь хэсэгт тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаж байна хэмээн тогтоосон тул манай компани 6-10м3 утгуурт ачигч 4 ширхэг байх шаардлагыг бүрэн хангасан гэж үзэх үндэслэл бүрдэх байтал шүүхээс эрх хэмжээгээ хэтрүүлж захиалагчийн мэдэгдэлд шаардлага хангаагүй хэмээн дурдаагүй техникийг 6-10м3 утгуурт ачигч 4 байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

...Шүүхээс манай гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлж дүгнэлгүй, захиргааны байгууллага бодит байдлыг тогтоох хуулийн заалтыг илтэд зөрчиж манай компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Манай компанийн санал болгосон 8*-**УР улсын дугаартай утгуурт ачигч захиалагчийн шаардсан 6-10м3 шанаганы багтаамжийн хэмжээнд хүрээгүй бодитоор тогтоогдсон бол хариуцагч нарын болон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болж манай зүгээс маргах зүйлгүй. Гэтэл бодит байдалд манай техник тендерийн баримт бичгийн шаардлагыг бүрэн хангаж байхад тендерээс татгалзсан нь манай компанийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон бизнес эрхлэх эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа болно.

Хэрэв тендер үнэлгээний хорооноос ажилдаа хариуцлагатай хандаж ЗЕХ-ийн 24, 25 дугаар зүйл, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 25 дугаар зүйлийн 25.1 “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана.” гэсний дагуу бодит байдлын тогтоох үүднээс манай компаниас болон Авто тээврийн үндэсний төв, техникийн албан ёсны гэрээт борлуулагч компанид тус тус хандан техникийн шанаганы үзүүлэлтийн талаар тодруулгыг авч хянан үзсэн бол манай компани тендерийн баримт бичгийн шаардлагыг бүрэн хангах байсан.

Гэтэл тендер үнэлгээний хороо хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй манай тендерийг бодитоор хянахгүй. хариуцлагагүй хандсан нь манай компанийн эрх ашгийг ихээхэн хохироосон шийдвэр байна. Энэхүү тендер үнэлгээний хорооны тендер хянах үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсанаас үүдэн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, бодит нөхцөл байдлыг тогтоох үүднээс гаргаж өгсөн, нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг анхан шатны шүүхээс үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны өдрийн 8 дугаар сарын 30-ний өдрийн 128/ШШ2024/0656 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, манай компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.5, 10.2, 10.3-т гаалийн барааны мэдүүлэг, гэрээт борлуулагч компанийн тодорхойлолт, үйлдвэрлэгчийн тодорхойлолтыг авч дүгнэсэн хэдий ч үндэслэх хэсгийн 11.10-т “... нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд нэмэлтээр гаргаж өгсөн баримтууд байх тул шүүх Үнэлгээний хорооны хянан үзээгүй баримтад үндэслэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй” гэсэн нь ойлгомжгүй, зөрүүтэй байна. Тухайн баримтуудад үндэслэхгүй байх, эсхүл үгүйсгэгдэж байгаа нөхцөл байдал байхгүй юм. Үндэслэхгүй гэж байгаа бол яагаад үндэслэх хэсгийн 9.5, 10.2, 10.3-т эдгээр баримтад үндэслэн дүгнэлт хийсэн, гаалийн барааны мэдүүлэг, гэрээт борлуулагч компанийн тодорхойлолтоор 4*-**УБ техникийг 7м3 болохыг тогтоосон атлаа яагаад 80** УР техникт адил дүгнэлт өгөхгүй байгаа зэрэг нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байгааг харуулж байна.

Нөгөөтээгүүр Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан нотлох зарчмын хүрээнд талуудын тайлбар, гаргаж өгсөн нотлох баримт, мэтгэлцээний үндсэн дээр шийдвэр гаргах ёстой. Мөн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байх ёстой. Гэтэл шүүхээс уг зарчмуудыг ноцтой зөрчиж шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.10-т нотлох баримтуудыг үндэслэлгүй байх тухай дүгнэлт хийсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-т “Нэхэмжлэгчийн 6-10 м3 шанаганы багтаамжтай утгуурт ачигчид санал болгож тендерийн материалд ирүүлсэн 20-97 улсын дугаартай “KOM WA800-3” загварын утгуурт ачигчийн шанаганы багтаамж нь хэрэгт авагдсан үйлдвэрлэгчийн каталоги танилцуулга, түүний орчуулгаар 10-12.3м3 болох нь тогтоогдож байх тул хариуцагч Үнэлгээний хорооноос уг утгуурт ачигчийг жижиг буюу 6-10 м3 шанаганы багтаамжтай утгуурт ачигчийн техникийн үзүүлэлтэд хянан үзээгүй нь үндэслэлтэй байна. 7.1-т “Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороо нэхэмжлэгчээс 6-10 м3 шанаганы багтаамжтай утгуурт ачигчид санал болгосон 5 утгуурт ачигчаас 4 /9*-** УН, 3*-**УР, 4*-** УБ, 8*-**УР улсын дугаартай/-г хянан үзсэн нь зөв байна” гэсэн нь маргааны агуулгаас хэтрүүлэн дүгнэлт хийсэн зүйл болсон. Учир нь маргаан бүхий актаар зөвхөн 4*-**УБ, 8*-**УР улсын дугаартай техникийг шаардлага хангаагүй гэж үзсэн болно.

Маргаан бүхий акт болох Үнэлгээний хорооны 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 0* дугаартай хурлын тэмдэглэлийн 4 дүгээр хуудаст “К” ХХК-ийн техникийг шаардлага хангаж буй мэтээр тусгасан. Энэхүү хүснэгт нь Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/*** дугаар тушаалаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”-ын 5.129-т зааснаар техникийн тодорхойлолтод нийцэх эсэхийг маягтын дагуу хянан үзсэн нь юм. Гэвч уг байдлаар маягтын дагуу хянан үзсэн ч гишүүдээс саналаа хэлж, шийдвэр гаргахдаа зөрүүтэй, хууль бус шийдвэр гаргасан болно.

Дээрх байдлаар үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэрүүд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан төрийн худалдан авах ажиллагааны үндсэн зарчим, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан тодруулга авах үүрэг, 26 дугаар зүйлд заасан тендерийг хянан үзэх журам, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-т захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчим, 24, 25 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам, “К” ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, шударгаар өрсөлдөх эрхийг зөрчөөд байна.

Шүүхээс 4*-** УБ улсын дугаартай утгуурт ачигч нь 6-10 м3 шанаганы багтаамжтай байх шаардлагыг хангаагүй гэх үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэр нь хууль бус болохыг тогтоосон нь зөв болсон ч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т Нөгөөтээгүүр Үнэлгээний хорооны 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “К” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийн 4*-** УБ улсын дугаартай утгуурт ачигч нь 6-10 м3 шанаганы багтаамжтай байх шаардлагыг хангаагүй гэх” нэг үндэслэл хууль бус болох нь тогтоогдож байх боловч энэ нь хариуцагчийн нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн нь буруу байна.

Учир нь маргаан бүхий актад эрх зүйн зөрчил тогтоогдсон тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-т зааснаар тухайн захиргааны акт бүхэлдээ хууль бус болно. Тиймээс анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх ёстой байсан юм. Улмаар хууль бус захиргааны актыг үндэслэн гарсан тендерийг дахин зарласан захиалагчийн шийдвэр хууль бус болох тул хүчингүй болгох нь зөв юм.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 0656 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж, “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж нэхэмжлэгч “К” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Ч, Б.Н, түүний өмгөөлөгч Х.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. “Э” ХК-иас 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭТТХК/202******** дугаар нээлттэй тендерийг зарлаж, 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Тендерийн үнэлгээний хорооны 4 дүгээр хурлын тэмдэглэлээр “К” ХХК-ийн ирүүлсэн тендер нь ажил гүйцэтгэх хүний нөөцийн хувьд нийт 8 ажилтан шаардсанаас 9 ажилтан санал болгож ирүүлсэн, ... утгуурт ачигчийн шанаганы багтаамжийг шалгаж үзэхэд 10.1 м3-с багагүй 2 утгуурт ачигт дээр нийт 4*-** УБ, 2*-** УН, 2*-** УН, 4*-** УБ улсын дугаартай 4 утгуурт ачигч санал болгож ирүүлсэн байна. 6-103 шанаганы багтаамжтай 9412 УН, 3*-** УР улсын дугаартай 2 утгуурт ачигчийг санал болгож ирүүлсэн байна. 8*-** УР улсын дугаартай ачигчийн үзүүлэлтийг тендерт ирүүлсэн катологи дээрээс шалгахад шанаганы хэмжээ 4.3-5.1м3 байна. 4*-** УБ улсын дугаартай утгуурт ачигчийн үзүүлэлтийг шалгахад шанаганы хэмжээ 4.3-5.1м3, ...тус оролцогч нь 6-10м3-ээс их шанаганы багтаамжтай 2 ширхэг утгуурт ачигч, 4.3-5.1м3 бага шанаганы багтаамжтай 2 ширхэг /4*-**УБ, 8*-**УР/ утгуурт ачигчийг санал болгож ирүүлсэн байгаа нь шаардлага хангахгүй байна” гэж дүгнэжээ.

3.  “Э” ХК-иас 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01**** дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...8*-**УР улсын дугаартай утгуурт ачигчийн үзүүлэлтийг тендерт ирүүлсэн катологи дээрээс шалгахад шанаганы хэмжээг 4.3-5.1м3 байна, 4*-**УБ улсын дугаартай утгуурт ачигчийн үзүүлэлтийг /www.ritchiespecs.com/ веб сайт дээр буй мэдээллийг үндэслэн шалгахад шанаганы хэмжээ 4.3-5.1 м3 байна, 6-10м3 утгуурт ачигчийн шанаганы хэмжээг зөрүүтэй ирүүлсэн байгаа нь шаардлага хангахгүй байна” гэх үндэслэлээр “К” ХХК-ийн тендерээс татгалзаж байгааг мэдэгдсэн байна.

4.  Улмаар Үнэлгээний хорооны шийдвэрийг “К” ХХК нь эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 03/**** дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр “...К ХХК нь тоног төхөөрөмж хэсгийн “хүснэгт 4” файлд Hyundai HL780XDT моделийн 8*-**УР, 4*-** УБ улсын дугаартай утгуурт ачигчийг санал болгосон байх бөгөөд техникийн үзүүлэлтийг нотлох баримтаар “Hyundai heavy industries” Co.,Ltd-ийн катологийг тендерт хавсарган ирүүлсэн байна. Тухайн каталогт Hyundai HL780XDT моделийн утгуурт ачигчийн шанаганы багтаамжийг 4.3-5.1м3 гэж заасан байх тул тендер шалгаруулалтын баримт бичгийн дээрх шалгуурыг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэжээ.

5. Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажлыг гүйцэтгэгчийг сонгох тендерийн баримт бичгийн “19.2-т “Ажил гүйцэтгэхэд ашиглахаар заасан үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээллийг нотлох баримт дараах баримт бичиг ирүүлнэ”, 2.1-д “Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын мэдээллийг ажлын даалгаврын хүснэгт №4 маягтын дагуу бөглөж ирүүлнэ”, 2.2-т “Үйлдвэрлэгчээс гаргасан техникийн үзүүлэлт бүхий каталоги танилцуулга ирүүлнэ. Ирүүлээгүй тохиолдолд албан ёсны үйлдвэрлэгчийн веб сайт дээр буй мэдээллийг үндэслэн утгуурын багтаамж нь шаардлагад нийцэж буй эсэхийг нягтлан шалгана”, 2.4-т “Ажил гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж буюу ажлын даалгаврын 2.4-ийн А.Үндсэн техникүүдийн мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан санал болгоно. Машин механизмын улсын дугаарыг буруу оруулснаас хамаарч мэдээлэл татагдахгүйтэй холбоотой аливаа хариуцлагыг захиалагч хүлээхгүй бөгөөд ирүүлж буй мэдээллийн үнэн зөв байдлыг тендерт оролцогч бүрэн хариуцна. Санал болгосон машин механизмын мэдээллийн тендер нээсэн өдөр цахимаар дамжуулан шалгана...”, 2.7-д “Дээрх машин механизмын эзэмшигч, даацын талаарх мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан Автотээврийн үндэсний төвийн мэдээллийн сангаас лавлана. Даацыг Автотээврийн үндэсний төвийн систем дэх даац гэсэн үзүүлэлтээр тооцох бөгөөд бүх жин, өөрийн жин гэсэн үзүүлэлт хамаарахгүй. Санал болгож буй машин механизмын мэдээлэл үнэн зөв, бодит байдлаас зөрүүтэй бүртгэгдсэн аливаа асуудал нь захиалагч хариуцлага хүлээхгүй бөгөөд төрийн анхдагч өгөгдөл хадгалж буй мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн үнэлгээг хийх болохыг анхаарна уу. Утгуурын багтаамж, даац, тонн гэдэг нь ажлын даалгаварт тодорхойлсноор ойлгоно” гэж тус тус заажээ.

6. Хэрэгт авагдсан тендерийн бичиг баримтын нэхэмжлэгч талаас хүргүүлсэн гэх цаасан суурьтай баримтад хариуцагчаас “шаардлага хангаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсаныг буруу биш гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй” гэж заасан.

8. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д “Утгуурт ачигч 6-10 м3 байна” гэж, нэхэмжлэгч “К” ХХК-иас 4*-** УБ, 8*-** УР улсын дугаартай утгуурт ачигчийг тоног төхөөрөмжийн Хүснэгт №4-т “HL780XDT”, Үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээллийн Маягт №3-т “HL780XDT-7A” утгуурын багтаамж 7 м3 гэж мэдүүлж, “Хера экуйпмент” ХХК-ийн баталгаажуулсан “Hyundai heavy industries” Co.,Ltd-ийн 8*-**УР улсын дугаартай утгуурт ачигчийн техникийн үзүүлэлтийг “HL780-9s” шанаганы ирмэгээр 4.3 м3, овоолсон үед 7.0 м3” гэх баримтууд хэрэгт авагдсан байна.

9.  Анхан шатны шүүх “...К ХХК-иас ирүүлсэн англи хэл дээрх каталоги танилцуулгад HL780-9s загварын утгуурт ачигчийн техникийн үзүүлэлтэд шанаганы багтаамжийг 4.3-5.1м3, HL780XTD-9s загварын утгуурт ачигчийн техникийн үзүүлэлтэд шанаганы багтаамжийг 4.3-5.1м3 гэж тус тус тодорхойлсон байхад монгол хэл дээрх орчуулгад HL780-9s утгуурт ачигчийн шанаганы багтаамжийг 4.3-7м3 гэж орчуулсан байх тул хариуцагч Үнэлгээний хороо англи хэл дээрх үйлдвэрлэгчийн албан ёсны каталоги танилцуулгад тодорхойлсон техникийн үзүүлэлтийг үндэслэн шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

10. Гаалийн мэдүүлэг болон Автотээврийн үндэсний төвийн лавлагаа зэргээр шанагны багтаамж 7 м3 байхад үүнийг буруу үнэлсэн гэх давж заалдах гомдлын тухайд “Хьюндай барилгын тоног төхөөрөмж” ХХК-иас 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Дугуйт ачигчийн шанагны багтаамжийг баталгаажуулах тухай” албан бичигт “... Ашиглаж буй материалын нягтралаас хамааран эдгээр загваруудын шанаганы багтаамж 7 м3 хүртэл хэлбэлзэж болно ...” гэж дурдсанаас үзвэл тухайн тендерт санал болгосон утгуурт ачигч нь шаардлагад нийцэж байгааг нотлохгүй байхын зэрэгцээ, тухайн ажилд ашиглах материалын нягтралаас хамаарч 7 мхүртэл багтаамжтай гэсэн байх тул тендерийн баримт бичгээр шаардсан 6-10 м3 буюу доод шалгуур болох 6 м3-д хүрэхгүй байгаа талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

11. Өөрөөр хэлбэл 4.3-5.1 м3 хэмжээтэй шанагны багтаамж нь 7 м3 хүртэл материалыг багтаах боломжтой боловч доод шалгуур болох 6 м3 хүрэхгүй байгаа болох нь каталоги танилцуулгаар тогтоогдсон, хариуцагч Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах, хууль тогтоомж зөрчсөн гэж үзэхгүй. Өмнө нь буюу 2022 оны тендерт эдгээр техник хэрэгслийг шаардлагад нийцэж байгаа гэж үзсэн нь энэхүү маргаанд хамааралгүй болно. 

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актуудын талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0656 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Б.Н, түүний өмгөөлөгч Х.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА