Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 117

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч  С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:         

     Улсын яллагч                                          Л.Энхтайван

     Шүүгдэгч нарын өмгөөлөгч                             Д.Даваасүрэн

     Нарийн бичгийн дарга                                    Б.Урангоо нар  оролцов.

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.2.1, 181-р зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвхүүгийн Баярбат, Адуучин овогт Мижиддоржийн Элдэв-Очир нарт холбогдох 201618000270 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ  аймгийн Сүхбаатар сумын 3-р баг, 1-р хэсэгт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрал бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Боржигон овогт Пүрэвхүүгийн Баярбат,  /РД: МЖ-94041538/,

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 31-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ  аймгийн Сүхбаатар сумын 1-р баг, 3-р хэсэг 042 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх  Адуучин овогт Мижиддоржийн Элдэв-Очир,  /РД: ФБ-88123110/,

  Шүүгдэгч П.Баярбат, М.Элдэв-Очир нар нь архидан согтуурсан байх үедээ 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн орой 23 цагийн орчим  Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дельфин” караоке үйлчилгээний газрын гадаа  бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, Э.Амарсанаа, Х.Пүрэвдорж нарыг зодож улмаар  бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж, бүлэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь ;

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1. Шүүгдэгч П.Баярбатын 2016 оны 09-р сарын 27-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 09-р сарын 25-ны өдөр хийсэн ажилгүй гэртээ байж байгаад ах Элдэв-Очиртой уулзаж бид 2 Давааням ахтай уулзаж 3-лаа 19 цаг орчим “Дельфин” караокений нийтийн зааланд суугаад 0,5 литрийн “Хараа” архи, хүний 2,3 шил пиво уугаад дуулсан. Цаг нилээн өнгөрч 23 цаг орчим болж байхад гаднаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй орж ирээд ресепшинтэй уулзаад гарах гэж байхад Эрдэнэ-Очир тэр 3-т хандан “Мигваши” гэж орилоход юу ярьсан болохыг санахгүй байна. Бид нар луу харж байгаад гараад явсны дараа Элдэв-Очир ах бид 2 араас нь гараад би нүдний шилтэй намхан нуруутай залуугийн нүүр лүү нь гараараа цохисон. Хамт явж байсан арай өндөр залуу нь түлхэхэд хажуунаас Элдэв-Очир нүүр лүү нь цохисон. Би нүдний шилтэй залуутай барьцалдаж байгаад өндөр нуруутай залуутай барьцалдаж цохилцсон. Нэг мэдэхэд нүдний шилтэй залуу байгаагүй. Элдэв-Очир бид 2 өндөр нуруутай залууг 2-лаа нийлж цохисон. Тухайн үед кароакений зөөгч эмэгтэй мөн уг 2 залуутай хамт явж байсан эмэгтэй байсан. Өөр хүн байгаагүй. Давааням зодоонд оролцоогүй дотор байсан. Өндөр нуруутай залууг нөгөө 2 эмэгтэй кароаке руу дагуулаад орсны дараа Элдэв-Очир бид 2 ороод “гараад ир” гэсэн боловч гарч ирээгүй. Ингээд би харьж амарсан. Элдэв-Очир яагаад “Мигваши” гэж орилсон болох Элдэв-Очирын өөдөөс юу хэлсэн болохыг мэдэхгүй, юм хэлсэн. Тэгээд бид 2 гарч зодолдсон. Түүнээс зодоон болох өөр шалтгаан байгаагүй. Тухайн 2 залуу бид 2-г доромжилж, элдвээр хэлж түрүүлж гар хүрсэн зүйл байхгүй. Би намхан нуруутай, өндөр нуруутай 2 залууг гараараа цохисон. Бид хоёр 2-лаа гараараа цохисон. Түүнээс мод чулуу, багаж хэрэгслээр цохиогүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 38-р ху/,

2. Шүүгдэгч П.Баярбатын 2016 оны 10-р сарын 01-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...  2016 оны 09-р сарын 25-ны өдөр “Дельфин” караокений нийтийн зааланд 2 эрэгтэй, 1 эмэгтэй залуучууд руу Пүрэвдорж, Амарсанаа нар луу /тухайн үед нэрийг нь мэдэхгүй, танихгүй/ манай найз Элдэв-Очир “Мигваши” гэж хэлсэн. Ингэж хэлээд бид 2 хамт  сууж байсан Даваанямыг үлдээгээд араас нь 2-лаа гараад Пүрэвдорж, Амарсанаа 2-лантай нь зодолдсон. Ингээд би Амарсанаагийн нүүрийг тулж зогсоод нүүр лүү нь гараараа цохисон. Пүрэвдорж намайг түлхэхэд нь миний хажуунаас Элдэв-Очир Пүрэвдоржийн нүүр лүү гараараа цохисон. Намайг Пүрэвдоржтой барьцалдаж, зодолдож байхад Элдэв-Очир Амарсанаатай барьцалдаж ноцолдсон. Нэг мэдэхэд нүдний шилтэй Амарсанаа байгаагүй. Элдэв-Очир бид 2 кароаке руу орсны дараа ардаас нь орж дуудсан боловч ирээгүй. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р ху/,

   3.  Шүүгдэгч П.Баярбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 09 дүгээр сарын 25-нд Амарсанаа, Пүрэвдорж 2-ыг зодож согтуугаар танхайрсан. Согтуу байсан учраас сайн санахгүй байгаа. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт байрлах  “Дельфин” караоке дотор Давааням, Элдэв-Очир нарын хамт нэг шил 0,5 граммын шилтэй архи, хоёр 2 шил пиво уусан. Гаднаас Амарсанаа, Пүрэвдорж, Мөнгөнзаяа нар орж ирсэн. Тэгээд тэр 2-той муудалцаад гадаа гарч Амарсанааг духаараа мөргөсөн. Цаашаа юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь ийм зүйл болсон байсан. Бид нар хоорондоо юм ярьж байхад Амарсанаа “юу гэнэ ээ” гэж хэлэхээр нь би “та нартай яриагүй” гэж хэлээд араас гарч маргадсан. Гарчихаад Амарсанааг цохиж байснаа санаж байна. Цаашаа юу болсныг санахгүй байна. Намайг Пүрэвдоржийг барьчихсан байхад Элдэв-Очир өшиглөсөн. Ийм хэрэг хийсэндээ ихэд харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.  Хорихоос өөр төрлийн ял өгөөч гэж хүсч байна....гэх мэдүүлэг,

  4. Шүүгдэгч М.Элдэв-Очирын 2016 оны 09-р сарын 27-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... 2016 оны 09-р сарын 25-ны өдөр П.Баярбат бид 2 Даваанямтай уулзаж 3-лаа 19 цаг орчим “Дельфин” караокений нийтийн зааланд суугаад 0,5 литрийн “Хараа” архи хүний 2-3 шил пиво уугаад нийтийн заалны кароакед дуулсан. Цаг нилээн өнгөрч 23 цаг орчим болж байхад гаднаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй орж ирээд ресепшинтэй уулзаад гарах гэж байхад би тэр 3-т хандан “Мигваши” гэж орилоход бид нартай маргалдаж, хэрэлдээгүй шууд гарсан. Баярбат бид 2 ардаас нь гараад нүдний шилтэй, намхан нуруутай залуугийн нүүр лүү тулж зогсож байгаад нүүр лүү нь гараараа цохисон. Хамт явж байсан арай өндөр залуу нь Баярбатыг түлхэхэд нь би уг залуугийн нүүр лүү нь гараараа цохисон. Бид 2 хэсэг барьцалдаж байгаад би намхан нуруутай залуугийн цээж рүү нь өшиглөсөн. Нэг мэдэхэд Баярбат бид 2 өндөр нуруутай залууг гар, хөлөөрөө өшиглөж байсан. Баярбат надаас түрүүлээд явсны дараа би буцаж зодолдсон газраа очоод утас, гинжээ авахаар очиход цагдаагийн ажилтан ирчихсэн. Намхан нуруутай залуу хаашаа явсан болохыг мэдэхгүй. Өндөр шар залууг Баярбат бид 2 кароакенд орсны дараа ардаас нь орж дуудсан боловч гарч ирээгүй. Баярбат бид 2 нилээн согтуу байсан. Нөгөө 2 залуугийн хувьд архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл ажиглагдсан. Би “Мигваши” гэж хэлсэн. Яагаад ингэж хэлсэн болохоо мэдэхгүй байна. Би үнэхээр согтуу байсан. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р ху/

5. Шүүгдэгч М.Элдэв-Очирын 2016 оны 10-р сарын 01-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   ...Би өмнө нь болсон явдлын талаар дэлгэрэнгүй байцаалт өгсөн. Би өөрийн буруугаа ойлгож гэмшиж байна. 2016 оны 09-р сарын 25-ны өдөр “Дельфин” караокений нийтийн зааланд үйлчлүүлэхээр орж ирсэн 2 эрэгтэй, 1 эмэгтэй залуучууд руу Пүрэвдорж, Амарсанаа нар луу /тухайн үед нэрийг нь мэдэхгүй, танихгүй/ “Мигваши” гэж хэлсэн. Бид 2 хамт  сууж байсан Даваанямыг үлдээгээд араас нь 2-лаа гараад Пүрэвдорж, Амарсанаа 2-лантай нь зодолдсон. Амарсанаагийн нүүрийг Баярбат тулж зогсож байгаад нүүр лүү нь гараараа цохисон. Хамт явж байсан Пүрэвдорж нь Баярбатыг түлхэхэд нь би Пүрэвдоржийн нүүр лүү гараараа цохисон. Пүрэвдоржтой хэсэг барьцалдаж байгаад би Амарсанаагийн цээж рүү өшиглөхөд Амарсанаа миний хөлнөөс барьсан. Намайг Амарсанаагийн цээж рүү өшигөлөхөд Баярбат, Амарсанаа 2 ноцолдож газар унацгаасан. Нэг мэдэхэд Баярбат бид 2 Пүрэвдоржийн толгой, бие рүү гар хөлөөрөө өшиглөж байсан. Баярбат надаас түрүүлээд явсны дараа би буцаж зодолдсон газраа очоод утас, гинжээ авахаар очиход цагдаагийн ажилтан ирчихсэн. Намхан нуруутай залуу хаашаа явсан болохыг мэдэхгүй. Өндөр шар залууг Баярбат бид 2 кароакенд орсны дараа ардаас нь орж дуудсан боловч гарч ирээгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-р ху/,

6. Шүүгдэгч М.Элдэв-Очирын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт байрлах  “Дельфин” караоке дотор Давааням, Баярбат нарын хамт нэг шил 0,5 граммын шилтэй архи, хоёр 2 шил пиво уусан. Тэгээд сууж байтал Амарсанаа, Пүрэвдорж нар нэг охинтой орж ирсэн. Тэгээд бид нар хоорондоо юм ярьж байхад Амарсанаа “юу гэнэ ээ” гэж хэлсэн. Тэгэхэд нь Элдэв-Очир “чамд хамаагүй” гэж хэлээд араас нь гарсан. Тэгээд би гарсан чинь Баярбатыг Амарсанаа цохих гэж байгаа юм шиг харагдахаар нь Амарсанааг цохьсон. Тэгээд би Амарсанаатай зууралдаад газар унасан гэдгээ санаж байна. Нүүр ам руу нь цохьсон гэдгээ санахгүй байна. Ухаан санаа орж гараад байсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хэрэг хийсэндээ ихэд харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.  Хорихоос өөр төрлийн ял өгөөч гэж хүсч байна.  ...гэх мэдүүлэг

7. Хохирогч Х.Пүрэвдоржийн 2016 оны 09-р сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өдөржингөө гэртээ хийсэн ажилгүй өнжсөн. Оройн 19 цагийн орчим найз Амарсанаатай уулзсан. Бид 2 “Дельфин” кароакед дуулахаар болж Мөнгөнзаяаг утсаар дуудаад бид 23 цаг орчим Сүхбаатар суманд байрлах “Дельфин” кароакед ороод ресепшинээс “кароакений өрөө байна уу” гэхэд “өрөө байхгүй” гэхээр нь бид 3 гарах гэхэд зааланд сууж байсан үл таних 3 залуучуудаас нэг нь бид 3-т хандан “Мигваши” гэж хэлэхээр нь бид нар тоогоогүй, юу ч дуугараагүй гарсан. Бид нарыг гарсны дараагаар нөгөө 3 залуучуудаас 2 залуу нь гарч ирээд Амарсанааг өндөр нуруутай шао царайтай, цагаан өнгийн цамцтай залуу урд нь замыг нь хааж зогсоод духаараа нүүр лүү нь тулж зогсож байгаад гараараа нүүр лүү нь цохисон. Тэгэхээр нь би Амарсанааг өмөөрөөд нөгөө залууг болиулах гэтэл намхан нуруутай, саарал куртиктэй залуу миний нүүр лүү гараараа цохисон. Би түүнтэй барьцалдаж зууралдаж газар унасан байхад Амарсанааг цохисон залуу хүрч ирээд намайг газар хэвтэж байхад нүүр лүү өшиглөж дэвссэн. Би нүүр нүдгүй зодуулж байхад тэнд байсан Мөнгөнзаяа баарны үйлчлэгч “цагдаа дуудсан, та нар болиоч” гэхэд болиогүй Мөнгөнзаяа, зөөгч эмэгтэй 2 тэр 2 залуугаас салгаж намайг баар луу оруулахад намайг зодсон 2 залуу орж ирээд “гараад ир, зодолдьё” гээд байсан. Намайг кароакед оруулахад хаашаа явсан болохыг мэдэхгүй, байгаагүй. Хэсэг хугацааны дараа цагдаагийн ажилтан ирээд аваад явсны дараа кароакеноос гарахад Амарсанаа хашаа даваад гарч ирсэн. Түүнтэй уулзахад зүүн нүд хөхөрч хавдсан байдалтай байсан. Бид 3 аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан. Тухайн залуучуудад зодуулснаас болж доод уруулын дотор талд оёдол, зүүн зовхи шалбарсан. Мөн үүдэн 2 шүд хөдөлгөөн орсон, толгой өвдөж байгаа. Эдгээр гэмтлийг бол үл таних дээрх 2 залуу гэмтэл учруулсан. Өөрөөр хэлбэл өндөр нуруутай нь намайг заамдаж гараараа нүүр лүү цохисон бол намхан нуруутай нь нүүр лүү хөлөөрөө өшиглөж, дэвссэн. Миний хувьд эдгээр залуучуудад хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Өөр надад санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 9-р ху/        

   8. Хохирогч Х.Пүрэвдоржийн 2016 оны 09-р сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2016 оны 09 дүгээр сарын 25-ны орой 23 цаг орчим “Дельфин” кароакеноос гарахад Элдэв-Очир, Баярбат 2 гарч ирээд Амарсанаагийн урд Баярбат зогсож байгаад шууд зүүн нүд орчим нь гараараа цохисон. Ингэж цохиулаад хариу үйлдэл үзүүлж чадаагүй, зүүн нүдээ дараад доошоо суучихсан. Би Баярбатыг болиулах гэхэд хажуунаас Элдэв-Очир хүрч ирээд миний зүүн шанаа руу гараараа цохиж бид 2 барьцалдаж, хэсэг ноцолдсон. Баярбат Амарсанааг заамдсан нүүр лүү нь цохиж байхаар нь дахиад болиулах гэхэд Баярбат эргэж хараад намайг заамдаж аваад унагааж, миний нүүр, уруул руу гараараа цохиход би нүүрээ гараараа хаасны дараа Баярбат босож байгаад нүүр лүү өшиглөсөн. Баярбат намайг цохиж байхад Элдэв-Очир Амарсанаагийн цээж рүү хөлөөрөө өшиглөж байсан. Өөр Амарсанаагийн хаашаа цохисон болохыг хараагүй. Нэг мэдэхэд Амарсанаа байхгүй болчихсон. 2-лаа намайг зодож эхэлсэн. Намайг газар унагаж Элдэв-Очир миний нүүр лүү гараараа цохиж, Баярбат толгой руу өшиглөөд байсан. Бүр сүүлдээ 2-лаа толгой, цээж рүү тал талаас өшиглөж, гараараа цохисон. Миний уруулыг бол Баярбат цохиж гэмтээсэн. Биеийн байдал хэвийн. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 11-р ху/,

9. Хохирогч Э.Амарсанаагийн 2016 оны 09-р сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өдөржингөө гэртээ эхнэр хүүхдийнхээ хамт амарсан. Оройн 19 цаг орчим 10 жилийн ангийн найз Пүрэвдорж Солонгосоос ирчихсэн, Сэлэнгэд байгаа учраас бид 2 уулзсан. Пүрэвдорж бид 2 санаа нийлсэн найзууд руугаа утасдсан боловч хамт ажилладаг Мөнгөнзаяа ирээд бид 3 “Дельфин” кароакед орж дуулахаар болж 23 цаг орчим очиход ресепшин нь “манайх хаах гэж байна, өрөө байхгүй” гэсэн учраас бид 3 гарахаар болсон. Гэтэл зааланд үйлчлүүлж байсан үл таних 3 залуугаас нэг нь /хэн нь хэлсэн болохыг мэдэхгүй/ бид 3-т хандан “Мигваши” гэж хэлээд харцаараа өдөж, янз бүр болоод байхаар нь бид нар тоогоогүй, юу ч дуугараагүй гарсан. Бид нарыг гарсны дараагаар нөгөө 3 залуугаас 2 нь гарч ирээд өндөр нуруутай, шар царайтай, шар өнгийн цамцтай залуу миний урд зам хааж зогсоод духаараа нүүр лүү тулж байгаад гараараа нүүр лүү ямар ч үгийн зөрүүгүй цохисон. Энэ үед Пүрэвдорж хүрч ирээд салгах гэтэл намхан нуруутай, саарал куртиктэй залуу Пүрэвдоржийн нүүрлүү гараараа цохисон. Би хүчтэй цохиулснаас болж нэг мэдэхэд газар уначихсан байхад саарал куртиктэй залуугийн хөлнөөс зуурчихсан, нөгөө хөлөөрөө миний цээж рүү өшиглөсөн. Тэнд байсан залуучууд ямар ч тайлбар, үгийн зөрүүгүй зодож байсан учраас шууд зугтаагаад хашаа даваад цаана нь байж байгаад хэсэг хугацааны дараа сэргээд очиход цагдаагийн ажилтан нар ирээд явчихсан. Пүрэвдорж бид 2 аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн. Пүрэвдорж бид хоёр 1 шил 0,75 граммын “Хар чингис” нэртэй архи хувааж уусан. Уусан архиндаа согтоогүй. Болсон явдлын талаар тод санаж байна. Мөнгөнзаяагийн хувьд эрүүл, архи дарс хэрэглээгүй байсан. Харин нөгөө 2 залуугийн хувьд нилээн согтуу, хөл дээрээ тогтож чадахгүй гуйвж байсан. Тухайн залуучуудад зодуулснаас болж Пүрэвдоржийн уруулын дотор талд 2 оёдол, зүүн зовхи шалбарсан бол миний зүүн нүд хөхөрч баруун хөл шалбарч, цээж хөндүүр байна. Эдгээр гэмтлийг үл таних дээрх залуу намайг өшиглөж, цагаан цамцтай өндөр залуу эхлээд нүүр лүү гараараа цохисон. Миний хувьд 2-ланд нь зодуулсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 15-р ху/,

10. Хохирогч Э.Амарсанаагийн 2016 оны 10-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... 2016 оны 09 дүгээр сарын 25-ны орой 23 цаг орчим “Дельфин” кароакеноос гарахад Элдэв-Очир, Баярбат 2 гарч ирээд цагаан цамцтай өндөр нуруутай Баярбат миний нүүрийг тулж зогсоод гараараа нүүр лүү цохисон. Ингэж цохиулаад бүрэлзээд явчихсан. Пүрэвдорж хүрч ирээд салгах гэтэл хажуунаас Элдэв-Очир Пүрэвдоржийн нүүр лүү нь цохисон. Элдэв-Очир Баярбатаас дахиад салгах гэж байхад Бяарбат, Пүрэвдорж 2 барьцалдаад газар унацгаасан. Элдэв-Очир миний цээж рүү хөлөөрөө өшиглөхөд нь би босож зугтаасан. Миний нүд рүү Баярбат гараараа цохисон.  Элдэв-Очирийн хувьд цээж рүү өшиглөсөн. Биеийн байдал хэвийн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/,

  11. Гэрч  Э.Чимгээгийн 2016 оны 09-р сарын 27-ны  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 23 цагийн орчим гаднаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй орж ирээд  “кароакений өрөө байна уу” гэхээр нь “өрөө байхгүй, манайх одоо хаах гэж байна” гэж хэлэхэд гараад явсан. Гараад явсны дараа манай нийтийн зааланд байсан 3 залуугаас цагаан цамцтай өндөр нуруутай ах мөн намхан нуруутай саарал куртиктэй 2 гарсан. Гэтэл өрөө асууж байсан 2 ахтай манайд үйлчлүүлж байсан нөгөө 2 залуу зодолдож нэг эмэгтэй нь ганцаараа орилж салгах гэж байсан. Би хамт салгах гэж байсан боловч миний үгэнд ороогүй. Зодоон учраас бужигнасан замбараагүй байдал үүссэн.  Миний харснаар бол биерхүү нүдний шилгүй ахын нэг нь заамдаж нүүр лүү нь цохиж байхад нь нөгөөх нь нүүр лүү нь өшиглөж байгаа харагдсан. Нүдний шилтэй ахыг эхлээд хэн цохисон болохыг мэдэхгүй. Миний харснаар бол өндөр нуруутай цагаан цамцтай ах цохисон. Намхан нуруутай залуу ч мөн адил цохисон. Ээлжилж буюу нэг нь нөгөөтэй зодолдож байхад нөгөөх нь цаана нь зодолдож маргалдаж байсан. Сүүлд нь харин 2-лаа нүдний шилгүй өндөр нуруутай ахыг зэрэг зодож өшиглөж байгаа харагдсан. Нүдний шилтэй ах хашаа даваад зугтаачихсан. Тэнд байсан эгч бид 2 “цагдаа дуудсан шүү” гэхэд болиогүй улам дайраад 1 хүн зодуулж байхад бид тэнд байсан эгч бид 2 дотогшоо кароаке руу авч ороход нөгөө 2 залуу ардаас орж ирээд “гараад ир, зодолдъё” гээд байсан. Хэсэг хугацааны дараа цагдаагийн ажилтан нар ирээд аваад явсан. Үүний дараа нүдний шилтэй ах хүрч ирээд бүгдээрээ явцгаасан. Зодуулсан 2 ах эсэргүүцэж юу ч хийж чадаагүй. Зодсон 2 ахын гарт мод, чулуу, хутга мэс байгаагүй. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/,

  12. Гэрч Э.Чимгээгийн 2016 оны 10-р сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн үед шар царайтай, онигор нүдтэй биерхүү залууг Баярбат, намхан нуруутай бор, бүлтгэр нүдтэй залуу нь Элдэв-Очир болохыг мэдлээ. Манай бааранд тухайн өдөр Баярбат, Элдэв-Очир нэг найзынхаа хамт 3-лаа нийтийн зааланд үйлчлүүлж байхад гаднаас нүдний шилтэй Амарсанаа, нүдний шилгүй өндөр нуруутай Пүрэвдорж нар 1 эмэгтэй найзынхаа хамт орж ирсэн. Манайхаас гараад явсны дараа Баярбат, Элдэв-Очир нар нь ардаас нь гарсны дараа гадаа шуугиан болсон. Намайг гарахад хоорондоо зодолдож маргалдаж байсан. Миний харснаар бол Баярбат, Амарсанаа 2 анх барьцалдсан бол цаана нь Элдэв-Очир Амарсанаагийн цээж рүү хөлөөрөө өшиглөсөн. Амарсанаа босоод зугтаачихсан. Сүүлдээ Пүрэвдоржийг Элдэв-Очир, Баярбат 2 газар унагааж толгой цээж рүү нь хөлөөрөө өшиглөж байсан. Миний харснаар бол зодоон бужигнасан, үймсэн зүйл болсон. Баярбат анх Амарсанааг түрүүлж цохисон болохыг би хараагүй. гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/,

13. Гэрч Г.Мөнгөнзаяагийн  2016 оны 09-р сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2016 оны 09 дүгээр сарын 25-ны 22 цагийн орчим хамт ажилладаг Амарсанаа над руу утасдаж “манай найз Солонгосоос ирчихсэн байгаа, ханьтай жоохон сууя” гэж хэлэхэд надад татгалзах зүйл байгаагүй. Амарсанаа түүний найз Пүрэвдорж 2-той уулзацгаасан. Бид 3 уулзаад кароакед орохоор болоод Сүхбаатар сумын төвд “Дельфин” кароакед 23 цагийн орчим ирсэн боловч “манайх хаах гэж байна” гэж хэлэхээр нь гарч явах гэтэл тэнд үйлчлүүлж байсан үл таних 3 залуугаас хэн нь хэлсэн болох нь мэдэхгүй бид 3-т хандан чанга дуугаар “Мигваши” гэлүү ойлгомжгүй харь үг хэлээд бид нарыг үл хүндэтгэсэн дээрэнгүй харцаар харахад бид 3 эсэргүүцсэн ямар нэгэн тайлбар хэлсэн зүйлгүй, тоолгүй гарсан. Гэтэл 2 залуу нь бид нарын ардаас гарч ирээд Амарсанааг өндөр нуруутай цагаан өнгийн цамцтай залуу нүүр лүү нь тулж зогсож замыг нь хаагаад шууд нүүр лүү нь цохисон. Пүрэвдорж тэр 2-г салгах гэж оролдоход тэнд байсан намхан нуруутай саарал өнгийн цамцтай залуу Пүрэвдоржийн нүүр лүү нь шууд цохисон. Ингээд хоорондоо барьцалдаж зодолдоход би аль болох салгах гэсэн боловч миний үгэнд ороогүй нөгөө 2 дайрч давшлаад байсан. Энэ үед кароакений үйлчлэгч эмэгтэй гарч ирээд надтай хамт салгах гэж оролдсон. Зодоон учраас бужигнасан хөл толгой нь мэдэгдэхгүй зүйл болсон. Нэг харахад Амарсанаа газар уначихсан намхан нуруутай, саарал куртиктэй залуугийн хөлийг барьчихсан, уг залуу бариулаагүй, нөгөө хөлөөрөө нүүр лүү нь өшиглөж байгаа харагдсан. Амарсанаа босож зугтааж хашаа давсан. Амарсанаа явсны дараа нөгөө 2 залуу 2-лаа Пүрэвдорж руу дайрч саарал өнгийн куртиктэй залуу гараараа цохиж, нөгөө цагаан цамцтай залуу нь нүүр толгой руу нь өшиглөсөн. Тэнд байсан кароакений үйлчлэгч эмэгтэй бид 2 Пүрэвдоржийг кароаке дотор оруулахад ардаас нөгөө 2 залуу ирээд “гараад ир, зодолдъё” гэж хэлээд байсан. Ингээд 2 залуу 1 хүнийг зодоод болихгүй байхаар нь би цагдаагийн байгууллагад “манай найзуудыг үл таних 2 хүн зодож байна” гэж дуудлага мэдээлэл өгсний дараа цагдаагийн ажилтан ирээд намхан нуруутай, саарал куртиктэй залууг аваад явсан бол нөгөө цагаан цамцтай өндөр залуу цаашаа зугтаачихсан. Бид нарыг тэр орой 22 цагийн орчим уулзахад Пүрэвдорж, Амарсанаа нарын биед ямар нэгэн гэмтэл, шарх зовиур байгаагүй. Харин энэ асуудлын дараа Амарсанаагийн зүүн нүд хавдаж улайсан бол Пүрэюдоржийн уруул нь цус нүүр нь шалбархайтай харагдсан. Эдгээр гэмтлийг бол тухайн үед зодолдсон 2 залуу учруулсан. Өөр ямар нэгэн байдлаар биедээ гэмтэл аваагүй. Тухайн залуучууд намайг айлгаж зодоогүй. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 32-р ху/,

 14. Гэрч Р.Даваанямын 2016 оны 09-р сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 09 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн орчим өөрийн хуурай дүү Баярбат, Баярбатын найз Элдэв-Очир нарын хамтаар “Дельфин” гэх караокед орж нийтийн зааланд нь суусан. Тэндээ дуу дуулангаа хүний 2 шил 0,5 литрийн “Сэнгүр” гэх шар айраг уусан. Орой 23 цаг орчим гаднаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй орж ирээд ресепшинтэй уулзаад гарах гэж байхад Элдэв-Очир тэр 3-г “Мигваши” гэж хэлэхээр нь би гайхсан. Нөгөө 3 хүн юу ч ярилгүй тоогоогүй гараад явсан. Ардаас нь Баярбат, Элдэв-Очир гарсан. Би ямар ажлаар яах гэж гарсан талаар мэдэхгүй. Тэр 2 дахин кароакед орж ирээгүй. Би кароакеноос гарахад хүн байгаагүй, би гарчихсан. Баярбат, Элдэв-Очир нарыг кароакед хэр уусан болохыг мэдэхгүй. Уусан пивондоо нилээн согтсон. Юм ярихад хэл ам нь ээдэрч над руу агсарах гээд байсан. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р ху/,

   15. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн № 398 тоот актын  дүгнэлт хэсэгт:                 

  1. Э.Амарсанаагийн биед тархи доргилт, зүүн нүдний салстад цус хуралт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун өвдгөнд цус хуралт, зүүн дээд зовхинд зулагралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн  54-р ху/,

  16.Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 09-р сарын 27-ны өдөр № 397тоот акт дүгнэлт хэсэгт:               

1. Х.Пүрэвдоржийн биед доод уруулын дотор салстад шарх, тархи доргилт, зүүн хөмсөг, баруун нүдний дээд зовхи, доод уруулын дотор салстад цус хуралт, толгойн дагз, зүүн шанаа, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий  гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн  56-р ху/

  17.Шүүгдэгч П.Баярбатын  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 76-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх 37-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 38-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 39-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 40-р ху/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх 74-р ху/,  иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа,/хх 75, 88-р ху/,

Шүүгдэгч М.Элдэв-Очирын  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 79-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх 41-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 42-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 43-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 44-р ху/, шүүгдэгчийн ам бүлийн тодорхойлолт, /хх 77-р ху/, шүүгдэгчийн  иргэний болон цахим үнэмлэхний лавлагаа, хуулбар, /хх 87, 78-р ху/, Хүн таньж олуулсан тухай тэмдэглэл, /хх 12-13, 17-20-р ху/, Гэрэл зургаар хүн таньж олуулсан тухай тэмдэглэл, /хх 25-30-р ху/, Шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол, /хх 51, 54, 63, 65–р ху/, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх 52, 55-р ху/, шинжээчийн дүгнэлттэй хохирогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх 57-58, 67-68-р ху/, шинжээчийн дүгнэлттэй шүүгдэгч нарт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх 59-60, 96-70-р ху/, шүүх эмнэлгийн  нэмэлт үзлэг хийсэн акт,  /хх 64, 66-р ху/, зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах  тухай тэмдэглэл, /хх 73-р ху/, зэргийг шинжлэн судлав.           

 Шүүгдэгч П.Баярбат, М.Элдэв-Очир нар нь архидан согтуурсан байх үедээ 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн орой 23 цагийн орчим  Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дельфин” караоке үйлчилгээний газрын гадаа  бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, Э.Амарсанаа, Х.Пүрэвдорж нарыг зодож улмаар түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж, бүлэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;

  • Шүүгдэгч П.Баярбатын өөрийнх нь: ...2-лаа гараад Пүрэвдорж, Амарсанаа 2-лантай нь зодолдсон. Ингээд би Амарсанаагийн нүүрийг тулж зогсоод нүүр лүү нь гараараа цохисон. Пүрэвдорж намайг түлхэхэд нь миний хажуунаас Элдэв-Очир Пүрэвдоржийн нүүр лүү гараараа цохисон. Намайг Пүрэвдоржтой барьцалдаж, зодолдож байхад Элдэв-Очир Амарсанаатай барьцалдаж ноцолдсон. ...гэх мэдүүлэг,
  • Шүүгдэгч  М.Элдэв-Очирын өөрийнх нь: ...Бид 2 хамт  сууж байсан Даваанямыг үлдээгээд араас нь 2-лаа гараад Пүрэвдорж, Амарсанаа 2-лантай нь зодолдсон. Амарсанаагийн нүүрийг Баярбат тулж зогсож байгаад нүүр лүү нь гараараа цохисон. Хамт явж байсан Пүрэвдорж нь Баярбатыг түлхэхэд нь би Пүрэвдоржийн нүүр лүү гараараа цохисон. Пүрэвдоржтой хэсэг барьцалдаж байгаад би Амарсанаагийн цээж рүү өшиглөхөд Амарсанаа миний хөлнөөс барьсан. Намайг Амарсанаагийн цээж рүү өшиглөхөд Баярбат, Амарсанаа 2 ноцолдож газар унацгаасан. Нэг мэдэхэд Баярбат бид 2 Пүрэвдоржийн толгой, бие рүү гар хөлөөрөө өшиглөж байсан. ...гэх мэдүүлэг,
  •  Хохирогч Х.Пүрэвдоржийн:  ... 2016 оны 09 дүгээр сарын 25-ны орой 23 цаг орчим “Дельфин” кароакеноос гарахад Элдэв-Очир, Баярбат 2 гарч ирээд Амарсанаагийн урд Баярбат зогсож байгаад шууд зүүн нүд орчим нь гараараа цохисон. Ингэж цохиулаад хариу үйлдэл үзүүлж чадаагүй, зүүн нүдээ дараад доошоо суучихсан. Би Баярбатыг болиулах гэхэд хажуунаас Элдэв-Очир хүрч ирээд миний зүүн шанаа руу гараараа цохиж бид 2 барьцалдаж, хэсэг ноцолдсон. Баярбат Амарсанааг заамдсан нүүр лүү нь цохиж байхаар нь дахиад болиулах гэхэд Баярбат эргэж хараад намайг заамдаж аваад унагааж, миний нүүр, уруул руу гараараа цохиход би нүүрээ гараараа хаасны дараа Баярбат босож байгаад нүүр лүү өшиглөсөн. Баярбат намайг цохиж байхад Элдэв-Очир Амарсанаагийн цээж рүү хөлөөрөө өшиглөж байсан. 2-лаа намайг зодож эхэлсэн. Намайг газар унагаж Элдэв-Очир миний нүүр лүү гараараа цохиж, Баярбат толгой руу өшиглөөд байсан. Бүр сүүлдээ 2-лаа толгой, цээж рүү тал талаас өшиглөж, гараараа цохисон. Миний уруулыг бол Баярбат цохиж гэмтээсэн. Биеийн байдал хэвийн. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.. ...гэх мэдүүлэг,
  • Хохирогч Э.Амарсанаагийн: ... 2016 оны 09 дүгээр сарын 25-ны орой 23 цаг орчим “Дельфин” кароакеноос гарахад Элдэв-Очир, Баярбат 2 гарч ирээд цагаан цамцтай өндөр нуруутай Баярбат миний нүүрийг тулж зогсоод гараараа нүүр лүү цохисон. Ингэж цохиулаад бүрэлзээд явчихсан. Пүрэвдорж хүрч ирээд салгах гэтэл хажуунаас Элдэв-Очир Пүрэвдоржийн нүүр лүү нь цохисон. Элдэв-Очир Баярбатаас дахиад салгах гэж байхад Бяарбат, Пүрэвдорж 2 барьцалдаад газар унацгаасан. Элдэв-Очир миний цээж рүү хөлөөрөө өшиглөхөд нь би босож зугтаасан. Миний нүд рүү Баярбат гараараа цохисон.  Элдэв-Очирийн хувьд цээж рүү өшиглөсөн. Биеийн байдал хэвийн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.  ... гэх мэдүүлэг, 
  • Гэрч Э.Чимгээгийн:  ... Тухайн үед шар царайтай, онигор нүдтэй биерхүү залууг Баярбат, намхан нуруутай бор, бүлтгэр нүдтэй залуу нь Элдэв-Очир болохыг мэдлээ. Манай бааранд тухайн өдөр Баярбат, Элдэв-Очир нэг найзынхаа хамт 3-лаа нийтийн зааланд үйлчлүүлж байхад гаднаас нүдний шилтэй Амарсанаа, нүдний шилгүй өндөр нуруутай Пүрэвдорж нар 1 эмэгтэй найзынхаа хамт орж ирсэн. Манайхаас гараад явсны дараа Баярбат, Элдэв-Очир нар нь ардаас нь гарсны дараа гадаа шуугиан болсон. Намайг гарахад хоорондоо зодолдож маргалдаж байсан. Миний харснаар бол Баярбат, Амарсанаа 2 анх барьцалдсан бол цаана нь Элдэв-Очир Амарсанаагийн цээж рүү хөлөөрөө өшиглөсөн. Амарсанаа босоод зугтаачихсан. Сүүлдээ Пүрэвдоржийг Элдэв-Очир, Баярбат 2 газар унагааж толгой цээж рүү нь хөлөөрөө өшиглөж байсан....гэх мэдүүлэг,
  •  Гэрч Г.Мөнгөнзаяагийн:  ...Гэтэл 2 залуу нь бид нарын ардаас гарч ирээд Амарсанааг өндөр нуруутай цагаан өнгийн цамцтай залуу нүүр лүү нь тулж зогсож замыг нь хаагаад шууд нүүр лүү нь цохисон. Пүрэвдорж тэр 2-г салгах гэж оролдоход тэнд байсан намхан нуруутай саарал өнгийн цамцтай залуу Пүрэвдоржийн нүүр лүү нь шууд цохисон. Ингээд хоорондоо барьцалдаж зодолдоход би аль болох салгах гэсэн боловч миний үгэнд ороогүй нөгөө 2 дайрч давшлаад байсан. Энэ үед кароакений үйлчлэгч эмэгтэй гарч ирээд надтай хамт салгах гэж оролдсон. Амарсанааг  явсны дараа нөгөө 2 залуу 2-лаа Пүрэвдорж руу дайрч саарал өнгийн куртиктэй залуу гараараа цохиж, нөгөө цагаан цамцтай залуу нь нүүр толгой руу нь өшиглөсөн.  ...гэх мэдүүлэг,
  • Гэрч Р.Даваанямын: ... 2016 оны 09 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн орчим өөрийн хуурай дүү Баярбат, Баярбатын найз Элдэв-Очир нарын хамтаар “Дельфин” гэх караокед орж нийтийн зааланд нь суусан. Тэндээ дуу дуулангаа хүний 2 шил 0,5 литрийн “Сэнгүр” гэх шар айраг уусан. Орой 23 цаг орчим гаднаас 2 эрэгтэй, 1 эмэгтэй орж ирээд ресепшинтэй уулзаад гарах гэж байхад Элдэв-Очир тэр 3-г “Мигваши” гэж хэлэхээр нь би гайхсан. Нөгөө 3 хүн юу ч ярилгүй тоогоогүй гараад явсан. Ардаас нь Баярбат, Элдэв-Очир гарсан. Би ямар ажлаар яах гэж гарсан талаар мэдэхгүй. Тэр 2 дахин кароакед орж ирээгүй.  ...гэх мэдүүлэг,
  • Шүүгдэгч нарыг сэжигтнээр болон яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хохирогч, гэрч нарыг хууль сануулан байцаасан мэдүүлгүүд, хүн таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургаар хүн таньж олуулсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал, шүүх эмнэлгийн  нэмэлт үзлэг хийсэн акт,  зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл...гэх зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрхи  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч П.Баярбат, М.Элдэв-Очир нарт  холбогдох хэргийн  зүйлчлэл зөв, шүүхээс “Бүлэглэн, догшин авирлаж танхайрах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  ял оногдуулах үндэслэлтэй байгаа ба шүүгдэгч П.Баярбат, М.Элдэв-Очир нарын үйлдэл  нь  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,  мөн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа,  мөн хуулийн ерөнхий ангийн 56-р зүйлийн 56.1.10 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн  зэргийг харгалзан үзэж,  хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь  зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч П.Баярбат, М.Элдэв-Очир нар нь  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286,  290-р зүйлийн  290.3, 294,  295, 296, 297, 298-р   зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь ;

 

  1. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Пүрэвхүүгийн Баярбат, Адуучин овогт Мижиддоржийн Элдэв-Очир нарыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 181-р зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан “ ...догшин авирлаж, бүлэглэн танхайрах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Пүрэвхүүгийн Баярбатыг 3 /гурав/, жил 5 /тав/ сарын, шүүгдэгч  Адуучин овогт Мижиддоржийн Элдэв-Очирыг 3 /гурав/ жил  1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баярбатад оногдуулсан 3 /гурав/, жил 5 /тав/ сарын, шүүгдэгч  М.Элдэв-Очирт  оногдуулсан  3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

  4. Шүүгдэгч П.Баярбат, М.Элдэв-Очир нар нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон  хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

  5. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баярбатад оногдуулсан 3 /гурав/, жил 5 /тав/ сарын, шүүгдэгч М.Элдэв-Очирт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тус тус тэнсэж, шүүгдэгч П.Баярбатыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын, шүүгдэгч М.Элдэв-Очирыг 1 /нэг/ жил, 4 /дөрөв/  хугацаагаар  тус тус хянан харгалзсугай.

  6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.3, 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыгшүүгдэгч  П.Баярбат, М.Элдэв-Очир нарт сануулсугай.

  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Баярбат, М.Элдэв-Очир нарт хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.    

  8. Шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй.

  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 10 .Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч нар болон тэдгээрийн  өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар болон, тэдгээрийн өмгөөлөгч,  хохирогч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 12. Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1  дэх  хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН