Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0582/з |
Дугаар | 221/МА2016/0469 |
Огноо | 2016-07-07 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2016/0469
2016 оны 7 сарын 07 өдөр | Дугаар 221/МА2016/0469 | Улаанбаатар хот |
Иргэн Н.*******ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Н.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Содномдаржаа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 212 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Н.*******ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 212 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 369 тоот Захирамжийн иргэн Ж.Нямхандад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын иргэн Н.*******ид газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг тогтоолгож, иргэн Н.*******ид газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Ж.Нямхандын Сүхбаатар дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт Хандгайт зусланд байрлах Ж.Нямханд миний эзэмшлийн 500 м.кв зуслангийн газрыг хууль ёсоор эзэмшдэг болохыг минь тогтоож, ******* болон Пагма нарын хууль бус халдлагаас албадан чөлөөлөхийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгуулах бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Нямдорж овогт ******* миний бие Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 36а байр, 107 тоотод оршин суудаг бөгөөд манай хадам ээж Төмөр овогтой Пагам нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт 2003 оноос Хандгайт зусланд буусан ба хадамж ээж маань 2912 метр квадрат газар эзэмшиж, “АТТП” ХХК-аар кадастрын зураг хийлгэж, 2009 оны 06 дугаар сард Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандахад нэг хүнд 700 метр квадрат газар эзэмшүүлнэ, хүүхдийнхээ нэр дээр хуваагаад ир гэсэн. Ингээд манай хадам ээж Т.Пагам нь хадамж эгч Ц.Эрдэнэцэцэг, баз хүргэн Б.Одгэрэл, Н.******* миний бие болон хадамж ээж Т.Пагам бид 4 өөрсдийнхөө нэрээр зургийг “АТПП” ХХК тухайн газрыг хуваалгаж, кадастрын зураг хийлгэн 2009 оныхоо 6 сард Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандсан боловч Т.Пагам, Б.Одгэрэл, Ц.Эрдэнэцэцэг нарын газрын асуудал шийдэгдэж, миний өгсөн хариу гаралгүй, миний өгсөн хүсэлтийг авч хэлэлцэхгүй, миний материалын оронд******* гэдэг хүний нэр дээр газрын захирамж гарсан байсан.
Ингээд бид нар шат шатны байгууллагаар явсан болно.******* тухайн үед ирж уулзахад нь “чиний газар хаана юм бэ?” гэхэд мэдэхгүй, хажуу айлын Энхтайван гэгч хүний хашааг заагаад байсан. Чи яаж кадастр хийлгэсэн юм бэ? гэхэд интернетээр харж байгаад хийлгэсэн гэж манай эхнэр Ц.Тунгалагтуяа, хадамж ээж Т.Пагам болон надад тэгж хэлсэн. Тухайн үед би өөрөө*******ын газрыг заалгах гэж өөрийн биеэр 28-23 УБС машинтайгаа Барилга, хөгжлийн төвийн урд талаас*******ын авч зусландаа ирсэн.
Энэ үйл явдал 2009 оны зун байсан.******* өөрийнхөө газрыг мэдэлгүй иргэн Энхтайвны хашаанд хашаа барьж, уг асуудал нь шүүхээр шийдэгдсэн байдаг. Иймд бид*******ын хууль бус шийдвэр гаргуулж, газрын гэрчилгээ авсан гэж үзэж байна.
Холбогдох бичиг баримтуудыг бид захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Шаардлагатай гэж үзвэл би дахин баримт бичгүүдийн хуулбарыг гаргаж өгч болно. Бид захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэтэрхий нэг талыг барьсан, нотлох баримтуудыг сайн судалж үзээгүй гэж үзэж байгаа тул бидний гомдлыг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 369 дугаар захирамжийн иргэн Ж.Нямхандад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын иргэн Н.*******ид газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг тогтоолгож, иргэн Н.*******ид газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Ж.Нямханд нь “Сүхбаатар дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт Хандгайт зусланд байрлах 500 мкв зуслангийн газрыг хууль ёсоор эзэмшдэг болохыг тогтоож, Н.******* болон Т.Пагма нарын хууль бус халдлагаас албадан чөлөөлөхийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгуулах” бие даасан шаардлага гаргасан байх бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Тус шүүх нэхэмжлэгч Н.*******ийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянав.
Н.******* нэхэмжлэлийн гол үндэслэлээ “Сүхбаатар дүүргийн нутаг, Хандгайтын аманд байрлах зуслангийн зориулалттай тус газар манай гэр бүл 2003 оноос хойш зуны улиралд гарч зуслангийн зориулалтаар ашиглаж ирсэн. Газрын тухай хуульд заасны дагуу 2009 онд иргэн Ц.Эрдэнэцэцэг, иргэн Т.Пагам, иргэн Б.Одгэрэл, миний бие Н.******* нарын 4 иргэний нэр дээр кадастрын зураг үйлдүүлэн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар Сүхбаатар дүүргийн Өмчийн харилцааны газарт хүсэлт гаргасан. Бидний гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхдээ иргэн Т.Пагамд 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 271 тоот, иргэн Ц.Эрдэнэцэцэгт 2011 оны 8 дугаар сарын 05-ны 274 тоот захирамж, иргэн Б.Одгэрэлд 2009 оны 8 дугаар сарын 12-ны 217 тоот захирамжаар тус тус газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон ч миний гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгоогүй хэрнээ гаргасан хүсэлтийг минь хэрхэн шийдвэрлэсэн тухай ямар ч хариу өгөлгүй миний хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд газар эзэмшиж, ашиглах эрхийг минь ноцтойгоор зөрчсөн” гэж тайлбарлаж, маргажээ.
Гэтэл бодит байдал дээр иргэн Н.*******ийн нэр дээр хувийн хэрэг байхгүй, өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй, нэхэмжлэгч Н.******* нь газар эзэмших хүсэлтээ огт гаргаж байгаагүй болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хийсэн үзлэгээр буюу нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогджээ.
Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргыг гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг зөрчсөн, иргэн Н.*******ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж дүгнэх боломжгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Мөн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын иргэн Н.*******ид газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг тогтоолгож, иргэн Н.*******ид газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагчийн эс үйлдэхүй байхыг тэргүүн ээлжинд шаардах бөгөөд энэхүү эс үйлдэхүй нь хууль бус байх, дээрх эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн байх нөхцөлийг шаарддаг. Гэтэл Н.*******ийн тухайд газрын хувийн хэрэг байхгүй, гаргасан гэх өргөдөл нь өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй, нэхэмжлэгч Н.******* нь газар эзэмших хүсэлтээ өөрөө гаргаж байсан болох нь тогтоогдоогүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх боломжгүй.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...миний хадам ээж Т.Пагам тухайн газрыг баталгаажуулан авахаар Геодези, газрын зураглалын “АТТП” ХХК-аар нэгж талбарын байршлын кадастрын зураг хийлгэн Сүхбаатар дүүргийн Өмчийн харилцааны газарт газар эзэмших хүсэлтээ гаргасан” гэж тайлбарладаг хэдий ч зөвхөн кадастрын зургийг хувийн компаниар хийлгэснээрээ Н.*******ийн газар эзэмших эрх үүсэхгүй.
Учир нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмших хүсэлтээ тухайн иргэн гаргаж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлэн өгч улмаар Засаг даргын захирамж гарч, гэрээ байгуулан гэрчилгээ олгогдох хуулийн зохицуулалттай.
Түүнчлэн давж заалдах гомдолд “шүүх хэт нэг талыг барьсан, нотлох баримтуудыг сайн судалж үзээгүй” гэсэн үндэслэл дурдсан байх боловч шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх тул нотлох баримтыг сайн судалж үзээгүй гэж дүгнэх боломжгүй байна.
Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 212 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР