Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 198

 

С.Ц-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, гуравдагч этгээд “К Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1066 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаар магадлалтай, С.Ц-гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1068 дугаар шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “М К” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013..., Ү-2206014... дугаар бүхий, 000103..., 000106... тоот гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж, “Блю скай” хотхоны 44Б байрны 7 тоот орон сууц болон 44АБВГ байрны зоорийн давхрын 146 тоот авто зогсоолын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Х.У-гинй өмчлөлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 182 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1066 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.У-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц-гийн ‹‹...“М К” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013..., Ү-2206014... дугаарт бүртгэгдсэн бүртгэл, түүний үндсэн дээр олгогдсон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000103..., 000106... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Блю скай” хотхоны 44Б байрны 7 тоот орон сууц болон зоорийн давхрын 146 тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Х.У-г бүртгэж, гэрчилгээ олгохыг татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, авто зогсоолыг иргэн Х.У-гийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах›› шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангажээ. 

Нэхэмжлэгч С.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж заасны дагуу иргэний шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 102ШШ201502919 дүгээр хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Х.У-г тогтоосон тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг өөрчлөн бүртгэх нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй юм гэж зөв дүгнэсэн.

Гэвч ...““К Б” ХХК-д хүсэлт гаргаж өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсарган мэдүүлгээ дахин гаргана уу гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь буруу юм. Учир нь хариуцагч бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Хан-Уул дүүргийн 44Б байр, Г-000016..., Ү-2206008... дугаар бүхий 1692 м.кв 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон хэрнээ 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дээрх 1692 м.кв талбай бүхий барилгыг орон сууц тус бүрээр, зоорийн давхрыг авто зогсоолыг мөн тоот тус бүрээр салгаж бүртгүүлэх тухай “М К” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013..., Ү-2206014... дугаарт орон сууц, авто зогсоолыг бүртгэж, түүний үндсэн дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000103..., 000106... дугаартай гэрчилгээг олгосон нь нэхэмжлэгч Х.У-гийн эрх, хууль ёсны ашгийг хөндсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дэд дарга бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаар журмын 1 дүгээр хавсралтаар баталсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.10-т “...дуусаагүй барилгыг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анхны удаа бүртгүүлснээс хойш тухайн барилгыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах хүртэл гүйцэтгэлийн явцаар эд хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн гэсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно”, 4.11-д “...дуусаагүй барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр бүрэн дуусгаж, ашиглалтад оруулсан тохиолдолд дуусаагүй барилгын өмчлөх эрхийн хувийн хэрэг, гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулан гэрчилгээг сольж олгоно” гэж тус тус зохицуулж өгсөн байх бөгөөд дуусаагүй барилгыг 2 удаа бүртгэж, дуусаагүй 90 хувийн гүйцэтгэлтэй барилгад дахин гэрчилгээ олгосон нь журамд нийцээгүй байгааг анхаарч үзээгүй нь буруу юм.

Хариуцагчийн хууль бус үйлдэл буюу холбогдох дүрэм журам биелүүлээгүйгээс “М К” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 55 хувийн гүйцэтгэлтэй барилгад бүртгэгдсэн нь зээлийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг нягтлахгүйгээр дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг дахин “М К” ХХК-ийн нэр дээр бүртгэж гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх...”, мэдүүлэгт энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана”, 13 дугаар зүйлийн 13.5-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг” гэж заасныг тус тус зөрчсөн.

Мөн хариуцагч байгууллага Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т тус тус заасан “Улсын буртгэл үнэн зөв байх” зарчмыг зөрчиж бүртгэл хийсэн болох нь тодорхой байхад Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс иргэн Х.У-гийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхээс татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” гэж заасныг зөрчиж, анхнаасаа өмчлөгч бус этгээдийн нэр дээр буруу бүртгэсэн бүртгэлийг зөвтгөхөөс татгалзаж байгаа хууль бус үйлдлийг давж заалдах шатны шүүх зөвтгөж байгаа нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх бүрэн үндэслэлтэй.

Иргэн Х.У-г орон сууц, авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх хүчин чадалтай юм. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан атал шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, татгалзаж буй үндэслэлээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д зааснаар тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зүй нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, мөн хуулийн 24.8-д “энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж заасныг баримтлан хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага иргэн Х.У-гийн нэр дээр бүртгэл хийж, гэрчилгээ олгох үндэслэл хангалттай тогтоогдож байна.

Эцэст нь хэлэхэд хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч маргаан бүхий орон сууц, авто зогсоолыг өмчлөх эрх үүссэний дараа “М К” ХХК, “К Б” ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн барьцааны гэрээг Х.У-гийн оролцоогүйгээр хийж, ашиг сонирхлыг нь авч үзэлгүй бүртгэсэн байж, уг гэрээтэй холбоотой үүсэж буй үр дагаварт нь Х.У-г хамааруулж байгаа нь буруу, мөн барьцааны гэрээнд хамааралгүй иргэний хөрөнгө оруулалтаар баригдсан орон сууц, автомашины зогсоолыг “М К” ХХК барьцаалж, “К Б” ХХК нь барьцаанд авч байгаа нь өөрөө хууль бус болохыг дурдахгүй байхын аргагүй, барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тохиолдолд гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, зөрчигдөхөөр байгааг давж заалдах шатны шүүх анхаар ч үзээгүйд гомдолтой байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т заасантай нийцсэн байна.

“М К” ХХК болон Герман улсын иргэн Х И Е нарын хооронд 2009 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”, түүний эхнэр Х.У-гийн 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ” /шинэчлэн байгуулсан/-ний дагуу “худалдагдсан” Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Blue Sky” хотхоны 44Б байрны 7 тоотын 4 өрөө орон сууц нь 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “С Э Э Э” ХХК, “К” банкны хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаалсан үл хөдлөх хөрөнгөд /55 хувийн гүйцэтгэлтэй 44Б байр бүхэлдээ/ багтсан, 146 дугаартай авто зогсоол нь “М К” компанийн “К” банктай байгуулсан 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан 205 авто зогсоолд багтсан, 55 хувийн гүйцэтгэлтэй уг 44Б байр нь “М К” ХХК-ийн нэр дээр 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон, уг байртай холбоотой барьцааны гэрээ нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байжээ.

Түүнчлэн зээл, зээлийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах нөхцөлийн дагуу “М К” ХХК нь 44Б байрны сууц тус бүрээр, 44А, 44Б, 44В, 44Г байруудын зоорийн давхрын 205 авто зогсоол тус бүрээр өмчлөх эрхээ бүртгүүлэхээр Эрхийн улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргасан, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь /тухайн үеийн нэрээр/ 44Б байрны 7 тоотын 4 өрөө 148.4 м.кв талбай бүхий орон сууц /90 хувийн гүйцэтгэлтэй/-ыг улсын бүртгэлийн Y-2206013... дугаарт, 146 дугаартай 18 м.кв талбайтай авто зогсоол /90 хувийн гүйцэтгэлтэй/-ыг улсын бүртгэлийн Y-2206014... дугаарт тус тус 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж, “М К” ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээнүүд олгосон, эдгээр хөрөнгийг барьцаалсан зээлийн барьцааны гэрээний бүртгэл хүчинтэй хэвээр байна.

Маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Х.У-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “М К” ХХК хүлээн зөвшөөрсөнийг баталсан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2919 дугаар захирамжийг үндэслэн Х.У нь өмчлөх эрхээ бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах мэдүүлгийг 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт гаргахад уг орон сууц, авто зогсоол нь “...“М К” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, мөн “К” банкны барьцаанд байгаа тул өмчлөх эрхийг бүртгэх боломжгүй” гэж тус байгууллагаас хариу өгчээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”; 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэснээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу 44Б байрны 7 тоотын 4 өрөө орон сууц, 146 дугаартай авто зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Х.У-г тогтоосон учир эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг өөрчлөн бүртгэх нь зүй ёсны юм.

Харин мөн зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж зааснаас үзвэл “бүртгүүлэх тухай мэдүүлэг”-ийг хүлээн авсан эрхийн улсын бүртгэгч нь маргаан бүхий орон сууц, авто зогсоолыг барьцаалсан “К” банкны зөвшөөрлийг мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй, барьцаалагч “К” банкны зөвшөөрөлгүйгээр эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжгүй.

Иймд, Х.У-гийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан мэдүүлгийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /хуучин нэрээр/-ын харьяа Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн үйл ажиллагаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”; 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” гэж заасантай нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөгчийг өөрчлөн бүртгэх хэдий ч өмнө нь бүртгэгдсэн барьцааны гэрээний бүртгэл хүчинтэй хэвээр байгаа нөхцөлд уг бүртгэлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх этгээдийн зөвшөөрлийг заавал авсан байх хуулийн шаардлагыг нэхэмжлэгч биелүүлээгүй нь татгалзах үндэслэл болжээ.

Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлын “Х.У-г орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоосон шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх хүчин чадалтай, шүүгчийн захирамжийг биелүүлэхээс татгалзаж буй үндэслэлээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.9-д зааснаар тайлбарлаж буй нь үндэслэлгүй, мөн хуулийн 24.4-т заасныг хэрэглээгүй нь буруу” гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулаагүй хариуцагчийн эс үйлдэхүй /захиргааны акт/-тэй холбоотой энэ маргаанд, тухайн орон сууц, авто зогсоол /90 хувийн гүйцэтгэлтэй/-ын өмчлөгчөөр 2010 онд “М К” ХХК-ийг бүртгэсэн  бүртгэл саад болохгүй учир уг бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй, зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ, гэрээний үүргийн биелэлтийн асуудлаар захиргааны хэргийн шүүх дүгнэх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...дуусаагүй барилгыг 2 удаа бүртгэж ...улсын бүртгэлийг хөтлөх журмыг зөрчсөн, 55 хувийн гүйцэтгэлтэй барилгад бүртгэгдсэн зээлийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг нягтлалгүйгээр дахин бүртгэж гэрчилгээ олгосон нь бүртгэл үнэн зөв байх хуулийн зарчмыг зөрчсөн, барьцааны гэрээтэй холбоотой үүсэж буй үр дагаврыг хамаатуулж нэхэмжлэгч иргэний хуулиар хамгаалагдсан эрх ашиг зөрчигдөхөөр байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй” гэсэн гомдлоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, хэрэглэвэл зохих Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ           

 ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ