Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 316

 

Л.А-д оногдуулсан хорих ялыг

дүйцүүлэн хасах тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 105 дугаар шүүгчийн захирамж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 7 дугаар магадлалтай, Л.А-д холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг ялтны гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, эрэгтэй, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт Л-ын А нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.15-д зааснаар 23 жил хорих, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр 2 жил хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг буюу 7 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 23 жил 7 сар хорих ял шийтгүүлсэн, одоо уг ялыг эдэлж байна.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 105 дугаар шүүгчийн захирамжаар “2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг баримтлан Л.А-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.15-д зааснаар оногдуулсан 23 жилийн хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7-д заасан ялтай дүйцүүлэн 18 жил 4 сар 26 хоног хорих ял болгон тогтоож, Л.А-гийн биечлэн эдэлсэн 6 жил 9 сар 10 хоногийг хасаж, эдлэх ялыг 11 жил 7 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.А-гийн эдлээгүй үлдсэн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх”-ээр шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 7 дугаар магадлалаар “...шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг “…Л.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар багтаасан болон мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэсэн ялуудаас тус тус чөлөөлж…” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Л.А-гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд ялтан Л.А-гийн гаргасан гомдолд “... Магадлалын тодорхойлох хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хорих ял эдэлж буй ялтанд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалт хамаарахгүй” гэж дурдсан нь хууль тэгш үйлчлэх зарчим алдагдсан гэж үзэж байна. Монгол Улсын нутаг дээр амьдарч байгаа гэмт хэрэг үйлдсэн болон үйлдээгүй бүх хүнд энэ хууль адил үйлчлэх ёстой гэж би ойлгодог. Улсын ерөнхий прокурорын газар болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн албаны хүмүүс ярихдаа бүх ял эдэлж буй хүнд шинэ хуулиар ял нь 20-30 хувиар багасаж байгаа гэснийг үндэслэж надад оноосон ялаас шинэ хуулиар хасахдаа 30 хувь буюу 6 жил 10 сар 24 хоногийн ялыг хасаж өгөхийг хүсч байна. Намайг Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүх 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шийтгэсэн эрүүгийн хэргийн материалыг татаж, миний ял, хэргийн байдлыг дахин хянаж өгөхийг мөн хүсэж байна. Надад ял оноосон энэ хэргийн материалд хэргийн газрын үзлэг хийхдээ нөхцөл байдлыг өөрчилж, тодруулбал буу барьсан байдалтай болгон өөрчилж, мөн би бээлийтэй байсан байхад архины шилнээс дунд хурууны хээ олдсон гэх баримтыг хуурамчаар хийж шүүхээс гарах шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байдаг. Мөн талийгаачийг үхсэнийх нь дараа би гэрээс нь буу, гар утас авсныг амьд байхад нь авсан болгож шунахай сэдэлттэй амийг нь хөнөөсөн болгож ял хүндрүүлж оноосон байдаг. Эдгээр байдлуудыг хянан хэлэлцэж надад оноосон ялын зүйлчлэлийг өөрчилж, шинэ хуулиар ял дүйцүүлж хасах ажиллагааг хэрэгжүүлж өгөхийг хүсч гомдол гаргаж байна” гэжээ.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, мөн багтаасан болон нэмж нэгтгэсэн ялаас чөлөөлж, ялтан Л.А-д оногдуулсан ялыг 18 жил 4 сар 26 хоног болгон дүйцүүлэн тогтоосон нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж тус тус заажээ.

Уг зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа этгээдийн хувьд хууль буцаан хэрэглэх явдал нь шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын доод, эсхүл дээд, эсхүл аль алиныг нь багасган тогтоосон тохиолдолд зөвхөн уг багасгасан хэмжээнд нийцүүлэн хасах байдлаар хэрэгжинэ.

Нийтлэг баримтлах зарчим нь шүүхээс биечлэн эдлүүлэхээр өмнө нь тогтоосон ялын хэмжээг шинэ хуулиар багасгасан хэмжээтэй харьцуулж, уг багассан хувь хэмжээнд нийцүүлэн шийдвэрлэхээс бус хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг өөрчилж шинээр ял оногдуулдаггүй болно.

Мөн ялыг дүйцүүлэн хасах ажиллагаа нь зөвхөн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолын хүрээнд явагддаг ба энэ ажиллагааны явцад гэм бурууг шинээр тогтоож, ял оногдуулахгүй тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл (Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал), 6.6 дугаар зүйл (Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал)-ийн зохицуулалтууд үүнд хамаарахгүй юм.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.15-д заасан гэмт хэргийн хорих ялын доод хэмжээ нь арван таваас дээш, дээд хэмжээ нь хорин таван жил байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5, 2.7-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг арван хоёр жил, дээд хэмжээг хорин жилээр тогтоож, ялын доод болон дээд хэмжээ багассан тул анхан шатны шүүх шинээр батлагдсан хуульд нийцүүлэн ялтан Л.А-гийн ялыг дүйцүүлэн тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх ялтан Л.А-д шүүхээс анх ял оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57, 58 дугаар зүйлийг журамлан багтаасан болон нэмж нэгтгэсэн ялаас чөлөөлөх талаар дүгнэлт хийсэн атлаа захирамжлах хэсэгт орхигдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн холбогдох заалтыг хэрэглэх, хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх, хорих ялын хэмжээг дахин бууруулж өгөхийг хүссэн ялтны гомдлыг дээр дурдсан үндэслэлээр хангах боломжгүй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 105 дугаар шүүгчийн захирамж, түүнд өөрчлөлт оруулсан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 7 дугаар магадлалыг хэвээр үлдээж, ялтан Л.А-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                         ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН