| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2018/03299/и |
| Дугаар | 3566 |
| Огноо | 2018-11-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 3566
| 2018 оны 11 сарын 23 өдөр | Дугаар 101/ШШ2018/03566 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.Д,
Хариуцагч: П.Б нарт холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгө хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Б.Д, П.Б нар “НФК” ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан NC-10062839 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх боломжгүй болж, зээлдүүлэгч “НФК” ХХК 11.565.320 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д, П.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/00090 дугаар захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталсан боловч хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2016/17454 дүгээр албадан гүйцэтгэх тухай захирамж гарсан. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төлбөр гаргуулахаар хийгдэж байсан ажиллагааны явцад талууд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсоны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө төлбөрт шилжүүлэх Г-037/2017 тоот гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу төлбөр авагч “НФК” ХХК нь барьцаа хөрөнгийг Б.Н-д шилжүүлж, түүнийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээг олгосон боловч өнөөдрийг хүртэл Б.Д, П.Б нар бусдын өмчлөлийн эд хөрөнгийг ямар нэгэн төлбөр төлөлгүй, өмчлөгчийн зөвшөөрөлгүй өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж, ашигласаар байна. Хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгийг суллах хүртэл түрээс төлөхөөр “НФК” ХХК-тай тохирч төлбөр төлж байсан. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Б.Д, П.Б нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Д, П.Б нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Хариуцагч бид анх “НФК” ХХК-аас хашаа байшин болон портер автомашинаа барьцаанд тавиад нийт 11.500.000 төгрөгийн зээл авсан. Бид машинаа 10.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан ба банк бус санхүүгийн байгууллага машиныг минь эвдчихээд буцааж өгсөн учир бид ажил хийж чадаагүй. Бид нэхэмжлэгч Б.Н гэх хүнийг танихгүй бөгөөд ямар учраас биднийг амьдрах орон байрнаас минь гар гэж байгааг ойлгохгүй байна, маш их гомдолтой байна. Учир нь “НФК” ХХК эвлэрлийн гэрээ байгуулахдаа П.Б миний эрх ашгийг хөндсөн бөгөөд эвлэрлийн гэрээг надад танилцуулахгүй, мөн нөхөр Б.Д-д үр дагаврыг нь ойлгуулж тайлбарлаж өгөлгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулсан учраас тус эвлэрлийн гэрээг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нийт төлөх ёстой мөнгөн дүнгийнхээ ихэнх хэсгийг төлсөн байхад яагаад биднийг орон байрнаас минь гаргахыг шаардаж байгааг ойлгохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид захирал Г-тай 3 жилийн хугацаанд зээлийн төлбөрөө төлөөд хөрөнгөө буцаан авахаар тохирсон, зарим төлбөрийг төлсөн, 3 жилийн хугацаа дуусаагүй байгаа, бид хашаа байшингаа 35 сая төгрөгөөр авч байсан, 11 сая төгрөгт өгөх хашаа байшин биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б.Д, П.Б нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх 5 хэсэг 3 гудамж 1584 тоот хаягт байршилтай хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Д, П.Б нар нь нэхэмжлэгчтэй гэрээ хэлцэл байгуулаагүй, зээлдүүлэгч “НФК” ХХК-д 3 жилийн хугацаанд зээлийн төлбөрөө төлөөд хөрөнгөө буцаан авахаар тохирч шилжүүлсэн, зарим төлбөрийг төлсөн, 3 жилийн хугацаа дуусаагүй байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.
Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх 5 хэсэг 3 гудамж 1584 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021191 дугаартай, 114.25 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2204006836 дугаартай, 678 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Б.Н-д олгогдсон байна /хх-12, 13/.
Нэхэмжлэлд хавсаргасан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/00090 дүгээр захирамжаар Б.Д, П.Б нар 11.565.320 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дотор “НФК” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, тохирсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хариуцагч нарын өмчлөлийн хувийн сууц, газар, тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ /хх-5-6/. Мөн уг захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2016/17454 дүгээр захирамж гарч, 1917 дугаар гүйцэтгэх хуудас бичигджээ /хх-7, 8/.
Хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хийгдсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны баримтууд, мөн нэхэмжлэгчийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэсэн баримтуудыг тус тус шүүхийн журмаар гаргуулсан.
Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хугацаанд явагдсан байх ба нэхэмжлэлд дурдсан хувийн сууц, газрыг битүүмжлэн хурааж, 2 удаа дуудлага худалдаа зарласан боловч худалдан борлогдоогүй, улмаар талууд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө төлбөрт шилжүүлэх гэрээ байгуулснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ /хх-146-207/.
Улсын бүртгэлийн архивын баримтаас үзэхэд нэхэмжлэлд дурдсан хувийн сууц, газрыг хариуцагч нарын зээлийн төлбөрт тооцон шилжүүлэн авахыг зөвшөөрсөн “НФК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн холбогдох шийдвэрүүд, үл хөдлөх эд хөрөнгө төлбөрт шилжүүлэх гэрээ, “НФК” ХХК, Б.Н, Б.Д, П.Б нарын хүсэлтүүд, мөн дээр дурдсан шүүхийн шийдвэрийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэжээ /хх-90-145/.
Үл хөдлөх эд хөрөнгө төлбөрт шилжүүлэх гэрээгээр төлбөр төлөгч Б.Д, П.Б нар нэхэмжлэлд дурдсан хувийн сууц, газрыг өр төлбөртөө тооцон төлбөр авагч “НФК” ХХК-д шилжүүлэхээр тохиролцон, мөн эдгээр хөрөнгийг төлбөр авагчийн хүсэлтээр Баянгол салбарын захирал Б.Н-ийн нэр дээр шилжүүлэхээр гэрээнд тусгажээ.
Дээрх баримтуудаас үзэхэд маргаан бүхий хувийн сууц, газар “НФК” ХХК-д хариуцагч нарын төлбөл зохих өр төлбөрт тооцогдон шилжсэн ба нэхэмжлэгч Б.Н нь “НФК” ХХК-ийн Баянгол салбарын захирлын хувиар өмчлөгч болсон үйл баримт тогтоогдож байна.
Гэвч нэхэмжлэгч нь “НФК” ХХК-ийн Баянгол салбарын захирлын хувиар бус, өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан ба “НФК” ХХК зээлийн төлбөрт хураагдсан хөрөнгийг олон жил ажилласан ажилтандаа урамшуулал хэлбэрээр шилжүүлдэг гэж өөрийн шаардах эрхийн үндэслэлээ тайлбарлаж байна. Энэ тохиолдолд ажилтан Б.Н-д урамшууллыг бодитой шилжүүлэх үүргийг ажил олгогч буюу “НФК” ХХК хүлээх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд, тухайн үүргээ биелүүлэхийг “НФК” ХХК-аас шаардаагүй байна.
Үүнээс гадна Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн зүгээс өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэхэд хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь баримтаар тогтоогдох учиртай.
Хариуцагчийн зүгээс дээрх гэрээнд тусгагдсан Б.Н-ийг таньж мэдэхгүй, түүнтэй гэрээ хэлцэл байгуулаагүй, харин банк бус санхүүгийн байгууллагын захирал Г-тай гэрээ байгуулан 3 жилийн хугацаанд зээлийн төлбөрөө төлөөд хувийн сууц, газраа буцаан шилжүүлж авахаар тохирч зарим төлбөрийг төлсөн, 3 жилийн хугацаа дуусаагүй гэх зэргээр маргаж байна.
Хариуцагч 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө төлбөрт шилжүүлэх гэрээ байгуулсны дараа “НФК” ХХК-д 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 300.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 250.000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны орлогын баримтуудаар нотлогдож байх /хх-36-38/ ба эдгээр төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгийг суллах хүртэл түрээс төлөхөөр “НФК” ХХК-тай тохирч төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.
Дээрх баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулахад хариуцагч Б.Д, П.Б нар “НФК” ХХК-д 3 жилийн хугацаанд зээлийн төлбөрөө төлөөд хувийн сууц, газраа буцаан шилжүүлж авахаар тохирсон гэх байдал бүрэн нотлогдоогүй хэдий ч тэд хувийн сууц, газраа төлбөрт тооцон шилжүүлсэн атлаа банк бус санхүүгийн байгууллагад үргэлжлүүлэн төлбөр төлсөн байх тул хариуцагчийн татгалзлыг огт үндэслэлгүй гэж дүгнэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алины тайлбарт дурдсанаар нэхэмжлэгчийн нэр дээр өмчлөх эрх шилжсэний дараа 2017 оны 10-12 дугаар саруудад хариуцагч нараас “НФК” ХХК-ийн төлбөр хүлээн авсан байдал нь маргаан бүхий хувийн сууц, газартай холбоотой байна.
Иймээс хариуцагч нарыг нэхэмжлэлд дурдсан хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээр дурдсаныг шүүх нэгтгэн дүгнээд хариуцагч Б.Д, П.Б нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх 5 хэсэг 3 гудамж 1584 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021191 дугаартай, 114.25 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2204006836 дугаартай, 678 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Д, П.Б нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх 5 хэсэг 3 гудамж 1584 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204021191 дугаартай, 114.25 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2204006836 дугаартай, 678 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА