Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1427

 

 

 

 

 

 

 

 

    2022        10            05                                     2022/ШЦТ/1427

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Х.Санжидмаа, шүүгч Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч Д.Батцэцэг,

шүүгдэгч М.Б , түүний өмгөөлөгч А.Ганзориг,

шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт М.Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б  нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 03511 2539 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, ....  гэх газарт иргэн М.Б той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, хэвлийд цус хуралт, баруун тавхайд зулгарал, дух, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.Б ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ....  гэх газарт иргэн Э.Б той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлий тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь “хэвлий хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн шарх, хэвлий хөндий дэх цус хуралдалт /500 мл/, зүүн чихний шарх гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.     

             

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүх доорх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул уг нотлох баримтуудыг үнэн зөвд тооцон эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Б , Э.Б  нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарыг яллагдагчаар байцаахдаа болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Б , Э.Б  нар нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, ....  гэх газарт  маргалдаж,

1. шүүгдэгч Э.Б  нь хохирогч М.Б ын биед “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, хэвлийд цус хуралт, баруун тавхайд зулгарал, дух, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

2. шүүгдэгч М.Б  нь хохирогч Э.Б ын биед “хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх 500 мл цус хуралдалт, зүүн чихний шарх гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох гэм буруутай болох нь:

 

Хохирогч Э.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр А  ахтай Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулж байсан их сунгаан дээр таараад 13 цагийн орчим нутгийн ах Б   дээр очсон. Тухайн үед Б   ах найз ирлээ гээд 1 шил архи хувааж уусан. Тэр үед А  ах, Б   ах бид нар буцаад Б   ахын майхан дээр ирээд хэсэг хугацааны дараа бид нар 1 шил 0,75 литрийн архи хувааж уугаад Б   ах согтоод унтаад өгсөн. Тухайн үед тэнд байсан А  ах хажуу талын майханд тасраад унтсан. Б  , Х нар морины ажилаа хийхээр ойр зуур явж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Б  , Х 2 “Б   ахыг сэрээхгүй бол морь мал нь хэцүүдлээ, урьд шөнө уяаад хоносон болохоо байлаа” гэхээр нь би Б   ахыг сэрээхээр майхан руу орсон. Би Б   ахыг сэрээх гээд нүүр рүү нь алгадаад сэрэхгүй байсан. Тэгээд Б   ах сэрээд “чи муу яах гээд хүн унтуулахгүй байгаа юм” гээд уурлаад баруун гараараа миний зүүн чихний орчимд хатуу зүйлээр цохих шиг болсон. Миний чихнээс цус гараад би майханы үүдэнд зогсож байхад Б   ах гараад ирэхээр нь би гараараа Б   ахын нүүрэнд нэг удаа цохиод мөр дал хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгтэл Б   ах над руу дайраад байсан. Нэг мэдсэн миний цээжээр хөндүүр оргиод амьсгаа авч чадахгүй байсан. Тэгтэл миний цээжний гол хэсэгт Б   хутгаласан байхаар нь би ахиад хутгалуулчихаж магадгүй гэж айгаад шууд доошоо гүйсэн. Тэгээд Б  , Х нартай эмнэлэг бараадсан. Цэргийн төв эмнэлэгт 7 хоног хэвтээд гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

Хохирогч М.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс хойш Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр .... д морь уяж эхэлсэн бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Баянзүрх дүүргээс зохион байгуулсан морьны уралдаанд манай хүргэний 2 морь болон миний хүрэн үрээ гайгүй давхиад тэр өдрөө доод уяан дээр архи согтууруурлах ундааны зүйл хэрэглэж хоносон. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 13 цагийн үед манай найз А  над руу залгаад танай уяагаар яваад очьё гээд орой 18 цагийн орчим А , Б  нар ирсэн. Бид Одбаярын уяан дээр байж байгаад өөрийн уяан дээрээ ирж А , Б  нартай 0,75 литрийн савалгаатай 1 шил архи хувааж уусан. Ахиад бас нэг шил 0,75 литрийн архи нэмж аваад тэрийгээ хувааж ууж байгаад би тасраад майхандаа унтсан байсан. Намайг унтаж байхад миний дээрээс Б  сэрээх гээд нүүр лүү алгадаад байхаар нь би сэрсэн. Тэгтэл миний толгой, нүүр, хэвлий хэсэгт Б  өшиглөөд унтуулахгүй байхаар нь миний уур хүрээд манай майханд байсан ногоон өнгийн иштэй хутгаар гэдэс хэсэгт нь нэг удаа хатгасан. Тэгтэл Б  гараад явсан. Миний байрлаж байсан майхан дотор болсон асуудал. Тэгээл би тэндээ хэвтэж байхад цагдаа нар ирээд намайг бариад явсан. Б ыг эмнэлэгт Г  дүү хүргэж өгсөн байсан. Би цагдаа дээр мэдүүлэг өгчихөөд Цэргийн төв эмнэлэгт очиход Б  яаралтай хагалгаанд орсон байсан. Би эмнэлэгийн гадаа хагалгаа дуустал нь хүлээж байгаад хагалгаа амжилттай болоо гэхээр нь явсан. Маргааш нь эмнэлэг дээр очиход ухаан орсон биеийн байдал дээрдэж байна гэж хэлсэн. Би тэр өдрөөс хойш Б той өдөрт нэг эргэх мэтээр байнга холбоотой байсан. Б ыг эмнэлэгт байх хугацаанд 1 удаа 100,000 төгрөг Б ын хаан банкны ...........  дугаарын данс руу эм тарианы мөнгө гэж шижүүлсэн. Мөн Б  нь 143600 төгрөгөөр эм тариа авж өгсөнөөс гадна эмнэлэгт гарсан төлбөр болох 450,000 төгрөгний тооцоог би төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

Гэрч А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Тухайн үед 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Гачууртад их сунгаа болж байсан бөгөөд би тэнд нагац ах Б  , найз Г  нарын хамт 1 гал болж морь уяж байсан юм. Өдөр 13 цагийн үед Б   ахын найз А  ах болон Улаака /Б / нар ирсэн. Тэгээд тэрүүгээр тэр хэд архидаж байгаад орой 18 цагийн үед майхан дээрээ ирж үргэлжлүүлэн архи уусан. Тухайн үед А  ах их муудсан хажуу талын майханд орж унтсан. Удалгүй Б   ах бас муудаад унтсан. Тухайн үед Г  бид 2 морьдоо услаад, цэвэрлэгээ хийгээд байж байхад Б  ах бид 2 дээр ирсэн. Тэгээд Б   ах морио уяад хоносон тул хэдэн морь нь хэцүүдлээ гэсэн юм ярьж байхад Б  буцаж очоод орилолдоод байсан. Тэр үед Г  бид 2 морьдоо доод булаг дээр усалчихаад ирсэн. Тэгэхэд Б   ахын нүүрнээс нь цус гарсан байдалтай Б  намайг сэрээх гээд зодоод байхаар нь уур хүрээд хутгалчихлаа” гэсэн яриа өгүүлэлтэй сууж байсан. Тэгээд Г  бид 2 доошоо гүйгээд Б той уулзаад Г ын автомашинаар Б ыг эмнэлэг рүү хүргэж өгөхөөр явж байхад замд түргэн тусламжийн тэрэгтэй таараад хүлээлгэн өгсөн. Тэгээд буцаад ирэхэд Б   ах унтаж байсан. Удалгүй цагдаа нар ирээд Б   ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

 

Гэрч Б.Г  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Гачууртад нилээн их хүн хамарсан дунд сунгаа болоод би морьдоо аваад очсон. Тухайн сунгаанд Б  ын хүрэн үрээ гайгүй давхисан болохоор тэрүүгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байсан. Өдөр Б   ахын найз А  ах болон Б  нар 13 цагийн үед ирсэн. Тэр хэд нийлээд бас архи согтууруулах ундаа зүйл их хэрэглсэн, согтоцгоосон байсан. Тэгээд тэр хэд ахиж архи аваад Б   ахын майхан дээр ирээд архиа ууж байгаад Б   болон А  ах нар тасраад унасан. Тэр үед Б   бид хоёр уяан дээрээ морь малаа цэвэрлээд байж байсан. Сунгаанаас хойш Б   ах морьдоо уяж хоносон болохоор Б  уяан дээр ирж байж байгаад Б   ахыг сэрээхээр явсан. Тэр үед Б   бид хоёр морьдоо услахаар булаг руу явсан. Буцаад 20-30 миниутын дараа ирэхэд Б  Б   ахад хутгалуулчихсан гээд байж байхаар нь Б   бид 2 Б ыг машинд суулгаад Гачуурт руу явсан. Замдаа түргэн тусламжийн автомашинтай таараад хүлээлгэн өгсөн. Буцаад майхан дээрээ ирэхэд Б   ах унтаж байсан. Б   бид 2 сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан. Удалгүй цагдаа нар ирээл Б   ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

 

Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээч Д.Мөнх-Оргилын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай:

“Э.Б ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн шарх, хэвлий хөндий дэх цус хуралт /500мл/, зүүн чихний шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир, ирмэг бүхий зүлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн “ХҮНД” зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/,  

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Сэргэлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9638 дугаартай:

“М.Б ын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу хэвлийд цус хуралт, баруун тавхайд зулгаралт, дух баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Баруун нүдний зовхинд цус хуралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 45-46/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-7/,

-хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 07 сарын 06-ны өдрийн 254 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 9/,

-ажлын хэсэг нь 12 см, бариул хэсэг нь 10 см, нийт 22 см урттай, ногоон өнгийн хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 10/

 

Шүүгдэгч М.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би хуурай дүү Эрдэнэбилэгийн Б ын биед хутгаар аюултай гэмтэл учируулсандаа маш их харамсаж байна. Би Э.Б ын биед учирсан эмчилгээний зардалыг барагдуулсан. Мөн хуурай дүү Э.Б  нь бичиг үсэг мэдэхгүй тул өмгөөлөгч авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/,

 

Шүүгдэгч Э.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ялихгүй зүйлээр маргалдаж нутгийн ах Б  ын биед нь гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс М.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 56/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 57/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 58/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 59/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 60/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөр болох тодорхойлолт /хх-ийн 61/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 66-70/, шүүх хуралдаанд прокуророос гаргаж өгсөн М.Б ын шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн малын тооллогын баримт 5 хуудас,

Э.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 73/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 75/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 76/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/ зэргийг шинжлэн судлав.

 

Гэм буруугийн асуудлаар:

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

 

Хүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, түүний аюулгүй байдалд халдсан хамгийн хүнд гэмт хэрэг юм.

Харин хүний бие  махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, түүний аюулгүй байдалд халдсан хөнгөн гэмт хэрэг болно.

 

Иргэний эрүүл мэндэд халдаж, аюулгүй байдлыг хангаж байгаа нийгмийн харилцаанд аюул учруулж байгаа нийгэмд аюултай үйлдэл учраас эрүүгийн хууль тогтоомжоор хариуцлагажуулсан байна.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Э.Б ын хохирогч М.Б ын бие махбодид халдаснаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь,

Шүүгдэгч М.Б ын хохирогч Э.Б ын бие махбодид халдаж, хутгалсанаар хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь тус тусдаа хүний эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл юм. 

 

Шүүгдэгч тус бүрийн хохирогч руу чиглэсэн, хүч хэрэглэсэн, идэвхтэй үйлдлийн улмаас 1 хохирогчийн биед хүнд, нөгөө хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан нь тус бүртээ хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч М.Б ын Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд хүнд хохирол, шүүгдэгч Э.Б ын  Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатайгаар учруулж хор уршигт зориуд хүргэсэн үйлдлүүдийг дээрх гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Учир нь шүүгдэгч нар хохирогчийн биед цохисон, өшиглөсөн тохиолдолд гэмтэл учирч болох, хутгаар хүний биед халдаж хатгаж хутгалсан тохиолдолд биед нь гэмтэл учирч болох аюултай шинж чанарыг өөрөө ухамсарлаж байсан ч хүсэж үйлдэснээрээ уг хохиролд хүргэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжүүдийг тус бүр шууд заасан байх бөгөөд шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогч Э.Б ын биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл болох, хохирогч М.Б ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл болох нь тус тус тогтоогдсон байх учир гэмт хэргийн шинжүүд тус тусдаа бүрэн хангагдажээ.

 

Хөнгөн зэргийн гэмтэл гэж гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулаад буцаад тухайн хугацааны дотор бүрэн эдгэрсэн байх гэмтэл хамаардаг.

Хохирогч М.Б ын биед учирсан гэмтэлүүд нь энэ ангилал, зэрэгт хамаарах гэмтэл болохыг шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэж тогтоожээ.

 

Хүнд зэргийн гэмтэл гэж гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн, ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх амь насанд аюултай гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэлийг хэлнэ.

Амь насанд аюултай гэмтэл нь цээж, хэвлий, аарцгийн хөндий болон хэвлийн гялтангийн гаднах эрхтэн бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах, үүний улмаас цээж, үнхэлцэг, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдсан битүү гэмтэл хамаардаг.

Хохирогч Э.Б ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн шарх, хэвлий хөндий дэх 500мл цус хуралт гэмтэл үүссэн нь биед учрах үедээ амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн, ердийн явцаараа үхэлд хүргэх боломжтой хүнд зэргийн гэмтэл байна.

 

Хүний биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан.

Тус зүйл, хэсгийн 2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заажээ.

 

Зэвсэг гэж иж бүрдэл, бүтцийн хувьд амьд болон бусад биетийг устгах, гэмтээх, мөн бие хамгаалах болон дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг ойлгодог.

Шүүгдэгч М.Б  нь ажлын хэсэг нь 12 см, бариул хэсэг нь 10 см, нийт 22 см урттай хутгаар хохирогч Э.Б ын хэвлийн хөндий рүү нэвт хутгаласан нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг төгс хангажээ.

 

Шүүгдэгч М.Б , Э.Б  нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар дүгнэхэд шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйлийг тодорхой хэмжээгээр хэрэглэсэн боловч болж байгаа үйл явдлыг мэдэж байсан болох нь тогтоогдож, тухайн үйл явдалд дүгнэлт хийх, нөхцөл байдлыг тодорхойлж үнэлэх чадвартай байсан байна.

 

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь “ шүүгдэгч М.Б ыг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан байна.

Иргэдийн төлөөлөгчийн уг дүгнэлт нь жирийн иргэний өөрийн ухамсар, итгэлийн үүднээс шүүгдэгчийн үйлдэлийн буруутай болохыг ойлгож дүгнэсэн дүгнэлт юм.

 

Шүүгдэгч М.Б  нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлтэйгээр үйлдсэн гэм буруутай,

Шүүгдэгч Э.Б  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн болон Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт М.Б ыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б ыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон, хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд шүүгдэгч М.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргах зүйлгүй болохоо илэрхийлж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Э.Б  болон М.Б  нар нь хэн хэнээсээ хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй, нэгэндээ учирсан хохирлыг өнгөрсөн хугацаанд бүрэн нөхөн төлсөн. Өөрсдийн биед учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн учир одоо гомдол саналгүй болохоо шүүх хуралдаанд тайлбарласан учир шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Мөн хохирогч нарын уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол болон цаашид учирч гарсан зардлыг холбогдох нотлох баримтыг хуульд заасан журмаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Э.Б , М.Б  нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Э.Б од эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх нөхцөл байдалууд тогтоогдсон бол харин шүүгдэгч М.Б т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн” гэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх нөхцөл байдалууд тогтоогдсон болно

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч М.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөргүй байдал, хувийн байдал, “хохирогчийн зүй бус үйлдэлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж,

 

Харин шүүгдэгч Э.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөргүй байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж, хуульд заасан хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял, шийтгэл нь шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх “гэм буруугийн талаар маргаангүй болохоо зөвшөөрч байгаа учир 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч Э.Б од оногдуулах” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганзориг “гэм буруугаа зөвшөөрдөг, хохирол төлбөрийг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн, өндөр настай эцэгийн хамт амьдардаг хувийн байдлыг нь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ялыг шүүгдэгч М.Б т оногдуулах” гэсэн дүгнэлт гаргаж шүүх хуралдаанд оролцов.

Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч нарын дүгнэлтүүдийг хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж дүгнэж, хүлээн авч хангаж шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбилэгийн Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овогт Монхорын Б  ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Э.Б ыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гурван жил таван сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч М.Б ыг тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б од оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б т оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч М.Б , Э.Б  нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 12 см, бариул хэсэг нь 10 см, нийт 22 см урттай ногоон өнгийн хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нарын энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслэн сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ

 

                                                            ШҮҮГЧ                              Х.САНЖИДМАА

 

                                                                                                       Б.БЭЭЖИН