Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 3567

 

 

 

 

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2018/03567

        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “С С К” компанийн  нэхэмжлэлтэй,   

 

Хариуцагч: Д.Н-д холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “С С К” компани, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Э.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Бүгд Найрамдах Солонгос улсын хуулийн этгээд “С С К” компани нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон 104 дүгээр байр 1002 тоот 149.35 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд уг байр нь манай компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078118 дугаарт бүртгэлтэй болно. Голден вилл хотхоныг “Э Э Ж К” ХХК анх барьж байшуулан ашиглалтад оруулсан бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу “Э Э Ж К” ХХК-аас өр төлбөр гаргуулахаар шийдвэрлэсний дагуу тус орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулан “С С К” компанид олгож, улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. “С С К” компани нь өмнөх өмчлөгчийн зөвшөөрлөөр тус орон сууцанд амьдран сууж байсан Б.Б 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулан тус орон сууцыг 224.058 ам.доллараар худалдахаар тохиролцсон. Худалдан авагч Б.Б гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлэх тухай удаа дараа шаардахад удахгүй төлнө, зээл бүтэж байгаа гэж худалдагчийг төөрөгдүүлж явсаар сүүлдээ холбоо барихгүй болсон тул “С С К” компани арга буюу 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр орон сууцыг чөлөөлж хүлээлгэн өгөх тухай албан бичиг хүргүүлсэн юм. Уг албан бичгийг н.О гэх иргэн гардаж авсан бөгөөд тэрээр тус байрыг Д.Н гэх хүний байр, түүний эзэмшлийнх, Б.Б гэж хүнийг таньж мэдэхгүй гэж тайлбарласан бөгөөд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч “С С К” компани  нь ямар учраас уг байр Д.Н-ийн эзэмшилд орсныг ойлгохгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцыг Д.Нгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” гэв. 

 

Хариуцагч Д.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, өмгөөлөгч Л.О нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон 104 дүгээр байр 1002 тоот орон сууцыг 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 108 дугаартай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээгээр “Э Э Ж К” ХХК-аас иргэн Э.Ч худалдан авсан байдаг. Иргэн Д.Н нь 2010 онд тус орон сууцыг Э.Ч худалдан авч амьдарч байгаад 2018 оны 01 дүгээр сараас сулласан. Тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч удахгүй шилжүүлнэ, шүүхийн маргаантай байна гэсээр өдийг хүрсэн. Э.Ч нь “Э Э Ж К” ХХК-д холбогдуулан тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн ажиллагаа явагдаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Солонгос улсын хуулийн этгээд “С С К” компани нь хариуцагч Д.Н-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон 104 дүгээр байр 1002 тоот хаягт байршилтай орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.    

 

Хариуцагч Д.Н нь нэхэмжлэлд дурдсан орон сууцыг худалдагч Э.Чд буцаан өгсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

          Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Солонгос улсын хуулийн этгээд “С С К” компани нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон 104 дүгээр байр 1002 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078118 дугаартай, 149.35 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцын өмчлөгч болох нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр олгогдсон 000473891 тоот эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна /хх-15/.

 

          Улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 703 дугаар шийдвэрт дор дурдсан үйл баримтыг дүгнэсэн байх ба шүүх уг шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлэх нь зүйтэй гэж үзсэн болно /хх-56-65/. Тодруулбал, 

 

          “Э Э Ж К” ХХК-аас 5.911.879.190 төгрөг гаргуулан “С С К” компанид олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч “Э Э Ж К” ХХК-ийн эд хөрөнгөөс 101, 103, 104, 105 тоот байруудын нийт 11 орон сууцыг битүүмжлэн хураасан байх ба үүнд нэхэмжлэлд дурдсан орон сууц багтсан, улмаар төлбөр авагчид шилжсэн байна.  

 

          Дээрх 101, 103, 104, 105 тоот байрууд 60 хувийн гүйцэтгэлтэй байхдаа “Э Э Ж К” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байжээ.

 

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлд дурдсан орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрийг үндэслэн “С С К” компанийн нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

          Түүнчлэн улсын бүртгэлийн архивт тус орон сууцыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөлд бүртгүүлэх тухай “С С К” компанийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хүсэлт, өр төлбөрт шилжүүлэн өгч байгаа үндэслэлээр “С С К” компанийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг хүссэн “Э Э Ж К” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлт, “С С К” компани болон “Э Э Ж К” ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцыг “С С К” компанийн өмчлөлд бүртгэх тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/3010 дугаар мэдэгдэл зэрэг баримт авагджээ /хх-66-79/.

 

          Дээр дурдсан баримтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг “Э Э Ж К” ХХК-тай харилцан тохиролцон өр төлбөртөө тооцон авсан байх ба орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжин улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч бодитой эзэмшил шилжээгүй байна.

 

          Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө  бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн нэхэмжлэлээ хариуцагч Д.Нд холбогдуулан гаргаж байх боловч тэрээр “Э Э Ж К” ХХК-аас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйлийг бодитой шилжүүлэхийг шаардаагүй байна.

 

          Үүнээс гадна нэхэмжлэгчийн зүгээс ийнхүү шаардлага гаргахад хариуцагчийн  эзэмшил хууль бус болох нь тогтоогдох учиртай.

 

          Нэхэмжлэлд “... тус орон сууцанд амьдран сууж байсан Б.Б 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулан тус орон сууцыг 224.058 ам.доллараар худалдахаар тохиролцсон, Б.Б гэрээний үүргээ биелүүлээгүй, сүүлдээ холбоо барихгүй болсон” талаар дурдсан, мөн хариуцагч уг орон сууцыг Э.Чтай байгуулсан гэрээний дагуу эзэмшиж байсан боловч 2018 оны 01 дүгээр сард буцаан өгсөн гэж тайлбарлаж, Э.Ч, ЛЖС /LJS/ нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргасан /хх-200-201/.

 

          Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн иргэний үнэмлэх дэх хаягаар орон сууцыг эзэмшиж байгаа болох нь нотлогдоно гэж маргаж байх боловч хариуцагчийн дээрх тайлбар болон Э.Ч, ЛЖС /LJS/ нарын байгуулсан орон сууц хөлслөх гэрээг шүүхэд баримтаар няцаагаагүй.

 

          Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс маргаан бүхий орон сууцанд үзлэг хийхэд эзэнгүй байсан болно /хх-176-178/.

 

          Улсын бүртгэлийн архивт авагдсан “Голден вилл” сууц өмчлөгчдийн холбооны 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар тодорхойлолтод 104 дүгээр байрны 1002 тоот орон сууц нь “Э Э Ж К” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу “С С К” компанийн эзэмшилд байдаг, 2009 оноос эхлэн орон сууцыг тасралтгүй эзэмшиж, ашиглаж байгааг тодорхойлжээ /хх-80/.

 

          Дээрх баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан үзэхэд хариуцагч Д.Нг маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

          Иймээс хариуцагч Д.Нд холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай “С С К” компанийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Нд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден вилл хотхон 104 дүгээр байр 1002 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078118 дугаартай, 149.35 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хуулв бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч “С С К” компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С С К” компаниас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА