Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/739

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал, хохирогч *******, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Д.Болд-Эрдэнэ, У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч******* овогт*******ийн*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001015 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа мэргэжилтэй, “Банана” жимсний дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 4, ээж хүүхдүүдийн хамт******* дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрны 18 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Цогнууд овогт*******ийн******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Урангоо нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Банана” жимсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан хохирогч *******тай урьд үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж “жимс худалдахгүй, гар зайл” гэж маргалдан улмаар түүний үснээс нь зулгааж, газарт унагаах, толгойг нь дарж, нүүрийг нь маажих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацар, зүүн нүдний доод зовхи, хамрын угалз, чамархай, дух, уруул, зүүн бугалга, баруун өвдөгний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг:

 

Хохирогч: “...2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчим би хоёр настай хүүхэдтэйгээ “Банана молл” жимсний дэлгүүрээр үйлчлүүлсэн. Жимс аваад уншуулах гээд зогсож байтал жимсний дэлгүүрийн худалдагч охин манай хүүхдийн гар луу тас хийтэл цохисон. Би “чи манай хүүхдийн гар луу алгадчихлаа, ямар зэрлэг хүүхэн бэ” гэж хэлээд гараад явсан. Намайг дэлгүүр лүү нь хүүхэдтэйгээ хамт орох үед дандаа муухай харж, харьцдаг учраас би “дэлгүүрийн эзнийхээ дугаарыг өг” гээд авсан байсан. Би орой нь “Банана молл”-ын менежер Нандинцэцэг гэх эмэгтэй рүү яриад “танай худалдагч манай хүүхдийн гар луу алгадсан” гэж хэлэхэд “уучлаарай, одоо энэ худалдагчийг ажлаас нь хална” гэж хэлсэн. Энэ талаар нөхөртөө хэлэхэд “худалдагчийг ажлаас нь хална гэж хэлсэн бол дахиж ороод яах юм бэ” гэж хэлсэн. Би сар гаруй хугацаанд тухайн дэлгүүрээр үйлчлүүлээгүй. Дараа нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2 настай хүүхдээ дагуулаад жимсний дэлгүүрийн цаана байдаг үсчин орох гээд явж байтал манай охин “Банана молл” дэлгүүрийн гадаа очоод “ээжээ би банана идмээр байна” гэж хэлсэн. Гаднаас харахад******* дэлгүүр дотор байсан. Би дэлгүүрээс 2 ширхэг банана аваад бичүүлэх гээд байж байтал******* “чи хүүхдээ тэвэр” гэж шаардсан. Хүүхдээ тэврэхгүй бол бананыг чинь бичихгүй гэж хэлсэн. Тухайн эмэгтэйг хална гэж хэлсэн боловч халаагүй байсан. Би тухайн эмэгтэйтэй үг хэлээрээ ойлголцохгүй байсан учраас утсаа гаргаж ирээд “Банана молл дэлгүүрийн худалдагч өмнө нь манай хүүхдийг зодсон, дахиад орж ирэхэд хэл амаар доромжилж байна” гэж хэлж бичлэг хийсэн. Бичлэгийг дараа нь дэлгүүрийн эзэнд үзүүлэх баримт болгож хийсэн. Худалдагчийн хажууд 30 гаруй насны эгч байхад надтай хэрэлдэж байсан. Би бичлэг хийж дуусаад хажууд байсан эгч гараад явсны дараа нөгөө худалдагч эмэгтэй “би чам шиг юмыг бодвол 3,000,000 төгрөгийн цалин авч ажилладаг, чи энэ дэлгүүрээр үйлчлүүлэхгүй байхад болно” гэж доромжилсон. Би худалдагчид хандаж “чи намайг орж ирэх болгонд стресстүүлдэг” гэж хэлээд хөлөөрөө өшиглөх гэсэн боловч хүрээгүй. Гэтэл шууд миний үснээс зулгаагаад жимсний лангуунаас ногооны лангуу хүртэл чирэхэд би ямар ч үйлдэл хийж чадаагүй. Санаандгүй самардаж байхдаа нүдний доод талд нь маажсан. Үсдэж дарж байгаад миний толгойнд цус хуралт үүстэл цохисон. Би үснээсээ зулгаалгаад 4 хөллөөд суусан байхад миний шилэн хүзүүн дээр өвдөглөсөн. Хүүхэд маань хажууд ээжээ гээд уйлж байсан. Үснээс барьсан чигээрээ 4 хуруугаараа маажиж миний гоо сайхныг маш ноцтойгоор гэмтээсэн. Гаднаас хүн орж ирээд бид 2-ыг салгасан. Би босоод шууд цагдаа руу залгаад “намайг зодчихлоо” гэж дуудлага өгсөн. Би гомдолтой байна...” гэв.

 

          Шүүгдэгч Л.Урангоо: “...Би 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хийж байсан. Тэр өдөр Отгонтуяа хүүхдийн хамт манай дэлгүүрт орж ирсэн. Хүүхэд нь манай жимсэнд хүрээд байсан учраас “хүүхдээ битгий хүргээрэй” гэж эелдгээр хэлсэн, би үйлчлүүлэгчдээ хүндэтгэлтэй ханддаг. Намайг тэгж хэлэхэд Отгонтуяа утсаа гаргаж ирж бичлэг хийгээд хэл амаар доромжилж, намайг ажлаа хийгээд явж байхад миний хөл рүү өшиглөж, миний нүүрийг буюу баруун нүдний доор маажсан, намайг маажсан учраас би биеэ хамгаалах зорилгоор өөрөөсөө зайлуулж, үснээс нь зулгаасан. Зайлуулж унагаахад Отгонтуяа дахиж над руу дайрахад би дахин өөрийгөө хамгаалж үснээс нь зулгааж доош нь дарсан. Энэ үйл явдал харилцан зодоон болсон шалтгаан нь Отгонтуяа манай дэлгүүрт байнга орж ирж утсаараа бичлэг хийж, хэл амаар доромжилсон үйлдэл нь олон удаа давтагдсан учраас үүссэн...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 30 минутад өөрийн охин Ухаанзаяатай хамт******* дэлгүүрийн хажуугаар өнгөрч байгаад манай хүүхэд “банана иднэ” гээд хаалгыг нь тогшоод байхаар нь би хүүхдээ дагуулаад тус жимсний дэлгүүрт ороход урьд нь манай хүүхдийн гар руу цохиж, хараалын үг хэлж байсан худалдагч зогсож байсан. Тухайн үед би хоёр ширхэг банана худалдан авах гэж байхдаа хүүхдээ биеэсээ сул тавьсан, гэтэл тус худалдагч надад хандан “хүүхдээ тэвэр” гэж шаардсан тул би тус худалдагчид хандан “би зүгээр жимсний дэлгүүрээс чинь хоёр ширхэг банана авчхаад гарлаа, намайг орж ирэх болгонд чи намайг уурлуулж, багтруулж, өдөөн хатгаж, доромжилж байна” гэж хэлээд “чи миний авсан бананын тооцоог гаргаад ир” гэж хэлэхэд тус худалдагч надад хандан хэлэхдээ “чи хүүхдээ тэвэр, тэгвэл би бананыг чинь өгнө” гэж хэлсэн тул би гартаа байсан гар утсаараа бичлэг хийгээд “энэ худалдагчийг хардаа, мөн энд үйлчлүүлэгч байна, мөн манай хүүхэд лангуун дээр байгаа жимсэнд хүрээгүй бөгөөд хариуцаж байгаа захирлынхаа гар утасны дугаарыг өгөхгүй байна” гэж хэлээд гар утсаараа бичлэг хийж байгаад дуусгасан. Би тус худалдагчид хандан “захирлынхаа гар утасны дугаарыг өг” гэж дахин хэлэхэд тус худалдагч надад хэлэхдээ “би чамд 2 сарын өмнө захирлын дугаар өгсөн тул дахин захирлын гар утасны дугаарыг өгөхгүй” гэж хэлээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би тус худалдагчид хандан “чи дандаа миний уур бухимдлыг хүргэж байдаг зэвүүн хүүхэн бэ” гэж хэлэх үед тус худалдагч лангууныхаа араас гарч байхаар нь би баруун хөлөөрөө тус худалдагчийн зүүн хөл рүү нь хий өшиглөсөн, гэтэл худалдагч миний үснээс зулгаагаад урагшаа чирэх үед нь би газар 2 өвдгөөрөө өвдөглөсөн, унахад үргэлжлүүлэн миний үснээс зулгаагаад чирэх үед дух хэсэг газар шалан дээр хүрэх үед шилэн хүзүүн дээр худалдагч эмэгтэй өвдгөөрөө өвдөглөж дарах үед миний амьсгал боогдож байсан. Тухайн үед би өндөр дуугаар буюу “аа аллаа ш дээ” гэж орилох үед миний хүүхэд хажууд уйлж байсан. Тухайн үед худалдагч эмэгтэй миний үснээс огт тавиагүй байсан бөгөөд толгой руу 4-5 удаа ар дагз хэсэгт цохисон, мөн ар шилэн хүзүүн дээр өвдөглөж байхдаа миний баруун шанаа руу 1 удаа маажих үед гаднаас эрэгтэй хүн орж ирээд бид хоёрыг хоёр тийш нь салгахад нь би цагдаагийн байгууллагад ...мэдэгдсэн. ...Би бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд тус******* дэлгүүр рүү бага насны хүүхдээ дагуулаад орох болгонд тус худалдагч надад хандан “хүүхдээ тэвэр, танай хүүхэд жимсэнд хүрээд байна” гэж хэлээд манай хүүхдийг “битгий юманд хүрээд бай” гэж хэлдэг байсан бөгөөд нэг удаа манай хүүхдийн гаран дээр нь алгадах үед би тус худалдагчийн дарга удирдлагатай гар утсаар холбогдож “танай худалдагч манай хүүхдийг жимсэнд хүрлээ гэх шалтгаанаар гаран дээр нь алгадлаа” гэж хэлсэн бөгөөд тус худалдагчтай маргалдаад гарч байсан, харин 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хувьд дахин би өөрийн төрсөн хүүхэд Ухаанзаяаг дагуулан******* дэлгүүр рүү ороход тус худалдагч надад хандан “хүүхдээ тэвэр” гэж хэлэхээр нь би тус худалдагчид хандан “манай хүүхэд ямар нэгэн жимсэнд хүрээгүй байна, тэгээд ч 2 настай хүүхэд юугаа мэдэх юм, чи яагаад дандаа миний хүүхдийг хүчирхийлдэг юм бэ, би чамтай хэрүүл хиймээргүй байна, чи миний авсан 2 ширхэг бананын төлбөрийг гаргаад ир, хурдан явмаар байна” гэж хэлэхэд тус худалдагч хэлэхдээ “үгүй, чи эхлээд хүүхдээ тэвэрчих, хоёр хүүхэдтэй авгай минь” гэж доромжилсноор дээрх маргаан эхэлсэн бөгөөд би эхлээд хөл рүү нь хий өшиглөхөд тус худалдагч миний үснээс зулгааж хүүхдийн маань хажууд намайг зодсон. ...Тус дэлгүүрийн худалдагч******* гэх эмэгтэй эхлээд намайг үсдэж доош дарах үед нь би тус худалдагчийг харахгүйгээр зүүн гараараа сарвааж биеэ хамгаалах зорилгоор түлхсэний дараа*******гийн баруун нүдний харалдаа нүүрнээс нь цус гарч байсан...” /хавтаст хэргийн 20-21 дэх тал/ гэсэн,

 

Гэрч******* мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр худалдагч******* нь 17 цаг 48 минутад миний 98898989 дугаар руу 90114156 дугаартай гар утаснаасаа залгаад “та жимсний дэлгүүр дээрээ ирэх боломжтой юу? Сая нэг үйлчлүүлэгч намайг хэл амаар доромжилж хөлөөрөө өшиглөж, нүүрийг маань самардахаар нь би биеэ хамгаалаад харилцан зодолдсон” гэж хэлсэн тул би*******д хандан “би хотоос гадна байна, ямар ч байсан яваад очъё” гэж хэлээд*******гийн байгаа газар болох дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирээд уулзахад баруун хацар нь самардуулсан шинжтэй харагдаж байсан. ...Би 3.Отгонтуяа гэдэг хүнийг огт танихгүй, гэхдээ ойролцоогоор 1 сарын өмнө миний 95985888 дугаартай гар утас руу танихгүй эмэгтэй хүн залгаад танай Нюв гарден дэх******* дэлгүүрийн худалдагч надтай харилцааны соёлгүй харьцаж байна гэж гомдол мэдүүлж байсан, ...тухайн гомдол гаргасан үйлчлүүлэгчийн үйлчлүүлсэн гэх цаг хугацааны хяналтын камерыг шалгаж үзэхэд худалдагч*******гийн буруутай гэх харилцааны доголдол харагдаагүй...” /хавтаст хэргийн 27 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жимсний худалдаа явуулдаг******* нэртэй жимсний дэлгүүрт худалдагч хийдэг бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр жимсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад гаднаас бага насны хүүхэд дагуулсан эмэгтэй хүн орж ирсэн бөгөөд ээж нь жимс худалдан авахаар жимс сонгон авч байхад хүүхэд нь лангуун дээр байсан жимсийг оролдож гэмтээгээд /бяцлаад/ байхаар нь ээжид нь хандан “таны хүүхэд жимс гэмтээгээд бяцлаад байна” гэж хэлэхэд ээж нь гэх эмэгтэй надад хандан “манай хүүхэд боль гэдэг үг мэддэггүй, чи дандаа манай хүүхдийг орж ирэх болгонд ад үзээд байна” гэж хэлээд халааснаасаа гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж хэл амаар намайг доромжилж эхэлсэн. Гэтэл тухайн үед би лангуунаасаа гараад жимс засаж янзлах гэтэл тус эмэгтэй баруун хөлөөрөө миний зүүн гуя руу өшиглөж над руу дайрахаар нь би биеэ хамгаалах зорилгоор, өөрийнхөө биед хүргэхгүй байлгах зорилгоор тус эмэгтэй хүний үснээс нь 2 гараараа зулгааж, доош дарахад тус эмэгтэй газар унахаар нь би хоёр гараа үснээс нь тавиад холдсон боловч тус эмэгтэй газраас босоод дахин над руу дайраад миний баруун нүдний доод хэсгээс хамрын угалз хүртэл хумсаараа гүн маажсан бөгөөд тухайн үед миний нүүрнээс цус гараад тогтохгүй байхаар нь би тус эмэгтэйн үснээс нь дахин 2 гараараа зулгааж доош дараад зүүн гараараа нүүрийг нь маажсан бөгөөд тухайн үед би хоёр гараа тавихаар босож ирээд над руу дахин дайрах гэж байгаа юм шиг санагдахаар нь би гаднаас хүн орж ирэхийг хүлээж тус эмэгтэйн үснээс нь тавихгүй доош дарж байхад гаднаас танихгүй 50 орчим настай эрэгтэй хүн орж ирснээр би тус эмэгтэйн үснээс нь 2 гараа тавьснаар бид хоёр салцгаасан. ...Банана дэлгүүрт орж ирээд надтай маргалдаж, зодолдсон эмэгтэй манай жимсний дэлгүүрт байнга орж ирдэг, байнгын үйлчлүүлэгч, тус эмэгтэй бага насны хүүхэд дагуулж орж ирэх болгонд хүүхэд нь лангуун дээр өрж тавьсан жимсийг гараараа базаж бяцалдаг, хумсаараа хатгаж цоолдог, шүдээрээ хазаж жимс гэмтээдэг тул тухай бүрд нь би ээж болон асран хамгаалагчид нь хэлэхэд миний хэлснийг хүлээж авдаггүй, хүүхдийнхээ хийж байгаа үйлдлийг буруу гэдгийг хүүхдэдээ хэлж ойлгуулдаггүй бөгөөд эсрэгээрээ “чи миний хүүхдийг ад үзлээ” гэж хэлдэг. Тухайн өдөр бид хоёрын маргалдах болсон шалтгаан гэвэл урьдын адил бага насны хүүхэд нь гаднаас орж ирээд шууд лангуун дээр байсан жимсийг гараараа оролдож гэмтээж байхаар нь хамт гаднаас орж ирсэн ээжид нь хандан “танай хүүхэд жимс гэмтээгээд байна хүүхдээ хөтөл, тэвэрчихээ” гэж хэлэхэд тус эмэгтэй надад хандан “чи миний хүүхдийг ад үзлээ, тэнэг хүүхэн минь яахаараа дандаа ингэдэг юм” гэж хэлээд гар утсаа гаргаж ирээд хэл амаар доромжилж бичлэг хийж эхэлсэн бөгөөд намайг лангууны араас гарч ирэхэд баруун хөлөөрөө миний зүүн хөл рүү өшиглөснөөр дээрх зодоон цохион болсон юм...” /хавтаст хэргийн 53-54 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №11328 дугаартай дүгнэлтэд: “...1. *******гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацар, зүүн нүдний доод зовхи, хамрын угалз, чамархай, дух, уруул, зүүн бугалга, баруун өвдөгний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №11322 дугаартай дүгнэлтэд: “...1.*******гийн биед баруун нүдний доод зовхи, баруун хацрын зулгаралт, баруун гуяны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хавтаст хэргийн 39-40 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,

- Хохирогч *******гийн өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

- *******гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-10 дахь тал/,

-*******гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 66-70 дахь тал/,

- Шүүгдэгч Л.Урангоогийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 43 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дахь тал/, гэрч Б.Энхдөлгөөний мэдүүлэг зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Л.Урангоо нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Банана” жимсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан *******тай урьд үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж “жимс худалдахгүй, гар зайл” гэж маргалдан улмаар түүний үснээс нь зулгааж, газарт унагах, толгойг нь дарж, нүүрийг нь маажих зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацар, зүүн нүдний доод зовхи, хамрын угалз, чамархай, дух, уруул, зүүн бугалга, баруун өвдөгний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******гийн “...Худалдагч лангууныхаа араас гарч байхаар нь би баруун хөлөөрөө тус худалдагчийн зүүн хөл рүү нь хий өшиглөсөн гэтэл худалдагч миний үснээс зулгаагаад урагшаа чирэх үед нь би газар 2 өвдгөөрөө өвдөглөсөн унахад үргэлжлүүлэн миний үснээс зулгаагаад чирэх үед дух хэсэг газар шалан дээр хүрэх үед шилэн хүзүүн дээр худалдагч эмэгтэй өвдгөөрөө өвдөглөж дарах үед миний амьсгал боогдож байсан. Тухайн үед би өндөр дуугаар буюу "аа аллаа ш дээ" гэж орилох үед миний хүүхэд хажууд уйлж байсан. Тухайн үед худалдагч эмэгтэй миний үснээс огт тавиагүй байсан бөгөөд толгой руу 4-5 удаа ар дагз хэсэгт цохисон, мөн ар шилэн хүзүүн дээр өвдөглөж байхдаа миний баруун шанаа руу 1 удаа маажих үед гаднаас эрэгтэй хүн орж ирээд бид хоёрыг хоёр тийш нь салгасан...” /хавтаст хэргийн 20-21 дэх тал/ гэсэн, гэрч*******ийн “...Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирээд*******той уулзахад баруун хацар нь самардуулсан шинжтэй харагдаж байсан, ...би 3.Отгонтуяа гэдэг хүнийг огт танихгүй, гэхдээ ойролцоогоор 1 сарын өмнө миний 95985888 дугаартай гар утас руу танихгүй эмэгтэй хүн залгаад танай Нюв гарден дэх******* дэлгүүрийн худалдагч надтай харилцааны соёлгүй харьцаж байна гэж гомдол мэдүүлж байсан, ...тухайн гомдол гаргасан үйлчлүүлэгчийн үйлчлүүлсэн гэх цаг хугацааны хяналтын камерыг шалгаж үзэхэд худалдагч*******гийн буруутай гэх харилцааны доголдол харагдаагүй...” /хавтаст хэргийн 27 дахь тал/ гэсэн, шүүгдэгч*******гийн “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ...би лангуунаасаа гараад жимс засаж янзлах гэтэл тус эмэгтэй баруун хөлөөрөө миний зүүн гуя руу өшиглөж над руу дайрахаар нь би биеэ хамгаалах зорилгоор, өөрийнхөө биед хүргэхгүй байлгах зорилгоор тус эмэгтэй хүний үснээс нь хоёр гараараа зулгааж, доош дарахад тус эмэгтэй газар унахаар нь би хоёр гараа үснээс нь тавиад холдсон боловч тус эмэгтэй газраас босоод дахин над руу дайраад миний баруун нүдний доод хэсгээс хамрын угалз хүртэл хумсаараа гүн маажсан бөгөөд тухайн үед миний нүүрнээс цус гараад тогтохгүй байхаар нь би тус эмэгтэйн үснээс нь дахин хоёр гараараа зулгааж доош дараад зүүн гараараа нүүрийг нь маажсан бөгөөд тухайн үед би хоёр гараа тавихаар босож ирээд над руу дахин дайрах гэж байгаа юм шиг санагдахаар нь би гаднаас хүн орж ирэхийг хүлээж тус эмэгтэйн үснээс нь тавихгүй доош дарж байхад гаднаас танихгүй 50 орчим настай эрэгтэй хүн орж ирснээр би тус эмэгтэйн үснээс нь 2 гараа тавьснаар бид хоёр салцгаасан...” /хавтаст хэргийн 53-54 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №11328 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: *******гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацар, зүүн нүдний доод зовхи, хамрын угалз, чамархай, дух, уруул, зүүн бугалга, баруун өвдөгний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд, *******гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-10 дахь тал/,*******гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-12 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-17 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан “...зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацар, зүүн нүдний доод зовхи, хамрын угалз, чамархай, дух, уруул, зүүн бугалга, баруун өвдөгний зулгаралт, цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч*******гийн түүнийг цохисон, үстсэн, маажсан зэрэг идэвхтэй, санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Урангоогийн хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Урангоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Л.Урангоо нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зарим зүй бус үйлдэл  нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгч Л.Урангоогийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч Л.Урангоо нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацар, зүүн нүдний доод зовхи, хамрын угалз, чамархай, дух, уруул, зүүн бугалга, баруун өвдөгний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, учирсан гэмтэлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* эмчилгээ хийлгэсэн зардалд 2,291,560 төгрөгийг баримтаар /хавтаст хэргийн 65-70 дахь тал/, шүүх хуралдааны явцад нэмж 1,840,000 төгрөгийг баримтаар /шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 5 хуудас/, нийт 4,131,560 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.

Хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг дүгнэхэд гэмт хэргийн улмаас хохирогч ******* өөрт учирсан “зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацар, зүүн нүдний доод зовхи, хамрын угалз, дух, уруулын зулгаралт, цус хуралт” бүхий гэмтлүүдэд эмчилгээ хийлгэхээр “Луззаяа” ХХК болон “Дермастетик” ХХК-ийн эмнэлэгт 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр үзүүлж, зөвлөгөө авсан, тухайн газрууд хохирогчийн биед учирсан нүүрний гэмтэлд “арьс төлжүүлэх серум нэг ширхэг, арьс төлжүүлэх тос нэг ширхэг, мөн шарлага /SB, SR/ 10 удаа, арьс нөхөн сэргээх эмчилгээ /PRP/ 10 удаа, сорви-арьсны нүхжилт, сорвины эмчилгээ /CO2 fractional/ 10 удаа хийлгэх талаар бичсэн нь /хавтаст хэргийн 66-67 дахь тал/ хохирогчийн нүүрэнд учирсан гэмтэлд хийлгэх эмчилгээ, тос гэж шүүх дүгнэсэн болно. Дээрх газруудын зөвлөснөөр тухайн газраас хохирогч өөртөө эмчилгээ хийлгэсэн тос, серум, эмчилгээний зардалд нийтдээ 1,657,000 төгрөгийн зардлыг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох, бусад 2,474,060 төгрөгийн баримтууд нь өөр зүйлд зарцуулсан, улмаар зарим баримтуудыг давхардуулсан, нөхөж авсан баримтууд байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хавтаст хэргийн 68 дахь тал авагдсан 6 баримтаас шарлага хийлгэсэн 140,000 төгрөг /4 удаа/, толгойн зураг авхуулсан 140,000 төгрөг, 69 дэх талд авагдсан 6 баримтаас шарлага хийлгэсэн 175,000 төгрөг /5 удаа/, сорви-арьсны нүхжилт, сорвины эмчилгээ /CO2 fractional/ 385,000 төгрөг /1 удаа/, арьс нөхөн сэргээх эмчилгээ /PRP/ 275,000 төгрөг /1 удаа/, 70 дахь талд авагдсан 6 баримтаас арьс төлжүүлэх серум нэг ширхэг, арьс төлжүүлэх тос нэг ширхгийн үнэ 370,000 төгрөг, нийтдээ 1,485,000 төгрөгийг гаргуулах, харин 68 дахь талд авагдсан озонжуулсан дусал эмчилгээ, 69 дэх талд авагдсан арьс нөхөн сэргээх эмчилгээ /PRP/-г 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр буюу нэг өдөр 3 удаа хийлгэсэн гэж 825,000 төгрөг нэхэмжилснийг тухайн эмчилгээг нэг өдөр 3 удаа хийлгэх боломжгүй учир 1 удаагийн төлбөрийг гаргуулж, үлдэх 2 удаагийн төлбөрийг буюу 550,000 төгрөгийг /275,000x2=550,000 төгрөг/, 70 дахь талд авагдсан чихэр, ундаа, хүүхдийн витамин, ханиадны эм, өвчин намдаах лаа зэргийг авахад зарцуулсан 71,560 төгрөг, толгойн зураг авхуулсан 140,000 төгрөгийн баримт давхардсан байх тул хангахгүйгээр нийтдээ 806,560 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, шүүхэд шинээр гаргаж өгсөн 3 баримтаас /и-баримт уншуулсан/ арьс нөхөн сэргээх эмчилгээ /PRP/ 137,500 төгрөг /1 удаа, 50 хувь хямдруулж хийлгэсэн/, шарлага хийлгэсэн 35,000 төгрөг /1 удаа/, нийт 172,500 төгрөгийг хангах, хохирогчид олгох, харин сиделла дусал тариа 82,500 төгрөг, гиалуроны хүчил шингээх эмчилгээ 80,000 төгрөг, багц 1-Ургацаг 165,000 төгрөг, багц 2-ургацаг 365,000 төгрөг, арьсны нүхжилт, сорвины эмчилгээг 12 удаа хийлгэсэн 385,000 төгрөг /нэг эмчилгээг өдөрт 12 удаа хийлгэх боломжгүй учир 35,000 төгрөгийн эмчилгээг 12 удаа буюу 420,000 төгрөг нэхэмжилсний 11 удаагийн төлбөр 385,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн/, чөлөөлөгдөх орлого 560,000 төгрөг, нийтдээ 1,667,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл хохирогч *******гийн нэхэмжилсэн 4,131,560 төгрөгөөс 1,657,500 төгрөг шүүгдэгч*******гоос гаргуулж, хохирогчид олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 2,474,060 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хохирогч ******* гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2210000001015 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Л.Урангоо энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт*******ийн*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн*******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч*******д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Урангоо торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* /******* дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрны 18 тоотод оршин суух хаягтай, РД:*******/-оос 1,657,500 /нэг сая зургаан зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч ******* /РД:, дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг, апартмент 1436-601 тоот/-д олгож, *******гийн нэхэмжлэлээс 2,474,060 /хоёр сая дөрвөн зуун далан дөрвөн мянга жар/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2210000001015 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Л.Урангоо энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Урангоод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Урангоод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР