Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/339

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:166/2022/0319/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч Г.Г.Д- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-д холбогдох эрүүгийн 2218000000336 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 13-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г.Д-,

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Г.Г.Д- 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 06 цагийн орчимд Дархан-Уул аймаг Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ************************-ийн ресторанаас тус компанийн эзэмшлийн Hulan 21 Plus маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүүхдээ сургуульд нь явуулчхаад Дархан-50 цогцолборын тэнд салхилж байхдаа “Чанар” нэртэй 500 граммын 2 нэг шил архи уусан. Тэгээд гэр рүүгээ явах замд нэг танилтайгаа тааралдаад хамт нэг шил архи хувааж уусан. Ингээд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өглөө “Компорт”-руу кофе уухаар орсон чинь тэйкний хажууд байсан гар утсыг аваад гарсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэв.

 

Эрүүгийн 2218000000336 дугаартай хэргээс:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э- өгсөн: “...Би ************************ХХК-д үйлчилгээний менежер хийдэг юм. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 06 цаг 00 минутын орчимд манай байгууллагын үүдний хэсгээр үл таних цэнхэр ноосон цамцтай, эрэгтэй хүн дотогш ресторан руу дамжин ороод рестораны текний хажуугийн ширээн дээр байсан манай байгууллагын эзэмшлийн Hulan 21 Plus маркийн гар утсыг аваад гарч явж байгаа дүрс бичлэг манай рестораны теле хяналтын камерт бичигдсэн байсан учраас байгууллагаа төлөөлж алдагдсан эд зүйлээ нэхэмжилж цагдаагийн байгууллагад хандаж байна. 2021 онд 650.000 төгрөгөөр Ehlel нэртэй газраас манай байгууллага худалдан авч байсан.” гэх мэдүүлэг /хх 16/8

 

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “Hulan 21 plus маркийн цэнхэр өнгийн гар утас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 450000 төгрөг байна.” /хх 25-26/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 07/,

 

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...урд дэлгэц хэсэг нь хагарсан цэнхэр өнгийн утас байх ба уг утасны ар хэсэгт Ehlel  гэсэн бичиглэлтэй утас байв. /хх 03/,

 

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...Hulan 21 Plus  маркийн цэнхэр өнгийн 1 ширхэг гар утсыг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны 11:13 цагт хохирогч Б.Э- хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. /хх 10/,

 

Шүүгдэгч Г.Г.Д-гийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 41-45/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Г.Г.Д- нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 06 цагийн орчимд Дархан-Уул аймаг Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ************************-ийн ресторанаас тус компанийн эзэмшлийн Hulan 21 Plus маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Хулгайлах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг хэлнэ.

Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг, хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг тус тус ойлгоно.

 

Шүүгдэгч Г.Г.Д- нь ************************-ийн Hulan 21 Plus маркийн гар утсыг хулгайлсан үйлдэл шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч ************************-д 450000 төгрөгийн хохирол учирсан ба хулгайд алдсан эд зүйлээ биет байдлаар буцаан авч, 350000 төгрөгийн хохирол төлбөрийг хүлээн авсан болох нь хавтаст хэргийн 10-р хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагч К.Нанжинхандын“... 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал,  шүүгдэгч Г.Г.Д-гийн “Би өөрийн бурууг ойлгож байгаа учраас хэлэх зүйл байхгүй” гэх тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмын үүднээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнийг  нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г.Д-д анхааруулж шийдвэрлэсэн нь цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Г.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Д-г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Г.Г.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г.Д-д мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Г.Г.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ