| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2022/0300/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/340 |
| Огноо | 2022-10-14 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2022/0300/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Ихтамир, шүүгч Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Иргэдийн төлөөлөгч Р.Д-,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Э-,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.А-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ө-,
Шүүгдэгч А.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М-т холбогдох эрүүгийн 2218000000296 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын налайх дүүрэгт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, **************************газар оршин суух, урьд:
-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан А.М-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн ******************* багийн нутагт Х.Х.Б-ийн гэрийн гадаа Ц.Ц.Э-тай маргалдан зүүн шанаа тус газарт нь гараа цохиж амь насыг нь хохироон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.
Нэг. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч А.А.М- нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн ******************* багийн нутагт Ц.Ц.Э-тай маргалдан зүүн шанаа тус газарт нь гараа цохиж гавал тархины битүү гэмтэл, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, эрүү, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл учруулан амь насыг нь хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч А.А.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ******************* багийн хөдөө гэртээ үхэрээ саагаад байж байтал Ц.Э- над руу залгасан. Утсаа аваад ярьтал “...Танайд очиж 2 хоноё” гэхээр нь би хүрээд ирээ гэхэд Ц.Э- “... Би унаагүй, согтуу байна ирээд ав гэсэн”. Тэгээд оройхон яваад очтол Ц.Э- байхгүй байхаар нь утас руу залгахад 12 дугаар байшинд Ц-ы гэрт байна гэсэн. Ц-ыд яваад очтол 3-уулаа 1 шил архи уугаад дуусгаж байсан. Тэгээд байж байтал талийгаач Ц.Э-ын хуурай дүү гаднаас орж ирсэн. Талийгаач Б-тай дэлгүүр ороод 1 шил соёрхол нэртэй архи, нэг ширхэг жижиг пиво аваад гараад ирсэн. Тэгээд Н- гэдэг айлд очсон. Тэр айлын гадаа Портертой эхнэр, нөхөр ирсэн байсан. Бид хамтдаа “С оёрхол” нэртэй архиа ууж дуусаад байж байтал, талийгаач айлд очоод нэрмэл ууя явъя гэсэн тэгэхээр нь би машинд түлш байхгүй газаар явдаг машин энд тэнд очоод унтарчихвал баларна гэж хариулсан. Тэгээд Н- гэдэг айлынх 1 шил “Хараа” нэртэй архи гаргаж ирсэн, гэрийн гадаа гараад “Хараа” нэртэй архийг хувааж уугаад байж байтал, талийгаач дахин хөдөө айл руу хүргээд өгөөч гэж гуйгаад бид хоёр жижигхэн маргасан. Маргаж байхдаа Ц.Э-ыг нэг цохисон ухаан алдсан, сэргэхгүй байхаар нь би түргэн дуудтал талийгаачийн хүргэн эмч охинтойгоо ирээд зүрх нь зогсчихшиг боллоо гэсэн. Тэгээд цагдаагийн машин ирээд намайг аваад явсан.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр би говьд ажиллаж байгаад ирээд, найзынхаа ажил явдалд оролцчихоод байж байтал ахын чинь бие муудаад байна гэхээр нь нэг л эвгүй болчилоо гэж бодсон. Аав, ээж ах чинь утсаа авахгүй байна гээд байж байтал “...Ах чинь өнгөрчихжээ” аав, ээждээ зөөлхөн хэлээрэй гэсэн. Тэгтэл ах гаднаас орж ирээд айлын гадаа байгаа цагдаа нар ойртуулахгүй байна гэсэн. Ингээд эгчийн машиныг аваад очтол хэргийн газар 3-н цагдаа ирсэн, ахыг хуччихсан байсан. Тэгээд шүүх эмнэлгийн баг ирээд шинжилгээ энэ тэрээ хийхээр задлан руу орсон. Би хувцас, утсыг нь авсан. Би шүүгдэгчийн багаас нь мэднэ, өмнө нь манай ахтай хамт ууж идэж явсныг мэдэхгүй, хууль ёсны дагуу шүүх яаж шийдсэнийг дагана.” гэв.
Эрүүгийн 2218000000296 дугаартай хэргээс:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...гэрийн баруун урд талд 2 метр зайд цогцосны толгой баруун хойд зүг рүү, хөл зүүн урд зүгт байрлалтай биеийн ерөнхий хөгжил зөв, мах мариа ихтэй 50 орчим насны эрэгтэй хүний цогцос дээш харсан байрлалтай байв /хх 9-13/,
Гэрч У.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...талийгаач Ц.Э- А.М-т хандаж “намайг машинаараа айлд хүргээд өг” гэж гуйсан чинь миний машинд бензин байхгүй шар гэрэл нь ассан байгаа, би одоо шууд гэр рүүгээ харилаа гэсэн. Энэ үед талийгаач түүнийг юун сүртэй юм бэ гэж хоорондоо дөнгөж маргатал А.М- сууж байсан газраасаа босоод талийгаач Ц.Э-ын зүүн шанаа тус газар нь гараараа 1 удаа цохисон чинь талийгаач хойшоо унасан. Талийгаач нэг удаа дээшээ өндийгөөд сонин дуу гаргаад буцаад хэвтэхээр нь би гайгүй юм байна гэж бодоод түүний толгойг усаар шавшиж, цээжин дээр нь дарсан боловч ямар ч ухаангүй болчихоор нь болохоо байлаа гээд эмнэлэг рүү дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх 22/,
Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...талийгаач Ц.Э- гэх хүн “би хөдөө явмаар байна, намайг хүргээд өгчих” гэж А.М-аас гуйсан чинь А.М-” миний машины бензин дуусч байгаа, шар гэрэл ассан байгааг чи мэдсээр байж ингэж ярилаа гээд хоорондоо хэрүүл маргаан хийж улмаар А.М- нь сууж байсан газраасаа босч ирээд талийгаач Ц.Э- газар сууж байхад нь очоод түүний шанаан тус газарт гараараа 1 удаа цохисон чинь талийгаач хойшоо газар налаад унаад өгсөн.” гэх мэдүүлэг /хх 27/,
Гэрч Л.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...талийгаач Ц.Э- гэх хүн хамт явсан машины жолоочоосоо намайг төв рүү хүргээд өгөөч гэж гуйхад машины жолооч миний машины бензиний шар гэрэл асчихсан гэж хэлээд хоорондоо бага зэрэг маргалдсан. Тэгтэл машины жолооч А.М- сууж байснаа гэнэт босч ирээд газар бөгсөөрөө сууж байсан Ц.Э- гэх хүний нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа хүчтэй цохисон чинь талийгаач хойшоо саваад газар унасан.” гэх мэдүүлэг /хх 31/,
Гэрч Б.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...талийгаач залуу хамт ирсэн машиныхаа жолоочийг “намайг хүргээд өг” гэсэн чинь машины жолооч залуу өөдөөс нь надад бензин байхгүй, шар гэрэл ассан байна гэж хэлээд талийгаачтай маргахаар нь би хажуугаас нь адилхан ууж идэж байж хэрүүл маргаан хэрэггүй гэж хэлэхэд машины жолооч залуу сууж байсан газраасаа босч ирээд талийгаачийг газар сууж байхад нь зүүн шанаан тус газар нь гараараа нэг удаа хүчтэй цохисон чинь талийгаач хойшоо газар саваад унасан.” гэх мэдүүлэг /хх 35/,
Гэрч А.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...айлын үүдэнд яваад очиход нэг хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан ба би түүний гүрээний судсыг бариад чагнаж үзэхэд уг хүн ямар ч амисгаагүй, зүрх нь цохилохгүй байдалтай байхаар нь тэр үедээ зүрхэнд нь адиреналин 1 мл хэмжээтэйг тариагаар хийж, массаж хийж үзсэн боловч ухаан ороогүй. Тэгээд ямар ч нэмэргүй болсон байна гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх 37/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, эрүү, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр амьд байхдаа үүссэн гэмтэл байна.
3.Талийгаачийн гавал тархины гэмтэл нь шууд үхэлп хүргэжээ.
4.Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5.Талийгаач нь 2022.07.26-ны 00:40 цагийн хэргийн газрын үзлэгээр нас бараад 4-5 орчим цаг болсон байх боломжтой байна.
6.Талийгаачийн цус АВО системээр ВIII бүлэг байна.
7.Талийгаач нь нас барахдаа хүнд зэргийн согтолттой байжээ.” /хх 42-43/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 48/22 дугаартай магадлагаа:
1. А.М- нь одоогийн байдлаар сэтгэцийн хувьд эрүүл болно.
2.3.А.М- нь одоогийн байдлаар сэтгэцийн хувьд эрүүл ба хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгах, үнэн зөв мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай болно.
4. А.М- нь одоогийн байдлаар сэтгэцийн хувьд эрүүл тул эмчилгээ шаардлагагүй. /хх 59/,
Шүүгдэгч А.А.М-ийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 140-142/,эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 146-147/, тээврийн хэрэгслийн лавлагаа, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 155-169/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Р.Дамдин нь шүүгдэгч гэм буруугаа хүлээж байх тул гэм буруутай гэж үзэж байна гэх дүгнэлт гаргасан болно.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлжээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:
Шүүгдэгч А.А.М- нь согтуугаар 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн ******************* багийн нутагт Ц.Ц.Э-тай маргалдан зүүн шанаа тус газарт нь гараа цохиж гавал тархины битүү гэмтэл бүхий гэмтэл учруулан амь насыг нь хохироосон болох нь гэрч У.Ганболдын ... “...А.М- сууж байсан газраасаа босоод талийгаач Ц.Э-ын зүүн шанаа тус газар нь гараараа 1 удаа цохисон чинь талийгаач хойшоо унасан. Талийгаач нэг удаа дээшээ өндийгөөд сонин дуу гаргаад буцаад хэвтэхээр нь би гайгүй юм байна гэж бодоод түүний толгойг усаар шавшиж, цээжин дээр нь дарсан боловч ямар ч ухаангүй болчихоор нь болохоо байлаа гээд эмнэлэг рүү дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх 22/, гэрч Б.Б-...“...А.М- нь сууж байсан газраасаа босч ирээд талийгаач Ц.Э- газар сууж байхад нь очоод түүний шанаан тус газарт гараараа 1 удаа цохисон чинь талийгаач хойшоо газар налаад унаад өгсөн.” гэх мэдүүлэг /хх 27/, гэрч Л.Н-...“...машины жолооч А.М- сууж байснаа гэнэт босч ирээд газар бөгсөөрөө сууж байсан Ц.Э- гэх хүний нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа хүчтэй цохисон чинь талийгаач хойшоо саваад газар унасан.” гэх мэдүүлэг /хх 31/, гэрч Б.Д-...“...машины жолооч залуу сууж байсан газраасаа босч ирээд талийгаачийг газар сууж байхад нь зүүн шанаан тус газар нь гараараа нэг удаа хүчтэй цохисон чинь талийгаач хойшоо газар саваад унасан.” гэх мэдүүлэг /хх 35/, гэрч А.О-...“...айлын үүдэнд яваад очиход нэг хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан ба би түүний гүрээний судсыг бариад чагнаж үзэхэд уг хүн ямар ч амьсгаагүй, зүрх нь цохилохгүй байдалтай байхаар нь тэр үедээ зүрхэнд нь адиреналин 1 мл хэмжээтэйг тариагаар хийж, массаж хийж үзсэн боловч ухаан ороогүй.” гэх мэдүүлэг /хх 37/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 89 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, эрүү, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр амьд байхдаа үүссэн гэмтэл байна. Талийгаачийн гавал тархины гэмтэл нь шууд үхэлп хүргэжээ. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь 2022.07.26-ны 00:40 цагийн хэргийн газрын үзлэгээр нас бараад 4-5 орчим цаг болсон байх боломжтой байна. Талийгаачийн цус АВО системээр ВIII бүлэг байна. Талийгаач нь нас барахдаа хүнд зэргийн согтолттой байжээ.” /хх 42-43/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.
Хууль зүйн хувьд дүгнэвэл шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч А.А.М- нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрахыг, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч А.А.М-ийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” тогтоогдсон, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.А.М-ийг гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг шүүх хүлээн авч, шүүгдэгч А.А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Гэмт үйлдлийн улмаас хүний амь хохирсон нь хүнд хохирол, амь хохирогчийг оршуулахад гарсан оршуулгын зардлыг түүний хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх эрхтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э- амь хохирогч Ц.Ц.Э-ын оршуулгын зардал болон бусад зардалд нийт 33,981,000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс шүүх шашины зан үйлтэй холбоотой лам Цогоод өргөл барьсан 500000 төгрөг, тогооч Г.Г- 500000 төгрөг, гал тогоонд тусалсан С.Э- 50000 төгрөг, Ө.Г- 50000 төгрөг, Б.Г- 50000 төгрөг, Ч.Ш- 50000 төгрөг, Б.Н- 50000 төгрөг, Б.Т- 50000 төгрөг, Мобиком компаниас 2022 оны 07 сарын 08-ны өдөр зээлээр Самсунг А13 гар утас худалдан авсан 619000 төгрөг, согтууруулах ундаатай холбоотой baileys-5 ширхэг, Болор-1ширхэг нийт 458500 төгрөг /хх-94/, baileys, агуша нийт 376000 төгрөг /хх-101 ху/, кофе, вита, орбит нийт 68000 төгрөг/хх-100ху/, Х- хоолны газрын 192100 төгрөг/хх-101ху/, Дана эмийн сангийн 224350 төгрөг /хх-104ху/, Од эмийн сан 13300 төгрөг /хх106ху/, зарлагын баримт огноогүй 500000 төгрөг /хх-109ху/, Моност зарлагын баримт огноогүй 226020 төгрөг/хх-110ху/, Шар сувд-22000 төгрөг /хх-115ху/, худалдагч байгууллага тодорхойгүй 1470200 төгрөг /хх-125ху/, худалдан авагч тодорхойгүй 1232200 төгрөг, шатахууны Е баримт хамтатгаж ирүүлээгүй 91440 төгрөг /хх-131ху/, 150000 төгрөг/хх-132ху/, 135010 төгрөг, 204500 төгрөг/хх-132ху/, 87500 төгрөг, 283500 төгрөг/хх-134ху/, 114300 төгрөг/хх-135ху/ нийт 7,767,920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтаар тогтоогдсон 26,213,080 төгрөгийг шүүгдэгч А.А.М-аас гаргуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч А.А.М- нь 15.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл 11.214.000 төгрөгийг 30 хоногийн дотор төлөхөө илэрхийлснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э- хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч...шүүгдэгч А.А.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э- “яллагчийн хэлсэн ялын саналаас доош бууруулахгүйгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэх, түүний өмгөөлөгч И.А-...” Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Амь хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзахад хорих ялын доод хугацааг 13 жил байх ёстой талаар ярилцаж байсан” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ө- ...” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл боломж байна гэж үзэж байна. Шүүгдэгч А.А.М- нь 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, ганцаараа хүүхдүүдээ өдийг хүртэл өсгөсөн, гэмт хэрэг үйлдэхээс өмнө үхрээ саагаад цагаан идээгээ боловсруулаад байж байсан хүн шүү дээ. Иймд хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 6.7-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлт тус тус гаргалаа.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын хэмжээг 8 жилээс 15 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар зохицуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журам шүүхэд үүрэг хүлээлгэсэн заалт бус харин эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээ юм.
Шүүгдэгч А.А.М-ийн үйлдсэн хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг нь байгалиас хүнд заяасан хүний амь насанд халдсанаар хор уршиг нь нөхөн сэргээгдэхгүй ноцтой гэмт хэрэг юм.
Иймээс өмгөөлөгч Ө.Ө- гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь амь хохирогчийн оршуулгын зардлаас нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч А.А.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дэх хэсгийн 1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан эрүүл мэндийн шалтгааныг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч А.А.М-ийн энэ хэрэгт 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 79 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Соёрхол нэртэй 1 ширхэг архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.М-ийг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.М-ийн цагдан хоригдсон 79 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э- нэхэмжилсэн 33.981.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 7.767.920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.А.М- 15.000.000 төгрөг төлснийг дурьдаж, Иргэний хуулийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгчээс 11.214.400 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн ************** 2-9 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э- -д олгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Соёрхол нэртэй архины шил 1 ширхэгийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7.Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.А.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.ИХТАМИР
ШҮҮГЧ Н.ИДЭР