Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/342

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:166/2022/0319/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Э-

Шүүгдэгч Т.П- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн - Т.П-ад холбогдох эрүүгийн 2218000000356 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, , 2003 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт *********** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т.П-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Т.П- нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 16 дугаар сургуулийн арын хашаа дотор биедээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь нийт 9.8 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Т.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр найзуудтайгаа уулзаж байгаад Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн хойд талын гражны хажууд өвс ургасан байгаа бие засах үедээ харсан. Мөн 2-3 хоногийн өмнө нь тухайн гражны тэнд өвс ургасан байсныг харсан байдаг. Тэгээд тухайн орой найзуудаасаа салаад явахдаа дэлгүүрээс жижиг савтай “бонокуа” цэвэр ус, “чук кек” чихэр худалдаж аваад нөгөө гражны хажууд очоод цэвэр усны савыг тамхины цогоор цоолоод дотор нь өвсөө хийгээд утааг нь сорсон. Тэгээд би тухайн өвсийг хэрэглэхээс өмнө Одбаяр гэдэг найзыгаа дуудсан. Тухайн үед Одбаяр надад 2 цагдаа ирж байна гэж хэлсэн. Тэгээд 2 цагдаагийн албан хаагч гэрэл тусгаад булан тойроод гараад ирэх үед нь би зугтсан. Ингээд зугтах үедээ гар утсаа унагаасан. Бид хоёр 16 дугаар сургуулиас гүйгээд 1-60 байрны урдуур явж байхдаа Б-э гэдэг найзтайгаа тааралдаад болсон зүйлийг тайлбарлаад гар утсаа авахаар Б-этэй гражны тийшээ буцаж очоод гар утсаа хайж байх үедээ цагдаа нарт баригдсан.” гэв.

 

Эрүүгийн 2218000000356 дугаартай хэргээс:

 

Гэрч Б.Б-ийн өгсөн: “...Т.П- гэх найз хар өнгийн фудволктой Энхтэнгэр ах бид хоёр дээр ирээд “Ийшээ хоёр цагдаа ирсэн үү” гэж асуусан. Тэгэхээр нь би бид хоёрын урдуур танихгүй 2 залуу л гүйж өнгөрсөн, цагдаа ирээгүй” гэж хэлтэл тэр чинь би байсан юм аа, гурвуулаа гарч яваад ирье гэж хэлэхээр нь бид хоёр зөвшөөрөөд Т.П-ыг дагаад явж байтал Т.П- надад утсаараа нэг яриулаач гэхээр нь би утсаа өгчхөөд, юу болсон талаар асуусан, Т.П- гражийн хажууд очоод надад “сая харин өвс татаад байж байтал 2 цагдаа ирэхээр нь утсаа орхиод зугтаачихсан, одоо утсаа очиж авах гээд” гэж хэлсэн. Гражийн ойр хавиар Т.П-ын утсыг Энхээнээ ах бид 3 цуг хайгаад олдохгүй байхаар нь 16 дугаар сургуулийн хашаанаас гараад буцаад 1-60 байрны зүг явж байтал машинтай цагдаа ирээд “юм асууя” гээд бид 3-ыг зогсоосон. Тэгээд цагдаа нар дээр очоод машиных нь хажууд зогсоход цагдаа нар миний дугаар руу залгасан. Тэр үед миний утас дуугараад, цагдаа нар гавлачих гэж хэлээд цагдаад хүргэгдэж ирсэн.” гэх мэдүүлэг /хх 22-23/,

 

Гэрч Б.Ц-өгсөн: “...Дархан сумын 5 дугаар багт байрлах 16 дугаар сургуулийн ар талаар харанхуй булан тохойд 01 цагийн орчим үзлэг шалгалт хийж байх үед сургуулийн хашааны дотор сургуулийн ар хэсэгт гражийн хажуу талын бетоны хэсгээс түлэнхий үнэр үнэртээд байхаар нь яваад очиход цаад талын мод руу хүн гүйхээр нь араас нь Дархан сумын 5 дугаар баг Арбатын гудамж тал руу хөөгөөд гүйсэн, тэгээд гүйцээгүй болохоор нь буцаад хэргийн газар дээр ирэхэд 2 хэсэг хатаасан нунтагласан ногоон өнгийн өвс, хажуу хэсэг нь цоолсон 2 ширхэг усны сав, асаагуур, мөн 1 ширхэг Ай фоне маркийн гар утас байсан. Ингээд би бүрэлдэхүүн дуудчихаад хүлээж байх хугацаанд зугтаасан Т.П- гэх залуу 2 хүний хамт ирсэн.” гэх мэдүүлэг /хх 31/,

 

Гэрч Э.О- өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байхад над руу 01 цагийн орчим залгаад тамхи татъя гэхээр нь би тухайн шөнө Т.П-ын байсан Дархан-Уул аймаг Дархан сумын 5 дугаар багт байрлах 16 дугаар сургуулийн хашааны дотор тухайн сургуулийн ар хэсэгт байдаг гражийн хажуугийн дөрвөлжин бетон дээр очиход Т.П- ундааны саванд чихрийн сав хатгаад тэрэн дээр өвс тавиад ундааны савны амсраас утааг нь сороод байж байсан. Гэтэл цагдаа нар ирж байгаа харагдсан юм. Би цагдаа нар ирж байгаа талаар Т.П-ад хэлэхэд бид хоёр 1-р 60-н айлын харалдаа зугтаасан. Тэгээд би тэр шөнөө гэртээ харьсан. Харин Т.П- яасан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 33/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 3924 дугаартай дүгнэлт:

“...Шинжилгээнд ирүүлсэн “Т.Т.П-” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Т.Т.П-” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/  нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно.” /хх 37-39/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 3926 дугаартай дүгнэлт:

“...Шинжилгээнд ирүүлсэн зиплок гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс дельта-9- тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 3.9 грамм, цэвэр жин нь 3.1 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 3.0 грамм болов. 2 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 7.6 грамм, цэвэр жин нь 6.7 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 6.6 грамм болов.” /хх 43-46/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 3927 дугаартай дүгнэлт:

“...Шинжилгээнд ирүүлсэн “Bon aqua” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн тагтай хуванцар сав, “А\/9867476” гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүр зүйлсээс Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн Дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно.” /хх 65-69/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 03-06/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 08/,

 

Шүүгдэгч Т.Т.П-ын хувийн байдлыг тогтоосон суурь боловсролын гэрчилгээний хуулбар, бүрэн дунд боловсролын үнэмлэх, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа /хх 90-96/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Т.Т.П- нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 16 дугаар сургуулийн арын хашаа дотор биедээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь нийт 9.8 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.Т.П- нь тухайн өвсийг “би бэлтгээгүй” гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагааны хэм хэмжээг зохицуулсан ба Сэтгэцэд нөлөөт бодис гэдэг нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

 

Иймд шүүгдэгч Т.Т.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагч Г.Уянгын “...3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,  шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх” санал, шүүгдэгч Т.Т.П-ын “хэлэх зүйл байхгүй” гэх тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмын үүднээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан түүнийг  нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Т.П- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөнгөн дэвсгэртийг /50 төгрөг/ зохих байгууллагад шилжүүлэхийг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, бусад эд мөрийн баримт болох “bonaqua” цэвэр усны сав 2 ширхэг, “cocacola” ундааны металл сав 1 ширхэг, 9,8 грамм өвс, “Чук гек” чихрийн уут 1 ширхгийг тус тус устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Т.Т.П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Шүүгдэгч Т.Т.П-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.П- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөнгөн дэвсгэртийг /50 төгрөг/ зохих байгууллагад шилжүүлэхийг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, бусад эд мөрийн баримт болох “bonaqua” цэвэр усны сав 2 ширхэг, “cocacola” ундааны металл сав 1 ширхэг, 9,8 грамм өвс, “Чук гек” чихрийн уут 1 ширхгийг тус тус устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

6.Шүүгдэгч Т.Т.П- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т.П-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Т.П-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ