Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/345

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс:166/2022/0331/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч М.М.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ц-т холбогдох эрүүгийн 2218000000346 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр **************** суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт ****************** тоотод оршин суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 07 жил 10 хоногийн хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 07 жил 10 хоногоор тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан М.Ц-,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн ************** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Ц.Э-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.М.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр эхнэртэйгээ явж байгаад Алтанчимэгтэй тааралдаад Ариг төвийн гадаа бид гурав 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уусан. Тэгээд гэр рүүгээ явах замдаа дэлгүүрээс Чанар нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи худалдаж аваад гэртээ очоод уусан. Дараа нь нэлээд согтсон болохоор сайн санахгүй байгаа. Гэхдээ өөрийнхөө гэм буруугаа ойлгож байгаа.” гэв.

 

Эрүүгийн 2218000000346 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ц.Ц.Э-ийн өгсөн: “...гэрт ууж байгаад нэг хэсэг унтаж байгаад сэрсэн чинь манай нөхөр болох М.Ц- миний дээр гараад суучихсан манай гэрт байдаг модон шар иштэй хутга барьчихсан “чи ингээд үхээрэй” гээд миний цээж рүү буюу баруун гар талын мөрний урд хэсэг рүү тэр хутгаараа хатгаад авсан.” гэх мэдүүлэг /хх 11/,

 

Гэрч М.А- өгсөн: “...Ц.Э-ийн гэрт яваад ороход Ц.Э- цээжээ гараараа дараад энэ М.Ц- намайг хутгалчихлаа гээд орон дээрээс босч ирж байсан.” гэх мэдүүлэг /хх 17/,

 

Гэрч Ц.Г- өгсөн: “...нэг сэрсэн чинь М.Ц- эхнэртэйгээ орон дээр маргалдаад хоорондоо зууралдаад байсан. Тухайн үед юу болоод байгааг сайн ойлгоогүй. Нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 19/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 818 дугаартай шинжээчийн дүгнэлт:  

-Ц.Ц.Э-ийн биед зүүн эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун мөрөнд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх 23-24/,

 

Шүүгдэгч М.М.Ц-ын хувийн байдлыг тогтоосон гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 53-55/, жолоодох эрхийн лавлагаа, суурь боловсролын гэрчилгээ /хх 61-62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 70-74/, зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч М.М.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн ************** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Ц.Э-ийг шалтаг шалтгаангүйгээр зодож, баруун мөрөнд нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогджээ гэж дүгнэлээ.

 

 

Шүүгдэгч М.М.Ц- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Ц.Ц.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч хохирогч Ц.Ц.Э-ийн өгсөн: “...М.Ц- миний дээр гараад суучихсан манай гэрт байдаг модон шар иштэй хутга барьчихсан “чи ингээд үхээрэй” гээд миний цээж рүү буюу баруун гар талын мөрний урд хэсэг рүү тэр хутгаараа хатгаад авсан.” гэх мэдүүлэг /хх 11/, гэрч М.А- өгсөн: “...Ц.Э-ийн гэрт яваад ороход Ц.Э- цээжээ гараараа дараад энэ М.Ц- намайг хутгалчихлаа гээд орон дээрээс босч ирж байсан.” гэх мэдүүлэг /хх 17/, гэрч Ц.Г- өгсөн: “...нэг сэрсэн чинь М.Ц- эхнэртэйгээ орон дээр маргалдаад хоорондоо зууралдаад байсан. Тухайн үед юу болоод байгааг сайн ойлгоогүй. Нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 19/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 818 дугаартай шинжээчийн:  Ц.Ц.Э-ийн биед зүүн эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун мөрөнд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт. /хх 36-37/ гэх дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлсон байна.

 

Шүүгдэгч М.М.Ц- хамтран амьдрагч Ц.Ц.Э-ийг шалтаг шалтгаангүйгээр зодож, баруун мөрөнд нь хутгаар хатгаж хүч хэрэглэсэн үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.

 

Иймд шүүгдэгч М.Ц- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Ц.Ц.Э-  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар /хх 82/ өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан, чин санаанаас гэмшсэн, улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Ц-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.М.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст  шилжүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Ц-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Ц-т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Ц- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст  шилжүүлсүгэй.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.М.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ