Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/352

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0322/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч М.М.М- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Гарам овогт Мөнхөөгийн М.М-т холбогдох эрүүгийн 2218000000351 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, ****************** суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ***************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М.М-,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М.М- нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Буурал хангай хяналтын постын урд авто зам дээр **********улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” 12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэх заалтуудыг зөрчсөний улмаас дугуйтай зорчигч Б.Б.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.М.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч чихэвч зүүсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний хувьд хүн бэртээснээ хүлээн зөвшөөрсөн тул хохирлыг барагдуулна. Би гэрээсээ ганцаараа ажилтай олон хүүхэдтэй эхнэр ажилгүй тул торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

 

Эрүүгийн 2218000000351 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.Б.Б-ы өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрээсээ 20 цагийн орчим унадаг дугуйгаа унаж гараад Эрдэнэтийн гүүрний чиглэлтэй дугуйтайгаа явсан. Би дугуй унах хоббитой, хааяа дугуйгаа унаад Эрдэнэтийн гүүрний чиглэлд явдаг юм. Тэгээд би Эрдэнэтийн гүүрний салдаг замын наана байрлах хяналтын пост руу дөхөж байхад миний хажуу талаар том машин зөрөх шиг болсон. Тэгээд тэр машин миний хажуу талаар зөрж гүйцэж түрүүлээд буцаад эгнээндээ орохдоо тухайн тээврийн хэрэгслийн арын чиргүүлийн баруун хэсэг нь миний зүүн талын мөр биеийг шүргэхэд би тэнцвэр жолоодлогоо алдаж газарт унасан юм.” /хх 14-16/,

 

Гэрч Ц.М- өгсөн: “...Би өөрийн найз М.М-ын хамт 17 цагийн үед манай эхнэрийн нэр дээр байдаг **********улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслээр хэрэглээний палкан мод ачаад Сэлэнгэ аймгаас Улаанбаатарын чиглэлд явсан. Тэгээд би замдаа кабин дотор арын орон дээр унтаад явж байхад Дархан-Уул аймаг руу ороод Улаанбаатар хот руу гарах постон дээр очиход манай найз М.М- гүйгээд гарахаар нь би араас нь буугаад очиход дугуйтай эрэгтэй хүн ухаан алдчихсан байдалтай байсан. Манай найз М.М- нөгөө хүнийг араас нь түшээд дээш өндийлгөсөн байдалтай байлгаж байхад цагдаа нар хүрч ирээд удалгүй эмнэлэг ирээд аваад явчихсан. Тухайн дугуйтай хүний толгойн ар дагз хэсэгт шалбарчихсан бага зэргийг цус гарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх 18/,

 

Гэрч Б.Б- өгсөн: “...**********улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгслийг манай нөхөр Мөнхбат бид хоёр Улаанбаатар хотоос 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 55.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Чиргүүлийг нь 2018 онд 12.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний эзэмшлийн уг машинд эвдрэл гэмтэл үүсэж хохирол учраагүй. Шинжээч томилж үнэлгээ хийлгэх шаардлагагүй.” гэх мэдүүлэг /хх 22/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 830 дугаартай дүгнэлт:

-Б.Б.Б-ы биед зулайн яснаас баруун чамархай яс руу үргэлжилсэн хугарал, баруун талд бөмбөлгийн чамархайд цус хуралт, эдийн няцрал, зүүн 2, 3, 6, 7, 10-р хавирга, зөрүүгүй, 4, 5 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, зүүн дал ясны их бие хэсгийн бяцарсан хугарал, зүүн уушгины няцрал, зүүн талын плеврийн хөндийн сул хий, зүүн мөр, зүүн бугалга, тохой, баруун, зүүн чихэнд цус хуралт, зүүн тохой, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна.

-Дээрх гэмтлүүдээс зулайн яснаас баруун чамархай яс руу үргэлжилсэн хугарал гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, баруун талд бөмбөлгийн чамархайд цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, зүүн уушгины няцрал, зүүн талын плеврийн хөндийн сул хий гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, зүүн 2, 3, 6, 7, 10 дугаар хавирга зөрүүгүй, 4, 5 дугаар хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, зүүн дал ясны их бие хэсгийн бяцарсан хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, зүүн мөр, зүүн бугалга, тохой, баруун, зүүн чихэнд цус хуралт, зүүн тохой, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

-Б.Б.Б-ы биед учирсан зүүн зулай яснаас баруун чамархай яс руу үргэлжилсэн хугарал, баруун тал бөмбөлгийн чамархайд цус хуралт, эдийн няцрал, зүүн 2, 3, 6, 7, 10-р хавирга зөрөөгүй, 4, 5-р хавирганы зөрүүтэй хугарал гэмтлүүд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /хх 71-72/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлын талаар гаргасан шинжээч Ш.Б- 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт: “***** маркийн **********улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон 58-02 АЧ чиргүүл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормосны ММ5-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тээврийн хэрэгслийн болон чиргүүлийн тоормосны эд ангиуд нь элэгдэл битүүмжлэл нь хий алдаагүй, эвдрэлгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тэврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормосны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох хурдыг тогтоох боломжгүй. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бүтэн байдлаас нөлөөлөөгүй.” /хх 34-35/,

“2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: М.М- нь **********улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

12.3-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн байна.

Дугуйтай зорчигчийн хувьд нэг чигийн хөдөлгөөнтэй замын зорчих хэсгийн захаар явж байсан учир Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй.

Мөнхөө овогтой М.М- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. **********тээврийн хэрэгсэл нь явган зорчигчийг шүргээд зогссон тоормосны мөр 2 метр орчим байна. Тээврийн хэрэгслийн хурд 27 км/цаг байсан байна. Осол гарсан үндсэн шалтгаан нь **********улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөнөөс болсон байна.” гэх дүгнэлт /хх 51/,

 

Шүүгдэгч М.М.М-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, **********тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 55-62/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.М.М- нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Буурал хангай хяналтын постын урд авто зам дээр **********улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” 12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэх заалтуудыг зөрчсөний улмаас дугуйтай зорчигч Б.Б.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь зүүн зулай яснаас баруун чамархай яс руу үргэлжилсэн хугарал, баруун тал бөмбөлгийн чамархайд цус хуралт, эдийн няцрал, зүүн 2, 3, 6, 7, 10-р хавирга зөрөөгүй, 4, 5-р хавирганы зөрүүтэй хугарал бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогджээ.

 

Шүүгдэгч М.М.М- нь зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Б.Б-ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Миний хувьд хүн бэртээснээ хүлээн зөвшөөрсөн тул хохирлыг барагдуулна.” гэх мэдүүлэг, хохирогч Б.Б.Б-ы...“...тэр машин миний хажуу талаар зөрж гүйцэж түрүүлээд буцаад эгнээндээ орохдоо тухайн тээврийн хэрэгслийн арын чиргүүлийн баруун хэсэг нь миний зүүн талын мөр биеийг шүргэхэд би тэнцвэр алдаж дугуйны үрүүл жолоогоо алдаж газарт унасан юм.” /хх 14-16/, гэрч Ц.Мөнхбатын ... “...Дархан-Уул аймаг руу ороод Улаанбаатар хот руу гарах постон дээр очиход манай найз М.М- гүйгээд гарахаар нь би араас нь буугаад очиход дугуйтай эрэгтэй хүн ухаан алдчихсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх 18/, “2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “Мөнхөө овогтой М.М- нь **********улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

12.3-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн байна.

Дугуйтай зорчигчийн хувьд нэг чигийн хөдөлгөөнтэй замын зорчих хэсгийн захаар явж байсан учир Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй.

М.М- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. **********тээврийн хэрэгсэл нь явган зорчигчийг шүргээд зогссон тоормосны мөр 2 метр орчим байна. Тээврийн хэрэгслийн хурд 27 км/цаг байсан байна. Осол гарсан үндсэн шалтгаан нь **********улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөнөөс болсон байна.” гэх дүгнэлт /хх 51/ дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч М.М.М- нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэй, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь шүүгдэгчийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Б.Б.Б- нь хохирол төлбөрт 3341440 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч М.М.М- нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 345,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 04-ий өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19-ий өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 18-ий өдөр 1,000,000 төгрөгийг нийт 3,345,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч М.М.М-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон байдал, гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн зэргийг харгалзан шүүгдэгч М.М.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.М.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 261110 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч М.М.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг шүүгдэгч М.М.М-т хүлээлгэсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч М.М.М-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

   5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.М- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, ыг мэдэгдсүгэй.

 

   6.Шүүгдэгч М.М.М-т тэнссэн хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

   7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 261110 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад хүргүүлэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

   8.Шүүгдэгч М.М.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

   10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.М.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               З.ТӨМӨРХҮҮ