Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1454

 

 

                                  

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Д.Ууганцэцэг,

шүүгдэгч: Г.Г /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн 00000000 тоот хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Г-ийн Г /РД:000000000/,

Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр **** аймгийн ****** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механик инженер мэргэжилтэй, “К” нүүлгэлтийн компанид жолооч ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Өнөр хотхоны 0 байр 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Баруун салаа, Бумбатын амны задгай тоотод орших иргэн Ж.А-гийн эзэмшлийн “Эко жорлон”-г хууль бусаар эвдэж устгасны улмаас бусдад 1.640.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Баруун салаа, Бумбатын амны задгай тоотод орших иргэн Ж.А-гийн эзэмшлийн “Эко жорлон”-г байшинтай ойр барьсан байна гэх шалтгааны улмаас хууль бусаар эвдэж устгасан үнэлгээгээр тогтоогдсон 1.640.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс /300,000 төгрөгөөс/ дээш хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Бумбатын амны 2 дугаар цахилгаан станцын зуслангийн задгай тоотод зуслангийн байшин хавар барьсан ба ...зуслангийн газар дээрээ эко жорлон барьсан. Манай хажуу талын зуслангийн айлын хүн гэх 95115409 дугаартай Г гэх хүн согтуу манай эхнэр Энхтуяа руу залгаад “Танайх жорлонгоо манай байшингийн хажууд барилаа. Энийг холдуул” гэхээр нь манай эхнэр “Манайх хашаан дотроо жорлонгоо барихгүй яах юм бэ?" гэж хэлэхэд утсаа салгасан. Ахиад хэсэг хугацааны дараа дахин манай эхнэр рүү Г гэх залуу залгаад “Би танай жорлонг нураачихлаа. Ирж энэ жорлонгийн нүхний шороо асгаж бул” гэж хэлэхээр нь манай эхнэр тухайн залууд “Наад жорлонг чинь тэтгэврийн мөнгөөрөө бариулсан, хүний хүч хөдөлмөр шингэсэн зүйлс шүү дээ” гэж хэлэхэд “Би төлөөд өгнө” гэж хэлээд утсаа салгасан гэсэн. ...Би зуслан дээрээ очиж үзэхэд миний бариулсан эко жорлонг нураагаад нүх рүү нь нураасан жорлонгоо хийчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

-Гэрч С.-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...Манай хөрш айлын зүс таних эмэгтэй 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 91152618 гэсэн дугаараас залгаад “Би хөрш айлын хүн байна. Танайх ...манай байшингийн үүдэн дээр жорлон барилаа. Буулгана шүү" гэж хэлээд утсаа салгасан. ...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 95115409 дугаараас залгаад ...“Би жорлонг чинь нураагаад блокийг нь нүх рүү нь хийсэн” гэж хэлэхээр нь би арай ч нураачихгүй байх гэж бодоод нөхөртөө хэлээгүй. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр зуслан дээрээ очиход жорлон нураачихсан байхаар нь утсаар ярьсан талаар нь хэлсэн. Манай өвгөн тухайн залуутай утсаар ярихад “Би жорлонг нураасан. Өөрөө араа даана” гэж хэлсэн. ...Манайх өөрийнхөө газар дээр жорлон барьсан ба тухайн барьсан жорлонг байшингийнхаа хажууд барилаа гээд маргалдсан, өөр маргаан болоогүй. Манай хашаан дотроо жорлон барьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

-“Мастер үнэлгээ” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 22/032 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан

“...1. Эко жорлонгийн бетонон кольцо - 3 ширхэг- 840.000 төгрөг,

2. Бетонон жорлонгийн таг- 180.000 төгрөг,

3. Блок - 150 ширхэг - 270.000  төгрөг,

4. Жорлон барих ажлын хөлс /Шууд бус хохирол/ - 350.000 төгрөг, нийт дүн 1.640.000 төгрөг...” гэх тодорхойлолт /хх-ийн 22-23 хуудас/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Г.Г-гын яллагдагчаар өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаа, Бумбатын амны зуслангийн задгай тоотод манай эгч Батсуурь зуслангийн байшинтай. Уг байшингийн зэргэлдээ амьдардаг А гэх айл манай эгчийн байшин руу харуулж жорлон шинээр хийсэн. Уг жорлон нь манай эгчийн байшин руу хаалга нь харсан байдалтай байсан. ...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр уг зуслан дээр очоод жорлонгийн дээврийг түлхэж үзэхэд дээвэр нь уначихсан ба жорлон барьсан блокуудыг нь түлхэж нураагаад ахиж жорлонгоо барьчихаж магадгүй гэж бодоод блокуудыг нь жорлонгийн нүх рүү нь хийсэн. ...Уг жорлонг барьсан газар нь манай эгчийн байшингийн үүдэнд хүүхдүүд тоглох хэсэг дээр барьсанд дургүйцээд уг жорлонг нураасан. ...Би уг жорлонг ганцаараа нураасан. ...Би бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулж, эд зүйлийн үнэлгээн дээр гарсан хөлс дээр, жорлонгийн нүх ухуулсан экскаваторын хөлсийг нэмээд нийт 2.040.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн...” гэж /хх-ийн 53 хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 37-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 39-47-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийнн 33-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч  Г.Г нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

  Шүүгдэгч Г.Г-ын, бусдын өмчлөлийн зүйлийг санаатайгаар эвдэн сүйтгэж байгаа нь хууль бус санаатай үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогч Ж.А-д 1,640,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.    

Хохирогчийн Эко жорлонгийн бетонон кольцо-3 ширхэг 840.000 төгрөг, Бетонон жорлонгийн таг- 180.000 төгрөг, Блок-150 ширхэг - 270.000  төгрөг, Жорлон барих ажлын хөлс /Шууд бус хохирол/ - 350.000 төгрөг, нийт дүн 1.640.000 төгрөг болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш /300,000 төгрөгөөс дээш/ хохирол учруулсан” байна.  

Шүүгдэгч Г.Г-гын дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхэд нь халдсан хууль бус үйлдэл гэж үзэх үндэслэлтэй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө хууль бусаар устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүгдэгч Г.Г-гыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Ж.А-д хохирол төлсөн баримт хэрэгт хавсаргаж, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд хүсэлтээ гаргасан байх тул шүүгдэгч Г.Г-д бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун  тавин мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Г.Г нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.   

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.Г-гыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт (“КGBMGL” нүүлгэлтийн компанид жолооч ажилтай)-ийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун  тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Г-гийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун  тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Г.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.УРАНГУА