Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00903

 

...................-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02092 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2035 дугаар магадлалтай,

..............-ны нэхэмжлэлтэй,

...................-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Г, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарт: “М ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Т ш” ХХК болон ............... нарт холбогдох иргэний хэрэгт талууд эвлэрлийн гэрээ байгуулсныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШШ2018/03422 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч нар хуваарийн дагуу төлөх ёстой төлбөрийг төлж чадаагүй тул иргэн ...................-ны өмчлөлийн …...................дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, 62/6 дугаар байр, А5-502 тоот орон сууц /312 м.кв талбайтай/, 5, 6 тоот автомашины зогсоолын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2206012013 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020.01.31-ний өдрийн шинжээч томилох тухай 90 дүгээр тогтоолоор эд хөрөнгийн үнэлгээний шинжээчээр “С э” ХХК-ийг томилсон байна. Шинжээч ...............-ны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2020.2.10-ны өдрийн байдлаар 1,030,000,000 төгрөг гэж үнэлсэн байна. “С э” ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хэзээ хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсгийг зөрчсөн байна. Хөрөнгийн үнэлгээний шинжээчээр “С э” ХХК-ийг томилсон байх бөгөөд үнэлгээчин Г.О-аар хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн нь хууль ёсны шинжээчээр томилогдоогүй этгээд шинжээчээр ажилласан байна. Мөн “С э” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу эрх, үүргийг танилцуулаагүй. Үнэлгээчин Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй хуулийг ноцтой зөрчсөн. Хөрөнгийн үнэлгээний зүйл нь …................... дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, 62/6 дугаар байрны 312 м.кв талбай бүхий А5-502 тоот орон сууц, .................. дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, 62/6 дугаар байрны 5 тоот автомашины зогсоол, ..............дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, 62/6 дугаар байрны 6 тоот автомашины зогсоол буюу 3 бие даасан үл хөдлөх хөрөнгийн шинжийг агуулсан тусдаа эд хөрөнгө болно. Хөрөнгийн үнэлгээний тайланд зөвхөн орон сууцны үнэлгээнд 3 хөрөнгийг хамруулсан нь хөрөнгийн үнэлгээг бодитой хуульд заасны дагуу үнэлгээгүй байна. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Мөн тус үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020.3.31-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/13 дугаар тогтоол гарч шинжээчийн 1,030,000,000 төгрөгийн үнэлгээний 50 хувь болох 515,000,000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2020.4.17-ны өдрийн 10 цаг 00 минутад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байрны 2 давхар 200 тоот өрөөнд зохион байгуулахаар болсон байна. Дуудлага худалдааны талаар нэхэмжлэгч .....................-нд огт мэдэгдээгүй бөгөөд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2020.4.09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахад 1 дэх дуудлага худалдаа явчихсан болон 2 дахь дуудлага худалдааны талаар мэдсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.2.21-ний өдөр иргэний хэрэг үүсгэх тухай 101/Ш32020/04154 дугаар захирамж гарсан, нөгөөтэйгүүр албадан дуудлага худалдаа /анхны/-г явуулах хугацаа, товыг ................-нд мэдэгдээгүй албадан дуудлага худалдаа явуулсан байгаа нь Иргэний хуульд заасан албадан дуудлага худалдаа явуулах журам болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.5 дахь заалтыг зөрчсөн байна. Мөн …... нь үнэлгээний талаар гомдол гаргасан байхад дуудлага худалдаа явуулсан байгаа нь …........ны хуульд заасан эрхийг зөрчсөн. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдаа явуулсан нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8 дахь заалтыг зөрчин төлбөр төлөгчийн эрхийг хязгаарласан байх тул анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020.3.31-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 4/13 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.11.13-ны өдрийн 3422 дугаар захирамжаар “Т ш” ХХК, .................. нараас 950,000,000 төгрөгийг гаргуулж “М фг” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012013 дугаарт бүртгэгдсэн …...................дүүрэг 11 дүгээр хороо 3 хэсэг Зайсангийн тойруу гудамжны 62/6 байрны а5-502, 5, 6 тоот хаягт байршилтай 312 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан .................-ны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилоход 1,030,000,000 төгрөгөөр үнэлсэн. Хөндлөнгийн шинжээчээр “С э” ХХК-ийг томилж итгэмжлэгдсэн төлөөлөгч, үнэлгээчин Г.О-т Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг танилцуулснаар эд хөрөнгөнд үнэлгээ хийж 2020.02.10-ны өдөр эд хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн. Мөн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар эд хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох “Т ш” ХХК, үүсгэн байгуулагч Б.Т-нд 2020.02.10-ны өдөр биечлэн, төлбөр төлөгч, өмчлөгч ..........-нд 2020.02.11-ний өдөр биечлэн тус тус танилцуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон үнэ 1,030,000,000 төгрөгийн 70 хувь болох 721,000,000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2020.3.20-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулагдах албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн 2020.03.03-ны өдрийн 3/17 тоот тогтоол, 2020.3.10-ны өдрийн 4/7863 тоот, 4/7862 тоот, 4/7861 тоот, 4/7860 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч “Т ш” ХХК, …............нарт шуудангаар илгээсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар …..........-ны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь болох 515,000,000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон 2020.4.17-ны өдөр тус газраас зохион байгуулагдах 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн 2020.03.31-ний өдрийн 4/13 дугаар тогтоол, 2020.4.08-ны өдрийн 4/11925, 4/11926 тоот мэдэгдлийг “Т ш” ХХК-ийн улсын бүртгэлийн хаяг руу шуудангаар илгээж, төлбөр төлөгч …...........-нд биечлэн мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т зааснаар “гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шүүгч түдгэлзүүлнэ” гэж заасан байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдоогүй тул 2 дахь албадан дуудлага худалдааг 2020.3.31-ний өдрийн 4/13 дугаар тогтоолоор зохион байгуулсан нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02092 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т тус тус зааснаар, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоолгох, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай” 4/13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай............... .-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч ….............-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2035 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02092 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...............-н хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.28-ны өдрийн 2035 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсэгт “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.” гэснийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. 2020.06.02-ны өдрөөс 2020.06.29-ний өдрийг хүртэл хугацаанд Улсын Их Хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч ..............гишүүний хуульч, өмгөөлөгчөөр ............ ажиллахаар болсон. Улсын Их Хурлын гишүүн ............. нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихдээ 17 дугаар тойрог буюу Хөвсгөл аймгаас нэр дэвшиж Улсын Их Хурлын сонгуульд оролцсон. Тодруулбал, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч ............ гишүүний хуульч, өмгөөлөгчөөр ажиллахдаа Хөвсгөл аймагт өөрийн биеэр оролцсон болно. Монгол Улсын дээд шүүхийн 2002.07.24-ний өдрийн 263 дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах  тухай” тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь хэсэгт заасан “...шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэдэгт: шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдсэн ч хүрэлцэн ирэх боломжтой хугацааг харгалзалгүй, шүүх хуралдаанд ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантайг мэдэгдсээр байхад шүүх хуралдааныг хойшлуулах асуудлыг авч хэлэлцээгүй зэрэг тохиолдол хамаарна” гэж тайлбарласан байдаг. Шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт болон Улсын Их Хурлын гишүүн .............-ын 2020.05.28-ны өдрийн 4169 дүгээр албан бичгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд хүргүүлсэн байхад шүүх хүлээж авалгүй өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх нь “Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн хуульч, өмгөөлөгчөөр оролцож буй нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж дүгнэсэн. Бидний зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан. Шүүх хуралдааны товыг 2020.05.29-ний өдөр талуудад мэдэгдэж 2020.06.08-ны өдөр товлогдсон бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн даруйдаа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өгсөн. Гэтэл шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх хурал болсон өдөр  авч  хэлэлцсэн бөгөөд бидэнд хариу өгөхгүй байж шүүх хуралдаан болсон өдөр шийдвэрлэж байгаа нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжит хугацааг харгалзалгүй хянан шийдвэрлэсэн юм. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх”, 25.1.5-д заасан  “шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих” зэрэг эрхүүдийг эдлээгүй буюу энэ эрхээ эдлэх бололцоогоор анхан шатны шүүх хангаагүйгээр хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг эдлэх боломжоор хангаагүй бөгөөд хуульд заасан мэтгэлцэх зарчмыг баримтлаагүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................-аас “...Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь хэсгийг зөрчсөн, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд хүргүүлсэн байхад хүлээж авалгүй, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх хурал болсон өдөр шийдвэрлэсэн нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжит хугацааг харгалзан үзээгүй, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхээ эдлэх боломжийг олгоогүй, мэтгэлцэх зарчмыг баримтлаагүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан...” гэсэн утгатай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой адил агуулгаар хяналтын журмаар гомдол гаргажээ.

Энэ талаар давж заалдах шатны шүүхээс “...анхан шатны шүүх хуралдааны товыг /боломжит хугацаанд/ талуудад мэдэгдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсгийг зөрчөөгүй, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн хуульч, өмгөөлөгчөөр оролцож буй нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан биш, хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцох эрх, үүргээ хэрэгжүүлээгүйд анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй, хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

            Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.                                        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02092 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2035 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                Х.СОНИНБАЯР

                                                                                                  Б.УНДРАХ

                                                                                                Д.ЦОЛМОН