| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1038/Э |
| Дугаар | 912 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 912
2019 9 12 2019/ДШМ/912
О.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гантулгабат,
шүүгдэгч О.М,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1083 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Мгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1806098211335 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
........... М, 1995 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;
О.М нь 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Нарантуул” Олон улсын худалдааны төвд иргэн Д.Бын 680.000 төгрөгөөр зарж байсан годон гутлыг “худалдаж авъя, төлбөрийг нь мобайл банкаар данс руу чинь шилжүүлье” хэмээн хуурч 6800 төгрөг шилжүүлж залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ..... Мг бусдын эд хөрөнгийг хуурч залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 25 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, О.Мгээс хураан авсан цэнхэр өнгийн автобусны карт, хар өнгийн зөөврийн цэнэглэгч, цэнхэр ууттай хуурай салфетька, цагаан өнгийн чихэвч, цагаан өнгийн цэнэглэгч, “Samsung S6” загварын гар утас, улаан болон хар өнгийн үдээс тус бүр нэг ширхэг, 20000-тын мөнгөн дэвсгэрт 6 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Мгээс 373.200 төгрөгийг гаргуулж Д.Бт олгож, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгүүлсэн. Анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогч Д.Бт хохирол болох 380.000 төгрөгийг төлж барагдуулсан. Би хохирлоо төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...О.Мгийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.М нь 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” Олон улсын худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэн Д.Бын 680.000 төгрөгөөр зарж байсан годон гутлыг “худалдаж авъя, төлбөрийг нь мобайл банкаар данс руу чинь шилжүүлье” гээд 6800 төгрөг шилжүүлэн хуурч залилан авсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
хохирогч Д.Бын “...680.000 төгрөгийн үнэ бүхий годон гутал зарсан бөгөөд худалдаж авсан залуу “680.000 төгрөгөө мобайл банкаар шилжүүлье” гэж хэлээд миний Хаан банкны данс руу шилжүүлсэн гэж надад хэлсэн. ...АТМ орж шалгах гэтэл өөдөөс нар гялбаад байсан. Тэр залуугаас “мөнгө чинь миний данс руу орсон байна уу” гэхэд“орсон байна” гэхээр нь итгээд яваад өгсөн, ...орой нь гэртээ очоод гар утсанд ирсэн мессежээ шалгатал 5279090376 гэх данснаас 6800 төгрөг шилжүүлсэн байсан. ...” /хх 11-12/,
О.Мгийн яллагдагчаар өгсөн “...Би годон гутал сонирхож байгаад 680.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод гутал зарж байсан ахын данс руу 6800 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. ...” /хх19-20/ гэх мэдүүлгүүд,
хохирогч Д.Б болон шүүгдэгч О.М нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 6, 31-37/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч О.М нь дансандаа 10.664 төгрөгтэй байж 680.000 төгрөгийн үнэтэй гутлыг “худалдаж авъя, төлбөрийг нь мобайл банкаар данс руу чинь шилжүүлье” гэж хуурч, 6800 төгрөг шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Мг бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч О.М нь “...анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогч Д.Бт хохирол болох 380.000 төгрөгийг төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.
Шүүгдэгч О.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтуудад зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Давж заалдах шатны шүүхээс хохирогч Д.Бт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр “...хохирол төлөгдсөн гэдгээ илэрхийлсэн. ...” байна. /хх 100/
Иймд шүүгдэгч О.Мгийн гаргасан “... ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1083 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Мг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч О.Мг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...шүүгдэгч О.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох”, 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй. ...” гэсэн,
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг О.Мд мэдэгдсүгэй. ...” гэсэн тус тус нэмэлт заалтуудыг оруулсугай.
4. Шүүгдэгч О.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
5. Шүүгдэгч О.М 92 /ерэн хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг, хохирогч Д.Бт 373.200 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН