| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2022/0181/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/177 |
| Огноо | 2022-11-18 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,
Шүүгдэгч Т.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А-д холбогдох эрүүгийн 2213002410197 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин оршин суудаг, ам бүл 4, ээж, ах нарын хамт амьдардаг, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх, мөн шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Молхы овогт Т-ийн А-, регистрийн дугаар: БГ...............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг Хатуу гэх газраас 2022 оны 8 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдийн хооронд хохирогч Х.Ж-ын 1 тооны адууг хулгайлж, 2.5000.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай” гэв.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.
3. Шүүгдэгч Т.А- мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2213002410197 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд, улсын яллагчаас:
4. Иргэн Х.Б-аас 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05-11 дэх тал/,
6. Эд зүйл /адуу, эмээл, хазаар/-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-15, 22-24 дэх тал/,
7. Адууг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/,
8. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
9. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 25 дахь тал/,
10. Хохирогч Х.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 35 дахь тал/,
11. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/,
12. Гэрч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дахь тал/,
13. Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн БӨА-22- 0267 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 62-65 дахь тал/,
14. Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-нь өдрийн 2022/4795 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 82-84 дэх тал/,
15. Шүүгдэгч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дахь тал/ зэргийг,
16. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс: Хохирогч Х.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 35 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
17. Шүүгдэгч Т.А-оос нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
18. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
19. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.А-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
20. Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг Хатуу гэх газраас 2022 оны 8 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдийн хооронд хохирогч Х.Ж-ын 1 тооны адууг хулгайлж, 2.5000.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Үүнд:
21. Иргэн Х.Б-аас 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
22. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05-11 дэх тал/,
23. Эд зүйл /адуу, эмээл, хазаар/-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-15, 22-24 дэх тал/,
24. Адууг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/,
25. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
26. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 25 дахь тал/,
27. Хохирогч Х.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр миний бие өөрийн биеэр адуун сүргээ Бугат сумын 1 дүгээр багийн нутаг Хатуу гэх газарт бэлчиж байх үеэр очиж эргэж тойрсон. Тухайн үед манай адуун сүрэг бүгд байсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дахиад тус газарт очиж адуун сүргээ эргэх үед хурдан удмын хар зүсмийн цагаан шийртэй 1 тооны адуу байхгүй байсан тул хэн нэгэн унаад явсан болов уу гэж бодоод мөрөөр нь хайж үзэхэд Бугат сумын Хатуу гэх газарт байдаг өвөлжөөнд манай хар зүсмийн адууг хашиж байгаад аваад явсан байсан. Тухайн өдрөөс хойш 3 өдрийн турш хайсан боловч олоогүй учир эхнэр болох Х.Б- руу хүү Ж.Ж-аар яриулж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний алдагдсан гэх адуу нь баруун талын чихэнд ухмал имтэй, зүүн талын гуянд 5 гэх тооны тамгатай, хар зүсмийн цагаан өнгийн шийртэй хурдан удмын адуу байсан. Би өөрийн алдсан хурдан удмын адуугаа 10.000.000 сая төгрөгөөр үнэлж байна. ...миний хулгайлагдсан хар зүсмийн адууг 4 хоногийн дараа 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр цагдаа нар иргэн Т.А- хулгайлсан байна гэж хэлээд Т.А-ын хамт надад бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Уг хар зүсмийн адуу одоо Бугат сумын 1 дүгээр багийн нутаг Хатуу гэх газарт миний өөрийн адуун сүрэг дотор бэлчиж байгаа. Би тухайн үед адуугаа алдаад 3-4 хоног Бугат сумын нутаг дэвсгэрээр хайсан бөгөөд тухайн үед нааш, цааш мотоцикл болон машинаар хайж явсан бөгөөд 100 орчим литр бензин гарсан. Тухайн үед баримтуудыг аваагүй бөгөөд надад байхгүй, хэрэг болно гэж бодоогүй. ...Миний бие Т.А-д гомдолтой байна. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 35 дахь тал/,
28. Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүү Ж.Ж- над руу залгаад манай адуун дундаас хар өнгөтэй, цагаан өнгийн шийртэй хурдан удмын 14 настай, их насны 1 тооны адуу хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Би тэр дор нь шууд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Манай их насны хурдан удмын тус адуу нь 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр бэлчээрт адуун сүрэг дотроо байсныг хүүхдүүд хэлж байсан. Манай нөхөр Х.Ж- нь 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн өглөөнөөс эхлэн тус адууг хайж явж байсан. Тус адуу манай адуун сүргийн унага байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/,
29. Гэрч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.А-д эмээл байдаг, би тус эмээлийг мэднэ. Тэрээр мал их хариулдаг байгаад олон жил болж байгаа хуучин цэрэг эмээлтэй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дахь тал/,
30. Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн БӨА-22-0267 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 62-65 дахь тал/,
31. Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/4795 дугаартай “Дээр дурдагдсан нас бие гүйцсэн адууны нийт бодит үнэ цэнийг 2022 оны 8 дугаар сарын байдлаар 2500.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 82-84 дэх тал/,
32. Шүүгдэгч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2022 оны 08 дугаар сарын 15-аас 17-ны өдрүүдийн хооронд байсан байх, өдөр хоногийг одоо сайн санахгүй байна. Орой 17 цагийн орчимд “Хатуу” гэх газарт байдаг өөрийн өвөлжөөнд байдаг хадлангийн жижиг талбайд очсон бөгөөд тухайн газрыг эргэж тойрч байх үед манай өвөлжөөний хажууд Х.Ж-ын 7 тооны адуу байсан. Уг адуунуудыг ойролцоо байдаг А- /Акү/ гэх хүний өвөлжөө рүү тууж тухайн өвөлжөөний хашаа руу оруулж адуун дотроос хар зүсмийн нас гүйцсэн адууг барьж аваад тухайн адууг унаад “Хатуу” гэх газар Д.Т-ийн өвөлжөөнд шөнө очиж хоносон юм. Тэр үед Д.Т-и тухайн өвөлжөөнд байсан бөгөөд бид хоёр өглөө нь босоод Д.Т-и нэг морьтой, би хулгайлж авсан X Жупарын хар зүсмийн адууг унаад Бугат сумын 4 дүгээр багийн нутаг Шар нуур гэх газарт очиж Д.Г- гэх хүний өвсийг ачилцаж өгөөд буцаад тухайн хулгайлж авсан адууг адуун сүрэгт нь нийлүүлж өгье гээд явж байх замд 16 цаг өнгөрч байх үед Х.Ж-, түүний хүүхэд гэх хүмүүс бид нарыг барьж аваад зогсож байх үед аймгаас цагдаа нар ирж, тухайн хоёр адууг X.Жупарын хүүхэд мотоциклоор хөөгөөд явсан ба Д.Т-и бид хоёр цагдаа нартай хамт явсан юм. Тухайн үед Х.Ж-т хэлээд авъя гэж бодсон ч түүний гэр хол байдаг болохоор хэлэлгүй тухайн адууг хулгайлсан юм. ...тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
33.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
34.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Т.А-ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
35. Шүүгдэгч Т.А- нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатай үйлдэж, бусдад мэдэгдэлгүй хэн нэгэнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан малын эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна.
36. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр анхнаасаа мал хулгайлах зорилгоор хохирогч Х.Ж-ын адуунуудыг А- гэх хүний өвөлжөөний хашаанд оруулан, хар зүсмийн нас гүйцсэн адууг барьж авч хулгайлан, уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байна.
37. Эрүүгийн хуульд зааснаар мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг бөгөөд олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгодог юм.
38. Шүүгдэгч нь 1 бод мал хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзнэ.
39. Иймд шүүгдэгч Т.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
40. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.
41. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ж-т 2500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Т.А- нь уг хулгайлсан адууг хохирогч Х.Ж-т биет байдлаар хүлээлгэж өгсөн болох нь адууг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/-ээр тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
42. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Ж- нь морио эрж хайхад гарсан зардал байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
43. Улсын яллагчаас шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах дүгнэлтийг,
44. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-ээс “шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.
45. Шүүгдэгч Т.А- нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
46. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
47. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
48. Шүүгдэгч Т.А- урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоол, мөн тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна.
49. Шүүгдэгч Т.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүх хуралдаанд улсын яллагчийн санал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
50. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Т.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
51. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Тилеубердиэс “шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь, шүүгдэгч Т.А- урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан байдлыг харгалзан үзлээ.
52. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн элэгдэж хуучирсан эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, саран бугуйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
53. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт тусгаарласан болон нэгтгэсэн хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
54. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Т.А-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Молхы овогт Т-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ыг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан 8 /найм/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт тусгаарласан болон нэгтгэсэн хэрэг байхгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Ж- нь морио эрж хайхад гарсан зардал байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн элэгдэж хуучирсан эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, саран бугуйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-т даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Т.А-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК