Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 138/ШШ2019/00131

 

 

 

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 138/ШШ2019/00131

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг *******ын ******* тоотод оршин суух, ажилгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 6-р баг -гийн 30-5 тоотод оршин суух, ажил ХХКомпанид операторчин, ЖБ801*******271 регистрийн дугаартай, овогт ийн ид холбогдох,

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Т., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр болох той 2006 онд танилцаж гэрлэлтээ 2007 онд батлуулж гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаандаа бид хоёр дундаасаа 2007 оны 7 сарын 12-ны өдөр хүү Мөнхбат, 2011 оны 01 сарын 15-нд охин Мөнгөншагай нарыг төрүүлсэн. Нөхөр нь байнга архи хэрэглэдэг, архи уулаа амьдралаа мэдсэнгүй гэхээр намайг зодно. Хүүхдүүдээ загнана, айлгаж сүрдүүлнэ, зодно. Хүүгээ сургуулиас нь аваад гэртээ ирэх хоорондоо байнга гүйлгээд хамраас нь цус гоожуулчихсан хөөж ирж байсан. Энэ байдлаас болж би хүүхдийн төлөө төвийн ажилтнаар зөвлөгөө өгүүлж байсан боловч нэмэр болоогүй. Хүү маань ааваасаа айгаад гэрээсээ зугтаадаг, хичээл номондоо сонирхолгүй болж 3-р ангиасаа гарч хөдөө айлын мал хараад байдаг болсон. Хүүгээ сургуульд суулгах гэж хүүхдийн төлөө төвийн хүмүүстэй хамт очоод дийлээгүй. нь архи уухаас гадна мөрийтэй тоглож гэрийн эд хогшлоо зардаг байсан. Эцэст нь дөрвөн ханатай гэрээ мөрийтэй тоглоомын өрөнд өгөөд бид нар гэр оронгүй гурван жил ах дүү, найз нөхдөөрөө явж байна. Байнга түрээсийн байранд амьдарч байгаа. нь үр хүүхдүүдээ анхаарч, хайхрахгүй, ямарч тусламж дэмжлэг үзүүлдэггүй, цалингаа өөртөө зарцуулдаг. Бид нар тусдаа амьдраад нэг жил болж байна. Энэ хугацаанд үр хүүхдээ харж хандаагүй, ганцаараа амиа бодоод явсан. Хүү маань надтай байна гэдэг. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Т. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тэй 2007 онд гэр бүл болсон. Хамт амьдарч байх хугацаандаа хоёр хүүхэдтэй болсон. Би 2006 оноос хойш хөдөө ажиллаж байгаа. Би гэр бүл, үр хүүхдээ зодож дарамталж байгаагүй, ******* худлаа хэлж байна. Өөрөө намайг хөдөө ажилд явсан хооронд өөр хүнтэй хамт амьдарч байсан. Архи ууж намайг элдвээр хэлдэг. Би 2006 онд ажил хийж байгаад гэр авсан. Тэр гэрийг ******* аавынхаа пингээр солиод дараа нь пингээ аав нь авчихсан. Би мөрийтэй тоглодоггүй, архи хаяа уудаг. Намайг 2018 оны 5 сард ажлаасаа буугаад иртэл өөр хүнтэй амьдарч байсан учир арга буюу би салсан. ******* нь удаа дараа намайг ална, хядна гэдэг байсан. Одоо нөгөө хүнтэйгээ цуг амьдарч байгаа. Би салах сонирхол байгаагүй амьдрахын төлөө зүтгэдэг байсан. Ийм хүнд хүүхдүүдээ өгөх сонирхолгүй байсан. Хүүхдүүдээ нэг нэгээр нь авах хүсэлтэй байсан ч хүү маань ээжтэйгээ байна гэсэн. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдийнхээ тэтгэлэгийг энэ хүнд өгмөөргүй байна. Харин дансанд хийлгэх хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.******* нь Т.оос гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авна, тэтгэлэг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Харин хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байдаг учраас маргалдах зүйл алга. Нэхэмжлэгч Э.*******гийн хувьд мал нядалгааны газарт мөнгө олж болох янз бүрийн ажил хийдэг гэдгийг Т. баталж байна. Т. нь хүүхдүүдээ ямар нэгэн анхаарал халамж болон эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлдэггүй байсан. Тийм учраас гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэгийг заавал тогтоох нь зүйтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Т.ид холбогдуулан Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа болно.

Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Т. нар нь 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2007 оны 11 дүгээр сарын 27ий өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 563 дугаарт бүртгэсэн байна. 

Гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа 2007 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүү Н.Мөнхбат, 2011 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр охин Х.Мөнгөншагнай нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төрсний болон гэрлэгчдийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа таарамжгүй харьцааны улмаас байнга хэрүүл маргаан үүсдэг байсан учир 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандан эвлрүүлэх ажиллагаа хийсэн боловч эвлрээгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлийг шүүхэд ирүүлсэн байх тул гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Т. нь Эхнэр ******* нь бусадтай хамт амьдарч байгаа учир хүү Н.Мөнхбатыг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна гэж хүүхдийн асрамжийн асуудлаар маргаан үүсгэсэн бөгөөд нэхэмжлэгч Э.******* нь Хүү Н.Мөнхбатын саналыг асуулгах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж хүү Н.Мөнхбатыг хуульд заасан журмын дагуу саналыг авахад Н.Мөнхбат нь эх Э.*******н хамт амьдрах саналтай гэсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Эцэг, эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахаас гадна хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэг эцэг, эхийн үүргийг хэвээр үлдээж байгаа бөгөөд 2007 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүү Н.Мөнхбат, 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр охин Х.Мөнгөншагай нарыг эх Э.*******н асрамжинд үлдээж, эцэг Т.оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд энэхүү эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан хүмүүст ч мөн адил хамааралтай юм. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулснаар эхнэр, нөхөр байхаа болих боловч эцэг, эх хэвээр үлддэг учир эцэг, эх байх эрхийг нь хуульд зааснаар хасаагүй тохиолдолд тэдгээрийн эрх, үүрэг хязгаарлагдахгүй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу нэхэмжлэгч Э.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангаж буй тохиолдолд хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна. Иймд хариуцагч Т.оос улсын тэмдэгтийн хураамжинд 170006 төгрөг гаргуулан улсын орлого болохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар овогт ийн , ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Н.Мөнхбат, 2011 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Х.Мөнгөншагнай нарыг эх Э.*******н асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар охин Х.Мөнгөншагайг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар хүү Н.Мөнхбат, охин Х.Мөнгөншагнай нарыг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.оос сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Э.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Т.оос 170006 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Уранболорт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА