Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/120

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо,

Улсын яллагч О.Батнасан,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О, түүний өмгөөлөгч Л.Отгондорж, Ц.Сайнбат,

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, М.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                         

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ж-ийн Б-д холбогдох 2228000780081 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.            

Биеийн байцаалт: Т овогт Ж-ийн Б нь 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум, 3 дугаар баг, Зараа гэх газарт оршин суух хаягтай, регистрийн дугаар КМ83072013,              

Холбогдсон гэмт хэрэг:

Шүүгдэгч Ж.Б нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Цохион хад” гэх газарт 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед 96-03 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “Вепрь” загварын галт зэвсэгтэй харьцах явцдаа санамсаргүйгээр нэг удаа буудлага үйлдэж, уг бууны сум нь иргэн М.О-ын нүүрэн тус газарт тусаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.Б-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 08 цагт манай найз Оч над руу хойно “Цохион чулуу” гэх газарт чононд чи явах уу, цуг явах уу гэж над руу утсаар ярьсан. Би татгалзаагүй миний машинаар явъя гэж эхэлж хэлсэн. Миний машин дээрээ лүктэй, “Subaru Porster SS-5” гэх машин байдаг. Миний машин дээрээ лүктэй буудахад амар юм уу миний машинаар явъя гэхэд Оч түүний эхнэр У хоёр зөвшөөрөөгүй. Тэгээд Оч-ын машинаар явсан. Өглөө 08 цагийн үед хөдөлж 10 цагийн үед Оч-ын хадам дүү Бо-ын гэрээс 3 сумтай буу авч Ж.Бг хойно Цохион чулууны ард байна гэхээр нь араас нь давхиж очсон. Мөр хөөгөөд чоно эрж олохгүй явж байгаад үдээс хойш 3, 4 цагийн үед бид 3 урагшаа тал руу гарч явахад урдуур 3 гөрөөс гүйж би бууж дурандах гэж машинаас буусан. Дурандаад босоход гэнэт араас төмрөөр цохих шиг болсон. Тэгээд би эргэлдээд газар дээр унасан, амаар дүүрэн цус залгигдаж ходоод дүүрч цусаа ууж барахаа байсан. Машины буруу талын суудал дээр суулгаж бээлийгээр шанааны задарсан хэсэг дээр дарж аймгийн эмнэлэг рүү давхисан. Эмнэлгийн үүдэнд очоод цусаар бөөлжиж ухаан алдсан. Эмнэлэг яаралтай тусламж үзүүлж 13-ны шөнөдөө Улаанбаатар хот руу цэргийн эмнэлэг орж нөхөн сэргээх эмчилгээ авсан. 02 дугаар сарын 20-ны өдөр хагалгаанд орж нүүрний төрх байдлыг засуулсан. Дотор нь бутарсан яс, төмрийн хэлтэрхий зэргийг авахуулсан. Зарим төмрийн хэлтэрхий, ясны үртсийг нь авч чадаагүй, авах боломжгүй гэж хэлсэн. Тойруулаад импланд төмрөөр эвлүүлж хадсан. 1 сар гаруй эмнэлэгт хэвтсэн. 03 дугаар сарын 02-ны өдөр Б 6,000,000 төгрөг авч ирж тохиролцохоор ирсэн боловч тохиролцож чадаагүй. Хүн сэтгэл санаагаар маш их хямардаг юм билээ, сэтгэлээр маш их хямарсан. Э.Б тухайн үед би ялаа үүрнэ, хохирлыг чинь төлж чадахгүй гэж хэлж байсан. Оч, Ж.Б-гийн дүү 2 над руу утсаар залгаж та ямар хүн чанаргүй хүн бэ гэж хэлж байсан. Түүнээс хойш холбоо тасарсан. Миний биеийг яаж байна гэж нэг ч удаа асууж яриагүй. Миний сэтгэл санаа маш их хямарсан. Эмчилгээний зардал шилжүүлэх гэж удсан. Би ямар гэм хийсэн биш, олон хүнд зээл тавьсан. 09 дүгээр сард шүүх хурал болохын өмнө 2,000,000 төгрөг шилжүүлснийг нь бяцхан заль гаргаж байна гэж би бодож байгаа. Хойшид гарах эмчилгээний зардал маш их эмчилгээ хийлгэх хугацаа маш удаан, би ажил хиймээр байгаа боловч эмч 2 жил ажил хөдөлмөр эрхэлж болохгүй гэж хэлсэн. Шүд 5 миллиметр зөрсөн зуулт алдагдсан. Шүд суурь ястайгаа хамт гарч ирсэн байсан учраас хадахаар гадагш нь тэлүүлж хадаж зуулт алдагдаж хоол идэх боломжгүй болсон. Энэ нэгдүгээр гол хагалгаа байгаа. Ирээдүйд хийгдэх хагалгаа нь байгаа. Хоёрдугаар хагалгаа нь мэдрэл сэргээх хагалгаа байгаа. Нүүрний хэлбэр алдагдсан уруул дээшээ сөхөгдөхөө байсан. Гурвалсан мэдрэлийн голын мэдрэл тасарсан. Монголд өмнө нь хийгдэж байгаагүй эмчилгээ байгаа. Гадаад явъя гэж гадаад эмнэлэг рүү судалгаа хийсэн боловч төлбөр мөнгө маш их байсан учраас боломжгүй байсан. Эмч надад нулимсны суваг залгуулах, зовхи өргөх хагалгаануудаа хийлгэж бай гэж зөвлөсний дагуу 3 хоногийн өмнө энэ хагалгааг хийлгэсэн. Мэдрэл холбох мэс заслыг гуяны дотор талын булчингаас авч нөхөн хагалгаа байгаа. Монгол анх удаа хийгдэх учраас цэргийн эмнэлэгт комиссын хурлаар орсон. Энэ хагалгаа нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамаарахгүй шинэ эмчилгээ гэж хэлсэн. Энэ хагалгаа амжилттай болбол надад маш хэрэгтэй хагалгаа байгаа. Булчин нүүрэндээ зохицох уу, үгүй юу, судасны хана нь таарах эсэх нь асуудалтай байгаа боловч анх байснаасаа 96-97 хувь эмчлүүлэхээр зүтгэж байна. Өнөөдрийн байдлаар эмчилгээний зардлаас гадна 97,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Ой санамж муу болсон, аливаа зүйлийг мартдаг болсон, байнга толгой өвдөж, нүдний хараа муудаж бүрэлзэж байгаа, чих байнга шуугьдаг болсон. Хохирол төлбөрийг барагдуулах арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна гэв.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн үед намайг гэртээ байх үед найз Оч залгаад Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 90 километр зайд байрлах “Цохион чулуу” гэх газрын орчимд 3 чоно харсан. Тэнд очиж үргээлэг хийе, хамт явъя гэж ярьсан. Тэгэхээр нь би зөвшөөрөхөд удалгүй эхнэр Утай хамт манайд ирсэн. Би тэр хоёрт миний машинаар явъя гэхэд бензин их иднэ гээд өөрсдийнхөө машинтай явъя гэж хэлсэн. Ойролцоогоор 2 цаг орчим яваад Оч-ын хадам дүү Б нар Богийнд очиж бууг нь аваад цааш 20 километр орчим газарт байгаа чоно үргээхээр явж байсан 10 гаруй хүмүүс дээр очсон. Тэнд Оч-ын хүргэн Га төрсөн дүү Б нар мотоциклтой очсон байсан. Бусад хүмүүсийг танихгүй. Тэр хавийн малчин айлын хүмүүс байсан. Тэнд бөөнөөрөө зөвлөлдөж, хэрхэн үргээлэг хийх талаар зөвлөлдөөд 30 минут орчим болоод отолт хийх газар руу буутай хүмүүс явж, үргээлэг хийх хүмүүс уул руу тус тус хуваагдаж хөдөлсөн. Тухайн үед Богийн буу миний машинд байна гэж Оч дүү Б-д хэлээд миний машинд суу гэж хэлсэн. Тэндээс Оч, Б бид гурав зүүн хяр луу гарч цаг гаруй отолт хийсэн. Чоно гарч ирэхгүй байсан болохоор буцаж анх бөөндөө зөвлөлдөж байсан газар руу очсон. Гэтэл чоно баруун хяр луу гарсан байсан. Тэндээс баруун хяр луу мөр мөшгөцгөөсөн. Түүнээс хойш 2 цаг орчмын дараа бид гурав баруун хярд чонын мөр хөөж хяр даваад талаар явж байхад урдуур 3 ширхэг хар сүүлт машины өмнүүр зүүн зүгт давхиж байсан. Хар сүүлтийг хараад бид зогссон. Тухайн үед би машины баруун урд талаас бууж газар суугаад тэр 3 хар сүүлтийг дурандсан. Тэгээд буцаж босоход Б буудсан. Би тухайн үед хүчтэй доргилт авч нүд харанхуйлаад ухаан балартаж ухаан санаа орж гарч эхэлсэн. Нэг мэдэхэд Оч миний нүүрнээс цус гарсан хэсэгт бээлийгээрээ дарж байсан. Тэндээсээ шууд машинд суулгаж аймгийн эмнэлэгт хүргэсэн. 2 цаг орчим явсан байх. Цус гараад ам руу ороод, ходоодоо дүүртэл цус залгисан байсан. 6 цагийн үед байх эмнэлгийн гадна хаалгаар ороод ухаан алдсан. Нэг сэрэхэд эмнэлгийнхэн хагалгаа  хийж, цус тогтоох, хацар оёсон. Ойролцоогоор 22 цагийн үед Улаанбаатар хот руу яаралтайгаар гарч 04-05 цагийн үед Цэргийн төв эмнэлэгт ирж хэвтсэн. Би Цэргийн төв эмнэлэгт ирээд 13 хоног хаван бууруулах дархлаа дэмжих, тамир тэнхээ оруулах эмчилгээ хийлгэсэн. Энэ нь мэс засал хийх урьдчилсан бэлтгэл ажил байсан. Учир нь шууд мэс засал хийх гэхээр миний бие дийлэхээргүй байсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагт нөхөн сэргээх, хацрын ясны бутарсан хэсгийг эвлүүлж нийлүүлэх, хадах, эрүүний босоо түүшийн 3 хэсэг хуваагдсан ясыг хадах, дээд эрүүний 6 араа суурь ястай бутарсан байсныг дээш нь барьж, төмрөөр холбож хадсан. Мөн нүдний ухархайн босоо хэвтээ яс хугарсан байсныг хадсан. Доод зовхи доош унжсан байсныг дээш татаж оёсон байсныг дээш татаж оёсон. Одоо зөөлөн эдийн нөхөн сэргээх мэс засал хийнэ, үүнд гуянаас арьс мах авч хийнэ гэсэн, нүдний нулимсны суваг залгах мэс засал, шүлсний булчирхай задарсан тул түүнийг мэс заслын аргаар авна, мэдрэлийн судас залгах, мөн анхны завсарт шигдэж орсон сумны хэлтэрхий, ясны хэлтэрхийг түүж авах зэрэг хагалгаа эмчилгээг хийхээр төлөвлөж байгаа. Эдгээр хагалгаа, эмчилгээг 6-8 сарын дараа хийнэ гэж хэлсэн. Миний биеийн байдал одоо тааруухан байгаа. Шинжилгээ өгөөд цусны ерөнхий шинжилгээгээр ерөнхий үзүүлэлтүүд хэвийн хэмжээнээс өндөр гарсан, мөн цус маш их залгиснаас болж ходоод хямарч, элэг маш ихээр үрэвссэн байсан. Энэ нь мөн давхар цус их алдсанаас болсон. Баруун нүдний хараа 40% алдагдсан. Цаашид энэ чигээрээ тогтох эсэх нь эргэлзээтэй байгаа. Үүнд шил тааруулах боломжгүй гэж хэлсэн. Баруун талын дээд доод эрүү зөрүүтэй байгаа. Цаашид энэ чигээрээ тогтоно гэж хэлсэн. Дархлаа маш сул байгаа учраас цаашид үрэвсэл өгөх, халдвар авах эрсдэл маш өндөр байгаа. Нүүрний хаванг буулгах эмчилгээ хийлгэж байгаа болохоор бие маань олигтой сайжрахгүй байна. Дархлаа муу байгаагаас болж гэмтэл, өвчлөлийн эдгэрэл дагаад муу байна. Одоо Дорнодод байдаг бариачид толгойгоо бариулах шаардлагатай байгаа. Миний хөдөлмөрийн чадвар 2 жилийн хугацаагаар алдагдсан, эмч багадаа 2 жилийн хугацаа эмчилгээ хийгдэнэ, ажил хийж болохгүй гэж хэлсэн. Энэ хугацаанд нүүрний нөхөн төлжилт, эрсдэл, эдгэрлээс хамаарч дээрх хугацаа цаашлах өндөр магадлалтай гэж хэлсэн. Энэ талаар эмч миний өвчний түүх дээр тэмдэглэж бичсэн байгаа. Би эмчилгээ, асаргааны болон олох байсан орлогыг нэхэмжилнэ. Учир нь манайх ам бүл наймуулаа, эхнэр ажилгүй хүүхдүүдээ хардаг, манай өрхийн орлого зөвхөн миний орлогоор хэмжигддэг. Тийм болохоор миний хувьд эрүүл байхдаа олдог байсан орлогоор гэр бүлээ тэжээх, банкны зээлээ төлөх шаардлагатай болж байгаа юм. Б надад буудлаа шүү гэж анхааруулаагүй. ...Оч машин дотроо жолооны ард сууж байсан. Оч, Б бид гурав л байсан өөр хүн байгаагүй. Бид нар бүгдээрээ архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Бид хоёрын дунд ямар нэгэн байдлаар муудалцаж байсан асуудал байхгүй. Миний биеийн байдал муу байна. Цаашид маш их эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Хохирол төлбөрөө л гаргуулж авмаар байна. Б надад эмчилгээний зардалд 12 сая орчим төгрөгийн зардал төлсөн байх гэж бодож байна. Эмчилгээнд гарсан зардлуудын баримтууд нь байгаа. Би Б-гаас ажилгүй байх 2 жилийн хугацаанд олох ёстой орлого, асаргаа эмчилгээний зардал, намайг Улаанбаатараас явж болохгүй эмчийн хяналтад бай гэсэн учраас гэр бүлээрээ Улаанбаатарт ирэх шаардлагатай болсон тийм учраас түрээсийн байрны мөнгө гэх мэт зардлуудыг нэхэмжилж байна. Цалингийн орлого 2 жилд 50,000,000 төгрөг, цалингаас гадуурх орлого 2 жилийн хугацаанд 36,000,000 төгрөг, асаргааны зардал 2 жилийн хугацаанд 7,200.000 төгрөг гээд 93,200,000 төгрөг болж байгаа юм. Би анх бодохдоо цонхоор буудчихлаа гэж бодсон юм. Сүүлд санахад би машины хаалга хаагаагүй санагдаж байна тэгэхээр Б миний араас машинаас буух гэж байгаад  буу алдсан гэж ойлгож байна. Б буу алдсаны улмаас би суманд оногдож хүнд гэмтсэн... Би 2 удаа мэс заслын хагалгаанд орсон одоогийн байдлаар эм уугаад нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд явж байна. Биеийн байдал харьцангуй гайгүй болж байна. Миний эмчилгээний зардалд одоогийн байдлаар 20 гаруй сая төгрөг гарсан байгаа бөгөөд үүнээс Б 12 сая төгрөг төлөөд байгаад байна. Б миний одоогийн эмчилгээний зардлыг төлөхөөс гадна сэтгэл санааны хохирол болон цаашид гарах зардлуудыг төлнө гэсэн учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогийн байдлаар 8,600,000 төгрөгийн баримт байгаа үүнийг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгнө. Миний бие тэнцвэр алдаж гуйвдаг болсон мөн баруун нүдний доод нулимсны судас тасарсан учраас дээрээс нулимс задгай асгардаг болсон. Мөн хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаад байна. Б миний эмчилгээний зардлыг төлнө гэсэн учраас гомдол санал байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 30-31, 33-34 дэх тал/   

Иргэний нэхэмжлэгч Э.Бо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ж.Б-тай нэг нутгийн нэг усны найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. М.О-тай сүүлд найз нөхөд болсон. Би энэ галт зэвсгийг ашигладаг. Би энэ бууг 2019 онд найз Г-аас худалдаж авч байсан. Би өөрөө 2 жил гаруй ашиглаж байгаа. 2022 оны 02 дугаар сарын 13-ны өглөө гэртээ байхад манай найз Б чононд хамт явах уу гэсэн тэгэхээр нь би явж амжихгүй сургуулийн хүүхэд эхнэр хүргэж өгнө би малаа харна гэж  хэлсэн. Тэгсэн чинь миний найз буугаа хэрэглүүлээч гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгээ ирээд ав гэж хэлсэн. Удаагүй байхад Цогтцэций сумаас Оч, О нар ирж миний бууг аваад явсан. Би тухайн өдөр малаа хариулж явж байгаад гэртээ ирчихээд байж байхад манай төрсөн эгч У залгаад Б буу алдсан юм шиг байна гэж хэлж би сонссон. Би галт зэвсэг эзэмших сургалтад суусан боловч гэрчилгээгээ авч амжаагүй байсан. Миний буу бүртгэлтэй бөгөөд галт зэвсгийн гэрчилгээ байгаа. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэх зүйл байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал/ 

Гэрч Ж.Оч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед байх манай төрсөн дүү Б над руу залгаад “Цохионы хад”-ны араас боохойны мөр оруулчихлаа хоёулаа энэ чононуудыг үргээе гэхээр нь би дүүдээ О бид 2 хамт очлоо гэж хэлээд миний эзэмшлийн “Хонда H10” загварын 96-03 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслээр О бид 2 Цогтцэций сумаас 10 цагийн үед байх гарсан. Дүүтэйгээ утсаар ярьж дуусаад би О руу залгаад хойно Цогт-Овоод анд гарч байна хоёулаа хамт явах уу гэсэн чинь тэгье гэж хэлээд бид 2 хамт явсан. Намайг О-ын гэрт очиход О эрүүл байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. Бид 2 Цогт-Овоо сум руу гараад Цогт-Овоо сумын малчин Бо-ын гэрээс буу сум аваад “Цохионы хад” гэх газар Б-тай уулзсан. О машинаас бууж магзинтай сум авсан болохоор би хэдэн сум авсныг мэдэхгүй байна бууг надад өгөхөөр нь би буугаа аваад машины ард тавьсан. Тэгээд “Цохионы хад” гэх газар очиж Б-тай уулзсан. Б сумаас Батдоржтой хамт очно гэж байсан. Бид нар уулзаад Б манай машинд суусан Батдорж салаад явсан. Хаашаа явсныг мэдэхгүй. Бид 3 миний машинтай Цохионы араар тойроод аман дээр нь гарна гээд явсан. Нутгийн хүмүүс хамт явсан гэхдээ бид нартай уулзаагүй бид гурваас гадна арваад хүн байсан байх. Тэгээд бид 3 Цохионы араар тойроод хадны баруун талд очсон чинь мөр нь баруун тийшээ хэтрээд явчихлаа гэхээр нь урдуур нь амдаж яваад Цохионы энгэр гэх газар 16 цагийн үед очоод зогссон чинь О машины жолоочийн хажуу талын хаалгаар буусан. Тухайн үед О жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан би жолоо барьж байсан. Б арын суудал дээр ганцаараа сууж байсан. Буу машины арын суудал дээр байсан. Тэгээд О-ыг машинаас буучихсан машины хаалга нээлттэй машинаас 2-3 алхам хол байх үед байх Б араас нь машины жолоочийн хажуу талын суудлыг урагш нь түлхэж тонгойлгосон байсан. Тухайн үед би машинаас буух гэж байсан байх санахгүй байна гэнэт буу дуугараад би цочоод эргэж харсан чинь О эргэж хараад машины зүүн гар талаар тойроод машины ард очиж зогссон. Б-г харахад буугаа баруун гартаа бариад хошууг нь дээшээ харуулчихсан байсан. Тэгээд машины жолоочийн талын хажуугийн суудлыг урагш нь тонгойлгоод гарах гэж байх шиг байсан. Би машинаас жолоочийн талын хаалгыг нээж буугаад машины ард очиход О-ын баруун талын нүүрнээс нь цус гарч байсан араас Б ирээд О-ын өмсөж байсан малгайг нь аваад нүүрний баруун талыг дарсан. Тэгээд О-ыг жолоочийн хажуугийн суудал дээр суулгаад арагш нь хэвтүүлээд аймгийн эмнэлэг рүү явсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал/

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байхад 09 цагийн үед байх Эрдэнэбат над руу залгаад хотонд чоно орсон байна элбэж барих бүл хүч байна уу гэхээр нь хонио явуулчихаад очъё гэж хэлээд Б руу залгаж чононд явах уу гэсэн чинь тэгье гэж хэлээД Б-тай уулзах болсон. Тэгээд 11 цагийн үед Б Батдоржтой хамт манайд ирээд бид 3 хамт Батдоржийн машинтай “Цохионы хад” гэх газар очиход Эрдэнэбат ах эхнэртэйгээ хамт мотоциклтой байсан. Удалгүй Б ах Оч найз Отгоо гэдэг бүтэн нэрийг нь мэдэхгүй байна нарын хамт Оч-ын машин болох цагаан машинтай ирсэн. Б Оч-ын машинд суугаад тэр 3 “Цохион хад”-ны баруун талаар мөр харна гээд явсан. Мөр хөөж явж байгаад өдөр 16 цагийн үед “Цохион хад”-ны баруун урд талд явж байсан чинь Оч-ын машины мөр орж ирэхээр нь машины мөрийг хөөгөөд явсан чинь хадны баруун урд талаас явж байгаад төв зам руу нийлээд аймаг явсан байхаар нь бид 2 буцаж эргээд манайд ирсэн чинь манай эхнэр баясаа залгаад байна гэхээр нь ярьсан чинь Отгоо Б нар буу алдсан аймаг явсан байна гэж хэлсэн. Тэгээд багийн дарга Батдорж сум явсан би гэртээ үлдэж малаа малласан. Архи уугаагүй бүгд эрүүл байсан. Цогт-Овоо суманд эрлийз чоно байгаад хот руу орж мал бариад байдаг. Б өөрийн эзэмшлийн буу байхгүй. Б бууны сургалтад хамрагдсан гэрчилгээтэй. Б хэний ямар буутай байсныг би мэдэхгүй байна... Би буу эзэмших сургалтад хамрагдаагүй. Миний буу миний нэр дээр гэрчилгээтэй. Миний буу хуучин зорбин гэдэг буу. Бүх бууг гэрчилгээтэй болгох үед би буугаа гэрчилгээжүүлж авсан. О Б нар найзууд. Айл саахалт хүмүүс багадаа 1-4 дүгээр ангид хамт сурч байсан. Б энгийн төлөв даруу зантай архи уухгүй томоотой залуу. Хүнтэй хэрүүл маргаан хийж байгаагүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дахь тал/

Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би болсон асуудлын талаар өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьсан байгаа одоо нэмж ярих зүйл байхгүй. О машинаас буугаад цаашаа хараад зогсож байх үед би араас нь буу бариад машинаас гарах гэж байгаад буу алдаж О-ыг гэмтээсэн. Тухайн үед машины хаалга нээгдсэн байсан тэр хаалгаар буу алдсан. Анд явж байсан учраас буугаа бэлэн байдалд байлгаж байсан ба тухайн үед зүгээр буу аваад л гарах гэж байсан. Бид хоёр найз нөхдийн холбоотой байдаг. О-ын хэдэн малыг би малладаг. Би О-ын эмчилгээнд гарсан зардлуудыг бүгдийг нь төлсөн ойролцоогоор 10 гаруй сая төгрөг өгсөн яг нарийн сайн мэдэхгүй байна. Баримтууд байгаа түүнийгээ гаргаж өгнө.” /1 дүгээр хавтаст хэргийн 95 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3614 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “М.О-ын биед баруун чихний доод хэсгээр орж, эрүү ясны үений толгой, титэм сэртэн, хацар яс, хоншоор яс, түүшин сэртэнгийн бяцарсан хугарал, дөрвөн шүдний булгарал, нүүрний мэдрэлийн тасрал, баруун талын зажлуурын булчин, шүлсний булчирхай задрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун хэсгийг хамарсан том хэмжээний салбарч урагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хошуут сумны үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид 4 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15%-р тогтонги алдагдуулах ба бусад гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /1 дүгээр хавтаст хэргийн 55-57 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 422 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Тухайн үед М.О-ын биед баруун чихний доод хэсгээр орж, эрүү ясны үений толгой, титэм сэртэн, хацар яс, хоншоор яс, түүшин сэртэнгийн бяцарсан хугарал, дөрвөн шүдний булгарал, нүүрний мэдрэлийн тасрал, баруун талын зажлуурын булчин, шүлсний булчирхай задрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун хэсгийг хамарсан том хэмжээний салбарч урагдсан шарх гэмтлүүд тогтоогджээ. Баруун чихний доод хэсгээр орж, эрүү ясны үений толгой, титэм сэртэн, хацар яс, хоншоор яс, түүшин сэртэнгийн бяцарсан хугарал, нүүрний мэдрэлийн тасрал, баруун нүдний нулимсны сувгийн тасрал гэмтлүүд нь амь насанд аюулгүй, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй, дөрвөн шүдний булгарал гэмтэл нь амь насанд аюулгүй, ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15%-р алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг, баруун талын зажлуурын булчин, шүлсний булчирхайн задрал, баруун дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун хэсгийг хамарсан том хэмжээний салбарч урагдсан шарх гэмтлүүдэд хөнгөн зэргийг тус тус тогтоов. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3614 тухайн үедээ үндэслэлтэй байна. М.О-ын нүүрний баруун хэсгийн буудагдсан гэмтлийн улмаас нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдсан байна. Нүүр засаршгүй гэмтэж нүүрний төрх алдагдах нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /1 дүгээр хавтаст хэргийн 61-65 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилж буй “1, 2” гэсэн дугаартай гарын мөр нь Жамбалцэрэн овогтой Б /КМ83072013/ гарын хээний дардастай тохирч байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 69-73 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2464 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги ВК9422 дугаартай, замгийн рам 422 дугаартай, замаг 422 дугаартай галт зэвсэг нь 2012 онд ОХУ-д ан агнуурын зориулалттай /иргэний/ үйлдвэрлэгдсэн Вепрь загварын винтов буу байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь гох дарагдаагүй үед газарт унах, доргилт, цохилтын нөлөөгөөр буудлага үйлдэх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь шинжилгээнд ирүүлсэн сангийн анги ВК9422 дугаартай, замгийн рам 422 дугаартай, замаг 422 дугаартай галт зэвсгээр буудагдсан байна. Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн огноо засвартай 05 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулах боломжгүй.” /2 дугаар хавтаст хэргийн 61-68 дахь тал/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-822-4289 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “ “Вепрь” загварын 9422 дугаарын гол төмөртэй, 422 дугаартай замагтай галт зэвсэг 2012 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн гэх, 1 ширхэг, нийт үнэ, төгрөг: 1,500,000 төгрөг.” /2 дугаар хавтаст хэргийн 75-79 дэх тал/

Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн №22а/01606, №22я/00171 дугаартай өвчний түүхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 184-249 дэх тал/,

ЛЮКС МЕД эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хүзүүний тодосгогчгүй компьютер  томографын шинжилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 3, 7 дахь тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 10-15 дахь тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 16-23 дахь тал/,

Хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой баримт /1 дүгээр хавтаст хэргийн 138-160 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 157-175 дахь тал/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 162-167 дахь тал/

Орон сууц хөлслөх гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дахь тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 174 дэх тал/,

Гэмтэлтэй нь холбоотой хэрэглэх зүйлүүдийн жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 176-184 дэх тал/,

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /2 дугаар хавтаст хэргийн 185 дахь тал/,

Хагалгааны дараах зураг /2 дугаар хавтаст хэргийн 186-192 дахь тал/,

Хохирогчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 193-194 дэх тал/,

Хаан банкны дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 195-213 дахь тал/,

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум Найз багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 100 дахь тал/,

Шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 105-107 дахь тал/,

Шүүгдэгчийн хохирол төлбөр төлсөн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 110-120 дахь тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 121 дэх тал/

Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /1 дүгээр хавтаст хэргийн 161 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай, хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс нийт нэхэмжилж байгаа 97,773,315 төгрөгөөс төлөгдсөн 10,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 87,773,315 төгрөгийг бүхэлд нь гаргуулж, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг иргэний журмаар нэхэмжлэхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хувьд шүүгдэгч хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргадаггүй, баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлсөн талаар тус тус дүгнэлт гаргасан бол хохирогчийн зүгээс өмгөөлөгч нарын дүгнэлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэх тайлбарыг гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ж.Б нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Цохион хад” гэх газарт 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед 96-03 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “Вепрь” загварын галт зэвсэгтэй харьцах явцдаа санамсаргүйгээр нэг удаа буудлага үйлдэж, уг бууны сум нь иргэн М.О-ын нүүрэн тус газарт тусаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О-ын “...бид гурав баруун хярд чонын мөр хөөж хяр даваад талаар явж байхад урдуур 3 ширхэг хар сүүлт машины өмнүүр зүүн зүгт давхиж байсан. Хар сүүлтийг хараад бид зогссон. Тухайн үед би машины баруун урд талаас бууж газар суугаад тэр 3 хар сүүлтийг дурандсан. Тэгээд буцаж босоход Б буудсан. Би тухайн үед хүчтэй доргилт авч нүд харанхуйлаад ухаан балартаж ухаан санаа орж гарч эхэлсэн. Нэг мэдэхэд Оч миний нүүрнээс цус гарсан хэсэгт бээлийгээрээ дарж байсан. Тэндээсээ шууд машинд суулгаж аймгийн эмнэлэгт хүргэсэн...” гэх агуулгатай мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

иргэний нэхэмжлэгч Э.Бо-ын “...Цогтцэций сумаас Оч, О нар ирж миний бууг аваад явсан. Би тухайн өдөр малаа хариулж явж байгаад гэртээ ирчихээд байж байхад манай төрсөн эгч У залгаад Б буу алдсан юм шиг байна гэж хэлж би сонссон.” гэх агуулгатай мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал/,

 гэрч Ж.Оч-ын “...Тухайн үед О жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан би жолоо барьж байсан. Б арын суудал дээр ганцаараа сууж байсан. Буу машины арын суудал дээр байсан. Тэгээд О-ыг машинаас буучихсан машины хаалга нээлттэй машинаас 2-3 алхам хол байх үед байх Б араас нь машины жолоочийн хажуу талын суудлыг урагш нь түлхэж тонгойлгосон байсан. Тухайн үед би машинаас буух гэж байсан байх санахгүй байна гэнэт буу дуугараад би цочоод эргэж харсан чинь О эргэж хараад машины зүүн гар талаар тойроод машины ард очиж зогссон. Б-г харахад буугаа баруун гартаа бариад хошууг нь дээшээ харуулчихсан байсан. Тэгээд машины жолоочийн талын хажуугийн суудлыг урагш нь тонгойлгоод гарах гэж байх шиг байсан. Би машинаас жолоочийн талын хаалгыг нээж буугаад машины ард очиход О-ын баруун талын нүүрнээс нь цус гарч байсан араас Б ирээд О-ын өмсөж байсан малгайг нь аваад нүүрний баруун талыг дарсан. Тэгээд О-ыг жолоочийн хажуугийн суудал дээр суулгаад арагш нь хэвтүүлээд аймгийн эмнэлэг рүү явсан...” гэх агуулгатай мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

гэрч Б.Г-ийн “...манай эхнэр баясаа залгаад байна гэхээр нь ярьсан чинь Отгоо Б нар буу алдсан аймаг явсан байна гэж хэлсэн. Тэгээд багийн дарга Батдорж сум явсан би гэртээ үлдэж малаа малласан. Архи уугаагүй бүгд эрүүл байсан...” гэх агуулгатай мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 422 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 61-65 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 69-73 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2464 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 61-68 дахь тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-822-4289 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 75-79 дэх тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 10-15 дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 16-23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О-ын эрүүл мэндэд баруун чихний доод хэсгээр орж, эрүү ясны үений толгой, титэм сэртэн, хацар яс, хоншоор яс, түүшин сэртэнгийн бяцарсан хугарал, дөрвөн шүдний булгарал, нүүрний мэдрэлийн тасрал, баруун талын зажлуурын булчин, шүлсний булчирхай задрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун хэсгийг хамарсан том хэмжээний салбарч урагдсан шарх гэмтлүүд буюу нүүр засаршгүй гэмтэж нүүрний төрх алдагдсан хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 422 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 61-65 дахь тал/-ээр тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхгүй хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ж.Б нь чоно агнах гэж яваад тээврийн хэрэгслийн арын суудлын баруун гар талын суудал дээр галт зэвсгийн /буу/ хошууг дээш нь харуулж тавьсан байсныг авч тээврийн хэрэгслээс буухдаа галт зэвсгийн /буу/ хошууг хаалгаар эхэлж гаргах явцдаа гох дарагдаж болзошгүйг урьдчилан мэдэх ёстой байсан боловч болгоомжгүйгээр галт зэвсгийн /буу/ гох дарагдсан үйлдлийн улмаас сум алдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ж.Б-гийн болгоомжгүй үйлдэл болон хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О-ын эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон тул шүүгдэгч Ж.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээтэй холбоотой 13,985,035 төгрөг, шүүхийн шатанд эмчилгээтэй холбоотой 9,546,947 төгрөг, зээл 11,985,641 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 34,680,048 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, олох байсан орлого 15,750,000 төгрөг, байрны түрээс 9,000,000 төгрөг, нийт 114,947,671 төгрөгийн баримтыг гарган өгч нэхэмжилсэн ба шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О-ын эмчилгээний зардалд төлсөн 21,719,971 төгрөг төлснийг хасаж, үлдэх 93,227,700 төгрөгийг шүүх дараах байдлаар хэсэгчлэн хангаж, хэрэгсэхгүй болгож, хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр М.О-ын хөдөлмөр чадвар алдалтыг 70 хувиар 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 12 сараар тогтоож шийдвэрлэсэн /1 дүгээр хавтаст хэргийн 161 дэх тал/ болох нь тогтоогдож байх ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 174 дэх тал/-оор 2021 онд нийт 32,012,352 төгрөгийн цалин авсан байх тул түүний сарын дундаж цалинг тооцоход 2,667,696 төгрөгийн тооцоо гарч байна. Хохирогчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалинг 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 5 сар дуустал нийт 13 сарын хугацаагаар нэхэмжилсэн бөгөөд шүүх уг нэхэмжлэлийг бүхэлд нь буюу 34,680,048 төгрөг, эмчилгээний 1,812,011 төгрөг, нийт 36,492,059 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, энэхүү төлбөрийг шүүгдэгч Ж.Бгаас гаргуулж хохирогч М.Од олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогчоос зээл авч эмчилгээнд зарцуулсан гэж 11,985,641 төгрөг нэхэмжилсэн боловч уг мөнгийг эмчилгээнд зарцуулсан болохыг нотолсон холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэхүү нэхэмжлэлийн хувьд Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /2 дугаар хавтаст хэргийн 185 дахь тал/-аас үзэхэд зээлийн зориулалт нь эмчилгээний төлбөртэй холбоотой бус, автомашин барьцаалж тухайн зээлийг авсан нь тогтоогдсон байх тул зээлийг эмчилгээтэй холбогдуулж авсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд эмчилгээнд зарцуулсан гэж нэхэмжилсэн 11,985,641 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хувиараа давхар ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан талаарх тайлбарыг гаргаж, энэхүү ажил хөдөлмөрийг эрхэлж олох байсан орлогыг сарын 1,750,000  төгрөгөөр бодож гэмт хэрэг гарсан 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаа буюу 9 сарын орлого нийт 15,750,000 төгрөг нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлийг нотолсон хувь хүний орлогын албан татвар болон холбогдох баримтуудыг, мөн сэтгэл санааны хохирол болох 20,000,000 төгрөг, байрны түрээс 9,000,000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой холбогдох баримтуудыг тус тус шүүхэд ирүүлээгүй байх тул уг нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.     

Шүүхээс шүүгдэгч Ж.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Ж.Б нь завсарлага авч, шүүхээс тогтоосон 36,492,059 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг төлж, үлдэх 21,492,059 төгрөгийг 2023 оны  04 дүгээр сарын 15-ны өдөр нөхөн төлөхөө илэрхийлсэн болно. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.  

Улсын яллагч шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг эзэмших эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан бууг хууль ёсны эзэмшигч Э.Бо-т буцаан олгох тухай, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч завсарлага авсан хугацаанд хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй байдлыг нь харгалзан 3 жилийн хугацаагаар хорих оногдуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хувьд шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг зохих хэмжээнд төлж, үлдэх хохирлыг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тэнсэж үүрэг хүлээлгэх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд хохирогчийн хувьд өмгөөлөгч нарын дүгнэлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн тайлбарыг, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хөнгөн ял оногдуулж өгөхийг хүссэн тайлбарыг гаргав.     

Шүүгдэгч Ж.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохиролд 36,719,971 төгрөг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Ж.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр зохицуулжээ.

Шүүгдэгч Ж.Б-гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байхаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд 21,719,971 төгрөг, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө 15,000,000 төгрөг, нийт 36,719,971 төгрөг төлж, үлдэх 21,492,059 төгрөгийг 2023 оны  04 дүгээр сарын 15-ны өдөр нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрэг нь дээрх хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс шүүхээс тогтоосон төлбөрөөс үлдэх 21,492,059 төгрөгийг шүүгдэгч 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлнө гэх тайлбар, дүгнэлтийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж шүүх үзэв.

Учир нь шүүгдэгч Ж.Б нь хувьдаа 2 тээврийн хэрэгсэлтэй, малтай болох нь 2 дугаар хавтаст хэргийн 112, 114 дэх талд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа,  малын “А” дансны 2021 оны тооллого зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүний нөхөн төлөхөө илэрхийлсэн тайлбар нь бодитой биелэгдэх боломжтой, төлбөр төлөх эд хөрөнгөтэй, төлөх эх сурвалжаа тодорхойлсон байна.  

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба цаашид эмчилгээ, сувилгаа хийлгэх, хагалгаанд орох шаардлагатай талаарх оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлыг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хуулиар олгосон эрхүүдээ эдлэх боломжоор хангахад ач холбогдолтой гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй байна. 

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ж.Бд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй. 

Бусад асуудлаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, хэрэв бусдын өмчлөлд байвал шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлогод оруулахаар заасан байна. Шүүгдэгч Ж.Б-гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Вепрь” загварын галт зэвсэг нь Э.Бо-ын өмчлөлд бүртгэлтэй болох нь түүний тайлбар, галт зэвсгийн гэрчилгээгээр тогтоогдсон тул “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-822-4289 дугаартай үнэлгээний дүгнэлтээр тогтоосон галт зэвсгийн үнэ болох 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулан улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Вепрь” загварын саарал өнгийн хир мэт зүйлээр бохирлогдсон 7,62х54R гэх бичиглэлтэй, хар өнгийн даавуун оосортой, бууны ар хэсэг нь бор өнгийн модон үзүүр хэсэг нь төмөр буу 1 ширхэг, №065932 дугаартай галт зэвсгийн гэрчилгээ, хар өнгийн замгийн хамт Э.Бо-т буцаан олгож,  7 ширхэг сумыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Од 36,719,971 /гучин зургаан сая долоон зуун арван есөн мянга есөн зуун далан нэг/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Ж-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.    

4. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ж.Б-д хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Вепрь” загварын саарал өнгийн хир мэт зүйлээр бохирлогдсон 7,62х54R гэх бичиглэлтэй, хар өнгийн даавуун оосортой, бууны ар хэсэг нь бор өнгийн модон үзүүр хэсэг нь төмөр буу 1 ширхэг, №065932 дугаартай галт зэвсгийн гэрчилгээ 1 ширхэг, хар өнгийн замаг 1 ширхэг зэргийг Э.Бо-т буцаан олгож, 7 ширхэг сумыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Вепрь” загварын галт зэвсгийн үнэ болох 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ж.Б-гийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулан улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б-гаас ажилгүй байсан хугацааны цалин болон эмчилгээний зардалд нийт 21,492,059 /хорин нэгэн сая дөрвөн зуун ерэн хоёр мянга тавин ес/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Од олгож, 11,985,641 /арван нэгэн сая есөн зуун наян таван мянга зургаан зуун дөчин нэг/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.О-ын гаргасан нэхэмжлэлээс байрны түрээс 9,000,000 /есөн сая/ төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 /хорин сая/ төгрөг, олох байсан орлого 15,750,000 /арван таван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч Л.О нь энэ талаарх болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.    

10. Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Од 36,719,971 /гучин зургаан сая долоон зуун арван есөн мянга есөн зуун далан нэг/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

                                                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ