Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/176

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул

Улсын яллагч Э.Энх-Амгалан /томилолтоор/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2230000000171 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........ оны ..... дугаар сарын ......-ны өдөр Сүхбаатар аймгийн .......... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн ......... сумын ...... дүгээр баг ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар аймгийн .......... сумын .......дугаар баг ......... тоотод түр оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг “Өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон дүйцүүлэн сольсон, Т овогт Н-ын Б

 

       Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутагт хохирогч *******тай таарамжгүй харилцаа үүсгэж, биед нь халдан зодож, түүний эрүүл мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, толгойн үстэй хэсгийн зүүн зулай чамархай хэсгийн болон доод уруулын гадна өнцгийн язарсан шарх, зүүн зулай чамархай хэсгийн хуйхан доорх болон доод уруулын салстад цус хуралт, хамар, доод уруул, эрүү, баруун гарын тохой, хоёр өвдөг, ар нуруунд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн 2021 оны 09 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг “Будрын ганга” гэх газраас хохирогч *******ын өмчлөлийн “Dayun” маркийн тээврийн хэрэгсэл болох мотоциклыг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч 683,333 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Бэгзсүрэн амь хохирогч нар 2 жилийн өмнөөс холбоотой байсан гэж бодож байна. ******* өмнөх мэдүүлэгтээ зүс таних гэж хэлсэн. Одоо болохоор өмнө нь ганц хоёр удаа уулзаж байсан гэж ярьж байна. Амь хохирогч ажил хийгээд олсон цалингаараа *******тэй уулзаж үрдэг байсан байх гэж бодож байна. ******* анх мэдүүлэхдээ “тухайн айлд ороод, талийгаачийн хувцсыг тайлж бэлгийн харьцаанд орсон. гэнэт сэрээд чи намайг хаана авчирсан юм” гээд шалдан гарч гүйхээр нь араас нь хувцсыг авч гарсан. Гадаа талийгаач дургүйцлээ илэрхийлсэн. Тэгэхээр нь би талийгаачийг шалдан машиндаа суулгаад, зам дээр очсон” гэж ярьсан байсан. Үхсэн хүн үг хэлэхгүй. Юу болсон талаар Бэгзсүрэнгийн ярьснаар ойлгож байна. Анх тэгж мэдүүлэг өгчхөөд, одоо яагаад тухайн болсон асуудлын талаар санахгүй байна гэж ярьж байна. Шүүх шинжилгээний дүгнэлтээр осголт гэж гарсан боловч талийгаачийн биед учирсан хүнд гэмтлийн улмаас үхэлд хүргэсэн гэж бодож байна. Тиймээс гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авна. Н.Бэгзсүрэн хулгайн хэрэгт холбогдсон талаараа өөрийгөө өмгөөлж үг хэлж байна. Хүнд гэмтэл учруулсан хэрэгтээ болсон асуудлыг санахгүй байна гэж байгаа нь тухайн хүнд гэмтлийг санаатайгаар учруулсан гэж үзэж байна...” гэв.

2230000000171 дугаартай эрүүгийн хэргээс:

  • Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...“...Би 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн орчим машинтайгаа Чулуут руу явж байтал Бага дөрвөлжийн сэтэрхий хэсэгтэй замаар урьд нь зүс таних явж байгаад гараа өргөхөөр нь машиндаа суулгасан. баазын тэнд байдаг ахындаа бууна гэхээр нь тэнд нь очоод буулгах гэтэл буухгүй гээд надад 0,75 литрийн шил архи байгаа, энийг хувааж ууя гэхээр нь тэндээс хөдлөөд Ч----ын тэнд байдаг хуурай өвөө Жигээ гэж дууддаг Жигжиджавын гадаа зогсоод, гэрээр нь ороод өвөө эмээ хоёроос 10,000 төгрөг аваад д өвөөгийнд байсан бэлэн гоймонгийн саванд ус хийж уулгасан. Тэгээд машинтайгаа хөдлөөд тэнд байдаг шар дэлгүүрээс нэг том пиво авсан. “Бага дөрвөлж” дээр гаръя гэхээр нь гарсан. 19 цагийн үед өвөөгийн баруун талд машинаа тавиад машин дотор 0.75 граммын архи болон пиво уугаад өвөөгийнд орсон чинь өвөө эмээ хоёр “унт” гэхээр нь бид хоёр гал тогоонд нь унтахаар хэвтээд бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд жоохон хэвтэж байсан чинь явлаа гээд турсик болон дээгүүрээ нимгэн хар өнгийн майктай гарахаар нь би ын хувцаснуудыг нь аваад араас нь гараад гадаа бид хоёр маргалдсан. Тэгсэн миний толгой дээрээс шороо асгаад байхаар нь би нэг удаа алгадаж, хамаг хувцсыг нь машиндаа хийгээд ыг суулгаад хөдлөөд явсан. Өөр яаснаа санахгүй байна. Нэг мэдэхэд гудамжинд сэрсэн. Машиндаа унтаж байсан. Тэгээд машины ар талд ын өмд нь байхаар нь өмдөө үлдээсэн гэж бодсон. Миний бие ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна...” гэх / I хх 150-152 дугаар хуудас/

“...Би 2021 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн ******* сумын “Будрын чулуу” гэх газарт ******* гэх хүний туслах малчнаар оторт явж байхдаа 09 дүгээр сарын 20-ны үед яг өдрийг санахгүй байна. Би шөнө ыг унтсаных нь дараа ын хуучин улаан өнгийн “Dayun” маркийн мотоциклыг нь унаад “I Phone-6” маркийн гар утсыг бас гэрээс нь аваад Сүхбаатар аймаг руу явсан. Тухайн мотоциклийг нь унаж явж байгаад Баяндэлгэр сумын баруун талд явж байгаад асахгүй болчихоор нь хөдөө хээр хаясан. Гар утсыг нь найз Туяацэцэгт зүгээр өгсөн...” гэх / II хх 8-9 дүгээр хуудас/

  • Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын “...Амь хохирогч ******* нь миний төрсөн дүү. Намайг талийгаач *******ын хууль ёсны төлөөлөгчөөр оролцохыг гэр бүлийнхэн минь мэдэж байгаа...

...Би гомдолтой байна, хэдий архи уудаг, архины хамааралтай байдаг ч гэсэн хүний амь нас хохироосонд гомдолтой байна. Ядаж эмнэлэг бараадуулж болоогүй юмаа гэхэд айлын гудамжинд орхисон бол хөндлөнгийн хүн хараад эмнэлэгт хүргэсэн бол ийм зүйл болоо ч уу. Насанд хүрээгүй хоёр хүүхэд нь үлдэж байна. Хүүхдийн амьдрал л  хэцүү байна..” гэх / I хх 34-35 дугаар хуудас/,

  • Хохирогч *******ын “...Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг “Энгэр шанд” гэх газар 2021 оны 05 дугаар сард нутаглаж байхдаа дүүдээ “мал харах хүн байна уу” гэж ярьж байсан. Удалгүй Бэгзсүрэн гэх хүн хөдөө манай аав, ээж хоёртой уулзсан байсан. Тэгээд манай аав над руу залгаж “мал харна гэж нэг хүн ирсэн, чи тэр хүнтэйгээ ирж уулзаарай” гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 05 дугаар сард аймагт байхдаа уулзсан. Би тухайн хүнд “малаа бүтэлтэй харах хүн хайж байгаа” гэхэд Бэгзсүрэн нь “би Асгат суманд айлын мал харж байсан, асуудал байхгүй” гэхээр нь “за тийм бол болно” гээд хөдөө гэр лүүгээ явуулсан. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр малаа тоолж хүлээлгэн өгсөн. Тэрнээс хойш мал харж байгаад 2021 оны 09 дүгээр сард би Бэгзсүрэнгийн хамт ******* сумын 2 дугаар багийн нутаг “Будрын ганга” гэх газарт оторт явсан. 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бид хоёр шөнө амрах гээд гэртээ сууж байхад Бэгзсүрэн нь унтахгүй суугаад  байхаар нь” чи амрахгүй юм уу” гэхэд би зурагт үзэж байгаад амарна гэсэн. Би тэгээд санаанд орохгүй унтаад өгсөн. Шөнө 02 цаг өнгөрөөгөөд гэрэл асаалттай байхаар нь өндийгөөд харахад ороо засаагүй байхаар нь айл руу явсан байх гэж бодсон. Маргааш өглөө нь хадам ахынх руу залгаж асуухад “ирээгүй” гэсэн. Би өглөө нь босоод хонио дарах гээд машиныхаа түлхүүрийг авах гэтэл байхгүй байхаар нь гэрээ тойрч хайсан. Тэгсэн гэрээс урагшаа газарт байсан. Миний гар утас байхгүй, утаснаас сим картыг нь гаргаж ширээ нь дээр тавьсан байсан. Мөн миний хуучин улаан өнгийн “Dayun” маркийн мотоциклыг унаад явсан байсан. Би тэгэхээр нь маргааш өглөө нь хонио тоолж үзэхэд 36 хонь, 7 ямаа, нийт 43 тооны бог мал дутсан байсан. Би тэгээд энэ нөхөр ирэхгүй явсан байна гэж бодоод цагдаад хандсан...” гэх / I хх 200-202 дугаар хуудас /,
  • Гэрч *******ийн “...Би 2022 оны 05 дугаар сарын 08-ны өглөө 06 цагт гэрээсээ гараад Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр тойргийн засмал замаар Чулуутын арын гудамжны араар 07 цагийн үед зүүн тийшээ өглөөний алхалт хийгээд Буджав, Цэдэнжав нарын хамт явж байсан. Гэтэл урд талд нэг эмэгтэй хүн хэвтэж байхаар нь эхлээд архи уусан хүн юм болов уу гэж бодоод харахад хувцас хунараа тайлсан байдалтай, дотуур хувцастай, дээгүүрээ хар өнгийн фудволктой эмэгтэй хүн доошоо хажуу талаараа харж нүүр хэсгээрээ доош харсан байдалтай байсан. Тэгээд ер нь эвгүй байхаар нь Цэдэнжав 5 орчим метрийн зайнаас “хөөе сэрээрэй” гэж дуудахад хариу өгөхгүй байсан болохоор цагдаагийн утас руу дуудлага өгсөн. Дуудлага өгөөд хөндий зогсож байхад цагдаагийн машин ирэхээр нь очиж уулзаад буцаж баруун тийшээ алхсан...” гэх / I хх 40-41 дүгээр хуудас/,
  • Гэрч *******ын “...******* нь 2022 оны 05 дугаар 06-ны өдөр манай гэрт 10 цагийн үед ганцаараа орж ирсэн. Орж ирээд надтай юм дуугарахгүй байсан. Нүүр нь нэлээн хавагнасан, цай хоол идэхгүй ус уугаад байхаар нь “чи архи уусан юм уу” гэсэн чинь “7 хоног өнжихгүй уусан эгч” гэхээр нь “яаж байгаа юм, чи эмнэлэгт хэвт, бие чинь хачин боллоо” гэсэн чинь “за эгчээ” гээд удаагүй манайхаас гараад явсан...” гэх / I хх 37-38 дугаар хуудас/,
  • Гэрч *******ийн “...Манай нөхөр Д. нь өчигдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр айлд архи уугаад 16 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Манай нөхөртэй  хамт уусан, мөн нэг танихгүй ахтай гурвуулаа ирсэн. Ирээд нэг шил архи уугаад байж байхад тэр ах нь агсраад манай гэрийн унинаас бариад гарахгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд тэр ахыг авч явсан. Манайд  гэх эмэгтэй тэр оройдоо унтсан. Маргааш өглөө нь 08 цаг өнгөрөөгөөд боссон. Босоод манай хүний утаснаас хүмүүс рүү яриад “шар тайлах юм авчраад өг” гээд байх шиг байсан. Тэгээд 11 цагийн үед ын таньдаг нэг хүн ирээд нэг шил архи авч уугаад ыг аваад явсан. Манай нөхөр яваагүй гэртээ үлдсэн. 14 цагийн үед манай нөхөр дэнж рүү айл руу яваад 17 цагийн үед гэртээ ирсэн. Асгат сум руу эмээгийн бие муу гээд нөхөр бид нар явах гээд байж байхад 17 цаг өнгөрөөгөөд манай хашаа руу улаан хүрэн өнгийн “Accent” маркийн машин орж ирээд манай гэрийн урд зогссон. Бид хэд гадаа байсан болохоор харсан чинь арын суудал дээр нь  суусан харагдаж байсан. Жолооч нь машинаасаа нэг бууж хараад уулзаагүй буцаад ухраад гараад явсан...” гэх / I хх 50-52 дугаар хуудас/,
  • Гэрч ийн “...Би 2022 оны 05 дугаар 07-ны өглөө 08-09 цагийн үед Хайлаастын 20-41 тоотод Бадрахын гэрт Бадрах, Баатархүү нартай архи уугаад сууж байхад  өөрийнхөө 89660900 дугаараас над руу залгаад “ын гэрт байна, ирээд авчих” гэсэн. Би таксинд явдаг ыг дуудаад баазын хажуу талд манаач хийдэг ын гэрт 09 цагийн үед очиход *******, ын эхнэр нар “архи уусан” гээд байж байсан. Тэгээд би буцаж явж 2 шил “Хараа” архи авч ирээд нэг шил архийг нь д үлдээгээд нэг шил архиа аваад тэднийхээс ын хамт гарч, Бадрахын гэрт аар буулгуулсан. Бадрахынд ороод 11-12 цагийн орчимд 0.75 граммын нэг шил архиа Бадрах, Баатархүү,  бид 4 хувааж уусан. Тэгээд архиа хувааж ууж дуусаад 13-14 цагийн орчимд  явлаа гээд гараад явсан. Бид 3 тэндээ үлдэж дахиж нэг “Хараа” архи авч ирж хувааж уугаад би гэр лүүгээ явсан.  тэр чигээрээ эргэж ирээгүй. Гэртээ 18 цагийн үед очиход эхнэр хүүхэд гэртээ байсан гэрээсээ гараагүй амарсан...” гэх / I хх 43-45 дугаар хуудас/,
  • Гэрч ийн “...2022 оны 05 дугаар сарын 07-ны орой нөхрийнхөө хамт гэртээ байсан.  22 цагийн үед кино үзэж дуусгаад нөхрийн хамт амарч байхад миний зүс таних дүү Бэгзсүрэн нь өөрийн насны үеийн нэг эмэгтэйтэй хамт орж ирсэн. Бэгзсүрэн тухайн үед нөхөр бид хоёртой нэг их зүйл яриагүй. Хэл яриа нь сонин сонсогдоод байсныг бодоход согтуу байсан гэж бодож байна. Тэгээд Бэгзсүрэн хамт ирсэн эмэгтэйтэйгээ манай зүүн өрөөнд 4-5 минут орчим болоод гараад явсан. Тухайн үед Бэгзсүрэн нь тэр эмэгтэйтэйгээ юу ярьсан талаар нь мэдэхгүй байна. Хоорондоо муудалцаж цохилцсон, хэрүүл маргаан хийсэн асуудал байхгүй. Мөн тэр хоёр манай гэрт орж ирэхэд биед нь ил харагдах шарх гэмтэл ажиглагдаагүй...” гэх / I хх 188-189 дүгээр хуудас/,
  • Шинжээч эмч ............ийн “...Хүнд зэргийн гэмтлийг авснаас хойш тархи дарагдах хэмжээтэй биш байсан учраас ухамсарт үйлдэл хийх боломжтой. Тухай гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.3-д заасан хүнд гэмтэл юм. Уг хүнд зэргийн согтолттой хүний амьсгалын үйл ажиллагаа алдагдаж ухаан балартах ба тухайн хүний уусан архины хэмжээ, спиртийн зүйлд дассан байдал, идсэн хоолны шинж чанар, өвчин хууч зэргээс хамаарч биеэ удирдан жолоодох чадвар шалтгаалдаг. Гадаа хөрсөн дээр -3 хэмийн температуртай байхад хүн осгож нас барах боломжтой...” гэх / I хх 83-85 дугаар хуудас/,
  • Гэрч ы “...Би Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “Энгэр шанд” гэх газар хөдөө мал маллан амьдардаг. 2021 оны 05 дугаар сард манай хүү малчин авна гэж ярьсан. Тэгсэн удалгүй намайг хөдөө гэртээ байхад 2021 оны 05 дугаар сарын эхээр Бэгзсүрэн гэх залуу ганцаараа манайд ирээд “танайх малчин авна гэсэн үү” гэхээр нь “ах нь сайн мэдэхгүй байна, чи манай хүүтэй уулз” гээд явуулсан. Хэд хоногийн дараа манай хүү утсаар залгаж “би нөгөө хүнтэй тохиролцоод авахаар боллоо, та малаа тоолоод өгчих” гэж ярьсан. Удалгүй Бэгзсүрэн гэх хүн ирсэн, би тэгээд “Энгэр шанд” гэх газарт байхдаа хонь ямаа нийлсэн 975 тооны бог мал тоолж хүлээлгэн өгсөн. Тэрнээс хойш манай малыг харж байгаад манай хүү , Бэгзсүрэн хоёр 2021 оны 09 дүгээр сар гаргаад отроор малаа аваад явсан. Тэгсэн удалгүй 10 гаруй хоногийн дараа малыг нь хаяад яваад өгсөн гэж манай хүү надад утсаар хэлсэн...”  гэх / I хх 209-210 дугаар хуудас/ мэдүүлгүүд,
  • Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн  шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2202261 дугаартай “Dayun” маркийн мотоциклын зах зээлийн үнэлгээ 683,333 төгрөг” гэх дүгнэлт / I хх 222-233 дугаар хуудас/, 
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / I хх 2-10 дугаар хуудас/,
  • Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / I хх 11-14 дүгээр хуудас/,
  •  Эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн  тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт / I хх 16-20 дугаар хуудас/,
  • Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / I хх 21-26 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Ус, Цаг уур  орчны шинжилгээний төвийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 77 дугаартай албан тоот, хөрсний болон агаарын температурын мэдээлэл / I хх 64-65 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай шинжээчийн “...1. Талийгаач *******ын биед тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, толгойн үстэй хэсгийн зүүн зулай чамархай хэсгийн болон доод уруулын гадна өнцгийн язарсан шарх, зүүн зулай чамархай хэсгийн хуйхан доорх болон доод уруулын дотор салстад цус хуралт, хамар, доод уруул, эрүү, баруун гарын тохой, хоёр өвдөг, ар нуруунд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба үхлийн шалтгаант холбоогүй байна. 3. Талийгаач *******ын биед учирсан тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсны доорх голомтлог цус харвалт бүхий гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд, толгойн үстэй хэсгийн зүүн зулай чамархай хэсгийн болон доод уруулын гадна өнцгийн язарсан шарх, зүүн зулай чамархай хэсгийн хуйхан доорх болон доод уруулын дотор салстад цус хуралт, хамар, доод уруул, эрүү, баруун гарын тохой, хоёр өвдөг, ар нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Талийгаач ******* нь осгож нас баржээ. Талийгаач ******* нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. Талийгаач *******ын цогцсоос авсан цусанд шүүх химийн шинжилгээгээр 3,2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 7. Талийгаач *******ын үтрээнээс болон анусаас авсан наацын шинжилгээнд эр бэлгийн эс илрээгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  / I хх 68-81 дүгээр хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар 08-ны өдрийн 26 дугаартай криминалистикийн шинжээчийн “... 1. Шинжилгээнд ирүүлсэн “4” дугаараар тэмдэглэсэн 1 ширхэг гутлын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн “2” дугаараар тэмдэглэгдсэн гутлын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 3. Шинжилгээнд ирүүлсэн “2” дугаараар тэмдэглэгдсэн гутлын мөр нь яллагдагч *******гийн өмсөж явсан гэх зүүн гутлын мөр байна. 4. Өсгийн гол хэсэгт 3.5х1.5 см хэмжээтэй элэгдэлт, өлмий гол гадна хэсэгт 2.5 см урттай эмтрэлт гэсэн хувийн шинж тэмдгүүдээр тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / I хх 90-93 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар 08-ны өдрийн 27 дугаартай криминалистикийн шинжээчийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг тээврийн хэрэгслийн мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг тээврийн хэрэгслийн мөр нь *******гийн унаж явсан гэх 30-30 СҮА улсын дугаартай “Accent” маркийн автомашины баруун талын арын дугуйны мөр байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / I хх 98-101 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч *******д мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт / I хх 156 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/ хх 160-161 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / I хх 163 дугаар хуудас/

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутагт хохирогч *******тай таарамжгүй харилцаа үүсгэж, биед нь халдан зодож, түүний эрүүл мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, толгойн үстэй хэсгийн зүүн зулай чамархай хэсгийн болон доод уруулын гадна өнцгийн язарсан шарх, зүүн зулай чамархай хэсгийн хуйхан доорх болон доод уруулын салстад цус хуралт, хамар, доод уруул, эрүү, баруун гарын тохой, хоёр өвдөг, ар нуруунд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, гэрч *******, *******, *******, , , шинжээч эмч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл /баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн  тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт,  хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  Сүхбаатар аймгийн Ус, Цаг уур  орчны шинжилгээний төвийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 77 дугаартай албан тоот, хөрсний болон агаарын температурын мэдээлэл, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар 08-ны өдрийн 26 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар 08-ны өдрийн 27 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр,

Мөн 2021 оны 09 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн ******* сумын .... дугаар баг “Будрын ганга” гэх газраас хохирогч *******ын өмчлөлийн “Dayun” маркийн тээврийн хэрэгсэл болох мотоциклыг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч яван 683,333 төгрөгийн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, гэрч нарын мэдүүлгүүд, Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн  шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2202261 дугаартай “Dayun” маркийн мотоциклын зах зээлийн үнэлгээ 683,333 төгрөг” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Эрх зүйн дүгнэлт:

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах нь амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг цохиж зодон түүний эрүүл мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, толгойн үстэй хэсгийн зүүн зулай чамархай хэсгийн болон доод уруулын гадна өнцгийн язарсан шарх, зүүн зулай чамархай хэсгийн хуйхан доорх болон доод уруулын салстад цус хуралт, хамар, доод уруул, эрүү, баруун гарын тохой, хоёр өвдөг, ар нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг их хэмжээгээр тогтонги алдагдуулсан хор уршиг учруулсан нь гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг гэдэгт: Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд “автотээврийн хэрэгслийг авч явах” гэж өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт хөдөлгүүрийг асаах болон өөр тээврийн хэрэгслээр тээвэрлэх, чирэх байдлаар авч явсныг ойлгохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл гэмт этгээд тухайн автотээврийн хэрэгслийг өөрийн өмч болгох гэсэн зорилгогүй, түр унах, зугтаах, оргох зэргээр авч явсан байх ба өмчлөгч, эзэмшигчид хохирол учруулсан эсэхээс үл хамааран автотээврийн хэрэгслийг авч явснаар төгсдөг.

Тодруулбал, шүүгдэгч ******* нь “Dayun” маркийн мотоциклыг тухайн газраас зугтах, түр унах зорилгоор авч явахдаа хохирогч *******ын зөвшөөрөлгүйгээр түүнд мэдэгдэлгүйгээр авч явснаар гэмт хэрэг төгсөж, уг гэмт үйлдлийн улмаас хохирогчийн өмчлөх эрхэд хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж буй үйлдэл, мөн бусдын өмчлөх эрхэд хохирол учруулж буй үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан атлаа үйлдэж байгааг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч *******гийн дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв гэж үзсэн тул “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр тус тус хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас түүнд “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөөгүй зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажлын 8 цагийг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийг 1 хоног баривчилсан, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 127 хоног цагдан хорьсон, нийт 128 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай. Хоёрдугаар хавтаст хэргийн 54 дүгээр хуудсанд тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичигт зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдлийг 1 жил 19 хоног буюу 384 хоногийн үлдэгдэлтэй байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн сольж шүүгдэгчийн эдлэх ял дээр 384 хоногийг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзэж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хэргийн газрын үзлэгээр хураан авсан улаан өнгийн бэлэн хоолны саван дээрээс бэхжүүлэн авсан гарын мөр 1 ширхэг, гэрэл зургаар бэхжүүлсэн тээврийн хэрэгслийн дугуйн мөр 1 ширхэг, гэрэл зургаар бэхжүүлсэн гутлын мөр 1 ширхэг зэргийг хэрэгт хадгалах, ягаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, эрээн өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 хос, цогцосны үзлэгээр хураан авсан хар өнгийн майк 1 ширхэг, ягаан өнгийн дотуур өмд 1 ширхэг, Тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан хойд суудал дээрээс цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг зэргийг устгах, *******гийн биед хийсэн үзлэгээр хураан авсан цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан ултай, улаан оруулгатай хар хөх өнгийн пүүз 1 хос зэргийг шүүгдэгч *******д буцаан олгох саналтай бөгөөд хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 6,950,625 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгчээс 6,950,625 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох. Мөн хохирогч *******т учирсан 683,333 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Иймд шүүгдэгчээс 683,333 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгох. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт эрүүгийн 2130002740215 дугаартай хэргийг нэгтгэсэн бөгөөд тусгаарласан хэрэг байхгүй болно. Амь хохирогчийг нас барсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйлд зааснаар 223000206 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.”  гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Уг ял шийтгэлийн хувьд ямар нэгэн санал байхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд хор хохирлын хэмжээг тогтоосон. Гэмт хэргийн улмаас учруулсан хор, хохирлын хэмжээ, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон. Үүнээс эдлээгүй үлдсэн 1 жил 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн тооцоход тусгайлан гаргах санал байхгүй. Хор хохирол, хор уршигтай асуудлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан байдаг. Тиймээс хохирлыг яаж гаргуулах талаар тусгайлан гаргах санал байхгүй болно.” гэсэн  саналыг  гаргаж мэтгэлцэв. 

Шүүгдэгч *******д үйлдсэн хэргээ хүлээж, гэм буруугаа ойлгож байгаа, түүний зан төлөв, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар тогтоолоо. 

Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******г урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан оногдуулсан хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх ялын нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 1 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 19 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 6 жил, 1 сар, 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан ба хохирогч ******* 683,333 төгрөгийг, амь хохирогч *******ын хууль ёсны төлөөлөгч ******* 6,950,625 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “цагаан ултай, улаан оруулгатай хар хөх өнгийн хос пүүз ”-ийг шүүгдэгч *******д буцаан олгож, “ягаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, эрээн өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 хос, хар өнгийн майк 1 ширхэг, ягаан өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 2 ширхэг”-ийг устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******гийн энэ хэргийн улмаас шүүхийн зөвшөөрөлгүйгээр нэг хоног баривчлагдаж, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс цагдан хоригдсон 4 сар 5 хоног буюу нийт 128 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн зүйлийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Н-ын Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Т ургийн овогт Н-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх ялын нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ял, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ............... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 19 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 6 /зургаа/ жил 1 /нэг/ сар, 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 6 жил, 1 сар, 19 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан *******гийн цагдан хоригдсон нийт 128 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “цагаан ултай, улаан оруулгатай хар хөх өнгийн хос пүүз ”-ийг шүүгдэгч *******д буцаан олгож,  “ягаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, эрээн өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 хос, хар өнгийн майк 1 ширхэг, ягаан өнгийн дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 2 ширхэг”-ийг устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 7,633,958 төгрөгийг гаргуулж, 6,950,625 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ........... аймгийн ................. сумын ....... дугаар багийн Жарангийн 7-717 тоотод оршин суух Д овогт Г-ын А-д, 683,333 төгрөгийг ......... аймгийн ....... сумын ...... дүгээр багт оршин суух А овогт Ж-ы М-т тус тус олгосугай.

10.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.АЛТАННАВЧ