Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1359

 

 

 

 

 

 

 

 

      2022           11         02                                          2022/ШЦТ/1359  

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа

улсын яллагч Р.Мягмардорж,

хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч Г.Ууганбилэг /3011/,

шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Мягмардоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1268 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо “Содон” хорооллын 103 дугаар байрны 2 давхарт байрлах барааны дэлгүүр дотор Г.Нгийн хацрыг нь маажиж, үсдэж унаган толгой, нуруу хэсэг рүү цохих, чигчий хурууг нь хазах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1063 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ц.Ц.

            1.1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь маргалдсанаа хүлээн зөвшөөрч байна гэсэн боловч хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг өөрийгөө учруулаагүй гэж мэтгэлцэж оролцсон.

            1.2. Хохирогч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн байр суурийг дэмжиж оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр барааны дэлгүүр дотор “нөхөр рүү мессеж бичлээ” гэх шалтгаанаар хохирогч Г.Нтай маргалдан түүний биед халдаж, хацрыг нь маажиж, үсдэж унаган толгой, нуруу хэсэг рүү цохих, чигчий хурууг нь хазаж биед нь чигчий хуруунд шарх, баруун хацар, дух, эрүүний зүүн буланд, цээж баруун сарвуу дунд чигчий хуруунд зулгаралт гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Г.Нгийн “...2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын 103 дугаар байрны 2 давхарт байрлах бэлэн барааны хувцасны дэлгүүрт ажлаа хийж байсан. Би ажил дээрээ 3 дүүгээ хараад байж байсан юм. 13 цагийн үед ажил дээрээ байж байтал танил Ц.Ц гэх эмэгтэй орж ирээд шууд “чи Б-той харьцаад байна” гэж уурлаж, эхлээд шууд намайг миний баруун хацарт үсдээд маажсан. Бас үсдэхээр нь би зөрүүлээд үсдээд газар унагаасан. Тэгсэн чинь Ц.Ц гэх эмэгтэй миний гэдэс рүү өшиглөхөөр нь би зөрүүлээд хөл, гуя хэсэг рүү нь өшиглөөд газар зууралдаад миний толгой хэсэг рүү 1-2 удаа цохихоор нь би зөрүүлээд бас толгой хэсэг рүү 1-2 удаа цохиод мөн нуруу хэсэг рүү 1 удаа цохисон чинь миний баруун гарын чигчий хурууг хазаж гэмтээсэн. ..дэлгүүр хаах гээд гарах гэхэд намайг араас ирээд хаалга мөргүүлсэн, тэгээд дэлгүүрээ хаагаад гарах гэж байхад коридорт Ц.Ц гэх эмэгтэй дахиж миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үстсэн. Тэгээд арай гэж салаад гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх9/,

            Гэрч А.Нын “...манай хажуу талын бэлэн барааны дэлгүүрт нэг жаахан хүүхэд орилж гарч ирээд, буцаж ороод гарч ирээд байхаар нь манайхаар үйлчлүүлж байсан хүн юу болоод байгаа юм бол гээд барааны дэлгүүр лүү яваад ортол 2 эмэгтэй зодолдож байна гээд салгасан. ..барааны дэлгүүрт ажилладаг зүс таних хүн 3 дүүгийнхээ араас гарж байгаа бололтой хаалгаа цоожлох гэсэн хойноос нь нэг танихгүй эмэгтэй зодолдож байсан бололтой чи байж бай гээд хаалга мөргүүлж, харин зөрүүлээд дэлгүүрийн охин өшиглөсөн энэ хоёр харилцан үсдэлцээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх17/,

            Насанд хүрээгүй гэрч Г.Цийн “... Гаднаас нэг эгч орж ирээд Н эгчид хандаж “чи манай нөхөрт хэлсэн үү” гэхэд манай эгч Н “би юу гэж тэгж байдаг юм” гэсэн чинь нөгөө гаднаас орж ирсэн эгч “чамаас өөр хэн байдаг юм” гээд манай эгч рүү гар далайсан чинь эгч гарыг нь бариад авсан. Тэгсэн чинь нөгөө гараараа манай эгчийг маажаад үстчихсэн. Тэгээд маргалдаж муудалцаж байтал манай бага дүү Номтойбаяр уйлаад байхаар нь бид хэдийг өрөөнөөс гаргачихсан...” гэсэн мэдүүлэг /хх20/,

Насанд хүрээгүй гэрч Г.Цэ-ий “... Гаднаас нэг танихгүй эгч орж ирээд шууд чи манай нөхөрт хэлсэн үү гээд Н эгч рүү дайраад байсан. Тэгсэн чинь Н эгч миний танихгүй эгчид хандаж би юу гэж тэгж хэлж байдаг юм гэсэн чинь нөгөө танихгүй эгч манай эгч рүү гар далайхаар нь гарыг нь бариад авчихсан. Тэгсэн нөгөө гараараа манай эгч Нг үсдээд баруун талын хацрыг маажихаар нь манай эгч зөрүүлээд үснээс нь зулгаасан...” гэсэн мэдүүлэг /хх 23/,

            - Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/, хохирогчийн биед хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9535 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Г.Нгийн биед чигчий хуруунд шарх, баруун хацар дух, эрүүний зүүн буланд цээж баруун сарвуу дунд чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”. /хх31/ Мөн шүүх эмнэлгийн 9529 дугаар шинжилгээгээр Ц.Цгийн биед дээд уруулд зулгаралт, хэвлий баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо гээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх25-26/

4. Шүүгдэгч Ц.Ц нь шүүх хуралдаанд “хохирогч нь надтай маргалдаж, зодолдож байх үедээ өөрийнхөө биед гэмтэл учруулсан, хохирогчийн биед би гэмтэл учруулаагүй, мөн өөрийн эрүүл мэндэд мөн адил хохирол учирсан” гэж маргасан. Гэтэл дээрх баримтаар шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Г.Нтай маргалдсан, харилцан үснээсээ татан зулгаалцсан, ноцолдсон, мөн шүүгдэгч нь хохирогчийг хаалга мөргүүлсэн, нүүрийг маажсан нөхцөл байдлыг гэрч А.Н, насанд хүрээгүй гэрч тодорхой дүрслэн мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг нь бусад гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан хохирол учраагүй гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Тиймээс хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг маажсан, цохисон, хазсан үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч Г.Н нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой 168.450 төгрөгийн баримтыг /хх38/ нотлох баримтаар гаргаж өгсөн, өөр нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

7. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

Иймд Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цгоос 168.450 төгрөг гаргуулж хохирогч Г.Нд олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан бол хохирогч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар өөр санал хэлээгүй болно.

9.  Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч Г.Н, шүүгдэгч Ц.Ц нар нь танил эрэгтэйтэйгээ хардалтын улмаас хоорондоо хувийн таарамжгүй харилцаа байсан буюу хэрэг гарах үед хохирогч Г.Н нь шүүгдэгчийн нөхөр рүү “эхнэр чинь бусадтай гэр бүлээс гадуур харилцаатай” гэсэн агуулгатай мессеж бичсэний улмаар шүүгдэгч Ц.Ц нь хохирогчийн дэлгүүр дээр очсон нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд хохирогчийн бусдын гэр бүлийн хооронд маргаан үүсгэсэн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэв.

10. Шүүгдэгч Ц.Цг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзлээ.

12. Иймд шүүгдэгч Ц.Цгийн гэмт хэрэг үйлдсэн шинж байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан түүнд хуульд заасан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цгоос 168.450 /нэг зуун жаран найман мянга, дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулан хохирогч Г.Нд олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР