| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/1340/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1360 |
| Огноо | 2022-11-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1360
2022 11 02 2022/ШЦТ/1360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Ж.Энхжаргал,
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00467 0458 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 06 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, “Суваргатайн хөтөл”-ийн замд “Тоёота Приус-20” маркийн, 38-85 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа үүрэглэж, Subaru Sambar маркийн 14-93 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, машиныхаа урд салхины шилийг арчиж байсан жолооч З.Гын эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 467 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.Г.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Д.Г нь 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 06 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, “Суваргатайн хөтөл”-ийн замд “Тоёота Приус-20” маркийн, 38-85 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин жолоо барьж байхдаа үүрэглэж, Subaru Sambar маркийн 14-93 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, машиныхаа урд салхины шилийг арчиж байсан жолооч З.Гын эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч З.Гын “...Би хувиараа амьжиргаа цагаан гэдэг нэртэй Subaru Sambar маркийн, 14-93 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачаа зөөдөг ажил хийдэг. 2022 оны 8 дугаар сарын 06-ны өглөө Хүй 7 худагт ачаа буулгачхаад буцаад хот руу ганцаараа Subaru Sambar маркийн, 14-93 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ явж байсан. Тэгээд Эмээлтийн зам руу орж ирээд явж байхад өглөөний нар мандаад өөдөөс гялбаад явж болохгүй болохоор нь машинаа замын баруун талын хөвөө шороотой хэсэгт зогсоогоод машинаасаа буугаад урд талын шилээ алчуураар арчаад зогсож байтал гэнэт л хүнд зүйлээр намайг цохих шиг болоод нэг мэдэхэд газарт дээшээ харчихсан хамар амнаас цус гарчихсан хэвтэж байсан. Босож ирээд юу болсон юм бол гээд харахад миний машины араас цэнхэр өнгийн “Тоёота Приус-20” маркийн, 38-85 УАВ улсын дугаартай машин мөргөөд замаас нэлээн хол очоод зогсчихсон байсан. Тэгээд машинаа тойроод харахад миний машины зүүн хойд талын дугуй, кузовны орчимд тухайн машин мөргөөд би машиныхаа урд зогсож байсан болохоор өөрийнхөө машинд цохигдож, хойш шидэгдэж унасан байсан. Нөгөө машин дээр гүйж очиход нэлээн хэдэн хүмүүс байсан. Тэд нараас “та нар гайгүй юу, яаж явж байгаад мөргөчхөв өө” гэхэд жолооч нь гэх эрэгтэй машинаасаа гарч ирээд “үүрэглэж, унтаж яваад мөргөчихлөө уучлаарай уг нь би замдаа 30 минут унтсан” гэж хэлсэн. Чи надад ажилгүй байсны ядаж 10 хоногийн мөнгө өг гэхэд 1.500.000 төгрөг өгсөн. Үүний 910.000 төгрөг нь машины үнэлгээний мөнгө, үлдсэн нь ажилгүй байсны мөнгө гэж хэлээд өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх14/,
Гэрч Б.Аий “...Ослын улмаас өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Гэмтэж бэртсэн зүйл байхгүй учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Жолоочид ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Нөгөөдөр Франц руу явчихна. Тийм учраас дахин хэрэгт оролцох боломжгүй. 2 охины маань биед бас учирсан гэмтэл, бэртэл байхгүй учраас шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх17/,
Гэрч Р.Нгийн “...Унтаад явж байтал гэнэт түс тас хийх чимээ гараад машин дотор явж байсан хүмүүс орилолдох чимээгээр сэрээд харахад машин засмал замаас гарчихсан, хүчтэй донслоод явж байгаад зогссон. Тэгээд буугаад ирэхэд 6 цаг өнгөрч байсан. Машины баруун урд талын хаалгаар замын хажууд хөвөөн дээр зогсож байсан цагаан өнгийн жижиг оврын ачааны машиныг мөргөж осол гаргасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх20/,
2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх4-11/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
3. Хохирогч З.Гын биед үзлэг хийсэн шинжээчийн 10916 дугаартай дүгнэлтэд “З.Гын биед баруун 4, 5-р хавирганы хугарал, тархи доргилт, дагзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хугарлууд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...баруун 4, 5-р хавирганы хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамраана.” /хх37/ гэжээ.
4. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.
5. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн магадалгаанд “Жолооч Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Subaru Sambar маркийн 14-93 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ.
6. Дээрх тохиолдолд шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн “хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх үүргээ биелүүлээгүйгээс зам тээврийн осол гаргажээ.
7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Гг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
8. Хохирогч З.Г нь нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд эмчилгээний зардалд Д.Ггийн зүгээс 2.382.000 төгрөг хүлээлгэн өгч, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэжээ. /хх92, 99/,
Мөн энэ хэрэгт хохирогчид учирсан гэмтлийг эмчилсэнтэй холбоотой зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гэм буруутай этгээдээс нэхэмжлээгүй боловч шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 527.000 төгрөгийг төлсөн /хх80/ байх тул Д.Гг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
9. Хохирогч З.Г нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
10. Улсын яллагчаас шүүгдэгч Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан бол шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцохдоо эрүүгийн хариуцлагын санал дүгнэлт гаргаагүй болно.
11. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
13. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Д.Г нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв..
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР