Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1390

 

 

 

 

 

 

 

 

 

      2022           11         08                                          2022/ШЦТ/1390  

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1453 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хотхоны 16 байрны 10 тоотод оршин суух, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 526 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 8 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орбит зах” нэртэй караокед архидан согтуурч “урд нь ингэж уухад миний утас алга болсон” гэх шалтгаанаар М.Бтэй маргалдаж, түүний зүүн гарын шуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1278 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Э.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Э нь 2022 оны 8 дугаар сарын 10-ний 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орбит зах” нэртэй караокед архидан согтуурч “урд нь ингэж уухад миний утас алга болсон” гэх шалтгаанаар М.Бтэй маргалдан, шилээр М.Бийн зүүн гарын шуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч М.Бийн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө найз Э болон Эрдэнэбаяр нартай уулзаж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Орбит  зах” нэртэй караокед 2.4 литрийн пиво 3 ширхгийг уучхаад 2022 оны 8 дугаар сарын 10-ны шөнө 02 цагийн үед гарцгаагаад бид гурав гэр лүүгээ харихаар гудамжаар алхаж байтал Э надад хандаж “...урьд өмнө нь хамт ууж байхдаа намайг орхиж явсан, тухайн үед миний утас гээгдсэн байсан, чи миний утсыг авч явсан...” гэж хэлхээр нь би авч яваагүй чи согтоод унтчихсан гэж хэлээд энэ асуудлаас болоод хоорондоо маргалдаж байтал Э “хоёулаа зодолдох уу” гэж асуухаар нь би зөвшөөрөөд бид хоёр ноцолдож байгаад хоёулаа салаад зогсож байтал Э ямар нэгэн шил юманд цохиж хагалах нь сонсогдоод тэгээд барьж байсан хагарсан шилээрээ миний зүүн гарын шуу хэсэг рүү нэг удаа зоогоод, гэдэс хэвлий хэсэг рүү нэг удаа зоохоор нь би гараараа хамгаалтал дахиад шилээрээ зүүн гарын шуу хэсэгт зүсчихээр нь би өмсөж байсан цамцаа тайлаад гараа дараад байж байтал урд явж байсан Эрдэнэбаяр буцаж ирээд бид хоёрыг салгаад Эрдэнэтулгыг аваад явсан юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх8/,

гэрч А.Эын “...2022 оны 8 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед найз Б, Э нартай уулзаж Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орбит зах” нэртэй караокед 2.4 литрийн 3 пиво уучхаад харихаар гудамжаар алхацгаасан юм. Би тухайн үед маргааш өглөө нь ажилтай байсан болохоор нөгөө хоёрыг бодвол бага уусан юм. Тэгээд тухайн паб-аас гараад найз охинтойгоо утсаар яриад түрүүлээд алхаж байтал хойно Б, Э хоёр хоорондоо маргалдаж байгаад Бийн гэр лүү ордог гудамжинд тэр хоёр орилолдоод ноцолдоод байхаар нь очиж салгатал Бийн гараас нь цус гарчихсан байдалтай “Э миний гар луу барьж байсан пивоны шилээрээ зүсчихлээ...” гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёрыг салгаад гэр гэр лүү оруулсан юм. Гарыг нь хэрхэн зүссэн талаар би хараагүй, ноцолдож байхад нь очиж харсан...’’ гэсэн мэдүүлэг /хх16-17/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 11257 дугаар дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11257 дугаар шинжилгээний дүгнэлтэд “М.Бийн биед зүүн гарын шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэжээ. /хх21/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг шилээр зүссэн үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

6. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

7. Шүүгдэгч Б.Э нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж торгох ялыг биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх ба түүнийг тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй юм.

Тиймээс шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

8. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар шил хагалж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.

9. Иймд шүүгдэгч Б.Эын хувийн байдлын хувьд 2022 оны 4 сард хүний эрүүл мэндэд санаа хохирол учруулж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй нөхцөл байдлыг харгалзан түүнд хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

10. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР