Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1395

 

 

 

 

 

 

 

      2022        11        10                                          2022/ШЦТ/1395

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Э.Чанцалням,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Чанцалнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02266 1623 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд:

- 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1/152 дугаартай тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон,

Махааранз овогт Э.Б /РД:СД94031218/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо амины орон сууцны гадна хамтран амьдрагч Д.Уыг “караоке дотор хажуу ширээний залуутай бүжиглэлээ” гэх маргаанаас үүдэлтэйгээр зодож, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1253 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Э.Б.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо амины орон сууцны гадна хамтран амьдрагч Д.Уыг “караоке дотор хажуу ширээний залуутай бүжиглэлээ” гэх маргаанаас үүдэлтэйгээр зодож, түүний биед “зүүн нүдний ухархайн хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруул, хүзүү хоолой, баруун сарвууны цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Д.Уын “...Э.Бтэй би 2021 оны 6 дугаар сараас хойш хамтран амьдарч байна. Бид 2 дундаасаа хүүхэдгүй. Би өөрөө дагавар 3-12 насны 3 хүүхэдтэй. 2022 оны 7 дугаар сарын 02-ны орой 23 цагийн үед хамтран амьдрагч Э.Б 3 хүүхдийнхээ хамт төрсөн эгч Д.Цын гэрт нь төрсөн өдөрт ирсэн. Би одоогоор дэлгэрэнгүй мэдүүлэг өгөхгүй боломжгүй толгой тархи өвдөөд байна. Миний биед учирсан бүх гэмтлийг манай хамтран амьдрагч Э.Б Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Амины орон сууцны 165 тоот эгчийн хашаан дотор миний өөрийн 91-57 УНЭ улсын дугаартай Toyota prius 20 маркийн автомашин дотор 2 гараараа цохиж, зодож учруулсан. ..Миний машин дотор байх үедээ хүзүүнээс багалзуурдсан, нүүр хэсэгт гараа атгаж байгаад 5-6 удаа цохисон. Баруун гарын шуу хэсгээс хазсан, мөн үснээс зулгааж доош нь дарсан. Бид өмнө нь хоорондоо маргаж байсан боловч миний биед халдаж цохиж зодож байгаагүй..." гэсэн мэдүүлэг /хх 11-14/,

гэрч Д.Цын “...У, Б хоёр машиндаа унтлаа гэж хэлээд гарсан. 05 цагийн орчимд цагдаа ирэхэд би сэрсэн бөгөөд Уыг Б зодчихсон гэж байсан. ..Уын хоёр нүд, нүүр хэсэг хавдчихсан. Хоолой нь зулгарч улайсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх16/,

шүүгдэгч Э.Бийн “...караокед дуулж байгаад манай хамтран амьдрагч У хажуу талын ширээний залуутай бүжиглээд байхаар нь бид 2 маргалдсан...бид хоёр машин дотор маргалдаж байгаад би хамтран амьдрагч Уын нүүр хэсэгт нь гараа атгаж байгаад 3-4 удаа цохисон...Би өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 26-28/,

2022 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх6/, хохирогчийн биед хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. 

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9455 дугаартай дүгнэлтэд "...Д.Уын биед зүүн нүдний ухархайн хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дээд уруул, хүзүү хоолой, баруун сарвууны цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэжээ. /хх19-20/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг гараараа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч Д.У нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой баримтыг нотлох баримтаар гаргаагүй бөгөөд хохиролд 200.000 төгрөг авсан /хх64/, гомдолгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Э.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд 1200 нэгж буюу 1.200.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан бол шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар тайлбар хэлээгүй болно.  

8. Шүүгдэгч Э.Б нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж байсан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, харин хохирол төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.

10. Иймд шүүгдэгч Э.Бийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхэлж мал малладаг, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан түүнд хуульд заасан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР