Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 128/шш2021/0592

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ш.Б, М.Э

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол болон 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш, нэхэмжлэгч Ш.Б, нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, иргэдийн төлөөлөгч Н.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б, М.Э нар шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 1998 оноос хойш тасралтгүй олон жил зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан иргэд Түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхлэх гэрээгээ сунгах шинээр худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах хүсэлтээ Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх " Худалдаа , үйлчилгээг зохицуулах зөвлөл"-д 2015 оноос эхэлж өгсөн байтал одоог хүртэл ямар нэгэн шийдэлд хүрээгүй, тодорхой хариу өгөөгүй байна. Эдгээр иргэд тус асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан боловч мөн л 2016 оноос хойш одоог хүртэл хэрэг сунжирч шийдвэрлэгдэхгүй байсаар байна. Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдэд зөвшөөрөл олгох, зөвшөөрөл сунгах, гэрээ байгуулах зэрэг нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 01 сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол, 2014 оны 04 сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор тус тус зохицуулагддаг. Бид тус шүүхэд түргэн үйлчилгээний цэгийн хандсан байгаа, Тус хэргийн гэрээг сунгах, гэрээг шинэчлэн байгуулах асуудлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2020 оны 09 сарын 18-ны өдөр болсон. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Нийслэл хотод түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдэд дээрхи хоёр тогтоолын дагуу зөвшөөрөл олгогдож байгааг олж мэдсэн. Нийслэлийн засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч, Баянзүрх дүүргийн засаг дарга нарын зүгээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 01 сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол, 2014.04.21-ны өдрийн 56 тогтоолуудыг тус тус хүчингүй гэж үзсэн мөртлөө одоог хүртэл 2014 оны 01 сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолыг баримтлан зарим иргэдэд түргэн үйлчилгээний цэг ажиллуулах зөвшөөрөл олгон, гэрээ байгуулсан байна. /2018 оноос хойш тогтоолыг үндэслэн гэрээ байгуулсан, Гэрээг хавсаргав/ Гэвч тус тогтоолыг Нийслэлийн иргэдэд НИТХ-ын тэргүүлэгчдийн 07 дугаар засаг дарга хүчингүй гэж үзэж бидэнд зөвшөөрөл олгохгүй байсаар өдийг хүрч байна. Өөрөөр хэлбэл, бид 1998 оноос хойш Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, бид батлагдсан хууль, журмын дагуу зөвшөөрлөө авч ажиллаж байсан. Гэтэл 2015 онд гэрээний хугацаа дуусаж гэрээгээ сунгах , шинээр худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах асуудлаар Баянзүрх дүүргийн засаг даргад хандсан зөвшөөрөл олгох эрх зүйн акт байхгүй нэрийдлээр бидний хүсэлтийг шийдвэрлээгүй юм. Мөн Нийслэлийн засаг даргын зүгээс түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдэд зөвшөөрөл олгох асуудал нь чухам аль журмаар зохицуулагдаж байгаа нь тодорхойгүй, аль журам нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эсэх нь мөн адил тодорхойгүй байгаагаас зөвшөөрөл сунгах боломжгүй, дахин зөвшөөрөл олгохгүй гэсэн хариу өгч байгаа юм.

Гэтэл дээрх тогтоолыг баталсан НИТХ-ын зүгээс 2014.01.17-ны өдрийн 07 дугаар тогтоол одоог хүртэл мөрдөгдөж байгаа, хүчин төгөлдөр акт гэж үзсэн байна. Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн 07 дугаар тогтоол болон 56 дугаар тогтоол нь хоорондоо салшгүй холбоотой бөгөөд НИТХ ын тэргүүлэгчдийн 07 дугаар тогтоол дээр үндэслэн 56 дугаар тогтоол нь гарсан юм. НИТХ-ын тэргүүлэгчдийн 07 дугаар тогтоол нь нийслэлийн дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа худалдаа, үйлчилгээг бүхэлд нь зохицуулсан журам юм . Гэтэл тус журамд заасан бусад худалдаа , үйлчилгээнд НИТХ-ын тэргүүлэгчдийн 07 дугаар тогтоол, 56 дугаар тогтоолыг тус тус баримтлан зөвшөөрөл олгодог мөртлөө бидэнд түргэн үйлчилгээний цэг эрхлэх зөвшөөрөл авч гэрээ байгуулах, түүнийгээ сунгах асуудалд тус тогтоол үйлчлэхгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь иргэдэд эрх тэгш хандахгүй байгаагийн илрэл юм. Өөрөөр хэлбэл, Энэхүү НИТХ-ын тэргүүлэгчдийн 07 дугаар тогтоол, 56 дугаар тогтоолыг Нийслэлийн засаг даргын зүгээс зарим хэсгийг мөрдөж, зарим хэсгийг мөрдөхгүй байгаагаас манай нэр бүхий 38 иргэдийн түргэн үйлчилгээний цэг ажиллуулах, хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна. Эдгээр зөрчлүүдээс дурьдвал 2016 оноос одоог хүртэл иргэдтэй түргэн үйлчилгээний цэг ажиллуулах зөвшөөрлийн гэрээг сунгахгүй өдийг хүртэл явсан мөртлөө Цагдаа нар 56-р тогтоолыг баримтлан байнга торгууль биднийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн гэх шалтгаанаар ноогдуулж эдийн засгийн хувьд хүндрэл учруулаад байна , 1998 оноос эхэлж нийслэл шийдвэрийн дагуу түц-ээ гурван ч удаа бэлэн ба дүүргийн албан тушаалтны өгсөн банкны зээлээр шинэчилсэн, 2015 онд нийслэлийн зүгээс 56 - р тогтоолыг баримтлан нийслэлийн ерөнхий архитекторын баталсан зураг төсвийн дагуу 8000000 /найман сая/-10000000 /арван сая/ төгрөгийн өртөг бүхий энэхүү түц-ийг тендерт шалгарсан зөвхөн КИГ ххк-аас худалдаж авбал түц ажиллуулах гэрээ , зөвшөөрлийг өгнө гэх шахалт шаардлагыг нь хүлээн авч банкны зээлээр авсан боловч өнөөдрийг хүртэл зөвшөөрлийг минь олгохгүй байна Дүүргийн зохих төвшний удирдлагуудын зүгээс өөрсдийн эрх мэдлээ буруу ашиглаж дуртай байрлалдаа түц байршуулах зөвшөөрлийг замбараагүй өгч өнөөдөр нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй түц ажиллуулж буй иргэдийн хувьд хууль дүрэм жигд үйлчлэхгүй байна. Иймээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 01 сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа эсэх, 56 тогтоол мөрдөгдөж байгаа эсэхийг тогтоолгох шаардлагатай байгаа юм. Иймд Түргэн үйлчилгээний цэг эрхлэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж буй Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлгүй, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 01 сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол, 2014 оны 04 сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын хүчин төгөлдөр тогтоолыг мөрдөхгүй байгаа хүчингүй болсон гэж тайлбарласан нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Худал хэлж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч, албан тушаалтнуудад Иргэдийн хурлын төлөөлөгчид анхаарч хариуцлага тооцох ёстой. Хэрвээ шүүх хүчин төгөлдөр мөрдөгдөж байна гэж тогтоовол хариуцагчийн зүгээс энэ асуудалд анхаарч, нотлох баримт, шүүхэд өгсөн тайлбарт анхаарч шүүхэд худал мэдүүлсэн иргэн хүн хариуцлага хүлээдгийн адил, итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн ерөнхий менежер Г*******т хариуцлага тооцох ёстой. Г******* өөрийн биеэр шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн 5 ТҮЦ-ийг нүүлгэсэн. Иргэдийн хурлын төлөөлөгч, хуульч байгаа учир албан ёсоор хэлж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд маргаан бүхий актыг батлах эрх олгогдсон талаар Монгол Улсын Үндсэн хуулийн жаран хоёр дугаар зүйлийн 2 дахь хэсэгт " Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль , төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно . ” , Монгол Улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтад “ хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг , нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ; " эрхтэй гэж тус тус заасан байдаг бөгөөд НИТХ , түүний чөлөөт цагт Тэргүүлэгчид нь нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлж харьялах нутаг дэвсгэрийнхээ хэмжээний эдийн засаг , нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг . Дээрх бүрэн эрхийн хүрээнд НИТХ - ын Тэргүүлэгчид нь хууль , төрийн бусад байгууллагын шийдвэрээр зохицуулагдаагүй байсан харилцааг маргаан бүхий актуудаар журамласан болно . 2. Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлийн талаар Захиргааны ерөнхий хууль нь 2015 оны 06 дугаар сарын 19 - ний өдөр батлагдан 2016 оны 07 дугаар сарын 01 - ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Харин маргаан бүхий актууд нь Захиргааны ерөнхий хуулийг батлагдахаас өмнө буюу 2014 онд батлагдан гарч одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байга юм. Иймд маргаан бүхий актууд захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтаас өмнө батлагдсан тул Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлээгүй болно.

3.Иргэн Ш.Б , М.Э нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх тухайд: Тэд нэхэмжлэлдээ “маргаан бүхий актууд нь хүчин төгөлдөр боловч Нийслэлийн болон дүүргийн Засаг дарга нарын зүгээс маргаан бүхий актуудыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн мөртлөө тухайн журмуудыг баримтлан иргэдэд ТҮЦ эрхлэх зөвшөөрөл олгож байна, гэвч тус тогтоолыг Нийслэлийн Засаг дарга хүчингүй гэж үзэж бидэнд зөвшөөрөл олгохгүй байна, 7 болон 56 дугаар тогтоолыг НЗД-ын зүгээс зарим хэсгийн мөрдөж, заримыг нь мөрдөхгүй байгаагаас манай нэр бүхий 38 иргэдийн ТҮЦ ажиллуулах, хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна" гэж дурьджээ. Үүнээс үзэхэд маргаан бүхий актууд нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонихрлыг зөрчөөгүй, харин тухайн маргаан бүхий актуудыг хэрэглэн холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан нэхэмжлэгч нарт үйл ажиллагааны зөвшөөрөл олгох боломж бий болж байна гэж үзэхээр байна. Харин тухайн тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа нь мөн цаашлаад хүчингүй болгох нь нэхэмжлэгч нарын эрх ашигт сөргөөр нөлөөлж болохуйц байна. Дээрх нөхцөл байдлын улмаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 - д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.Б, М.Э нар тус шүүхэд хандаж “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол болон 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...07 дугаар тогтоол нь нийслэлийн нутаг дэвсгэрт явуулж байгаа худалдаа үйлчилгээг бүхэлд нь зохицуулсан журам бөгөөд 07, 56 дугаар тогтоолууд нь хоорондоо салшгүй холбоотой атал аль журам нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эсэх нь тодорхойгүй байгаагаас зөвшөөрөл сунгахгүй, олгохгүй гэсэн хариу өгч...нэр бүхий 38 иргэний Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах эрх зөрчигдөж байна...” тодорхойлсныг хариуцагч “...хэм хэмжээний акт батлан гаргах эрх хуулиар олгогдсон, Захиргааны ерөнхий хууль батлагдахаас өмнө буюу 2014 онд батлагдсан тул Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй,...уг актууд нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчөөгүй, харин ч боломж олгож байгаа бөгөөд хүчингүй болгох нь тэдний эрх ашигт сөргөөр нөлөөлнө...” гэж эс зөвшөөрч маргаж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар “Журам батлах тухай” тогтоолоор Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Нийслэлийн засаг даргын 2013 оны 2а/4140 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн хавсралтаар баталж 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлэхээр тогтоосон, уг нийтлэг журмын 1.1-д “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг  тодорхойлж,  хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохицуулалт хийж, хяналт тавихад энэхүү журмын зорилго оршино.”, 1.2-т “Энэхүү журмыг Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд дагаж мөрдөнө”, 1.3-т “Худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг нутаг дэвсгэрийн онцлог, хүн амын нягтрал, эрэлт хэрэгцээ, шаардлагыг харгалзан Нийслэлийн Засаг дарга  батална” гэж тус тус заажээ. 

Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар “Журам батлах тухай” тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.7, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01/1052 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг хавсралтаар баталж 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлэхээр тогтоосон, уг журмын 1.1-д “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтын “е” (нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэлийн ариун цэвэр, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны арга технологи, шаардлагыг хэрхэн сахиж байгаад хяналт тавих ажпыг зохион байгуулах) , Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дах хэсэг (Хот, тосгоны оршин суугчдын хэрэгцээг хангахад чиглэгдсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгоход тус дэмжлэг үзүүлнэ), 5 дахь хэсэг (Хот, тосгоны нийгэм, эдийн засгийн хөгжпийн асуудлыг шийдвэрлэх талаар аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж, хүнсний болон өргөн хэрэгцээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх талаар гэрээ байгуулна.), Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх хэсэг (хог хаягдлын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулан, хангах)-т тус тус заасан арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлэх, худалдан авагчдын эрүүл, аюулгүй нөхцөлд үйлчлүүлэх нөхцлийг хангахад чиглэгдсэн харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино” гэж заасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал Хууль зүй, дотоод хэргийн яамны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 3-2/119 дүгээр лавлагааны хуудаснаас үзвэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар “Журам батлах тухай” тогтоол болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар “Журам батлах тухай” тогтоол нь тус тус захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ийнхүү бүртгэгдээгүй шалтгааныг “...Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болохоос өмнө батлагдсан журам тул захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй...гэхдээ уг журмыг хүчингүй болгосон эрхийн акт гараагүй тул хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэж үзнэ...” гэж тайлбарласан.

Үүнээс үзвэл маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актууд нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд орж бүртгэгдээгүй боловч өнөөдрийн байдлаар мөрдөгдөж байгаа, нэхэмжлэгч Ш.Б, М.Э нар нь эдгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах зөвшөөрлийг авсан, одоо уг зөвшөөрлийн үндсэн дээр тухайн ажил, үйлчилгээг эрхэлж байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд “Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх”-ийг зохицуулж өгсөн байх ба 20.1 дүгээр зүйлдАймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид ...дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 20.1.4-т “иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх;” 20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж тус тус заасан.

Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2004 оны/ 3.1.4-т ”захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна;”, 3.1.7-д “”нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг;”, 10.1-д Маргаан бүхий захиргааны акт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон бол энэ хуулийн 6.1.-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтан уг актыг хүчин төгөлдөр үйлчилж байгаа, эсхүл ирээдүйд хүчин төгөлдөр болох эсэхээс үл хамааран бүхэлд нь буюу холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр гаргана.” гэж, 70.2.1-д “маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;”, гэж заажээ.

Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл маргаан бүхий тогтоолуудаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам” болон “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”нь хуулиар зохицуулагдаагүй харилцааг нөхөн зохицуулснаараа нийтийн ашиг сонирхолд эерэг нөлөөлөл үзүүлсэн шинжтэй, нөгөө талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасанчлан хариуцагч захиргааны байгууллагын хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан, үндэслэл бүхий захиргааны хэм хэмжээний акт гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нар уг журмуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй...журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эсэх нь тодорхойгүй...цагдаа нар биднийг зөвшөөрөлгүй гэж үзээд байнга торгодог...” гэж тайлбарлаж байх боловч уг журмуудыг зөвхөн бүртгэгдээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн журам бүртгэгдээгүй асуудал нь нэхэмжлэгч нарт эрх зүйн сөрөг үр дагавар үзүүлсэн улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдсон нөхцөлд л шүүх тухайн захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох зохицуулалттай.

Гэтэл уг захиргааны хэм хэмжээний актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, эдгээр журмууд хууль бус  болох нь тогтоогдохгүй байх ба тухайлбал, тухайн журмуудын үйлчлэлийн хүрээнд Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах зөвшөөрөл авч одоо уг үйлчилгээг эрхэлж байгаа гэх атлаа эдгээр журмуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж улмаар шаардлагын үндэслэлээ “...журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эсэх нь тодорхойгүй, цагдаа нар биднийг зөвшөөрөлгүй гэж үзээд байнга торгодог...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, хүчингүй болгох нь дээрхи журмуудын хүрээнд Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах зөвшөөрөл авсан нэхэмжлэгч нар болон тодорхой этгээдийн эрх, ашигт сөрөг нөлөөлөл үзүүлэхээр байх тул дээр дурдсан, маргаан бүхий тогтоол, журмуудыг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй гэж шүүх үзсэн болно.

Иймд нэхэмжлэгч нарын гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол болон 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1 дүгээр зүйлийн 20.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б, М.Э нараас гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоол болон 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН