Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0636

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Э.У

Гомдол гаргагч: “Э” ХХК

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Н.Д

Гомдлын шаардлага: “Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Н.Дын “Э” ХХК-д оногдуулсан 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0048056 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 122/ШШ2024/0021 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Н.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 122/2024/0014/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Э” ХХК-иас Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Н.Дад холбогдуулан “Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Н.Дын “Э” ХХК-д оногдуулсан 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0048056 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 122/ШШ2024/0021 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Манай “Э” ХХК нь 2020 оны 12сард Монгол улсын Компанийн тухай хууль болон бусад холбогдох журмын дагуу үүсгэн байгуулагдаж Зөвшөөрлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, холбогдох бусад хуульд заасан үндэслэл журмын дагуу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр MV-021459 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Монгол Ураниум ресурс” ХХК-иас шилжүүлэн авч Сүхбаатар аймаг дахь Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. “Э” ХХК нь Монгол улсын хуулийг дээдэлж улсдаа тогтмол татвар хураамжийг төлж улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцон зүтгэж буй нийгэмд эзлэх тодорхой байр суурьтай нэр хүндтэй компани юм.

3.1. Гэтэл манай компанийн уурхай дээр 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яамны салбарын хяналтын газрын ерөнхий болон ахлах байцаагч нарын 01/07 тоот урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамжаар шалгалт хийсэн. Тус шалгалтын ажлаар манай компанийг 2024 оны ус ашиглах гэрээ дүгнэлтгүйгээр гүний худгаас унд ахуйд ус ашигласан шүүрлийн усыг шавхан зайлуулсан буюу ус ашиглагчийн үүрэг тавигдах шаардлагыг биелүүлж ажиллаагүй зөрчлүүдийг гаргасан хэмээн үзсэн.

3.2. Бодит байдал дээр тухайн маргаан бүхий усны дүгнэлт гаргахад шаардлагатай үндсэн бичиг баримтуудын нэг нь уулын ажлын төлөвлөгөө байдаг.Манай компани нь 2024 оны уулын ажлын төлөвлөгөөг батлуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ашигт малтмал газрын тосны газар руу хуульд заасан хугацаандаа багтаан цахимаар хүргүүлсэн. Тухайн төрийн байгууллагад монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх уул уурхайн компаниуд төлөвлөгөө тайлангаа цахимаар илгээдэг. Ашигт малтмал газрын тосны газрын цахим системд доголдол үүсэж бөгөөд үүний улмаас төлөвлөгөөг батлах явцад улсын хэмжээнд удаашрал бий болсон.Манай компани нь 2024 оны 02 дугаар сараар эхлэн ашигт малтмалын газрын тосны газраас өөрсдийн уулын ажлын төлөвлөгөө батлуулахаар тогтмол харилцсан.Үүний үр дүнд 2024оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тухайн төлөвлөгөө батлуулж авсан.

3.3. Уулын ажлын төлөвлөгөө батлагдсан даруй усны дүгнэлт гаргуулах хүсэлтээ 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр холбогдох байгууллага руу цахимаар илгээсэн боловч цахим систем нь болохгүй болохоор нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр цаасаар усны газарт хүргүүлсэн төрийн байгууллагын зохион байгуулалт ачааллаас шалтгаалж усны дүгнэлтийг цаг хугацаанд гаргуулах боломжгүйд хүрсэн. “Э” ХХК нь 2023 оны ус ашигласан болон бусад холбогдох төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан.

3.4. Ашигт малтмал газрын тосны газрын цахим систем ажлын ачааллаас шалтгаалж буюу өөрөөр хэлбэл төрийн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас хамаарч Монгол улсын хэмжээнд уул уурхайн бүх компанийн ундны ус ашиглах шүүрлийн ус зайлуулах үйл ажиллагааг нэгэн зэрэг зогсоосон шийдвэр гараагүй байна. Уул уурхайн салбар нь эдийн засгийн тэргүүлэгч салбар тул төрийн байгууллагын зарим шийдвэр үйл ажиллагаанаас шалтгаалж энэ салбарыг зогсоох ялангуяа хувийн хэвшлийн үйл ажиллагааг алдагдуулах хохирол учруулах нөхцөл байдлыг үүсгэж хэрхэвч болохгүй.

3.5. Уул уурхайн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас хамаарсан нөхцөл байдал нь манай байгууллагын төдийгүй монгол улс дах нийт уул уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох үндэслэл болохгүй бөгөөд тухайлбал Оюу толгой ХХК, эрдэнэт үйлдвэр, таван толгой зэрэг стратегийн ордууд ч мөн бидэнтэй ижил нөхцөл байдалтай байгаа боловч үйл ажиллагаа нь хэвийн явагдсаар байгаа билээ.

3.6. Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Дын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №0048056 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас нь гомдол гаргагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хуулийн үндэслэлгүй.

3.7. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад эвлэрлийн асуудлаар санал гаргасныг шүүхээс зарим зөрчлөө хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Учир нь шийтгэлийн хуудас нь 2024 оны усны дүгнэлт гэрээ зөвшөөрөлгүй шүүрлийн ус шавхсан гэх үндэслэлээр гарсан бөгөөд энэ нь зөрчилд холбогдсон талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Гомдол гаргагч “Э” ХХК-иас Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Н.Дад холбогдуулан “Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Н.Дын “Э” ХХК-д оногдуулсан 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0048056 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын ерөнхий байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын ус, рашаан ашиглалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/07 дугаар удирдамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Э” ХХК-ийн ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж буй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Хэрмийн цагаан өндөр нэртэй газарт орших уурхайд хяналт, шалгалт хийсэн байна.

3.2. Шалгалтаар “Э” ХХК-ийг 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг хугацаанд нь холбогдох газар хүргүүлж тайлагнаагүй, 2024 оны менежментийн төлөвлөгөөгүй, 2024 оны ус ашиглах дүгнэлт, гэрээ, зөвшөөрөлгүй ус ашигласан, шүүрлийн ус шавхан зайлуулсан зөрчил гаргасан гэж үзэж 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0048056 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгийн торгууль оногдуулж, усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрт 108,897,177.6 төгрөг төлүүлэх шийтгэл оногдуулжээ.

4. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлд “Усны тухай хууль зөрчих” гээд 2 дахь хэсэгт “Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаад улсын хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.11-д “Энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрх үүснэ”, 28.18-д “Ус ашиглуулах дүгнэлт, холбогдох зөвшөөрөлгүйгээр ус ашиглах, дур мэдэн цооног гаргахыг хориглоно” гэж тус тус заасан.

4.1. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь холбогдох захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр ус ашиглах бөгөөд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, зөрчил гаргагчийг хуульд заасан хэмжээгээр торгохоор байна.

4.2. Гомдол гаргагч “Э” ХХК нь 2024 онд ус ашиглуулах дүгнэлт, гэрээ, зөвшөөрөлгүйгээр уурхайн хөрсний шүүрлийн 15,920.64 м3/хон усыг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нийт 96 хоногийн хугацаанд шавхан зайлуулсан болох нь хэрэгт авагдсан Усны газрын шинжээч Б.А мэдүүлэг, Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээний баримтаар тус тус тогтоогдож байна.

4.3. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Н.Дын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0048056 дугаартай шийтгэлийн хуудсаар “Э” ХХК-ийг 5,000,000 төгрөгөөр торгож, усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрт 108,897,177.6 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-д нийцэж байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв болжээ.

5. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... манай компани 2024 оны уулын ажлын төлөвлөгөөг батлуулах хүсэлтээ 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан боловч 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр батлуулж авсан даруй Усны дүгнэлт гаргуулах хүсэлтээ гаргасан. Төрийн байгууллагын зохион байгуулалт, ачааллаас шалтгаалж усны дүгнэлтийг цаг хугацаанд гаргуулах боломжгүйд хүрсэн ... боловч шүүхээс хэргийн нөхцөл байдлыг огт анхаарч үзсэнгүй” гэжээ.

5.1. Гэвч “Э” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйтэй маргасан, хөрсний шүүрлийн усыг шавхан зайлуулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн талаараа холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

5.2. Түүнчлэн, “... жил бүрийн хавар газар гэсэж, шар усны үер болох эрсдэл үүсдэг тул шүүрлийн усыг шавхан зайлуулах ажиллагаа хийхээс өөр аргагүй байдалд хүртэл ...” гэх тайлбараас үзвэл “Э” ХХК нь дээрх нөхцөл байдал жил бүр давтагддаг болохыг мэдэх тул холбогдох дүгнэлт, гэрээ, зөвшөөрлөө өмнө нь авах боломжтой байна.

6. Хэрэгт авагдсан Усны газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/463, 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/470, 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/475 тоот албан бичгүүдээс үзвэл гомдол гаргагч “Э” ХХК нь 2024 оны ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлтээ 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр www.ewater.mn цахим хаягаар хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

6.1. Гэтэл анхан шатны шүүх “... уг хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 24/59 дугаартай албан бичгээр хүргүүлж Усны газарт хандсан гэж үзэхээр байна” гэж нотлох баримтыг буруу дүгнэсэн хэдий ч энэ нь “Э” ХХК-ийн гаргасан зөрчлийг үгүйсгэх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 122/ШШ2024/0021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ