Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
              Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: П.Ганбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг,
Иргэдийн төлөөлөгч: С.Галбадрах,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зүмэр овогт Чинзоригийн Эрдэнэбаярт холбогдох 129/2016/0101/Э/ индекстэй, эрүүгийн 21101050 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцэхэд

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллаагаа явуулах “Хайрхан топ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн 2 дугаар баг Арслан цохионы 07-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Зүмэр овогт Чинзоригийн Эрдэнэбаяр, /РД:АЭ90032279/

                       Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 Шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр нь мөрдөн байцаалтын шатанд 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 2013 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс оршин суугаа газраас гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд давтан үйлдлээр оргон зайлсан, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд, прокурорын хяналтын шатанд 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 2016 оны 10 дугаар сарын 26- ны өдрийг хүртэл хугацаанд оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:
  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр:  Би мэдүүлэг өгөхгүй. Бүгд үнэн гэв.
  Батлан даагчийн бичгээр авсан үүрэг /хх-ийн 137 дугаар тал/
  Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/ё дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 142 дугаар тал/ 
    Яллагдагч Ч.Эрдэнэбаярыг 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-ийн 139 дүгээр тал/ 

           Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 169 дүгээр тал/

    Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 193 дугаар тал/

       Мөрдөн байцаагчийн яллагдагч Ч.Эрдэнэбаярын батлан даагч Л.Отгонрагчаа, Б.Бат-Орших нар луу утсаар ярьсан тэмдэглэлүүд /хх-ийн 196-199 дүгээр тал/

       Эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлэх санал /хх-ийн 207 дугаар тал/

       Прокурорын Ч.Эрдэнэбаяр нарт холбогдох эрүүгийн 21101050 дугаартай хэргийг түдгэлзүүлсэн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102 дугаартай тогтоол /хх-ийн 208 дугаар тал/

       Гадагш явж болохгүй баталгаа авсан баримт /хх-ийн 214 дүгээр тал/

       Яллагдагч Ч.Эрдэнэбаярт 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ял нэмж сонсгох тухай тогтоол /хх-ийн 220 дугаар тал/

Шүүгдэгч Ч.Эрдэнэбаярыг ял өөрчилж сонсгосонтой холбогдуулан байцаасан байцаалт: Би өөрөө ирнэ гэж бодож байсан. Мөрдөн байцаагч надтай утсаар ярьж ир гэдгийг бол хэлсэн. Би нүүрс буулгаж байсан болохоор хаяж явж чадаагүй. Тэгээд ирээгүй. Би очно гэж бодоод очиж чадаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 221-223 дугаар тал/ 

Яллагдагч Ч.Эрдэнэбаярт 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-ийн 211-212 дугаар тал/ 

            Прокурорын эрүүгийн 21101050 дугаартай хэргийг түдгэлзүүлсэн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаартай тогтоол /хх-ийн 229 дүгээр тал/ 

            Яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал /хх-ийн 234 дүгээр тал/

            Яллагдагчийг цагдан хорих шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 35/а дугаартай захирамж /хх-ийн 236 дугаар тал/ 

            Яллагдагч Ч.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т заасан ялыг нэмж сонсгох тухай тогтоол /хх-ийн 239 дүгээр тал/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 170, 259 дүгээр тал/

            Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 268 дугаар тал/

    Шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Надад өмнө сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би бичиг үсэг мэдэхгүй учраас өмгөөлөгчтэй байцаалт өгнө гэх мэдүүлэг. /хх-ийн 240 дүгээр тал/ 
            Гэрч Б.Бат-Орших мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Эрдэнэбаярыг батлан дааж хорихоос гаргаснаас хойш угаасаа надтай уулзаагүй. Цагдаагаас хоёр удаа над руу утсаар яриад Эрдэнэбаяр оргосон хаагуур явааг нь та мэдэж байна уу гэж асууж байсан би мэдэхгүй гэдгээ хэлж байсан. Эрдэнэбаяр өөрөө надтай угаасаа холбоо бариагүй сураг чимээгүй алга болсон. Хоёр удаа оргож яваад хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан учир би батлан дааж авч чадахгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 243 дугаар тал/ 

           Шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:Би Улаанбаатар хот орж ажил хийж мөнгө олмоор байсан юм. Шалгагдаж байсан хэргийн мөрдөн байцаагчаас чөлөө авч Улаанбаатар хот руу явж энд тэнд цагийн ажил хийж байхад мөрдөн байцаагч Чимэддорж намайг утсаар дуудахаар нь би очоогүй юм. Нэг жилийн дараа Улаанбаатар хотод түүхий эд авч байхад намайг баривчилж Архангай аймаг руу авч явсан. Архангай аймагт ирж шалгагдаж гадуур барилга дээр ажил хийж байгаад Улаанбаатар хот руу явж ажил хийвэл илүү мөнгө олмоор санагдаад байхаар нь мөрдөн байцаагч Чимэддоржид хэлэлгүй дахин оргож Улаанбаатар хот руу явсан. Дахин оргож яваад Улаанбаатар хотын хуучин 22-н товчоон дээр очиж түүхий эд, төмөр авч Дархан хот руу зөөдөг ажил хийж байсан. Би мөрдөн байцаалтаас хоёр удаа оргож явсандаа үнэхээр харамсаж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 251-252 дугаар тал/

       Яллагдагч Ч.Эрдэнэбаярыг 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримт. /хх-ийн 435 дугаар тал/

              Гэрч Ч.Ариунзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Миний хамт амьдарч байсан Сурмаажавтай найз нөхөд гээд манай гэрт Эрдэнэбаяр ирж байсан болохоор танилцаж байсан юм. Эрдэнэбаяр нь батлан даалтад авах хүнгүй байна гээд гуйгаад байхаар нь Бат-Очирын хамт батлан даалтад авсан бөгөөд Бат-Очир бид хоёр Эрдэнэбаяртай ямар ч холбоо хамаагүй хүмүүс бөгөөд Эрдэнэбаяр нь оргон зугтахгүй, байж байгаад хэргээ шийдүүлнэ гээд байхаар нь батлан дааж авсан. Одоо Эрдэнэбаярыг хаана байгааг мэдэхгүй байна. Манайхаас гараад 1 сар гаран болж байна надтай угаасаа холбоо бариагүй гэх мэдүүлэг. /хх- ийн 458 дугаар тал/

             Прокурорын Ч.Эрдэнэбаяр нарт холбогдох эрүүгийн 21101050 дугаартай хэргийг түдгэлзүүлсэн тогтоол /хх-ийн 463 дугаар тал/

             Яллагдагч Ч.Эрдэнэбаярыг эрэн сурвалжилсан мөрдөн байцаагчийн даалгавар, илтгэх хуудас /хх-ийн 464-470 дугаар тал/

             Эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хүрэлшагайгийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бичсэн: Яллагдагч Ч.Эрдэнэбаярыг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо хаягдал төмөр авах цэг дээрээс баривчилж мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х.Эрдэнэчулуунд хүлээлгэн өгөв гэх илтгэх хуудас. /хх-ийн 475 дугаар тал/ 

             Шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2015 оны 05 дугаар сарын эхээр мөрдөн байцаалтаас чөлөө зөвшөөрөл авалгүйгээр шууд эхнэр, хүүхэд дээрээ Улаанбаатар хот руу очиж ажил хийж мөнгө олж эхнэр хүүхдээ тэжээсэн. Дахиж Архангай аймаг руу очоогүй. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Толгойт өртөө 22-ын товчооны орчим төмөр авах ажил хийж байгаад цагдаад баригдаж Архангай аймагт ирсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Одоо оргон зугтахгүй хэргээ шийдүүлмээр байна. Би одоогийн байдлаар хохирогч нарт хохирол мөнгө өгөөгүй байгаа, гэхдээ цаашид хохирогч нарт хохирол мөнгө өгөх болно гэх мэдүүлэг. /хх-ийн 477 дугаар тал/

             Гэрч Б.Алтанчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын эхээр Ч.Эрдэнэбаярын хэрэг прокурор руу шилжсэн. Ч.Эрдэнэбаяр хяналтын прокуророос чөлөө аваад Улаанбаатар хот руу яваад ирэлгүй алга болсон. Би Ч.Эрдэнэбаярыг олох гэж 3 удаа Улаанбаатар хот руу явсан. 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ч.Эрдэнэбаяр надтай утсаар ярьсан. Тэгээд би өөрөө прокурор руу очно хэргээ шийдүүлнэ гэж ярьж байсан боловч ирэлгүй алга болсон. Би Ч.Эрдэнэбаярыг батлан дааж авсан болохоор торгуулийн арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 523 дугаар тал/

              Гэрч Г.Ням мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Эрдэнэбаярын аав, ээж 2 нь Эрдэнэбаярыг бага байхад нь салаад тусдаа амьдарсан. Ээж нь Эрдэнэбаярыг хаяад Улаанбаатар хотруу явсан бөгөөд аав нь Эрдэнэбаярыг өсгөж байгаад дэмий тэнээд ор сураггүй алга болсон. Сүүлд нь нас барсан гэж дуулдсан. Эрдэнэбаяр багаасаа аавынхаа ахын гэрт өсөж хүмүүжсэн бөгөөд гадуур их дэмий тэндэг хараа хяналт сул хүүхэд байсан. 2015 оны 11 дүгээр сард Эрдэнэбаяр над руу утсаар яриад намайг батлан даагаад авчих, би оргож явахгүй хэргээ шийдүүлнэ гээд надаас гуйгаад байхаар нь би батлан дааж авсан юм. Тэгээд маргаашнаас нь эхлээд Эрдэнэбаяр руу залгахад утсаа авахгүй, холбогдох боломжгүй болсон. Би батлан дааж авсан болохоор торгуулийн арга хэмжээ авахуулахад санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 524 дугаар тал/
    
             Яллагдагч Ч.Эрдэнэбаярыг эрэн сурвалжлан олох талаар Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн даргын даалгавар, Ч.Эрдэнэбаярыг эрэн сурвалжилсан тухай эрүүгийн төлөөлөгч нарын илтгэх хуудас /хх-ийн 533-534 дүгээр тал/

              Яллагдагч Ч.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 21101050 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.2 дахь хэсэгт зааснаар түдгэлзүүлсэн прокурорын тогтоол, эрэн сурвалжлах тогтоол /хх-ийн 535-536 дугаар тал/

              Яллагдагч Ч.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 21101050 дугаартай хэргийг сэргээсэн прокурорын тогтоол, Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн даргын даалгавар, Ч.Эрдэнэбаярыг эрэн сурвалжилсан тухай эрүүгийн төлөөлөгч нарын илтгэх хуудас /хх- ийн 539-545 дугаар тал/

              Яллагдагч Ч.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 21101050 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.2 дахь хэсэгт зааснаар түдгэлзүүлсэн прокурорын тогтоол, эрэн сурвалжлах тогтоол /хх-ийн 551-553 дугаар тал/

             Яллагдагч Ч.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 21101050 дугаартай хэргийг сэргээсэн прокурорын тогтоол /хх-ийн 554 дүгээр тал/ 

             Яллагдагч Ч.Эрдэнэбаярыг Цагдаагийн газраас зохион байгуулсан “Илрүүлэлт, шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороо “Номин” их дэлгүүрийн авто машины зогсоол дээрээс дайчлан баривчилсан эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Эрдэнэбатын илтгэх хуудас /хх-ийн 557 дугаар тал/

     Гэрч Н.Отгонтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Ч.Эрдэнэбаяртай 1 жил орчмын өмнөөс танилцаж, 3-4 сарын өмнөөс гэр бүлийнхэнтэйгээ танилцуулж үерхэж байгаа юм. Би Эрдэнэбаяраас жирэмсэн болсон одоо 9 сартай. Би эрх үүргээ ойлгосон. 2015 оны 2 дугаар сард Улаанбаатар хотод анх Эрдэнэбаяртай танилцсан. Эрдэнэбаяр анх Замын Үүдэд цемент ачиж буулгах ажил хийж байгаад 2016 оны 08 дугаар сард Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд төмөрийн цэг дээр ажиллаж байсан. Зан байдлын хувьд төлөв даруу, архи хэрэглээд байдаггүй хүн. Эрдэнэбаяр нь хүнд тусархуу зан ааш нь эвдрээгүй хүн гэж би боддог. Би Эрдэнэбаярыг ямар хэрэг хийснийг мэдэхгүй. Надад энэ талаар ярьж байгаагүй. Би одоо 9 сартай жирэмсэн удахгүй төрөх учир миний нөхрийг надтай хамт байлгах боломж байна уу гэж хүсэж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 560-561 дүгээр тал/

             Гэрч Б.Энхбүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 8, 9 дүгээр сарын үед Эрдэнэбаяр өөрөө хүрээд ирсэн.Тэгээд цагдаа дээр очоод асуудлаа шийдүүлчихсэн гэхээр нь би төмөр авах цэгтээ ажиллуулж байтал 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд Эрдэнэбаярыг бариад аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 567-568 дугаар тал/

              Шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би оргосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би 2015 оны 12 дугаар сард Улаанбаатар хот ороод төмөр авах цэг дээрээ очоогүй юм. Учир нь намайг урьд нь тэндээс барьж авч байсан юм. Тэгээд хотоор хэсэг тэнэж байгаад, Замын-Үүд явж тэндээ ажилласан. 2016 оны 8 дугаар сарын үед хотод байдаг төмөр авах цэг дээрээ очиж ажилласан юм. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажил дээрээ байж байгаад цагдаад баригдсан юм гэх мэдүүлэг. /хх-ийн 570-571 дүгээр тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

      Шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр нь 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2013 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс оршин суугаа газраас гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд давтан үйлдлээр оргон зайлсан, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд, мөн прокурорын хяналтын шатанд 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл оргосон болох нь гэрч Г.Ням, Н.Отгонтуяа, Г.Энхбүрэн нарын мэдүүлэг, хэргийг түдгэлзүүлсэн тогтоолууд, яллагдагчийг эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн баримтууд, яллагдагчийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл эдгээр нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч Ч.Эрдэнэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Ч.Эрдэнэбаярыг давтан үйлдлээр прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 Шүүх шүүгдэгч Ч.Эрдэнэбаярт ял шийтгэл оногдуулахдаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй болох, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх, шүүгдэгч Ч.Эрдэнэбаярын цагдан хоригдсон 435 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Ч.Эрдэнэбаярын бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх зүйл ангийг Өршөөлийн хуульд хамруулж хэрэгсэхгүй болгосон тул прокурорын хяналтаас оргосон гэсэн зүйл анги яригдах ёсгүй, шүүгдэгч Ч.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн хэргийг түдгэлзүүлсэн тогтоол нь хууль ёсны дагуу авагдаагүй зэрэг нөхцөл байдал байх тул Ч.Эрдэнэбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж өмгөөлөл явуулж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэний үндсэнд прокурорын тогтоолоор Өршөөлийн хуульд заасны дагуу түүнд холбогдох бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг үүсгэсэн, эрүүгийн хуульд заасан ямар нэгэн гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдож, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тохиолдолд шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр нь өөрийн гэм буруутай эсэхийг тогтоосон шүүхийн шийдвэр гарах хүртэл хуульд зааснаар мөрдөн байцаагч, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй байхад хууль болон таслан сэргийлэх арга хэмжээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй байна. 
Мөн шүүгдэгч Ч.Эрдэнэбаяр нь прокурорын хяналтаас давтан үйлдлээр оргосон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн прокурорын тогтоолууд нь хууль ёсны байна.  
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294.2, 294.3, 295, 296, 297, 298, 303, 304 дүгээр  зүйлүүдэд  заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зүмэр овогт Чинзоригийн Эрдэнэбаярыг давтан үйлдлээр прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэбаярыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэбаярт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэбаярын цагдан хоригдсон 435 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эрдэнэбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
7. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                 ШҮҮГЧ                                  П.ГАНДОЛГОР
                       ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ