Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 945

 

 

 

 

 

 

  2019          9              19                                             2019/ДШМ/945                                 

 

Б.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Очбадрах,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2206 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Очбадрахын бичсэн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 101 дугаартай эсэргүүцлээр Б.Ст холбогдох 1906020870932  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

....... С, 1994 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү, охины хамт Хан-Уул ....... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УЗ94053005/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

 Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 5 дугаар гудамжны 243 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Т.Сыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.С нь амь хохирогч Т.Сыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, дээрх гэмтлийн хүндрэл болох цээжний хөндийн идээ хуралдалт, хоёр уушигны буглаа, цээжний хөндийн болон уушигны гялтан, уушигны идээт, өнгөрт үрэвслийн улмаас Т.С нь амьсгалын дутагдалд орж нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан байхад прокурор зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Мөн хавтас хэргийн 24 дүгээр хуудаст гэрч Төмөрбаатарын Атархуяг гэх хүний биеийн байцаалт байх атал 25-26 дугаар хуудсуудад Атарбаяр гэх хүний гарын үсэг зурагдсан байгаа бөгөөд тухайн гэрч нь Атархуяг, Атарбаяр нарын хэн нь болохыг шалгах шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Очбадрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан хохирогч Т.Атарбаярын “...С Сыг хутгалж гэмтээсэн байсан...эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хавьцаа санагдаж байна, намайг гэртээ байж байхад 20 цагийн орчим С ирсэн. ...Гэртээ эмээ уугаад эмийн сангийн худалдагчаар нэг удаа боолт хийлгэсэн, би нэг удаа шархыг цэвэрлэж боож өгч байсан. ...өөрөө эмнэлгээс гарсан эмчилгээ дууссан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 38 дугаар хуудас/, гэрч Л.Энхбаярын "...С согтуу цээжний баруун талдаа далны дунд шугамаар 6-7 хавирганы түвшинд шархтай ирсэн. ...2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр буюу эмчилгээний 12 дахь хоног дээр цээжний гуурсыг салгаж авсан. ...Өглөө рентген харсны дараа С алга болчихсон өрөөний хүмүүсээс нь асуухад ойрхон гарчихаад ирье гээд гарсан гэж хэлсэн. 16 цаг 30 минутын үед тасгийн үүдэнд Стай таарахад гадуур хувцастай согтуу гуйваад явж байхаар нь “чи эмнэлгийн дотоод журам зөрчиж архи уулаа, ар гэрийн хүмүүсээ дууд, наанаа сууж бай ар гэрийнхнээ ирэхээр уулзуулаарай” гээд би ажлаа хийгээд явсан. ...Би хэсэг хугацааны дараа хэвтэж байсан өрөө лүү нь ороход өрөөндөө байхгүй байсан. Хамт эмчлүүлж байсан хүмүүсээс асуухад өглөөнөөс хойш орж ирээгүй байж байгаад сая утсаар яриад өөрийн эд зүйлсийг гаргуулж аваад явсан гэж хэлсэн. ...Эдгэрэлт 70-80 хувьтай байсан. ...С нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 103 буюу түргэнээр манай эмнэлэгт дахин ирж хэвтсэн байсан. ...Тэрээр гүн хордлогын байдалтай цусан үжил буюу эмнэлгийн хэллэгээр сепсис болсон байсан. ...Өвчтөн С нь эмнэлгээс гараад эмнэлэгт дахин ирэхээс өмнө 5 хоног архи уусан гэж өөрөө надад хэлж байсан. Шарханд эмнэлгээр боолт хийлгээгүй нэг удаа эмийн санд 5000 төгрөг өгч боолт солиулсан гэж ах нь хэлж байсан. ...Хутгалагдаж ирээд эмчилгээ хийлгээд амь нас алдах буюу нас барах аюул байхгүй болсон байсан. Шарх цэвэрлээгүй бохир оруулснаас болж идээт хүндрэл үүссэн...” гэх мэдүүлэг /хх 30-31 дүгээр хуудас/, гэрч Д.Ариунболдын "...С гэх залуу манай өрөөнд намайг хэвтэхэд байсан. ...2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр С миний бие их гайгүй болчихлоо гараад ирье гэж хэлээд 11 цагийн алдад гараад явсан. Орой 20 цагийн үед би гадаа тамхи татчихаад эргээд ороод ирэхэд тасгийн үүдэнд ганцаараа халамцуу сууж байсан. ...Нээх удалгүй Л.Энхбаяр эмч “С хаачсан юм бэ, орж ирээгүй юу” гэж асуухаар нь мэдэхгүй байна гэж хэлэхэд ар гэрийнхэн лүүнь  утсаар ярих хооронд алга болчихлоо гэж хэлж байсан. Шөнийн тариа хүртэл Энхбаяр эмч 2-3 удаа орж ирж асууж байсан..." гэх мэдүүлэг /хх 40 дүгээр хуудас/, шинжээч эмч М.Энхбаяр, С.Наранцэцэг нарын  "...Амь хохирогч тухайн үед эмчилгээг бүрэн хийлгэсэн бол амьд үлдэх боломжтой байсан. ..." гэх мэдүүлэг /хх 201-204 дугаар хуудас/, Цэргийн төв эмнэлгийн өвчний түүхэнд бичигдсэн тэмдэглэл /хх 155 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар амь хохирогч Т.С нь Цэргийн төв эмнэлэгт 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгийн дотоод журмыг зөрчиж эмчлэгч эмчийн зөвшөөрөлгүйгээр эмнэлгээс дур мэдэн гарч согтууруулах ундаа хэрэглэсэн ба эмнэлгээс гарснаас хойш мэс ажилбар хийлгэсэн шархыг эмчид үзүүлж цэвэрлэж солиулаагүй, эмчилгээ хийлгээгүйгээс шарханд бохир орж идээт хүндрэл үүсч, амь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан нас барсан болох нь тогтоогдсон. Хэдийгээр яллагдагч Б.С нь амь хохирогч Т.Сыг хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан боловч түүний үйлдэл болон хохирогч Т.Сын амь хохирсон хор уршгийн хооронд шалтгаант холбоо байхгүй байна. Мөн хавтаст хэргийн 24-26 дугаар хуудаст Т.Атарбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрчийн эрх, үүргийг сануулж мэдүүлэг авахдаа биеийн байцаалтад Т.Атархуяг гэж алдаатай бичсэн байна. Гэхдээ Т.Атарбаярыг хохирогчоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирогчийн эрх, үүргийг сануулж хохирогчоор мэдүүлэг авч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт "Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй" гэж заасны дагуу Т.Атарбаярыг гэрчээр байцаасан тэмдэглэлийг анхан шатны шүүх нотлох баримтаас хасч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2206 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх яллагдагч Б.Ст холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байх бөгөөд хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгах ажиллагааг хийсэн байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Тодруулбал, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй.

 

Шүүгчийн захирамжид заасан “...хавтас хэргийн 24 дүгээр хуудаст гэрч Төмөрбаатарын Атархуяг гэх хүний биеийн байцаалт байх атал 25-26 дугаар хуудсуудад Атарбаяр гэх хүний гарын үсэг зурагдсан байгаа бөгөөд тухайн гэрч нь Атархуяг, Атарбаяр нарын хэн нь болохыг шалгах шаардлагатай...” гэх асуудлын тухайд, амь хохирогч Т.Сын төрсөн ах Т.Атарбаяраас 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэрчийн мэдүүлэг авахдаа түүний нэрийг Т.Атархуяг гэж бичсэн байгаа хэдий ч “Атарбаяр” гэж гарын үсэг зурсан байгаас гадна /хх 24-26/ 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Т.Атарбаярыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож /хх 33-38/, тэрээр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Төмөрбаатарын Атарбаяр гэж биеийн байцаалт хэсэгтээ мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл Т.Атарбаярын гэрчээр мэдүүлэг өгөхдөө өгсөн биеийн байцаалт, /ЖИ85111514/ регистрийн дугаар, хохирогчоор мэдүүлэг өгөхдөө өгсөн биеийн байцаалттай тохирч байх тул энэ ажиллагааг хэргийг заавал прокурорт буцааж хийлгэхгүйгээр шүүх хуралдаанаар тодруулах боломжтой гэж үзлээ.

 

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч Б.Ст холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2206 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Ст холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл Б.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН