Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1405

 

 

 

 

 

 

 

     2022            11           16                                         2022/ШЦТ/1405

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар Э.Хт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1393 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Х нь 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 18 дугаар гудамжны 8 тоот гэртээ байхдаа фэйсбүүкийн “Монгол гэр 4, 5, 6 ханатай гэр авна, зарна" гэсэн групп дээр “4 ханатай гэр хямд авна” гэсэн зарын дагуу хохирогч У.Штай холбогдож, улмаар өөрийгөө Б хэмээн танилцуулан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 21 дүгээр гудамжны 1 тоот хашаанд байсан 5 ханатай гэрийг зарахдаа “миний гэр, би гадуур ажилтай явж байна, намайг хажуу айлын хүмүүс андахгүй, асуугаарай” хэмээн хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

Мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 21 дүгээр гудамжны 1 тоот хашаанд байсан хохирогч Б.Оын 5 ханатай монгол гэрийг бусдад өөрийнх хэмээн зарахдаа гэр дотор байсан 32 инчийн “Шарп” зурагт, гэрийн хөшиг, “Колмен” брэндийн 4 хүний майхан зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан нийт 2.170.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1172 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Э.Х:

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бол, түүний өмгөөлөгч хулгайлах гэмт хэрэг дээр машин, механизм ашигласан гэж үзэхгүй, мөн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх өөрчлөх байр сууринаас оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтийг дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Э.Х нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 18 дугаар гудамжны 8 тоотод амьдардаг. 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хөрш айл болох хохирогч Б.Оын Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 21 дугаар гудамжны 1 тоотод байрлах монгол гэрийг өөрийн гэр, хямд зарна гэж У.Штай холбогдсон. Улмаар У.Ш нь гэрийг худалдаж авахаар ирсний дагуу Б.Оын 5 ханатай монгол гэр болон, гэрийн эд зүйл болох зурагт, майхан, хөшиг, хулдаасыг 500.000 төгрөгөөр худалдан авч ачин явсан, мөн мөнгийг Э.Хын эх Д.Цын данс руу шилжүүлэн үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Оын “...би 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 09 цагийн үед өөрийн 2 охины хамт Түнхэл тосгон явж амарчхаад 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг өнгөрөөд гэртээ иртэл манай байшингийн хажуу талд барьсан байсан 5 ханатай Монгол гэр байхгүй, дотор нь байсан зарим эд хогшлыг үлдээгээд байшингийн үүдэнд овоолоод юмаар хуччихсан байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Манай нөхөр болох Д.Ө хашаагаа хараад гэртээ үлдсэн байсан. 2022 оны 8 дугаар сарын 07-ны өглөө 08 цагийн үед ажилдаа явахад Монгол гэр байсан гэж над руу ярьсан. 5 ханатай Монгол гэрээс гадна, гэрийн хөшиг, хулдаас, 32 инчийн “Шарф” брэндийн хар өнгийн телевизор байхгүй байна. Монгол гэрээ 2021 оны 9 дүгээр сард хувь хүнээс 1.500.000 төгрөгөөр, 32 инчийн телевизороо 7, 8 жилийн өмнө Номин худалдааны төвөөс 399.000 төгрөгөөр, хулдаасаа 2021 оны 9 дүгээр сард Хархорин худалдааны төвөөс 100.000 төгрөгөөр, гэрийн хаалгаа Хархорин худалдааны төвөөс 2021 оны 9 дүгээр сард 120.000 төгрөгөөр тус тус худалдан авсан. Алдагдсан эд зүйлээ нийлүүлээд 2.500.000 төгрөгөөр үнэлнэ. Колемэн брэндийн ногоон өнгийн даавуун 4 хүний майхан алдагдсан байна. Би майхнаа 2021 оны 9 дүгээр сард Хархорин захаас 170.000 төгрөгөөр худалдаж авсан. ... би гэрээ хэн нэгэн хүнд захиж үлдээгээгүй...” гэсэн мэдүүлэг /хх12-13/,

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх4-7/,

- У.Шын хохирогчоор мэдүүлсэн “...Би сүүлийн үед тусдаа гарах санаатай гэр худалдаж авахаар 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд фейсбүүкийн "Монгол гэр 4, 5, 6 ханатай гэр авна, зарна" гэсэн группт би өөрийн Ш Шинээ гэсэн хаягаасаа “... 4 ханатай гэр хямд авна...” гэж зар тавьсан юм. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн орчимд “Т.Т” гэсэн фейсбүүк хаягаас миний зарын доор 5 ханатай гэр хямд зарна гэхээр нь тухайн фейсбүүк рүү чатаар холбогдож гэр авахаар болсон юм. Тухайн хүн надтай чатаар холбогдож байгаад Сонгинохайрхан дүүрэгт байрлах Дүүхээ төвийн эсрэг талын гэр хороолол руу гэрээ заасан юм. Тэгээд би эхлээд ганцаараа гэр үзэх гээд 10 цагийн үед хашааных нь гадна ирсэн. Тухайн хашаа нь 1 номерын тоот хашаа байсан бөгөөд би хашаа руу нь орохынхоо өмнө гэр зарах хүн рүү чат бичиж “...танайх нохойтой юм байна шүү дээ, нохой зүгээр үү...” гэсэн чат бичихэд тухайн хүн “...нохой зүгээрээ ороод гэрээ үзчих...” гэж хэлэхээр нь гэрийг нь үзчихээд “...гэр хэд гэж байгаа юм..." гэж би асуухад "...тухайн хүн чи хэдэд авмаар байгаа юм..." гэж асуухаар нь би ...500.000 төгрөгт авъя..." гэж хэлсэн бөгөөд тухайн хүн ....болно гэвэл тэгээд 500.000 төгрөгтөө авахгүй юу даа.... гэж хэлсэн. Тэгээд би гэрийг нь авахаар болж нөгөө хүн рүү чат бичиж "...энэ гэр чинь цоожтой юм байна шүү дээ, яаж гэрийг чинь авах юм хулгайн юм биш юм байгаа биз дээ.... гэхэд нөгөө хүн "...дугаараа..." гэхээр нь би өөрийн 90125448 гэсэн дугаараа үлдээсэн юм, удалгүй нэг дугаараас нэг хүн залгаж өөрийгөө Б гэж танилцуулаад "...намайг наад хавийн хүмүүс чинь мэднэ ээ, худлаа гэвэл чи хажуу талын айлын хүмүүсээс нь асуу, хулгайн эд зүйл биш ээ..." гэж хэлсэн юм. Тэгээд би зүүн талын хашаа руу нь өндийгөөд тухайн хашаанд байсан нэг залууг дуудаад "... энд Б гэдэг хүн байдаг юм уу..." гэж тухайн хүнээс асуухад тэр хүн "...байдаг байдаг, 10 хэдэн жил наад хашаанд чинь амьдарч байгаа, 361 гарамын тэнд эхнэртэйгээ ногооны талбай дээр ажилладаг юм, яасан юм бол...” гэж хэлэхээр нь “...аан Б гэдэг хүн гэр зарна гэсэн юм аа, би гэрийг нь авах гэж байгаа юм..." гэж хэлэхэд "...аан мөн мөн өөрсдөө мэдэж байгаа одоо яахав дээ.... гэж хэлээд гэр лүүгээ яваад орсон. Тэгээд би тэр гэрийг нь авахаар болж дуудлагаар ачаа ачдаг амьжиргаа цагаан машины 80511114 гэсэн дугаар луу залгаж дуудлагын амьжиргаа цагаан дуудсан. Мөн гэр буулгалцахаар хуурай дүү болох Зыг дуудсан юм. Тэгээд 11 цаг өнгөрч байхад амьжиргаа цагаан болон хуурай дүү З нар ирж гэр буулгалцаж ачилцсан. Тэгээд гэр зарсан хүн дахиж чат бичээд "...дотроос нь үнэ хүрэхээр юм байвал үнээ хэлээд ав..." гэхээр нь би ....ор, зурагтыг нь авъя..." гэхэд нөгөө хүн “чи хэдэн төгрөгөөр авах юм” гэхээр нь ор нь муухай болохоор орыг нь авахаа болиод зурагтыг нь асуухад "...50.000 төгрөг..." гэж хэлсэн. Тэгээд би явахынхаа өмнө Дүүхээ төвийн АТМ орж найзынхаа  ..... тоот данстай Хаан банкны картыг нь ашиглаж, нөгөө хүний ..... тоот Ц гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу нь 500.000 төгрөг хийсэн. Тэгээд мөнгө төгрөгөө төлж 13 цагийн орчимд гэрээ ачаад Чингэлтэй дүүрэгт байдаг гэр лүүгээ зөөсөн юм. Би зурагт авсан 50.000 төгрөгөө дараа нь өгье гэж хэлээд авсан байсан ба 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гэр зарсан хүн маань үлдэгдэл мөнгөө хий гэж над руу чат бичээд байсан. ...Би гэр зарсан хүнээ хараагүй, гэхдээ тухайн хашаанд байсан нэг эмэгтэйгээс эхлээд Б гэж байдаг уу гэж асуухад тийм хүн байдаггүй гэж хэлж байсан атал хажуу айлын нэг залуу цаанаас нь гарч ирээд хажуу айлд Б гэдэг хүн 10 гаруй жил амьдарч байгаа гэж хэлсэн. Би хулгайн гэр авснаа мэдээгүй бөгөөд гэр зарсан хүн рүү шилжүүлсэн 500.000 төгрөгөө авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх22-23/,

- Гэрч Ч.Зын “...2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн орчимд би гэртээ байж байтал манай хуурай ах болох Ш над руу 90125448 дугаарын гар утаснаас залгаад "...ах нь гэр худалдаж авч байна, ирээд гэрийг нь буулгалцаад өгөөч, ахад нь виза карт байдаггүй замаараа Э ахаасаа виза картыг нь аваад ирээч..." гэж хэлсэн. Тэгээд би замаараа Э ахаас виза картыг нь авчхаад 11 цагийн үед Ш ахын гэр авах гэж байгаа газар болох Дүүхээ төвийн замын эсрэг талын гэр хорооллын нэг хашаанд ороход тухайн хашаанд монгол гэр байсан ба тэр монгол гэр цоожтой байхаар нь би Ш ахаас "... наадах чинь хулгайн гэр биш биз дээ..." гэж асуухад Ш ах "...би эзнээс нь утсаар асуучихсан, хажуу айлын хүнээс нь бас асуусан чинь Б гэдэг хүн амьдардаг гэсэн..." гэж хэлсэн юм. Тэгээд Ш ах бид хоёр дуудлагын амьжиргаа цагаан дээр гэрийг нь буулгаж ачиж дуусчхаад үлдсэн тавилгыг нь байшингийнх нь урд талд хурааж тавьсан. Тэгээд Ш ах Дүүхээ төвийн Хаан банкны АТМ орж нөгөө гэр зарсан хүн рүү нь мөнгөө шилжүүлсэн. Тэгээд бид нар тухайн газраас Ш ахын гэр лүү гэрээ аваад явсан. Гэрээ зарж байгаа хүн ах руу залгаад наанаасаа үнэ тохироод авах юм байвал ав гэхээр нь манай ах зурагтыг нь авсан. Орыг нь өргөхөд доор нь майхан байсан тэрийг нь эд зүйлстэй нь хамт хураасан...” гэсэн мэдүүлэг /хх 39-40/,

- Гэрч Б.Гын “...2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр би хороололд ачилт хийж явж байхад манай операторын .... дугаараас миний ажлын ....... дугаар руу залгаад "ханын материалаас 6 буудал хүртэл гэр ачих дуудлага байна, чи очоод залгачих гээд .... гэсэн дугаарыг хэлж өгсөн. Би өмнөх ачилтаа буулгачхаад 21 дүгээр хорооллын ойролцоо явж байгаад .... дугаар руу нь залгаад яг хаана очих талаараа тодруулахад "Дүүхээ төв өнгөрөөд замын эсрэг талд байгаа авто угаалгын урд талын шороон гүүртэй зам руу ороод чигээрээ тултал нь яваад ороод ир, би зам дагуу зогсож байя" гэж хэлсэн. Би заасан газар нь очиход нэг залуу тосож аваад нэг хашааны гадаа ирээд машинаа хашаанд нь оруулсан. Хашаанд ороход 2 залуу нэг монгол гэрийн давхаргыг нь тайлаад буулгаж байсан. Тэгээд гэрээ буулгаж дуусаад миний унаж явсан манай ажлын 25-92 УБЗ улсын дугаартай бидний хэлж сурснаар амьжиргаа цагаан машинд гэрээ ачиж эхэлсэн. ...Тэгээд тэр хоёр залуу гэрээ машинаас буулгаад хашаанд байсан шавран байшингийн зүүн хойд талд буулгаад хураасан. Буулгаж дуусгаад ачилтын хөлс болох 40.000 төгрөгийг би бэлнээр аваад тэндээс явсан...” гэсэн мэдүүлэг /хх35-36/,

- Гэрч Д.Цын “...Би 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 14-15 цагийн хооронд Төв аймгийн Угтаалцайдам сум руу ах Ггийн хамт явсан. Энэ үед өөрийн 5925613477 тоот Хаан банкны Мобайл банкаа холбосон Самсунг А-10 маркийн гар утсаа өөрийн том хүү болох Хатанбаатарт үлдээгээд явсан юм. Энэ хооронд хүү миний дансыг ашиглаж байсан. Миний бүх код, мобайл банкны код зэргийг мэднэ...” гэсэн мэдүүлэг /хх32/,

- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 5925613477 дансанд “гэр авав” утгатай 500.000 төгрөгийг 2022 оны 8 сарын 07-нд шилжүүлсэн баримт /хх54/, У.Шын гар утсан үзлэг хийсэн тэмдэглэл, тус тэмдэглэлд “Т.Т” гэсэн нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй харилцсан мессежүүд /хх45-52/, шүүгдэгч Э.Хын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “бусдын эд хөрөнгийг өөрийн мэтээр зарснаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. /хх112/, 

3. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1491 дугаартай тайланд “5 ханатай монгол гэр 1.500.000 төгрөг, 5 ханатай монгол гэрийн хөшиг 120.000 төгрөг, хулдаас 5 метр 100.000 төгрөг, 32 инчийн “Шарп” брэндийн зурагт 250.000 төгрөг, Колемэн брэндийн 4 хүний майхан 200.000 төгрөг, нийт эд зүйлийг 2.170.000 төгрөгөөр үнэлэв” гэжээ /хх 43/. Тиймээс гэмт хэргийн улмаас хохирогч Б.Оад учирсан эд хөрөнгийн хохирлыг 2.170.000 төгрөгөөр тогтоох нь зөв байна.

4. Прокуророос шүүгдэгч Э.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах болон 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг давхар хангасан буюу нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

Шүүхээс хэргийн үйл баримтыг дүгнэн үзээд шүүгдэгчийн үйлдлийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй бусад хүнийг ашиглан гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн буюу түүний үйлдэлд давхар залилах гэмт хэргийн шинж байхгүй гэж дүгнэв.

Тодруулбал, дээр дурдсан У.Ш, Ч.З, Б.Га нарын мэдүүлэг, У.Шын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэр худалдан авсан мөнгө шилжүүлсэн баримт зэргээр У.Ш нь гэр худалдаж авч байгаа гэсэн ойлголттой байсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Э.Хын хувьд хохирогч Б.Оын гэрт хүн байхгүйг мэдэж байсан, улмаар өөрийгөө гэрийн эзэн, хууль ёсны эзэмшигч, өмчлөгч гэсэн ойлголт төрүүлэн У.Шт монгол гэр болон гэрийн зарим эд хөрөнгийг зарсан, мөн хохирогч Б.Оын хашаанд ороогүй, гэрийг буулгаж ачих ажилд огт оролцоогүй болох нь гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр тус тус тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл хохирогч Б.Оын өмчлөх эрхэд хууль бусаар гэмт хэргийн замаар халдаж байгааг У.Ш, Ч.З нар нь мэдээгүй буюу шүүгдэгч Э.Хт хууртан, ашиглагдсаны улмаар өөрсдийн үйлдлийг өмчлөгчийн зөвшөөрөлтэй гэж ойлгон хохирогчийн хашаанд нэвтэрч, гэрийг буулган, эд хөрөнгийг хураан тавьж, эд зүйлийг ачин явсан, мөн гэр худалдан авсан төлбөрийг төлсөн гэж дүгнэлээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг бол залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч, мэхлэх, төөрөгдөлд оруулах байдлаар эд хөрөнгө, хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан шинжтэй байдаг.

Энэ тохиолдолд хохирогч Б.Оын өмчлөх эрх зөрчигдсөн, гэмт хэргийн улмаас шүүгдэгч өөрт эдийн засгийн ашигтай байдал үүсгэсэн гэж үзнэ. Харин У.Шын хувьд хулгайн эд зүйл гэж мэдээгүй, гэр худалдан авч байгаа гэсэн ойлголттой байсан ба худалдан авч байгаа зүйлээ өөрөө шалган авч, тохиролцсон үнээ төлжээ. Тиймээс түүнийг эрхийн зөрчилтэй эд зүйл худалдан авсан гэдэг утгаар бусдад залилуулсан гэж үзэхгүй юм. Хэдийгээр шүүгдэгчийн хувьд зохиомол байдал зориуд бий болгосон буюу бусдын эд хөрөнгийг өөрийнх мэтээр бусдад итгүүлэн худалдсан байх боловч уг үйлдлийн улмаас хохирогч Б.Оын өмчлөх эрх хөндөгдсөн, У.Шын хувьд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болохыг мэдэлгүйгээр худалдан авсан /иргэний нэхэмжлэгч/ гэж үзэх үндэслэлтэй юм.   

Тиймээс прокуророос шүүгдэгч Э.Хын гэр худалдсаны төлбөр болгон 500.000 төгрөгийг У.Шаас авсан үйлдлийг залилах гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Шүүгдэгч Э.Х нь хохирогч Б.Оын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ бусдыг ашиглан үйлдсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзнэ.  

Улмаар прокуророос шүүгдэгчийг хулгайлах үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, мөн 2.4 дэх заалтад заасан машин, механизм ашиглаж хүндрүүлэх шинж тогтоогдсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн бол нийгмийн хор аюул ихтэйд тооцон гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжид хамааруулахаар хуульчилсан. Энэ тохиолдолд Б.Оын байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч гэрийг буулган, гэрийн зарим эд хогшлын хамт бусдад худалдсан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хамгаалж, улмаар орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж тухайлан заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэх агуулга нь орон байрны халдашгүй байдлыг хамгаалж, ийнхүү нэвтэрч үйлдэх нь гэмт хэргийн нийгмийн хор аюул улам нэмэгдэж байна гэж үздэг.

Дээрх тохиолдолд улсын яллагчаас тусгайлан хамгаалсан агуулах буюу хашаанд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэснийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь хашаа нь өөрийн өмчийн орон зай, хүрээг тогтоох, өөрийн эд хөрөнгийг бусдаас хамгаалах зориулалттай тул тусгайлан хамгаалсан агуулах гэж үзэхээр байна.

Харин прокуророос хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гэсэн шинжийг орхигдуулсан нь учир дутагдалтай байна. Учир нь хүн байнга амьдардаг бариатай байсан монгол гэрийг буулган авч явсан үйлдэл нь орон байранд нэвтэрсэн гэсэн шинжийг давхар хангаж байна. Түүнчлэн гэр доторх эд зүйлийг мөн худалдсан нөхцөл байдал тогтоогдсоныг дурдах нь зүйтэй.

Тиймээс шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах нэвтэрч үйлдсэн гэж зөвтгөх дүгнэх боломжтой гэж үзсэн.

6. Харин прокуророос шүүгдэгчийг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж хэргийг зүйлчилснийг үндэслэлгүй гэж дүгнэлээ. Учир нь гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй бусдыг ашиглах байдлаар хулгайлах гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн. У.Шын хувьд эд зүйлийг худалдан авсан гэж ойлгон, тээврийн хэрэгсэлд ачиж явсан байх тул хулгайлах гэмт хэргийг машин, механизм ашиглаж үйлдсэн гэж үзэхгүй, энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргээс 2.4 дэх заалтад заасан машин, механизм ашиглаж гэсэн шинжийг хэрэгсэхгүй болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөв.

7. Иймд шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулах нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Хохирогч Б.Оад шалгүй 5 ханатай, монгол иж бүрэн гэр, шарф загварын 32 инчийн хар өнгийн зурагт 1 ширхэг, хэмжээ тодорхойгүй шаргал өнгийн хулдаас 1 ширхэг, шаргал өнгийн хөшиг 1 ширхэг зэрэг эд зүйлийг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэн өгчээ. /хх56/ Мөн хохирогч Б.Оын колмен загварын майхны хохиролд 200.000 төгрөгийг төлсөн нь мөнгөн гүйлгээний баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн У.Ш нь өөрт учирсан 500.000 төгрөгийн хохирлыг бүрэн хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Иймд шүүгдэгч Э.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан.

10. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь анхнаасаа гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялыг багасгаж оногдуулах санал гаргасан.

11. Шүүгдэгч нь бусдад учирсан хохирлыг бүрэн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хохирол төлсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. Мөн шүүгдэгч нь шунахайн сэдэлттэйгээр бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй юм.

12. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг харгалзлаа. 

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, тус хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” талаар заажээ.

14. Шүүгдэгч нь Э.Хын хувьд 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй нөхцөл байдлыг харгалзан хуульд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

15. Иймд шүүгдэгч Э.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв. Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

16. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн, мөн хулгайлах гэмт хэргийг машин, механизм ашиглаж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэж тус тус зүйлчилж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Хт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР