Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1407

 

 

 

 

 

 

 

 

      2022           11         16                                          2022/ШЦТ/1407

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Энхбаяр,

шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1687 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа гахай малладаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дааган толгой 1-1 тоотод Б.Атэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, цээжин тус газарт нэг удаа хутгалж, түүний биед “цээжинд зүсэгдсэн шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1295 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Н.Д.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дааган толгой 1-1 тоотод Б.Атэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, цээжин тус газарт нэг удаа хутгалж, түүний биед “цээжинд зүсэгдсэн шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Б.Аийн "... Дтай ярилцаад сууж байсан шар иштэй урт хутгаараа миний зүүн дээд цээж хэсэгт нэг удаа хутгалахад нь би Дыг цааш нь хоёр гараараа түлхээд цээжиндээ байсан хутгыг сугалаад гэрээс гарч гүйгээд цусаа гоожуулаад машиндаа суугаад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, хуучин 32-ын Шунхлай колонкийн дэргэд ирээд толгой эргээд байхаар нь буугаад хүнээс тусламж гуйгаад болохгүй болохоор нь цагдаа болон эмнэлгийн утсанд дуудлага мэдээлэл өгсөн...”, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо дааган толгой 1-1 тоот гэрт оройн 18 цагийн үед очиход Н.Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...Д нэлээн согтсон...Тэгээд Д мах огтолж идэж байгаад миний бүсэлхийнээс татахад би цаашаа бол гэж түлхсэн. Тэгээд Д хоёулаа унтъя гэхээр нь би битгий балай юм яриад бай, би чамд сэтгэлгүй гээд жоохон ам мурийгаад маргалдсан. Тухайн үед Д гартаа шар өнгийн иштэй хутга барьчихсан байхаар нь би наад хутгаараа яах гээд байгаа юм бэ, нэг нь шорон нөгөөдөх нь шороонд орох гээгүй юм бол наад хутгаа цаашаа бай гээд гарыг нь түлхсэн. Тэгтэл Д согтуурхаад би шоронгоос айдаг хүн биш гээд миний цээж тус газар нэг удаа хатгахад би Дыг түлхэж холдуулаад гэрээс нь гараад зугтаасан. ..Дтай унтана унтахгүй гээд маргалдсан ...Би эмчилгээний баримтаар гарсан хохирол болох 710.000 төгрөгөөр хүлээн авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх21-25, 27/,

            - гэрч Бийн “...2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шөнийн 01:00 цагийн орчим манай шатахуун түгээх станцын орчим үл таних 40 орчим насны эмэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манай байгууллагын хаалгыг тогшоод байсан...Тэгсэн удалгүй цагдаа, түргэн ирээд тухайн хүнтэй уулзаад түргэний машин авч явсан...Түргэний эмч тухайн хүний хувцсыг тайлж харж байх үед тус эмэгтэйн хөхнөөс цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх29-30/,

            - гэрч Ц.Цын ... Би цэргийн төв эмнэлэг буюу ажлын байран дээрээ байх үед 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шөнийн 02 цагийн үед 103-р Б.А нэртэй 47 настай эмэгтэй цээжний зүүн талд, хоёрдугаар хавирганаас түвшинд хөхнөөс дээш 3 см орчим хэсэгт орж хутгалуулсан шархтай, цус их алдсан байдалтай хүргэгдэн ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх35/,

            - 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх3-11/,

- шүүгдэгч Н.Дын: “...Тэгээд би нэлээн согтсон ба нэг мэдэхэд гэртээ ирчихсэн А бид хоёр пиво уугаад сууж байсан. Мөн мах чанасан байсан. Би яг Атэй юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Би мах дээр байсан шар өнгийн иштэй хутгыг аваад нэг удаа Аийн цээж хавьцаа хатгасан. Тэгтэл А гэрээс гараад зугтаж байсан. Тэгээд би араас нь гарах гэтэл явж чадахгүй согтуу байсан болохоор унтаад өгсөн...би буруу зүйл хийснээ ойлгож ухамсарлаж байна...” гэсэн мэдүүлэг /хх62/, хохирогчийн биед хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13328 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Б.Аийн биед цээжинд зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонго алдагдуулахгүй. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна...” гэжээ. /хх44/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг хутгалсан үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь “би эмчилгээний баримтаар гарсан хохирол болох 710.000 төгрөгөөр хүлээн авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх97/ гэж мэдүүлсэн,

Мөн иргэний нэхэмжлэгч Б.Бгаас тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Аөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн даатгалын санд 1.609.960 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Н.Д нь төлсөн /хх134/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Н.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

9. Шүүгдэгч Н.Дыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Н.Д нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дыг 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  4 /дөрөв/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР