Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
Хэргийн индекс | 174/2022/0010/Э |
Дугаар | 2022/ШЦТ/132 |
Огноо | 2022-08-05 |
Зүйл хэсэг | 27.10.3., |
Улсын яллагч | М.Сумъяа |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч М.Сумъяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одончимэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, Л.Батаа,
Шүүгдэгч С.Түмэнцэрэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Түмэнцэрэгт холбогдох 2130002140221 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хүүхдийн хамт Төв аймгийн ..... сумын .... дугаар баг, ........ тоотод оршин суух,
урьд Төв аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар шийтгэгдэж байсан, Б овогт С-ийн Т
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Түмэнцэрэг нь ....... оны ...... дугаар сарын .....-ны өдөр Сүхбаатар аймгийн ...... сумын ... дүгээр баг “........” гэх газар “Nissan Advan” маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. “3.4.б Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, ослын улмаас зорчигч Э.Энхбатын эрүүл мэндэд хүзүүний 5, 6-р нугалмын хугарал, мултрал, нугас дарагдал, няцрал бүхий хүнд хохирол учруулсны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Түмэнцэрэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө нь мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрээгээр тохиролцсоныхоо дагуу хохирлыг барагдуулна гэж шүүгдэгч С.Түмэнцэрэг хэлсэн. Гурван хүүхдийн тэтгэмжийн зөрүүг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Эрүүгийн 2130002140221 дугаартай хэргээс:
Шүүгдэгч С.Түмэнцэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “... Би 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр найз Цэен-Ойдов, түүний найз гээд нэг эмэгтэй /нэр мэдэхгүй, танихгүй/ нарын хамт Цэен-Ойдовын “Sonota 7” маркийн авто машинтай Төв аймгийн Баян сумаас Дорнод аймгийн Хөлөнбуйр сум руу Энхтөр гэдэг найзынхаа унага тамгалах найрт очих гээд өглөө 10 цагийн үед гарч явж байгаад Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас урагш машин эвдэрч, би замын унаанд сууж сүлжээтэй газраас Төв аймгийн Баян сум руу найз Энхбатыг машин аваад хүрээд ир гэж дуудсан. Намайг машин дуудаад ирэхэд Цэен-Ойдовын найз хүүхэн нь “машин эвдэрлээ” гээд замын унаанд суугаад Налайх руу буцсан. Маргааш өглөө нь манай найз Энхбат, Цэрэнпагам нар манай аавын “Nissan Advan” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж ирээд, эвдэрсэн машинаа тэндээ орхиод бид дөрөв цааш Дорнод аймгийн Хөлөнбуйр сум руу явж, засмал замаас урагш бууж 40 гаруй километр явж байхад машины дугуй гэнэт замын ховилд гуядуулаад замын зүүн гар тал руу гарч нэг удаа өнхөрч онхолдон 4 дугуйн дээрээ боссон. Тухайн үед би өөрөө машин барьж явсан. Миний хажууд урд талд Цэрэнпагам, арын суудалд Энхбат, Цэен-Ойдов хоёр сууж явсан. Гэтэл манай найз Энхбатын “бөгсөн бие огт хөдлөхгүй мэдээгүй боллоо, хүзүү нь эвгүй байна” гэхээр нь машины урд сандлыг дэлгэж хэвтүүлээд машинаа ослын газраас хөдөлгөж, 10 орчим километр явж Энхтөрийн гадаа очиж, тэндээс Энхтөрийн машинд Энхбатыг суулгаад шууд Хөлөнбуйр сумын эмнэлэг рүү авч явсан. Би тухайн үед 60 километр цагийн хурдтай явж байсан шиг санаж байна. Миний хажууд сууж явсан Цэрэнпагам суудлын бүс зүүж явсан. Харин би болон хойд талын суудал дээр сууж явсан Энхбат, Цэен-Ойдов нар хамгаалах бүс зүүгээгүй байсан. Би жолоо барьж явсан болохоор согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй эрүүл байсан. Харин Энхбат, Цэен-Ойдов нар Хэнтий аймгийн төвөөс нэг шил архи авч уусан. Гэхдээ Цэен-Ойдов тэр архинаас 3-4 татаад би түүнийг уулгаагүй. Учир нь буцахдаа машин барих учраас “битгий уу” гээд уулгаагүй. Харин Энхбат тэр архийг ихэнхийг уусан бөгөөд их согтолттой байсан. Би А, В, С ангиллын жолооны үнэмлэхтэй. 2006 онд анх жолооны дамжаа төгсөж жолооч болсон. Зам тээврийн ослын улмаас миний болон Цэрэнпагам, Цэен-Ойдов нарын биед ямар нэгэн бэртэл, гэмтэл учраагүй. Ослын улмаас унаж явсан машины дээвэр бага зэрэг цөмөрч, салхины шил хагарснаас өөр гэмтэл учраагүй. Би найз Энхбатыгаа гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад 800,000 гаруй төгрөгийн эм тариа авч өгсөн. Миний бие оршуулгын зардал болон ар гэрт нь тусламж өгч, хохирлыг барагдуулахаа илэрхийлж байгаа...” гэх / I хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одончимэгийн: “... Би 2021 оны 08 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед Говь-Алтай аймгийн Алтай хотод байхдаа нөхрийгөө зам тээврийн осолд орсон талаар өөрийнхөө баз Алтанчимэг гэдэг хүнээс сонссон. Алтанчимэг надад утсаар ярьж хэлэхдээ “Энхбат, Түмэнцэрэгтэй Дорнод аймгийн Хөлөнбуйр сум руу явж байгаад онхолдож, зам тээврийн осолд орсон байна” гэж хэлсэн. Тэгээд би тэр шөнө хот руу гарах гэснээ шөнө орой болсон байсан тул маргааш нь би өөрийнхөө машинтай Улаанбаатар хот руу гарч шөнө 01 цаг өнгөрч байхад хотод ирсэн. Гэмтлийн эмнэлэг рүү ирэхэд манай нөхрийг Дорнод аймгаас дөнгөж хүргэж ирээд, хүлээн авахын өрөөнд байхад нь нөхөртэйгөө уулзсан. Би тухайн үед нөхрөөсөө ослын талаар огт асуугаагүй бөгөөд “бие нь яаж байна? Хаана нь өвдөж байна” гэж асуухад “гар өвдөж байсан өвдөхөө байлаа, гар, 2 хөл доошоо ямар ч мэдээгүй байна” гээд ойр зуурын юм ярьж байхад эмч нар ирээд манай нөхрийг сэхээний тасаг руу аваад явсан. Би түүнээс хойш нөхөртэйгөө уулзаж чадахгүй байсаар байгаад манай нөхөр 09 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан. Тухайн үед манай нөхрийн дүү ........ сахиураар дотогш орсон. “Сovid” өвчний үед сахиур солихгүй байсан. Харин манай нөхөр өөрийн дүү ......... хэлэхдээ “Түмэнцэрэгийг машин барьж явахдаа маш ширүүн явж байсан, удаа дараа зөөлөн яв гэж хэлсэн” талаар ярьсан байна лээ. Би уг нь Түмэнцэрэгт “манай нөхрийг битгий авч яваарай, наад хүн чинь ажил төрөлтэй авч явж болохгүй” гэж их хэлсэн. Түмэнцэрэгийн манай нөхрийг авч явах гэсэн гол зорилго нь манай нөхөр Түмэнцэрэгт Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд найзынхаа адуунд байдаг өөрийнхөө гүүнээс гарсан унагыг бэлэглэсэн юм билээ. Тэгээд унага тамгалдаг цаг нь болоод, бэлэгт авсан унагаа тамгалах гээд манай нөхрийг авч явсан юм билээ. С.Түмэнцэрэг нь одоогийн байдлаар 3,500,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Эмнэлэгт хэвтэж байхад нь 624,000 төгрөгийн эм, тариа авч өгсөн баримт нь байна. Цаашид оршуулгын зардал болон хохирлыг барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Эмчилгээний зардал, оршуулгын зардал нийтдээ 27,000,000 төгрөг болж байгаа. Манай нөхөр 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдөр хэвтэн эмчлүүлж байхдаа маш их эмчилгээ хийлгэж байсан бөгөөд энэ хугацааны эмчилгээний зардалд 10,641,000 төгрөг болсон байсан. Оршуулгын зардал 15,620,000 төгрөг болсон. Манай нөхөр бид хоёр нэг газар цуг ажилладаг байсан. Манай нөхөр “Бамбар” хүүхдийн цэцэрлэгт сахиул ажилтай байсан. Манай нөхөр сард 1,200,000-1,500,000 төгрөгийн цалин авдаг байсан. Манай нөхөр сарын 30 хоног ажилладаг, мөн илүү цагийн мөнгө авдаг байсан учир их өндөр цалин авдаг байсан. Би зүв зүгээр ажил хийгээд амьдралаа залгуулаад явж байсан эр нөхрөө алдсан, 3 хүүхэд минь өнчирсөн, настай эх нь одоог хүртэл хүүтэйгээ уулзаж чадаагүй гээд байнга л уйлж байгаа. Амьдралынхаа түшиг, тулгуур болсон ханиа алдсан хүн яаж гомдолгүй байх вэ дээ. Сэтгэл санааны хохирол, хямрал маш их байгаа. С.Түмэнцэрэг болон тэдний ар гэр, ах дүү нараас хэн нь ч талийгаачийн ажил явдалд ирээгүй. Түмэнцэрэгийг бидэнтэй холбоо бариад ярих байх гэж их хүлээж, хардаг юм билээ. Миний зүгээс талийгаачийн эмчилгээний зардал болон оршуулгын зардалд гарсан мөнгийг Түмэнцэрэгээс нэхэмжилнэ...” гэх / I хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,
- Гэрч Д.Цэрэнпагмын: “... 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай найз Түмэнцэрэг “Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ойролцоо явж байгаад машин эвдэрлээ, манай найз Энхбатыг дагуулаад сумаас наашаа хүрээд ир” гэж утсаар дуудсан. Би Төв аймгийн Баян сумаас Э.Энхбатын хамт “Nissan Аdvan” маркийн 67-17 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ирж С.Түмэнцэрэгтэй уулзаж, цааш Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд түүний найз Энхтөрийн унаганы тамганы найрт очихоор явж байгаад очих ёстой айлаасаа 7 километр зайд машин онхолдсон. Тухайн үед би жолоочийн хажуу талын урд суудалд суугаад унтаад явж байсан. Гэнэт дотор муухай оргиод дайвалзах шиг болохоор нь сэрээд харахад машин нь газарт хөмөрч эргээд дугуйн дээрээ тогтсон байсан. Яг осол болох үед би унтаж байсан болохоор мэдэхгүй байна. Намайг унтахаас өмнө шороон зам дээр бол 40-50 километр цагийн хурдтай л явж байсан санагдаж байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх / I хавтаст хэргийн 41- 42 дугаар хуудас/,
- Гэрч Б.Цэен-Ойдовын “...Тэгээд миний машинаас нөгөө машинд ачаануудаа ачаад Түмэнцэрэг машин бариад Дорнод аймгийн Хөлөнбуйр сум руу хөдөлсөн. Замдаа Хэнтий аймаг руу орж дугуй засварт дугуйгаа янзлуулаад цаашаа хөдлөөд явж байгаад нөгөө очих гэж байгаа айл руугаа шороон зам руу салаад шороон замаар явж байгаад /нэлээд хурдтай/ тэр айлд очихоос 7-8 километрийн наана машин бүтэн эргэлдэж 4-н дугуйн дээрээ буусан. Тэгээд “дөрвөн мөч, бие нь мэдээгүй боллоо” гэж хэлэхээр нь жолоочийн эсрэг талын суудлыг хойшоо налуулаад Энхбатыг хэвтүүлээд нөгөө очих ёстой айлдаа очоод Одбаяр гээд найз нь тэр айлд ирсэн байхаар нь Одбаярын “Land cruiser-200” маркийн тээврийн хэрэгслээр ........... сумын эмнэлэг рүү Энхбатыг аваад бид нар бүгдээрээ явсан. Энхбатыг эмнэлэгт үзүүлээд тариа хийлгээд Хөлөнбуйр сумын эмнэлгийн түргэний машинаар Дорнод аймгийн эмнэлэгт очиж нэг хоноод маргааш нь Улаанбаатар хот руу машинаар эмнэлэгт авч ирсэн. Осол болоход “Nissan Аdvan” маркийн тээврийн хэрэгслийг С.Түмэнцэрэг жолоодож явсан ба их хурдтай 80-90 километр цагийн хурдтай явж байсан. Ц.Түмэнцэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Цаг агаарын байдал хэвийн байсан. Түмэнцэрэгийн эхнэр жолоочийн хажуу талын суудал дээр суудлынхаа бүсийг зүүсэн, Энхбат бид 2 хоёр хойд талын суудал дээр бүс зүүгээгүй сууж байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх / I хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Түмэнцэрэг нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын .... дүгээр баг “.............” гэх газар “Nissan Advan” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. “3.4.б Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Э.Энхбатын эрүүл мэндэд хүзүүний 5, 6-р нугалмын хугарал, мултрал, нугас дарагдал, няцрал бүхий хүнд хохирол учруулсны улмаас хүний амь нас хохироосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одончимэг, гэрч Д.Цэрэнпагма, Б.Цэен-Ойдов, Л.Санжаа нарын мэдүүлгүүд, Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн магадалгаа, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, замын цагдаагийн тасгийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт, осолд орсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,амь хохирогч Э.Энхбатын нас барсны гэрчилгээний хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1852 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх эд эсийн шинжилгээний илгээлт, биологийн шинжилгээний хариу, гэрэл зургууд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 478 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, амь хохирогч Э.Энхбатын өвчний түүхийн карт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэдэгт: Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон байхыг ойлгохоор хуульчилсан.
Тодруулбал, шүүгдэгч С.Түмэнцэрэг нь замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний эрчим, замын болон цаг агаарын нөхцөл байдлын дагуу хурдаа тохируулж яваагүй, хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодох, өөрөө хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол болж, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан хүний амь насыг хохироосон хор уршиг нь гэмт үйлдэл болон үр дагавар бүхий шалтгаант холбоог бүрдүүлж байна.
Прокуророос шүүгдэгч С.Түмэнцэрэгийн тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас Э.Энхбатын амь нас хохироосон дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч С.Түмэнцэрэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Түмэнцэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлын зарим хэсгийг төлж үлдэх хэсгийг тодорхой хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг эрүүгийн хуулийн 6.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.Түмэнцэрэгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд улсын яллагчаас түүнд “...Шүүгдэгч С.Түмэнцэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 10,200,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл хохирол 17,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч С.Түмэнцэрэг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй. Урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйл байхгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан С.Түмэнцэрэгийн А, В, С ангиллын жолооны үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын газарт шилжүүлэх...” гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг: “...Улсын яллагчийн яллаж байгаа тухайн зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. С.Түмэнцэрэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар ойлгон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйж, хохирлыг барагдуулах талаар гэрээ хийж, хохирлын талаар тохиролцсон.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хангаж байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар албадлагын арга хэмжээ авахад татгалзах зүйл байхгүй...” гэх саналыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин: “...Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 17,000,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны хооронд төлөх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах санал байхгүй байна...” гэх саналыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгчид хохирлыг нөхөн төлүүлэх талаар тодорхой хугацаа зааж үүрэг хүлээлгэх арга хэмжээ авах нь зүйтэй. Өмгөөлөгч Б.Энхтүвшингийн саналыг дэмжиж байна...” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд... хохирол учруулсан байхыг гэм хэргийн хохирол, хор уршигт ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Түмэнцэрэг нь Э.Энхбатын амь насыг болгоомжгүйгээр хохироосон бөгөөд гэмт хэргээс учирсан гэм хорын хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одончимэгт 10,200,000 төгрөгийн нөхөн төлсөн, 17,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг дурдах нь зүйтэй.
Улсын яллагчаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хуулиар шүүгдэгчээс гаргуулах ёстой боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс энэ талаарх нотлох баримтаа дутуу бүрдүүлсэн тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх гэсэн саналыг гаргасан боловч төрийн эрх бүхий байгууллага болох Нийгмийн даатгалын газраас амь хохирогчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хуульд заасны дагуу тогтоосон байх тул иргэний нэхэмжлэлийг хойшлуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одончимэгийн шүүгдэгч С.Түмэнцэрэгээс 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дахь хэсгийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.1-т зааснаар “нэг сарын дундаж хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн цаг хугацаанд ажилласан нийт сарын тоонд хуваана” гэж журамласан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одончимэгийн “Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас”-т амь хохирогч ........ “сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг 1,477,993 төгрөгөөр, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн бодит хэмжээг 665,096 төгрөгөөр тус тус тогтоожээ.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.” гэж хуульчилжээ.
Шүүх цалин тэтгэмжийн зөрүүг бодохдоо амь хохирогчийн 3 хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоосон тэжээгчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс болох 1,477,993 төгрөгөөр тооцож, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй 3 гишүүнд хуваахад /1,477,993:3=492,664/ нэг хүнд 492,664 төгрөг оногдоно, хөдөлмөрийн чадваргүй хүн буюу 3 хүүхдэд /492,664 х 3 = 1,477,992/ төгрөг оногдож байгаа бөгөөд сард олгох тэжээгчээ алдсаны тэтгэмж 665,096 төгрөгийг хасаад /1,477,992-665,096=812,896/ тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 812,896 төгрөг буюу нэг хүүхдэд /812,896:3=270,965/ сард 270,965 төгрөг оногдож байна.
Иймд шүүгдэгч С.Түмэнцэрэгээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэг хүүхдэд 270,965 /хоёр дуун далан мянга есөн зуун жаран тав/ буюу сар бүр 812,897 /найман зуун арван хоёр мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулан ..... оны .... дугаар сарын ...-нд төрсөн Э.Төгөлдөр, ... оны .... дугаар сарын ...-нд төрсөн Э.Төрболд, ..... оны .... дугаар сарын ...-нд төрсөн Э.Төгсзаяа нарт олгуулахаар шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч С.Түмэнцэрэг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.Түмэнцэрэгийн ......... дугаартай “А, В, С” ангиллын жолооны үнэмлэхийг хуульд заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ийн Т-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б овогт С-ийн Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч С.Түмэнцэрэгт дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Түмэнцэрэгт мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч С.Түмэнцэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.Түмэнцэрэгийн №.... дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч С.Түмэнцэрэг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одончимэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 10,200,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Түмэнцэрэгээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 17,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Төв аймгийн .... сумын .... дугаар багийн ....... тоотод оршин суух Ж овогт Б-ын О-т олгосугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1 дэх хэсэгт зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэг хүүхдэд оногдох 270,965 /хоёр зуун далан мянга есөн зуун жаран тав/ буюу сар бүр 812,897 /найман зуун арван хоёр мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг шүүгдэгч С.Түмэнцэрэгээс гаргуулан .... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн Э.Төгөлдөр, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн Э.Төрболд, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн Э.Төгсзаяа нарыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одончимэгт олгосугай.
10. Хохирогч Б.Одончимэг нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ