| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2022/0296/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/295 |
| Огноо | 2022-10-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жийн Дд холбогдох эрүүгийн 2238000000591 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Д нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар иргэн Б.Өаас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр Хаан банкан дахь 5906041613 дансаар нийт 8.100.000 төгрөгийг Б.Өын Төрийн банкны 200900026941 тоот данснаас шилжлүүлэн авсан, мөн өдөр 1.900.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 10.000.000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000591 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ж.Д нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар хохирогч Б.Өыг “чи мөнгөтэй болчихсон юм чинь мөнгөө өсгөөч. Надад 10.000.000 төгрөгөө зээлүүлчих, би 20 хоногийн дараа 20.000.000 төгрөг болгоод өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдүүлж түүний Төрийн банкны 200900026941 тоот данснаас 8.100.000 төгрөгийг, бэлнээр 1.900.000 төгрөгийг, нийт 10.000.000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Дгийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Өын өгсөн: “...2021 оны намар манай Хатгал тосгонд их цас ороод хүйтрэх шинжтэй байхаар нь хонь ямаагаа зараад 10.000.000 төгрөг болгож авсан юм. Тэгтэл манай ойролцоо намарждаг Д гэдэг хүн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ байхад ирээд чи мөнгөтэй болчихсон юм чинь наад мөнгөө өсгөөч. Надад 10.000.000 төгрөгөө зээлүүлчих, би 20 хоногийн дараа 20.000.000 төгрөг болгоод өгье гэхээр нь Дтэй цуг Хатгал тосгоны төв орж ирээд Хаан банк дээр очиж Дгийн хаан банкны 5906041613 гэх данс руу 8.100.000 төгрөг шилжүүлээд үлдсэн 1.900.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дансны хуулга нь надад байгаа би өргөдөлтэйгөө цуг хуулгаа өгсөн байгаа. Д гэх хүн миний 10.000.000 төгрөгийг өсгөж өгнө гэж хэлж аваад одоог хүртэл мөнгийг маань өгөхгүй утсаа ч авахгүй утасныхаа дугаарыг сольсон байсан. Одоо манайхаас хол зайтай нүүж амьдарч байгаа. Хүний итгэлийг төрүүлж мөнгө авчхаад өгөхгүй залилсан тул би цагдаагийн газарт гомдол гаргасан юм...Одоогоор Ж.Д надад 7.050.000 төгрөг өгсөн байсан. Үлдэгдэл 3 сая төгрөгийг энэ оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө өгч барагдуулна гэсэн. Би түүнийг уучилж бид хоёр эвлэрлийн гэрээ хийсэн...Надад өөр ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 18 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ж.Дгийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би нутгийн айл саахалт байдаг Өаас 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 10.000.000 төгрөг зээлж аваад сарын дараа өсгөж өгье гэж хэлсэн нь үнэн. Гэвч миний бие тухайн 10.000.000 төгрөгийг зээлж авах үедээ “Б” ХХК-д хийгээд сарын дараа мөнгөө өсгөөд авчихна гэж бодож байсан боловч өөрийн хэрэгцээндээ зарцуулсаар байгаад тухайн 10.000.000 төгрөгийг дуусгачихсан юм. Тэгээд боломж бололцоо муутай байсаар байгаад Өын мөнгийг өгөхгүй удаасан нь үнэн одоогийн байдлаар би Өд 7.050.000 төгрөгийг өгчихсөн байгаа, үлдэгдэл 2.950.000 төгрөгийг удахгүй төлж бүрэн барагдуулна. Би Өаас уучлалт гуйсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Өын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ж.Дгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Ж.Д нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар хохирогч Б.Өыг “чи мөнгөтэй болчихсон юм чинь мөнгөө өсгөөч. Надад 10.000.000 төгрөгөө зээлүүлчих, би 20 хоногийн дараа 20.000.000 төгрөг болгоод өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулж түүний Төрийн банкны 200900026941 тоот данснаас 8.100.000 төгрөгийг, бэлнээр 1.900.000 төгрөгийг, нийт 10.000.000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Ж.Дгийн үйлдэл идэвхтэй, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж төөрөгдөлд оруулж мөнгө авсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Ж.Дгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ж.Д нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Б.Өыг төөрөгдүүлж 10.000.000 төгрөг шилжүүлж авсан нь үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ж.Дгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Өд 10.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирогч Б.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 10.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Ж.Д хохирогч Б.Ө нар нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “...Ж.Д би Б.Өд 7.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулна...” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 33-34 тал/ байгуулан нотариатаар гэрчлүүлж шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Дгээс 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Өд олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Дгийн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Дгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 27, 30-31 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн ... тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ж.Д нь ам бүл 3, нөхөр, хүүхдийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Алаг цар гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 157 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Ж.Дгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Ж.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Жийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Жийн Дг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дд оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Дд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Дгээс 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Өд олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН