Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/296

 

 

 

 

       

   2022        10           19                                      2022/ШЦТ/....

                                

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч М.Берикбол,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Снарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сын Бд холбогдох эрүүгийн 2238000000519 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Хөвсгөл нуурын эрэгт хохирогч Ө.Нтай “завиар хүн аваад явж өгсөнгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь уруулын язралт, чихний хэнгэргэн хальсанд цооролт бүхий хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000519 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Хөвсгөл нуурын эрэгт хохирогч Ө.Нтай “завиар хүн аваад явж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний биеп халдаж, хацар, чих рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь уруулын язралт, чихний хэнгэргэн хальсанд цооролт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бий өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн өгсөн: “..Хохирогч Ө.Нын хүсэлтээр уг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцож байна. 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан. Миний үйлчлүүлэгч гомдол санал ихтэй байгаа, хохирлын хувьд баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжилнэ. Улсын яллагчийн саналтай санал нэг байна...гэх санал дүгнэлт,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ө.Нын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өөрийн ажил болох завины зогсоол дээр улсын баяр болоод хүн ихтэй завиар хүмүүсээ явуулаад байж байтал Б гэх залуутай таарахад мэндлээд хавчигаар зөрсөн юм. Тэгтэл манай завины залуучуудтай уулзсан юм шиг байсан... Намайг завиар яваад өгөөч 10 хүн байна. Бензин хийгээд өгье гэхээр нь ах нь боломжгүй байна гээд хэлэхэд намайг уулзъя гээд чи атаман гэсэн үү гээд миний нүүр хэсэгт хоёр, шанаа руу Б гэх залуу гурван удаа гараараа цохиж авсан. Тэгээд бид хоёрыг тэнд байсан залуучууд бид хоёрын дундуур орж ирж боль гэж хэлээд салгасан... Би Б гэх залуугийн урдаас эсэргүүцэл үзүүлээгүй. Тэнд байсан завины залуучууд руу дайраад орилоод байсан... Б гэх залууд зодуулснаас болж урд шүд далийж хөдөлгөөн орсон. Доод эрүүний үүдэн хоёр шүд, баруун чихний хэнгэрэг нь цоорсон, эрүү одоо хүртэл гүйцэд ангайж чадахгүй байнгын өвдөлттэй баруун чихэндээ байнга юм дусааж байгаа. Эмчид үзүүлсэн. Чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд ор гэсэн. Ажлаа дуусгаж байгаад хагалгаанд орно. Эрүү нүүрний гажгийн эмнэлэгт үзүүлмээр байна...Намайг эмч чихний хагалгаанд орох шаардлагатай байна, Улаанбаатар хотод эмчилгээнд орно, шүдний хөдөлгөөнийг мөн эмчид үзүүлж эмчилгээ хийлгэнэ. Нааш цааш явж байгаа зардлаа гаргуулж авмаар байна. Мөн өмгөөлөгчийнхөө хөлсийг өгнө. Мөн миний нэг өдрийн ажил алдагдаж байна. Би өөрөө байнгын завь явуулдаг учраас цаг хугацаа их алдаж байна. Мэргэжлийн холимог тулаанаар хичээлдэг мэргэжлийн тамирчин хүн байж гудамж талбайд танхайрч байгаад гомдолтой байна. Уг асуудлаас гарч байгаа эмчилгээнд орох зардлаа гаргуулж авмаар байна...Уг хэргийн улмаас миний хэнгэрэг цоорсон, уруул язарсан шүд хөдөлж суларсан хацар зулгарч хавдсан зэрэг гэмтлүүд үүссэн. Би ойр зуурын эмийг эмийн сангаас авч гэрээр хэрэглэсэн болохоос хэнгэрэг нөхүүлэх хагалгаа энэ тэрд ор чадаагүй байгаа. Хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орохгүй бол яваандаа дүлийрнэ гэж зөвлөсөн болохоор би Улаанбаатар хотод очиж нөхүүлье гэж бодож байгаа. Яг эд ажлын үеэр байсан болохоор би хот хүрээ нааш цааш эмнэлэг энэ тэр гэж явж чадаагүй. Одоо л хот орж эмчилгээ энэ тэр хийлгэнэ...Одоогоор яг баримт материал байхгүй байна. Өмгөөлөгч хөлсөлж авсан зардлын баримт гаргаж өгч болно. Эм тариа авсан баримтууд байгаа, Хатгал тосгоноос нааш цаашаа үзүүлэх гэж 4 удаа явсан. Эдгээр баримтуудаа бүрдүүлээд дээр нь цаашид эмчилгээ хийлгэхэд гарах зардал мөнгөө баримтаар нэхэмжилнэ... үг өдөж байгаад баруун зүүн гараараа учир зүггүй гурван удаа нүүр рүү цохиод авсан...Би гомдолтой байна. Намайг хамт олны дунд хүмүүс харж байхад баярын өдрөөр цохиж зодож байсанд гомдолтой байна. Би бас хамт олондоо нэр төртэй хүн. Эмчилгээ хийлгэж эмчилгээний үр дүнгээ харж байж хохирлоо нэг мөсөн нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 21 тал/,

Гэрч Б.Лийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Усан замын зогсоол хэсэг дээр худалдаа явуулж байхад 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Н гэх завьчин залуутай Б гэх залуу маргалдаад Н гэх залуугийн нүүр хэсэгт буюу шанаа хэсэг рүү нь хоёр удаа гараараа цохисон. Ойрхон байсан болохоор завьчин Нын хамт дундуур нь орж салгасан. Тэр хоёр завинаас болж маргалдсан юм шиг байсан. Тэгээд тэр хоёрын зодооныг салгасан...Хатгал тосгоны усан замын завины зогсоол дээр маргаан эхэлсэн...Тэр хоёр хоорондоо юм ярьж зогсож байгаад Б нь Н гэх залууг шанаа хэсэг рүү нь хоёр удаа цохиж цус гаргасан...Н Б гэх залууд гар хүрээгүй...Тэр хоёр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй хоёулаа эрүүл байсан...Б гэх залуу нэг залуутай явж байсан. Маргаан гарсан шалтгаан завиар үнэгүй явж өг гэж Б, Нт хэлэхэд Н нь орой явж өгье гэж хэлсэн. Тэгтэл одоо явна гээд маргаан эхэлсэн...Б гэх залуу Ныг хоёр удаа гараараа цохисон. Тэгээд Нын амнаас нь цус гарч байсан...Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Гэрч Т.Нын өгсөн: “...Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төв усан замын зогсоол дээр Н, Б гэх хоёр залуучууд нэгэнтэйгээ маргалдаж Н гэх залууг Б гэх залуу нүүр хэсэг буюу эрүү шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохиж авсан. Тэгтэл Нын шанаа хэсгээс цус гарсан. Чи яаж байгаа гэхэд Б дахиад нэг удаа цохиж авсан. Би дундуур нь орж чи яаж байгаа юм чи мэргэжлийн зодоонч, хүн аллаа гэж хэлээд цагдаа дуудлаа гэж хэлээд надтай чи юун сүртэй юм гээд байсан. Олзвой байцаагч ирж салгаад явсан. Ийм л зүйл болсон...Танина. Н нь Хатгал тосгонд зуны улиралд ирж завь барьдаг, Б гэх залуу Хатгалын унаган хүүхэд мэргэжлийн холимог тулааны тамирчин гэдгээр нь танина...Б нь Нтай завиар хүмүүс явуулах гэж ирсэн завьчин нь Н ах мэднэ гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд Б Ныг чи тийм атаман юм уу гээд үгийн зөрүүгүй цохиж авсан. Маргалдсан зүйл бараг байхгүй...Шанаа хэсэг рүү нь Б гэх залуу хоёр удаа цохисон. Би чи хүн аллаа шдээ гэж хэлээд салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 сарын 26-ны өдрийн 424 дугаартай: “...Ө.Нын биед уруулын салстад язралт, чихний хэнгэргэн хальсанд цооролт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ. Ө.Нын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33 тал/,

Шинжээч М.Батмөнхийн  өгсөн: “....Дүгнэлтэд тусгагдсан зүүн доод 2 дугаар үүдэн шүд ганхаж хөдөлж байгаа нь шүдэнд сулрал бага хэмжээгээр үүссэн гэдгийг харуулж байгаа юм. Шүдний сулрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...Эдгээр гэмтлүүд нь тус бүрдээ болон нийтээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Миний дүгнэлтэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Ө.Нын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч С.Бий гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд шавь нараа завинд суулгах гээд завь ажиллуулдаг зүс таних Н гэдэг залуутай уулзаж завиараа яваад өгөөч гэж хэлсэн чинь эхлээд цагийн дараа болъё гэж хэлчхээд цагийн дараа дахиад асуусан чинь орой ажил тарсны дараа яваад өгье гэж хэлсэн. Би тэнд 1 цаг бороо устай байхад шавь нараа хүлээлгэчихсэн болохоор дахиад хойш тавиад байхаар нь уур хүрээд Н гэдэг хүнийг нүүр рүү нь хоёр удаа баруун зүүн гараараа цохисон. Гэм буруугаа зөвшөөрч байгаа болохоор энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсч байна...Би эмчилгээний зардал мөнгө хэдэн төгрөг болсон юм, би эмнэлэгт очоод бүх шинжилгээг нь хийлгээд эмера зураг авахуулаад эмчлүүлээд өгье дээр нь 2.500.000 мянган төгрөг өгье гэсэн чинь хариу өгөхгүй байсан. Тэгээд би дахиж асуугаагүй. Одоогийн байдлаар надаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлээгүй байгаа болохоор би тэр хүнийг хүлээгээд л байж байна. яг эмчилгээний зардалд баримт нотолгоотой хэдэн төгрөг нэхэмжлэхээр байна тэр мөнгийг нь бүгдийг нь төлж барагдуулна. Торгууль мөнгө төлдөг бол тэр мөнгө төгрөгөө ч гэсэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ө.Нын мэдүүлэг, гэрч Б.Л, Т.Н нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 сарын 26-ний өдрийн 424 дугаартай дүгнэлт, шинжээч М.Батмөнхийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.Бий яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч  С.Б нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Хөвсгөл нуурын эрэгт хохирогч Ө.Нтай “завиар хүн аваад явж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний биед халдаж хөнгөн гэмтэл  учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ө.Нын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.Бий үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.Бий үйлдэл идэвхтэй, хохирогч Ө.Нын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч С.Бий гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Бий гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Ө.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Ө.Н нь гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Бий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Бий хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 47-49 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.Б нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Дэнж 13 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 148 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч С.Бий үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Сын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б овогт Сын Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч С.Бд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Ө.Н нь гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ хэрэгт шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН