Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/300

 

 

 

      

 2022        10            21                                      2022/ШЦТ/

                       

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                  

   Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дгийн Н, Агийн Ч нарт холбогдох эрүүгийн 2238001850634 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Н, А.Ч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238001850634 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт хохирогч А.Чтой хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн дээд хэсэгт шархны сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт хохирогч Д.Нтой хэрүүл маргаан үүсгэж, улмаар бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь баруун завжинд язралт, баруун хацарт тухайн үед зулгаралт, баруун зовхи шанаа хэсгийн зөөлөн эд дор цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нын өгсөн:Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байнагэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  А.Чийн өгсөн:Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байнагэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Чийн өгсөн:Байхгүйгэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Нын өгсөн: “Байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Нын өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өглөө 11 цаг болох гэж байхад над руу Т залгаад уулзья гэсэн. .. бид хоёр Тын гар утас засвар луу орж ажлын байран дээр нь 2 том савалгаатай пиво хувааж уусан. Тэгээд Тын гар утасны ажлаас нь оройны 16-17 цагийн үед гараад байж байхад Т манай найз дээр очно гээд намайг дагуулаад 9 дүгээр хорооны хавьцаа машин засвар дээр очоод Т, бас засварын газрын нэг найзтай нь бид гурав нэг том пиво хувааж уусан. Тэгээд пиво ууж дуусаад хөдлөх гэтэл бас танихгүй 2 залуу ирээд нийтдээ тавуулаа болоод голын зах руу явахаар болоод би Тын машин дотор жолоочийн эсрэг талд суугаад явж байхад ардаас жижиг биетэй, арын суудлын голд сууж байсан залуу нь намайг ардаас боож аваад миний дагз хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Бас миний цээжийг маажиж самардаад байхаар нь би тэр залууд хандаж зүгээр яв гэж хэлээд уурлаад тасарсан байна лээ. Би согтуу үедээ уурлахаараа тасраад харин эрүүл үедээ уурлахаараа ой санамжаа алдаад байдаг өвчтэй юм. Тэгээд тасраад нэг сэрсэн чинь голын эрэг дээр нөгөө машинд явж байхад намайг ардаас боож аваад байсан залуу миний нүүр хэсэг рүү өшиглөөд бас гараараа цохиж нүдээд байж байсан... Тэгээд би тухайн үедээ бас тасраад нэг мэдсэн чинь 50, 100 буудлын гадаа замын хажуу талын хашлага налаад хэвтэж байсан. Тэгээд би цуг ажиллаж байсан А руу залгаад Аын аавынх нь дүүгийн гэрт нь очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь намайг А Эрдэнэт лүү авч явсан. Эрдэнэтэд очиж би гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаад гайгүй болоод Хөвсгөлд ирж өргөдлөө өгч байгаа юм..” гэх мэдүүлэг / хх-ийн 24-25, 27 тал/,

Хохирогч А.Чийн өгсөн: “...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ үнэн зөв мэдүүлсэн байгаа учир надад дахин нэмж ярих зүйл байхгүй...Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Т мэдэж байгаа байх анх энэ хоёр над дээр цуг ирж байсан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх  мэдүүлэг /хх-ийн 31 тал/,  

Хохирогч А.Чийн гэрчээр өгсөн: “ 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 10 дугаар хороонд байдаг авто засвар дээр ажлаа хийгээд байж байсан чинь үдээс хойш 16 цагийн үед Т, Н хоёр 2 том пивотой миний машинтай ирсэн. Тухайн үед би Тад машинаа өгсөн байсан. Тэгээд энэ хоёрыг ирэхээр нь Нтой нэг том пиво, нэг тал пиво засварын гадаа машин дотор уусан. Тухайн үед би пиво ууж байхдаа Г гэдэг найзаа дуудсан юм. Тэгээд удаагүй Г, нэг тарган шар залуутай цуг хүрээд ирсэн. Үүний дараа хэсэг юм ярьж байгаад засвар руу ороод буцаж гарч ирээд машинд суугаад юм яриад байж байхад Н бид хоёр юунаас болж маргалдсан гэдгээ одоо сайн санахгүй байна. Н нь надад хандаж чамайг бодвол 10 жил шоронд суулаа шүү гэж яриад байсан. Тэгээд тухайн үедээ Н бид хоёр маргалдаж байснаа гайгүй болсон байсан юм. Үүний дараа бид хэд гол орохоор болоод манай гэрээр хальт дайраад тэгээд гол явсан. Гол руу явж байхдаа Н бид хоёр хоорондоо маргалдаад явж байсан. Тухайн үедээ би гол руу явж байхдаа Нын куртикнээс нь хальт татсан. Өөр биед нь халдсан зүйл байгаагүй. Тэгээд Т, Н бид гурав гол дээр очоод тал пиво Н бид хоёр хувааж уугаад байж байхад Н нь надад хандаж хоёулаа үзье гээд намайг мөрлөөд байсан. Тэгээд намайг мөрлөөд авахаар нь би зөрүүлээд Ныг түлхэхэд Н нь газар унаад өгсөн. Н нь газар унаад босож ирээд намайг доошоо тонгойгоод үдээсээ үдээд байж байхад миний зүүн талын шанаа хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босож ирээд Нын баруун талын шанаа хэсэг рүү нэг удаа цохиод баруун талын мөрнөөс нь барьж аваад нэг удаа элэгдээд хавсраад унагаасан. Тэгэхэд Н нь газар унаад өгөхөөр нь би больё гэж хэлтэл Н нь үг авахгүй над руу дайраад байхаар нь би түлхээд унагаасан. Н нь бараг 3-4 удаа ингэж над руу дайрсан байх тэгэхэд нь түлхээд л унагаагаад байсан. Тэгж байснаа Н нь газраас чулуу авсан юм уу юу юм нэг хатуу юм аваад миний зүүн талын толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би гарыг нь барьж аваад хавсраад газар унагаагаад хүн цохих гээд байхаар нь дээр нь гараад суусан. Тэгэхдээ би цохиогүй. Дээр нь 10-20 минут сууж байгаад гайгүй болчих байх гэж бодоод машин руугаа явж байхад ардаас Н нь гүйж ирэхээр нь цохичих байх гэж бодоод дахиж газар унагаагаад дээр нь гарч суусан. Тэгэхэд Г, нөгөө тарган ах хоёр ирсэн байж байсан юм байна лээ. Намайг Ноос салгасан. Тэгээд удаагүй манай эхнэр ирээд намайг аваад яваад өгсөн....Н нь өөрийгөө 10 жил шоронд суусан чам шиг гөлөгийг бодвол гээд байхаар нь би битгий хуцаад бай гээд л маргалдаад байсан. Н бид хоёр ер нь шоронгоос болж маргалдсан байх...” гэх  мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

Гэрч Р.Тын өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 10 цаг өнгөрч байхад над руу Н гэдэг манай найз залгаад Мөрөнд ирсэн байна уулзах юм уу гээд залгаад байсан. Тэгээд 11 цагийн үед би Нтой зах дээр уулзаад бид хоёр хоолонд ороод дараа нь бид хоёр манай ажлын газар луу очиж нэг том савалгаатай пиво, нэг тал пиво уусан. Тухайн үед машин барьж байсан болохоор нээх их пиво уугаагүй. Үүний дараа үдээс хойш 16 цаг болж байхад Н бид хоёр манай ажлаас гараад унаж байсан машинаа эзэнд нь өгөх гээд 9-р хороонд байдаг авто засвар дээр очиж Ч гэдэг найздаа машиныг нь өгсөн. Тэгсэн чинь Н нь Чтой танилцаад нэг том пиво задлаад энэ хоёр хувааж уусан. Тухайн үед Ч нь 2 найзаа дуудсан юм шиг байсан. Тэр хоёр найзынх нь би нэгийнх нь нэрийг нь мэднэ нэрийг нь Г гэдэг харин нөгөө хүнийг нь би танихгүй юм байна лээ тарган шар залуу байсан. Тэгээд энэ хоёрыг ирэхээр нь Н, Ч хоёр дахиад нэг том пиво уусан...Тэгээд 2 дахь пиво уугаад талдаа ороод байж байхад Н нь би хэлс хэргээр 11 жил шоронд сууж байгаад гарч ирсэн, гарч ирээд улсаас 41.000.000 төгрөг авсан гэж яриад байсан. Тэгсэн чинь нөгөө сүүлд ирсэн тарган шар залуу нь ах нь ч гэсэн шоронд яваад ирсэн гээд Н тэр тарган шар залуу хоёр шорон хоорондоо яриад байсан. Ингээд байж байхад Ч нь Н, тарган шар залуу хоёрт хандаж битгий шорон яриад бай гэсэн чинь Н урдаас нь та нар шиг бацаанууд шорон мэдэхгүй гээд Ч, Н хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгж байснаа Ч, Н хоёр хоорондоо барьцалдаж аваад зодолдох юм болоод хоорондоо барьцалдаж авах үед нь Г болон нөгөө шар залуу хоёр салгасан. Үүний дараа би Н, Ч хоёрыг машинд суулгаад Чийн гэрт нь очиж Чийн мөнгийг дүүд нь өгөөд байж байхад Ч, Н хоёр голын эрэг очиж пиво ууя гэсэн. Тэгээд би энэ хоёрыг суулгаад голын эрэг орох гээд явж байхад энэ хоёр бас машин дотор хэрэлдэж маргалдаад байсан. Тухайн үед Н нь жолоочийн эсрэг талд харин Ч ард сууж байсан. Тэгээд энэ хоёр бие биеэ үгээр идэж байснаа Ч нь Ныг боль гээд ардаас нь боогоод энэ хоёр маргалдахаа больсон. Тэгээд голын эрэг дээр ирээд машинаасаа буугаад Ч, Н хоёр нь бие биенийгээ нохой гахайгаар нь дуудаад шууд хоорондоо барьцалдаж аваад зодолдоод газар унаад өнхрөөд байсан. Тэгэхээр нь би барьж аваад салгах гэтэл над руу дайраад байхаар нь би тоохгүй хаясан. Ингээд байж байхад би Чийн гар утсыг аваад Г руу залгаад та хоёр голын эрэг дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд 20-30 минутын дараа Г, нөгөө шар залуутайгаа ирээд Ч, Н хоёрыг салгаад тайвшруулаад эвлэрүүлэх гэж үзсэн. Ингээд байж байхад Н нь газраас чулуу аваад Чийн толгой руу цохисон. Тухайн үед 6и Чийн эхнэрийг нь дуудсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Гэрч Х.Гын өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 08-нд хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна орой л болж байсан байх Ч над руу залгаад 10-р хороонд айлд Приус засаж байна хальт ирээд уулзах юм уу уулзахгүй юм уу гэж надад хэлсэн. Тухайн үед би 10-р хороонд таньдаг ах Гтой хамт машинтай явж байсан. Тэгээд Г ах бид хоёр Чийн байсан газар очиход Чийн Сонота-5 маркийн машин дотор Т жолоон дээр, Ч хойд суудалд, нэг танихгүй залуу жолоочийн эсрэг талд суусан пиво ууцгаасан сууж байсан. Тэгэхдээ Т пиво уугаагүй эрүүл байсан Ч тэр танихгүй залуу хоёр л ууж байсан. Тэгээд Г ах бид хоёр эд нарын сууж байсан машинд нь суугаад ойр зуурын юм ярьж суугаад байж байхад Ч танихгүй залуу хоёр бие биенийгээ үгээр идээд байсан. Би одоо юу гэж хэрэлдэж байсан гэдгийг нь санахгүй байна ямар ч байсан тэр танихгүй залуу 10 жил шоронд суусан гээд яриад байсан. Тэгж байснаа Ч нь засварын газраас Пруисны батери аваад гэртээ хүргэж өгнө гээд тэр танихгүй залуутай бас Тай хамт яваад өгсөн дараа нь гол орно гэж ярьж байсан. Тэгээд эд нарыг явахаар нь Г ах бид хоёр манай ээжийг гэрт хүргэж өгөөд байж байхад Т над руу залгаад голын эрэг дээр байна Ч танихгүй залуу хоёр маргалдаад зодолдоод байна би салгаж чадахгүй байна хүрээд ир гэхээр нь Г ах бид хоёр гэрээсээ гараад Чийн байсан газарт нь яваад очиход Чийн хамар, хүзүү нь цус болсон цамц нь уранхай байсан. Харин нөгөө танихгүй залуу нь орилоод Ч руу дайраад байсан. Тэгэхээр нь би Чийг салгаад өөрийнхөө машиндаа суулгатал миний эрүү сонин болчихлоо, амаа ангайхаар өвдөөд байна гэж надад хэлж байсан. Тэгэхээр нь би Чийг өөрийнх машинд нь суулгах гээд машинаасаа гаргаад явж байхад тэр танихгүй залуу ардаас ирээд нэг юмаар толгой руу нь цохих шиг болсон. Тэгэхэд Г ах наад чинь газраас чулуу аваад Чийн толгой руу цохичихлоо гэж хэлсэн. Үүний дараа би Чийг машины хажууд аваачаад тамхилж байхад Ч нь тамхиа хаячхаад тэр танихгүй залуу дээр явж очоод нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиод хавираад унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 42 тал/,

Гэрч Б.Аын өгсөн: “...Тухайн үедээ би буух арай болоогүй байна гэж хэлэхэд Нын найз нь манайд очьё гэж хэлээд энэ хоёр яваад өгсөн. Тэгээд үүнээс хойш холбоо бариагүй байж байгаад үүрээр шахуу Н нь манай хамаатны хүн болох Өлзийгийн гэрт хүрээд ирсэн. Тэгээд гэрт орж ирээд таксины мөнгө гээд байхаар нь би 10.000 төгрөг нэхээд байхаар нь мөнгийг нь өгөөд нүүр амыг нь нээх анзаараагүй унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь босоод нүүрийг нь харахад нүүр ам нь цус болсон хувцас хунар нь шороо тоос болсон байсан. Тэгээд тэр өдрийн өглөө нь шууд бид хоёр Эрдэнэт лүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,

Гэрч Л.Гийн өгсөн: “...Тэгээд Г бид хоёр 10 дүгээр хороонд нэг айлд очиход айлын хашааны гадаа Сонота-5 маркийн машин дотор Ч, бас танихгүй 2 залуу нийлээд гурвуулаа пиво уугаад сууж байсан. Харин машины үрүүлэн дээр суугаад байсан залуу нь уухгүй аягалж өгөөд байх шиг байсан. Г бид хоёрыг очиход эд нар голын зах явна гэж ярьж байсан. Тэгээд Г бид хоёр энэ хэдтэй хэсэг юм ярьж суусан тэгэхдээ пивоноос нь бол амсаагүй. Тэгээд хэсэг юм ярьж байгаад Г бид хоёр тэд нараас салаад Гын гэрт ороод байж байхад Гын утас руу нэг нь залгаад голын эрэг дээр байна Сод монгол клонкын хажууд байна хүрээд ир Ч нөгөө залуу хоёр зодолдоод байна гэж байсан. Тэгээд Г бид хоёр голын эрэг дээр яваад очиход жолоочийн үрүүлэн дээр сууж байсан залуу нь салгах гээд байгаа бололтой Ч нөгөө танихгүй залуу хоёр газар хэвтсэн ноцолдоод өнхөрөлдөөд байсан. Тэгэхээр нь Г бид хоёр явж очоод Ч болон нөгөө хоёр залууг салгаад боль боль гэж хэлж байсан. Тухайн үед энэ хоёр залууг салгахад дахиад л бие бие рүүгээ очиж хоорондоо цохилцоод зодолдоод байсан. Ерөөсөө гараас мултрах л юм бол бие бие рүүгээ очоод зодолдоод байсан. Тэгээд дахиад салгаад Ч тэр хоёрыг нэг нэг машин луу суулгах гэж байсан юм. Тухайн үед би Чтой зодолдоод байсан залууг нь бариад байж байхад нөгөө залуу чинь намайг тавьчих гэхээр нь гайгүй байх гэж бодоод тавьтал шууд газраас чулуу аваад Чийн ардаас гүйж очоод толгой руу нь чулуугаар цохих гэхээр нь би гарнаас нь татахад нөгөө чулуу нь гарнаас нь мултраад Чийн толгой руу цохисон. Тэгэхээр нь би нөгөө залууг салгаад байж байхад Ч гүйж ирээд нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиод хавсарч унагааж байсан. Тэгээд бид хэд Ч тэр хоёрыг салгаад нэг нэг машинд суулгаад салгаж авч явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

Гэрч Ж.Нгийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 08-нд хэдэн цаг гэдгийг нь би мэдэхгүй байна ямар ч байсан шөнө болсон байхад манай буудалд өмнө нэг хүүхэнтэй ирж үйлчлүүлдэг байсан залуу ганцаараа ирээд буудал авъя гэсэн. Тухайн үед тэр эрэгтэй хүн шал согтуу, нүүр ам нь шалбарсан намайг хүн зодчихлоо гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өрөө байхгүй гэж хэлээд тэр хүнийг явуулсан. Тухайн үед угаасаа сул өрөө манай буудалд байгаагүй бүгд хүнтэй байсан. Тэгээд тэр залуу яваад маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад нэг эмэгтэй хүнтэй цуг ирсэн. Тэгээд тэр хүүхэн нь надад та энэ залуугийн куртикыг нь угаагаад өгөөч бокны мөнгийг нь өгье гээд 3.000 төгрөг өгөхөөр нь би тэр цус болсон байсан куртикыг нь угааж өгч байсан. Тэгээд куртикээ угаалгаж аваад тэр эмэгтэй нь нөгөө залуудаа хандаж одоо чиний нүүр ам чинь ийм болсон байхад яаж зах дээр зогсох вэ дээ Эрдэнэт лүүгээ буцна гээд хоорондоо ярьж байгаад гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/,

Шинжээч Ч.Эрдэмболорын өгсөн: “...Тархи доргилт гэмтлийг мэдрэлийн үзлэгээр үндэслэж дүгнэлт гаргасан. Тархи доргилт, сорви гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,

Шинжээч М.Батмөнхийн өгсөн: “...Би КТГ-ийн зургийг уншиж үзсэн. Хариуг нь ч харсан. Хамрын таславч муруй гэдэг нь анатомийн хувьд арав хүн тутмын найм нь ямар нэгэн байдлаар мурай байдаг. Нөгөөтүүгээр хуучин хугараад эдгэрэлт өгөөд эдгэрэхдээ муруй болсон байдаг. Нын хувьд хамрын таславч болон хамрын ясанд гэмтэл байхгүй байсан. Хамрын таславч муруй байна гэдэг нь анатомийн хувьд муруй эсвэл хуучин хугараад эдгэрэлт өгөхдөө муруй болсон байж болно. Тийм учраас шинжээчийн дүгнэлтэд тусгах шаардлага байхгүй байсан... Хэрэв тийм байсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/,

Хохирогч Д.Нын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 245 дугаартай: “...Д.Нын биед баруун завжинд язралт, баруун хацарт тухайн үед зулгаралт, баруун зовхи шанаа хэсгийн зөөлөн эд дор цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Д.Нын биед учирсан баруун хацрын зулгаралт, баруун зовхи шанаа хэсгийн зөөлөн эд доорхи цус хуралт гэмтэл нь тус бүрдээ болон нийлбэр дүнгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Харин баруун завжны язралт гэмтэл гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт  /хх-ийн 59 тал/,

            Хохирогч А.Чийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 248 дугаартай: “...А.Чийн биед тархи доргилт, зүүн чамархайд сорви тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 65-66 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-662/3614 дугаартай: “...Дээр дурдагдсан эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 4 дүгээр сарын байдлаар 410.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 70-72 тал/,

Хохирогч А.Чийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 704 дугаартай: “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 248 дугаартай шүүх эмнэлгийн дүгнэлт үндэслэлтэй байна. А.Чид тархи доргилт, зүүн чамархайн дээд хэсэгт шархны сорив тогтоогджээ. Эдгээр гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл шинэ, зүүн чамархайн дээд хэсэгт үүссэн шарх нь хуучин гэмтэл байна. Тархи доргилт гэмтэл нь цохилт, доргилтоос үүсэх боломжтой, шарх нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой болох. А.Чид учирсан зүүн чамархайн дээд хэсэг дэх шарх гэмтэл хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой, тархи доргилт шинэ гэмтэл байна. Гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 79-80 тал/,

Хохирогч Д.Нын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 705 дугаартай: “...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 245 дугаартай шүүх эмнэлгийн дүгнэлт үндэслэлтэй байна. Д.Нт баруун завьжны салстад 2,5х0,3см язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи, зүүн доод зовхинд цус хуралт, баруун хацрын төвгөр, зүүн доод зовхинд зулгарал гэмтэл учирсан байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлүүд нь шинэ гэмтэл байх ба бүгд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн эсэхийг материалаар тогтоох боломжгүй байна. Гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Д.Нт учирсан гэмтлүүд хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байж болно. Гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 89-90 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 27 дугаартай: “...Д.Н нь сэтгэцийн эмгэгийн улмаас Орхон аймгийн сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг. Өвчний онош нь “Тархины гэмтлийн үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн органик эмгэг”. Д.Н нь дээрхи өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох заалтын 2-4-б заалтаар 70 хувиар 2 жилээр сунгагдсан. Д.Н нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Д.Н нь Орхон аймгийн сэтгэц-наркологийн тасагт хэвтэж эмчлэгддэг /өвчний картыг үндэслэв/. Д.Н нь одоогоор сэтгэцийн хувьд хий үзэгдэх, дэмийрэх шинж тэмдэг үгүй. Болсон явдлыг олон удаа давтаж ярина. Уг өвчин эдгэрэх боломжгүй боловч байнгын сэтгэцийн эмчийн хяналтанд байж, эмийн эмчилгээ болон хэвтэж эмчлүүлэх шаардлагатай. Одоогийн байдлаар хэрэг хариуцах чадвартай. Д.Н нь оюун санаа сэтгэхүйн хувьд юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвартай...” гэх дүгнэлт шинжилгээ /хх-ийн 105 тал/,

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Нын яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ч бид хоёр хоорондоо тохирсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 114 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Чийн яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна....Би согтолтын хувьд гайгүй байсан. Болж байгаа үйл явдлыг мэдэж байсан. Харин Д.Н нэлээн согтуу байсан...Би халдсан хоёр удаа хацрыг нь алагдаад нэг удаа элэгдсэн. Харин Д.Н нь миний толгой руу чулуугаар цохисон...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 117 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч  нар  нь гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

   Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Н, А.Ч, гэрч Р.Т, Х.Г, Б.А, Л.Г, Ж.Н, шинжээч Ч.Эрдэмболор, М.Батмөнх нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 245 дугаартай дүгнэлт , Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 248 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-662/3614 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 704 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 705 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 27 дугаартай дүгнэлт шинжилгээ, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Н, А.Ч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт хохирогч А.Чтой хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн дээд хэсэгт шархны сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт хохирогч Д.Нтой хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь баруун завжинд язралт, баруун хацарт тухайн үед зулгаралт, баруун зовхи шанаа хэсгийн зөөлөн эд дор цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тус тус нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Ч, Д.Н нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Н, А.Ч нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч Д.Н, А.Ч нарын харилцан үйлдэл идэвхтэй, хохирогч Д.Н, А.Ч нарын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч Д.Н, А.Ч  нарын  гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Н, А.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тус тус  тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Нын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Чийн биед хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч А.Чийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Нын биед хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Д.Н, А.Ч нар нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “талууд харилцан тохиролцож эвлэрсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй болно” гэх эвлэрлийн гэрээ /хх 131 тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Н, А.Ч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  Д.Н, А.Ч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Н, А.Ч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Н, А.Ч нарыг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Н, А.Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 121-128 дугаар талуудад авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар гэх баримт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч А.Ч нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 45-02 тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 134-137, 146 дугаар талуудад авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Н нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Дэнжийн 15-02 тоотод  амьдардаг, урьд ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Н, А.Ч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 161 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Н, А.Ч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирол, санал,  гомдолгүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Н, А.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Аовогт Дгийн Н, О овогт Агийн Ч нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

              2. Шүүгдэгч Дгийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

              Шүүгдэгч Агийн Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чид оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.

              6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

              7.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, А.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              8. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Н, А.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН