Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/306

 

                                                                                                                                                                                                                                                                                                                

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,                      

              Улсын яллагч М.Берикбол,

              Хохирогч Д.О,

              Шинжээч Г.Алтай,

              Гэрч Д.Ц,

              Хохирогчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

              Шүүгдэгч Ё.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ёын Эд холбогдох эрүүгийн 2238000000527 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

              Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч Ё.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Д.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед баруун гарын шивнүүр ясны хугарал, тархи доргилт зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, дух, зүүн чамархайн хуйх, дээд уруул, хоёр хөх, баруун бугалганд цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 223800000046 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт Ё.Э, Д.О, Д.Ц нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн “архи уусангүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар  Ё.Э нь Д.Огийн бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь баруун гарын шивнүүр ясны хугарал, тархи доргилт зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, дух, зүүн чамархайн хуйх, дээд уруул, хоёр хөх, баруун бугалганд цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Эгийн өгсөн: “ Эхлээд Д.О надтай өглөө утсаар яриад намайг “ажил дээр хүрээд ирээч” гэсэн тэгэхээр нь “би очих завгүй, юм угааж байна” гэсэн. Тэгсэн чинь манай гадаа хүрээд ирсэн. Тэгээд “өнөөдөр ажил хиймээргүй өдөр байна, гадуур гаръя, юм оёх сонирхолгүй байна, уух юм байна уу, уруу татах хүн байна уу” гэхээр нь Цгийн хүүгийн найр болсон. Түүнд нэг дарс байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь тэгвэл хамт ууя л даа гээд Цг гэрээс нь очиж авсан. Тэгээд 1 дарс аваад нэг пиво аваад 13 дугаар хороо явсан. Тэгээд тэр пивоо уучхаад 9 дүгээр хорооноос нэг нэг пиво аваад хойшоо очиж уусан. Дараа нь мөн урагшаа яваад Цгийн дүүгээс нэг пиво авч уусан. Тэр үед нэг их сүртэй маргаан болоогүй, би тоглоод байна гэж бодож байсан. Гэв гэнэт уурлаж байснаа намайг эхлээд цохисон. Хажуудаа байсан төмөр усны саваар миний хамар луу цохингуут миний хамраас цус гараад доошоо харсан. “Яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд “чи их дарвалзаад байгаа шүү” гээд “намайг буугаад ир” гээд машинаасаа буусан. Тэр үед хамраас цус гарсан байсан болохоор би доошоо хараад буусан. Гадаа гарангуут шууд над руу гүйгээд ирсэн. Тэгээд намайг цохиод орилоод чарлаад салдаггүй. Зодож цохихоос гадна хэлэх хэлэхгүй янз бүрийн үгээр доромжлоод салахгүй байсан. Тэгэхээр нь би сүүлд нь нэг удаа цохисон.  Ц бид 2 нийлж энэ хүнийг архиар шахсан зүйл байхгүй. Харин О намайг “бүдүүнээрээ чи уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “найзыгаа юу гэж тэгж байдаг юм” гэж хэлсэн. Намайг уугаад тасарчихвал хүргэж өгөх юм уу гэхэд “тэгнэ” гээд инээлдэж байсан. Тийм л зүйл болсон.  Би хамт архи уусандаа харамсаж байна. Энэ хүнийг цохисондоо харамсаж байна.” гэх мэдүүлэг,

              Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Огийн өгсөн: “Хэрэг болох өдрийн урд орой шүүгдэгч надтай уулзсан. Тэгээд Ц ирсэн. Хоёулаа ийшээ дэлгүүр оръё гээд комиссын барааны дэлгүүр орсон. Тэндээсээ манай найз дээр очъё гээд очсон, найзаар нь архи авахуулж уусан. Ц ирчихсэн байгаа, Цтэй уулзана, Ц усанд орчихоод ирнэ гэсэн. Тэгээд Ц дээр очъё гэтэл Ц нь ирэхээ больсон. Тэгээд нөгөө хүмүүстэйгээ архи уусан. Би архи уухгүй гэтэл намайг архиар шахаад байсан. Тэгэхээр нь би “хүмүүсээр архи авахуулж уух гэж намайг дагуулж ирсэн юм уу” гэж хэлээд би явсан.. Өмнөх өдөр нь Ч гэдэг найзтай нь бид уулзсан. Ё.Э Цт намайг шөнөжингөө Чтай уулзаад явсан гэж ярьсан байсан. Маргааш нь уулзахдаа намайг хардаад байгаа юм байна гээд үнэнийг нь хэлье гэж бодсон. Тэгээд би Э, Цтэй уулзаад би “тэр хүнтэй яваагүй” гэдгээ хэлээд байж байтал тэр 2 архи уухаар болсон. Ц гэрээсээ архи уусан. Өдөржингөө л ийш тийшээ явсан. Намайг бас өдөржингөө дарамталсан.  Барилга барьж байгаа барилгачингуудаар хүртэл архи авахуулж уусан. Намайг чи эрэгтэй хүмүүстэй уудаггүй юм бол эмэгтэй хүмүүстэй уу гэж намайг пивоор шахахад нь “би уухгүй” гэсэн. Тэгээд түүнээс болж маргалдсан. Намайг цохисон гэж байна. Тийм зүйл болоогүй. Би тэр өдөр ажил дээрээсээ очиж Этай, Цтэй уулзчихаад гэрээсээ очиж үдийн цайгаа аваад, Цээг буцааж хүргээд ажил дээрээ очих зорилготой явж байсан боловч намайг явуулаагүй. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

              Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Цгийн өгсөн: “Өглөө Д.О, Ё.Э нар манайд ирсэн. Манайхаас дарс аваад явсан. Хойноос 2 пиво уусан. Эргэж орж ирээд 1 пиво уусан. Энэ 2 маань хоорондоо маргасан. Тэндээсээ хөдлөөд явсан чинь Оюунаа Ё.Эг пивоор шахаад “уу уу” гээд байсан.  Ё.Э уухгүй гэсэн. Оюунаа Ё.Эг усны саваар цохисон. Тэгээд хамрынх нь цус нь гараад машинаас буусан. Оюунаа машинаас буухдаа араагаа салгахгүй буусан байсан. Машин нь ухраад байсан. Араас нэг портер ирж байсан тэгэхээр нь би арынх нь суудлаас урагшаа орж машиных нь арааг салгасан. Энэ хоёрын хоёулангийнх нь хамраас цус гарсан байсан. Тэндээсээ Оюунаа машинаа бариад явсан. Бид хоёр Ё.Эгийн гэрт очсон. Би гэрт нь утсаа мартсан байсан. Маргааш нь очиж утсаа авахад түүний зүүн талын нүд нь уг руугаа улайчихсан байсан. Түүнээс хойш би ахиж уулзаагүй.” гэх мэдүүлэг,

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Алтайгийн өгсөн: “Шивлүүр яс гэж хурууны яс байгаа юм. Эрхий хуруунаас эхэлж 1 гэж тоолдог. Д.Огийн дүгнэлт дээр баруун гарын 5 дугаар шивлүүр ясны хугарал гэсэн байдаг. Баруун гарны 5 дугаар шивлүүр яс гэж чигчий хурууны шивлүүр ясыг хэлж байгаа юм. Энэ ясны хугарал битүү учраас ерөнхийдөө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж байгаа юм. Хамгийн гол нь гараа атгаад хатуу гадаргуутай зүйл рүү цохих үед үүсгэгддэг. Гараа дэлгээд алгадах ч юм уу ийм үед энэ гэмтэл үүсгэгдээд байдаггүй. Эсвэл би өөрөө хатуу гадаргуутай зүйл цохиогүй гэж байгаа бол бага гадаргуутай их хүчтэй зүйлээр үйлчилсэн тохиолдолд хугарна. ..Шивлүүр ясыг арагш нь дарахад хугарах боломжтой. ..Гар гараараа тулаад үйлчлэхгүй шүү дээ. .. Цохисон ч бай цохиогүй ч бай аль аль нь цохилтын механизмаар үүснэ.” гэх мэдүүлэг,

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Огийн өгсөн: “... Хохирлын талаар гэх юм бол би сард 2 зээл зэрэг төлдөг. Нэг нь сарын 318.000 төгрөгийн төлөлт хийдэг, нөгөө нь 447800 төгрөг төлдөг. Би 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл авсан байсан оёдлын захиалгын ашгаа тооцож үзэхэд нийт дүн 3.400.000 төгрөг болохоор байсан. Тэрнээс хойш 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл дахиад 10 хоног захиалга авч ажиллах боломж байсан. Тэгэхэд би дор хаяж 2.000.000 төгрөгийн ашиг олох боломжтой байсан. Ингээд нийт 07 дугаар сарын зардал 1.575.375 төгрөг дээр олох байсан ашиг 3.400.000 төгрөг, мөн дээр нь 2.000.000 төгрөг нэмээд нийт 6.975.375 төгрөг нэхэмжлэх санаатай байна. Би эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

              Хохирогч Д.Огийн гэрчээр өгсөн: “ Би 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багт байрлах ажлын байран дээрээ байж байтал надтай өмнө жил хамт ажиллаж байсан Э гэдэг эмэгтэй залгаж Ц хөдөөнөөс орж ирсэн гэж байна, хамт очъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд за тэгье гээд би Эгийнд очоод Эг хашааных нь гаднаас аваад гэртээ очиж юм тавьчихаад Мөрөн сумын 7 дугаар багт Шинэ мөрөн захын баруун талд Цийн байсан газарт очсон. Ц гэрээсээ нэг хадагтай гэдэг дарс авч гарч ирсэн. Цийн үүдэн дээр нь зогсож байтал Ц дарс авч гарч ирсэн болохоороо үүдэн дээрээ зогсож уухгүй гээд 13 дугаар хорооны зүүн талд байдаг ногооны талбайн урд талын задгай тал дээр очиж зогссон. ..Тал дээр очоод дарсаа задлаад Э тал дээр хэвтэж байсан ундааны савыг чулуугаар тас цохиж байгаад хундага хийж байсан. Би тэр хундага хийсэн савнаас нь хүртэл сэжиг хүрээд нэг их уухгүй байсан чинь муу дарс гэж голоод байгаа юм уу, яахав дээ зориулаад аваад ирсэн юмнаас уучихаач юун маягтай юм, ямар хүнтэй болохоор уудаггүй юм, ямар хүмүүстэй уудаг юм гээд Ц Э хоёр намайг үгээр өдөөд байсан. Би за за ганц шил дарс гурван хүнд юу болхов гээд тэр дарснаас нь ганц нэг хундагийг уусан. .. Тэгж байтал Эгийн хүүхэд залгаад хуушуур ирж ид гээд Мөрөн сумын 12 дугаар багийн 8-12 тоотод байх гэрээс нь очиж хуушуур аваад Мишээл дэлгүүр дээр очиж Ц сэнгүр пиво худалдаж авсан. Тэгээд хойд тал руу гарч пиво ууцгаасан. Би бол тэр пивоноос нь уугаагүй. .. Тэнд пиво ууж дуусаад тэр хоёр хэдэн хүмүүс рүү залгаад архи авахуулах гээд байгаа бололтой 2 хүнтэй очиж уулзаад нэг хүнээр нь 13 дугаар багийн дэлгүүрээс пиво авахуулсан. Тэгж пиво авахуулахдаа Э төрсөн өдөр болж байгаа юм гээд намайг зааж хэлж пиво авахуулсан. Тэгж явсаар байгаад 13 багийн зүүн талын далан уруудаад эзэнгүй ганц сондгой хашааны гадаа зогссон. Тэнд зогсож байхад Э Ц хоёр нэлээн халчихсан намайг пиво уу гэж шахсан. Би уухгүй гэсэн чинь Э хойд суудал дээрээс намайг чи наашаа хардаа татаад зулгаагаад энийг уу тэрийг уу, чиний уух ёстой юмыг би уух ёстой юм уу энэ тэр гээд байсан. Тэгж байхдаа миний машин дотор пиво асгаад байсан. Би уур хүрээд чи шингээж чадахгүй гэх юм биш бүдүүнээрээ чи өөрөө уухгүй юу гээд хэлчихсэн. Тэгтэл намайг юу гэнээ гээд Э хойноос татаад зулгаахаар нь яагаад байгаа юм чи гээд гараараа түлхсэн чинь шууд нүд рүү цохиод арын суудал дээрээс өндийж байгаад толгой руу гараараа нүдчихсэн. Би толгойгоо дараад машинаасаа буусан чинь араас Э бууж ирээд толгой руу цохиод хоёр гараараа хамгаалсан чинь доороос өлгөж цохиод байсан. Ц нь бол ямар нэгэн юм хэлэхгүй байсан бөгөөд боль ч гэхгүй байсан. Тэгэхээр би тэр хоёрыг намайг санаатай дуудаж архи пиво ууж байгаад зодсон гэж бодож байгаа...Миний гар өвдөөд байна, хүзүү хөшөөд байгаа, баруун гарын чигчий хурууны савх яс хугарсан, дунд хуруу гэмтэлтэй гээд миний баруун гарыг эмч гипсдэж өгсөн байгаа. Зүүн нүд хөхөрсөн, зүүн талын хөхнөөс гарын таван хуруугаараа зулгаагаад самардсан, баруун талын хөх хөхөрсөн, баруун гарын мөрний гадна хэсэг хөндүүртэй хөхөрсөн байгаа...Би маш их гомдолтой байна. Би намайг зодсон Э гэх хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж хохирол гомдлоо барагдуулж авмаар байна. Ц ч гэсэн салгахгүй, боль энэ тэр ч гэхгүй байсанг бодоход зохион байгуулалттай намайг дагуулж явж зодсон гэж бодохоор байна. Гомдолтой байна...Би тэр хоёрыг зодоогүй. Араас зулгаагаад хөхнөөс базаад татаад, мөр рүү хэд хэд цохиж аваад байхаар нь зүгээр байгаач чи гээд нэг гараараа хойш түлхсэн чинь гараа хугалуулах шахаад толгой руу гаа цохиулж нүдүүлж зодуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

              Гэрч Д.Цгийн өгсөн: “...Ё.Эг сайн танина. Ог сайн танихгүй. Одноо гээд байдаг... 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 12-13 цагийн үед Э над руу залгаад чи гэртээ байна уу, Одноо бид хоёр гадуур явж байна. Чи хамт гадуур гарах уу гээд би тэгье гэсэн чинь намайг О Э хоёр машинтай ирээд аваад явсан. О өөрийнхөө машинтай явсан. Би гэрээсээ нэг дарс аваад тэр дарсыг бид гурав хувааж уусан. Тэр хоёр угаасаа ууж байна, юм байна уу гээд байсан болохоор би байсан дарсаа авч гарсан. Тэгээд дарсаа ууж дуусаад дахиж пиво нэмж аваад Мөрөн сумын хойд тал дээр 3 том пиво уусан. Дэлгүүрээс 4 том пиво авсан байсан болохоор 1 үлдсэн пивоо 13 дугаар хорооны урд талд эзгүй хашааны буланд очиж зогсоод уух гэж байтал О Э хоёр маргалдаад тэр үлдсэн 1 пивоо уугаагүй. ... Мөрөн сумын 13 дугаар хорооны тэнд очоод машинтайгаа зогсоод машин дотроо сууж байтал О Эг уусангүй гээд үг хаяад байсан. Э би одоо болчихлоо гээд байсан. Одноо нь Эгаа чи болоогүй уу гээд байсан. Тэгж байгаад аяархан хөдлөөд явж байтал Одноо чи яагаачгүй байна уугаач гэж Эд хэлээд Э нь би бүр болчлоо гэж ярьж явтал Одноо нэг гараараа Эг цохисон. Э нь чи намайг яагаад цохиод байгаа юм гэсэн чинь О дахиад хажууд байсан усны савыг аваад нүүр рүү нь цохисон. Тэгтэл Эгийн хамраас цус гоожсон. Э чи яагаад намайг цохиж байгаа юм гэсэн чинь Одноо нь буугаад ирж гээд машинаасаа буусан. Э араас нь буугаад хамрын цус нь гоожсон болохоор тонгойгоод зогсож байсан. Тэр хооронд Огийн машин ухардаг араандаа орсон байсан, хойшоо ухраад хойноос ирж байсан портерыг мөргөх шахсан. Би арын суудалд сууж явсан болохоор буугаад жолоочийн суудалд суугаад машиныг нь зогсоосон. Тэгээд харахад л нөгөө хоёр толгойгоо тэврээд сууж байсан. Огийн хамраас цус гарсан байсан. Өмнө Эгийн хамраас цус гарсан болохоор аль аль нь л хамраас нь цус гарсан байдалтай байсан. Би машин зогсоох гэж байх хоорондоо хальт харахад тэр хоёр урд урдаасаа цохилцоод хэн хэнийх нь хоёр гар нь сарвалзаж байсан. Э бид хоёр тэндээ явган үлдээд Эгийнх руу алхаж очсон..” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 400 дугаартай: “...Д.Огийн биед баруун гарын шивнүүр ясны хугарал,тархи доргилт,зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, дух, зүүн чамархайн хуйх, дээд уруул, хоёр хөх, баруун бугалганд цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн ба хэрэг гарсан гэх 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой. Д.Огийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл ба шивнүүр ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, тархи доргилт нь тусдаа бусад цус хуралт, зулгаралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24 тал/,

Иргэний нэхэмжлэгч М.Мын өгсөн: “...Иргэний Д.О 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас S06 оношоор амбулаторын үзлэгээр 15.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 100 тал/,

Шүүгдэгч Ё.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Огийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан  юм байна гэж ойлголоо. Мөн шинжээчийн дүгнэлтэд гарын шивнүүр яс нь хугарсан нь хүндэвтэр гэмтэлд хамаарна гэсэн байсан. Тэгэхээр би бол тэр гарын ясыг нь ямар нэгэн байдлаар хугалаагүй. О өөрөө намайг цохих гэж дайраад байхаар нь би гарын шууны ар хэсгээр хааж хамгаалах үед миний гар руу хүчтэй хүчтэй цохиод байсан. Тэгэхэд явцдаа миний гарын яс руу таарч цохиж гэмтээсэн байх гэж бодож байна. .. Би Ог цохисон болохоор тархи доргилт гэх мэт хөнгөн гэмтэл учруулсан асуудлаа бол хүлээн зөвшөөрч байна. ...Би 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Отай уулзаад Ог гадуур явъя архи пиво ууя, уруу татах хүн байна  уу гээд байхаар нь Цээтэй холбогдож Цээг гэрээс нь очиж аваад нэг шил дарс бид гурав хувааж уугаад үргэлжлүүлж пиво авч хойд тал дээр ууж байгаад Мөрөн сумын 13 дугаар хороо Огийн машинтай очиж тэнд эзэнгүй хашааны хажууд пиво уусан. Пиво уугаад нэлээн халамцсан болохоор би одоо болчихлоо би одоо уухгүй, болъё гэсэн чинь О намайг шингээхгүй гэх биш энэ сайхан бие уу гээд пивоор шахаад байсан. Тэр асуудлаас болж Отай маргалдсан. Тэгтэл О эргэж хараад чам шиг юм түрүүнээс хойш дарвалзаад байгаа шүү чи муу гээд нүүр рүү эхлээд гараараа цохиод авсан. Тэгээд хажуудаа байсан цэнхэр өнгөтэй төмөр усны савыг аваад тэр саваараа намайг бас дахиад нэг цохисон. Тэгэхэд миний хамраас цус гоожоод доошоо тонгойсон чинь дээрээс цохиод байхаар нь би Ог цааш нь түлхээд урдаас нь самардах байдлаар харилцан цохилцсон. Тэгсэн чинь О намайг чам шиг муу юм гараад ир чи угаасаа дарвалзаад байгаа гээд буухаар нь би араас нь буухдаа гараараа хамрын цусаа тосоод тонгойгоод буусан. Тэгсэн чинь гүйж ирээд намайг гартаа чулуу барьчихсан цохих гэхээр нь би чулуутай гарыг нь нэг гараараа барьж аваад доош нь дарж чулууг нь хаясан. Тэгтэл намайг цохих гээд хоёр гараа сарвалзуулаад дайрахаар нь би шуугаараа хамгаалаад буцаагаад урдаас нь хоёр гараараа самардаж цохисон. Тэгж байгаад би хамгийн сүүлд нүүр рүү нь нэг хүчтэй цохиод хамраас нь цус гараад О тонгойгоод суугаад авсан. Тэгээд бид хоёр чи яаж байгаа юм гэх зэргээр хэрүүл хийж байгаад Цээ бид хоёр тэндээ үлдээд О бид хоёрыг хаяад машинаа унаад явсан.Тэгээд Цээ бид хоёр манайд очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч шинжээч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас М.Берикбол, хохирогчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс нарын зүгээс шүүгдэгч Ё.Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяраас миний үйлчлүүлэгч гэм буруутай гэж байгаа боловч миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл байх боломжтой гэж үзэж байна гэж, шүүгдэгч Ё.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж тус тус мэтгэлцжээ.

Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр маргаж байх боловч шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул  шүүгдэгчийг гэм буруу дээр  маргаагүй гэж дүгнэлээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаагаар 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ё.Э, Д.О, П.Ц нар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны  зүйл хэрэглэн “архи уусангүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар Ё.Э нь Д.Огийн бие эрх чөлөөнд халдаж зодсоныг гэрчилж хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар хэргийн газар дээр байсан гэрч Д.Ц, хохирогч Д.О, шинжээч Ш.Алтай нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 400 дугаартай “...Д.Огийн биед баруун гарын шивнүүр ясны хугарал, тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, дух, зүүн чамархайн хуйх, дээд уруул, хоёр хөх, баруун бугалганд цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн ба хэрэг гарсан гэх 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой. Д.Огийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл ба шивнүүр ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, тархи доргилт нь тусдаа бусад цус хуралт, зулгаралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй  гэх дүгнэлт зэргийг харьцуулан судалж, нотлох баримтын эх сурвалжийг хууль ёсны, үнэн зөв, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоох талаар хуульд заасан нотолгооны шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Ё.Э нь хохирогч Д.Огийн нүүр, цээж, гар, бугалга зэрэг хэсэгт гараараа цохисон үйлдэл нотлогдсон,  шүүгдэгч Ё.Э гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Д.Огийн биед мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу цохих, цохигдох үед учирсан, баруун гарын шивнүүр ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт; тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, дух, зүүн чамархайн хуйх, дээд уруул, хоёр хөх, баруун бугалганд цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий  гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарч байгаа бөгөөд нэг цаг хугацаанд хэд, хэдэн гэмтэл зэрэг учирсан бол гэмтлийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг тогтооно гэсэн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд нийцсэн, хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Ё.Эгийн цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ё.Эгийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулсанаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ё.Эг архи согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Отай хэрүүл маргаан үүсгэж, улмаар бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь баруун гарын шивнүүр ясны хугарал, тархи доргилт зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, дух, зүүн чамархайн хуйх, дээд уруул, хоёр хөх, баруун бугалганд цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ё.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Огийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба түүний эмчилгээ, оношилгоотой холбоотой болон бусад  гарсан зардалд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн  шатанд  хохирогч Д.О 6.000.000 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтыг  нотлох баримтаар ирүүлсэн байна.

Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ оношилгоотойгоор гарсан эм тарианы үнэ /47800,15500, 56080, 61650, 75000/ нийт 256.030 төгрөгийг шүүгдэгч Ё.Эгаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч  Д.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор 6 хоногийн  цалингүй чөлөө авсан зардал 360.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байх бөгөөд  “Мөнх эрин Трэвел” ХХК-ийн тодорхойлолт нь эх хувиар авагдаагүй, “Мөнх эрин Трэвел” ХХК-тай хөлсөөр ажиллах  гэрээний сүүлийн хуудас эх хувиар авагдаагүй, канондсон баримт байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж шүүхээс дүгнэлээ. Иймд хохирогч  Д.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал 360.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан байх боловч хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 400 дугаартай дүгнэлтэд  “хохирогч Д.Огийн гэмтэл..Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэж заасан байх тул хохирогч Д.Огийн ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого, түрээсийн төлбөр, зээлийн эргэн төлөлт хийхээр  хүнээс зээлсэн мөнгө, бензины зардал,  нийгмийн  даатгалын шимтгэл, өдөр тутмын хэрэгцээний зардал   нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль  зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Иймд хохирогч Д.Огийн ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 3.830.943 төгрөг, түрээсийн төлбөр 156.332 төгрөг, зээлийн эргэн төлөлт хийхээр  хүнээс мөнгө зээлсэн 1.000.000 төгрөг, бензины зардал 188.850 төгрөг,  нийгмийн  даатгалын шимтгэл 113.400 төгрөг, өдөр тутмын хэрэгцээний зардал  94.445 төгрөг, нийт 5.383.970 төгрөгийг  шүүхээс хэрэгсэхгүй болгож зүйтэй гэж үзэв.

              Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 15.000 төгрөг нэхэмжилснийг шүүх хүлээн авч шүүгдэгч Ё.Эгаас гаргуулж шийдвэрлэх нь  зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ё.Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч М.Берикбол эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “..Шүүх эрх хэмжээнийхээ хэмжээнд ял оногдуулах байх гэж үзэж байна...”  гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн нөхцөл байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох саналтай...” гэв.

Шүүгдэгч Ё.Эгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ё.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй байна.  

Хавтаст хэргийн 45-47 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн Засаг даргын тодорхойлолт,  иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ё.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн  хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 08-12б тоотод оршин суудаг зэрэг түүний хувийн байдал болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ё.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ё.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ё.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Х овогт Ёын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ёын Эг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Эд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ё.Эгаас 256.030 /хоёр зуун тавин зургаа мянга гуч/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Од, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн 15000 / арван таван мянга / төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд тус тус олгож,  хохирогч Д.Огийн  нэхэмжилсэн бусад зардал 5.383.970 /таван сая гурван зуун наян гурван мянга есөн зуун дал/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.О нь цаашид гарах эмчилгээний зардал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

              6. Энэ хэрэгт шүүгдэгч Ё.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН