Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/309

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,                     

              Улсын яллагч М.Берикбол,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

              Шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Пийн Мд холбогдох эрүүгийн 2238002760602 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

              Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч П.М нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр буюу Мөрөн сумаас Хатгал тосгон явах асфальт замд 61-25 ХӨҮ Улсын дугаартай “Харриер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.5 дахь хэсгийн б заалтыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан хохирогч П.Сыг дайрч амь насыг хохироосон, уг гэмт хэрэг үйлдсэн жолооч П.М нь хэргийн газрыг зориуд орхиж зугтааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2238002760602 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

2022 оны 7 дугаар сарын 17ы өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хөвсгөл аймгийн Хатгал тосгон явах асфальтан зам дээр шүүгдэгч П.М нь 61-25 ХӨҮ улсын дугаартай “Харриер” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.5 дахь хэсгийн б-д заасан “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”  гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас П.Сыг мөргөж амь насыг хохироосон, уг гэмт хэрэг үйлдсэн жолооч П.М нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мийн өгсөн: “..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газрын үзлэг хийсэн: “...Хэрэг болсон газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвөөс Хатгал тосгон руу чиглэсэн асфальтан хучилттай засмал зам дээр гарсан байв. Уг газар нь Мөрөн сумаас хойд зүгт 4 км зайд байв. .. Уг осол болсон зам нь ертөнцийн зүгээр урдаас хойш, хойноос урагш чиглэлд явсан хучилттай асфальтан зам байв.. Уг замын голд голын шулуун зурааснаас зүүн тал 1.70 м зайд улаан өнгийн дугуй материал байсныг А үсэг байршуулан шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч үзлэгийг үргэлжлүүлэн явуулаад А үсгээс хойд зүгт 9 м зайд голын шулуун зурааснаас 1.90 м зайд хөх өнгийн малгай, ороолт, голын шулуун зурааснаас 1.24 м зайд хөх өнгийн малгай ороолт байсныг 1, 2 дугаарласан. Уг малгай ороолт байх 1, 2 дугаартай цэгээс хойд зүгт шулуун цагаан зураасаар 4.40 м зайд 1х1 м диаметртэй ар талдаа жижиг хуванцар эд анги байсныг 3 дугаартай тэмдэг байрлуулан .. тооцов. .. Түүний дараа 4 дугаарын цэгээс хойд зүгт 3.50 м зайд шулуун цагаан зурааснаас 1.20 м зайд толгой хэсэг нь ертөнцийн зүгээр урагшаа харсан хөл нүцгэн эрэгтэй хүний цогцос байсан ба цогцос дээр хөх өнгийн даавуугаар хучсан байв. .. Уг цогцос байсан хэсгээс хойд зүгт 14 м зайд цагаан зурааснаас 3.15 метрт эрэгтэй хүний зүүн хөлийн бакалан гутал , уг зурааснаас хойд зүгт 4.70 м зайд цагаан шугнамаас 1.35 м баруун хөлний бакалан гутал байсныг 5, 6 дугаараар тэмдэглэж шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Үзлэгийг үргэлжлүүлж осол болсон газар ул мөр хайсаар замын хойд талд шороон хэсэг дээр хагарсан хуванцар эд зүйл байсныг 7, 8 дугаараар тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-13 тал/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн: “...Үзлэг хийж буй газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн Хөх толгойд байх тодорхой хаяггүй модон хашаа байв. Уг хашаа нь ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан хаалгатай, хаалга онгорхой байх ба ертөнцийн зүгээр чанх урагшаа харсан хашаатай нэг хаалга цоожтой Монгол гэр байв. Хашаа болон гэрийн хоорондын байдлыг шинжээч Өнөбат гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийг үргэлжлүүлэн хашаа руу нэвтрэн орж явуулахад хашааны баруун хойд буланд цагаан өнгийн даавуугаар шилээ хучсан хар өнгөтэй 61-25 ХӨҮ улсын дугаартай Тоёото Харриер маркийн тээврийн хэрэгсэл байв. ... Түүний дараа цагаан даавууг авч үзлэгийг явуулахад тээврийн хэрэгслийн шилний зүүн талын салхины шил хагарч цуурсан байсан ба уг цуурсан шил нь бөөрөнхий хэлбэртэй хагарсан байв...тээврийн хэрэгслийн хамрыг онгойлгоход тоос тогтсон байв ба хонхойж тоос тогтсон хэсгийг бэхжүүлэн авав. Түүний дараа үзлэгийг дотор үргэлжлүүлэн явуулахад тээврийн хэрэгслийн зүүн урд талын суудал дээр машины нэмэлт толь байсныг .. хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20 тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч П.Гын өгсөн: “...Энэ оны 07 сарын 17-ны өдөр миний төрсөн ах Пунсал овогтой С нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд авто осолд орж нас барсан. ... Миний сонссоноор талийгаач ахыг маань машин мөргөж амь насыг хохироосон, тэгээд дуудлаганд нь Алтаншагай очсон, тэгээд талийгаачийг таниад манайханд мэдэгдсэн юм. Талийгаачийг дайрч амь насыг нь хохироосон хүн нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат М гэдэг залуу гэдгийг нь маргааш өдөр Хөвсгөл аймагт ирээд мэдсэн. Мөн Мий эцэг эхчүүд ар гэр нь надтай уулзсан... Би гомдолтой байна. Талийгаач ахыг маань мөргөсөн М гэх залуу мөргөсөн үедээ нэн даруй тусламж үзүүлсэн байсан бол амьд байх байсан ч юм уу гэж бодож байна... Надад нэхэмжлэх зүйл байхгүй...Надад гомдол санал байхгүй...М гэх залуу надад 25.000.000 төгрөг өгсөн. Одоо миний зүгээс гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, 38 тал/,

Гэрч Б.Еийн өгсөн: “...Өчигдөр буюу 2022 оны 07 сарын 17-ны өдрийн оройны 22 цагийн үед би өөрийн гэр бүлийн хамт Мөрөн сумаас Хатгал тосгон руу гарч явах үед засмал дээр нэг хүн хэвтэж байх шиг байсан. Би тухайн хүнийг тойрч гараад Цагдаагийн газар руу дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нарыг иртэл тухайн газар хэвтэж байсан хүн рүү ойртож очоогүй. Тэгээд 5-6 минутын дараа замын цагдаа ирсэн...Намайг анх харахад тухайн хүнийн малгай нь унасан, мөн хөлний ороолт нь унасан байсан, тухайн хүнийг тойрч гарсны дараа хоёр гутал нь зам дээр хэвтэж байсан. Цагдаа нарыг ирэх хүртэл тухайн хүн яг л анх хэвтэж байсан шигээ байсан. Өөрчлөгдөж байрнаасаа хөдөлсөн зүйл огт байхгүй. Би харин цагдаа нарыг иртэл машин нэмээд дайрчих вий гэсэндээ гараараа машинуудыг дохиж зогсоож, тойруулж явуулж байсан...Би дуудлагыг 23 цаг 12 минутад өгсөн. Тэгэхээр харсан даруйдаа дуудлага өгсөн гэхээр 23 цаг 10 минутад анх олж харсан гэсэн үг... Намайг замд явж байхад л тухайн хүн хэвтэж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

Гэрч У.Дгийн өгсөн: “...2022 оны 07 сарын 17-нд манай найз залуу М 21 цагийн үед манай гэрт ирсэн. Тэгээд бид хоёр уулзаад тэр оройдоо Хатгал явж амрахаар ярилцаад би машины хойд талын суудал дээр унтаад явлаа гээд хойд талын суудал дээр унтсан, учир нь би урд шөнө нь хүүхдийн үсний найрын ажилтай шөнөжингөө, өдөржингөө ажилласан тул их ядарсан байсан. Тэгээд намайг машины арын суудал дээр унтаж байхад манай найз залуу М сэрээгээд “босоорой би яаралтай ажилтай болчихлоо, чи гэртээ орж унт, би чамд утсаар юу болсныг хэлье” гээд яаруулаад машинаас буулгаад шууд давхиад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь би найз залуу руугаа гар утсаар залгаад юу болсныг асуухад “би урд шөнө хүн дайрчихсан юм тэгсэн чинь нөгөө хүн нь нас барчихсан байна, би цагдаагийн газарт ирээд мэдлээ, одоо би цагдаа дээр байна” гэж хэлсэн. .. Би гэрээсээ хөдлөөд шууд машины арын суудал дээр унтсан, би их ядарсан байсан учраас шууд унтчихсан, тэгээд намайг унтаж байхад сэрээгээд их яарсан байдалтай “ажил гарчихлаа, чи гэртээ унтаж бай” гэж хэлчхээд давхиад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,

Гэрч Д.Пийн өгсөн: “...Манай хүү П.М 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 17-18 цагийн үед Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5-р багаас /гэрээсээ/ Мөрөн, Хатгал орох гээд найз охины /нэрийг нь мэдэхгүй/ хамт миний 6125 ХӨВ улсын дугаартай Toyota Harrier маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Ингээд 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн өглөө манай ах С хөдөө гэрт ирээд М Мөрөнгөөс Хатгал явж байгаад өнгөрсөн шөнө 22 цагийн үед осол гаргасан юм шиг байна өөрөө хэлж чадахгүй намайг хэлээд өгөөч гээд байна гэсэн. Тэгэхээр нь би шууд эхнэр Лтэй хамт Мөрөн сум руу гарсан. ..хүү Мтэй цагдаагийн гадаа уулзахад өнгөрсөн шөнө гэрлийн гялбаанд орж зам дээр хүн дайрсан гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,

Гэрч Ц.Лгийн өгсөн: “...манай хүү Пийн М 2022 оны 07 сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумаас “ ээжээ би далай явлаа аавд хэлчхээрэй” гэж хэлээд хар өнгийн харриер маркийн автомашиныг унаад явсан. Энэ өвөл л авсан машин юм. Би машины дугаар энэ тэрийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд надтай өнөө өглөө манай хүү утсаар холбогдоод “ээжээ та хурдан ороод ир би цагдаа дээр очих хэрэгтэй байна, та хоёр хурдан хүрээд ир” гэхээр нь би нөхөртэйгөө ирээд өглөө хальт хүүтэйгээ уулзахад “би ямар ч буруугүй гэнэт л хүн гараад ирсэн, шөнө хүн шүргэчихлээ” би өөрөө харсан чинь бүүр өнгөрчихсөн байсан. Би тухайн үедээ уг нь 103 дуудъя гэж бодсон боловч их айж сандарсандаа болоод юу ч гэсэн ээж аавдаа хэлж дуулгачихаад өөрөө цагдаа дээр очиж хэлье гэж бодсон юм” гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 53 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаартай: “...Амь хохирогч П.Сын цогцост гэмтэл тогтоогдлоо. П.Сын цогцост тархи болон цээж, хэвлий зүүн өвдөг, нуруунд зулгаралт, баруун өгзөгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогч П.Сын цогцост учирсан дээрх гэмтлүүд хүний биеийн хүчнээс давсан /тээврийн хэрэгсэлд мөргүүлэх/ мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Тархи болон цээж хэвлийд хавсарсан битүү гэмтэл нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл бол биеийн бусад хэсгийн гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Амь хохирогч П.Сын цогцост учирсан дээрхи тархи болон цээж хэвлийд хавсарсан битүү гэмтэл авч амьсгал зүрх судасны цочмог дутагдалж орж нас баржээ. Уг шалтгаанаар нас барсан гэдэг нь дээрх онош болон задлан шинжилгээний явцад бэхжүүлсэн фото зургийн үзүүлэлтүүдээр батлагдаж байна. П.С нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт /хх-ийн 59-60 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 59 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 2.5х2.2 хэмжээтэй 763687944-48-OWO-ABS-1-ABS гэсэн бичиг бичиглэл бүхий хуванцар эд анги  тээврийн хэрэгслийн  нэмэлт толины цоорхой хэсэгтэй нэг бүхэл эд анги буюу салсан хэсэг нь нийлж нэг бүхлийг үүсгэж байна. Шинжилгээнд ирүүлсэн  2.5х2.2 см  хэмжээтэй 763684944-48-OWO-ABS-1- ABS-1  гэсэн бичиг бичиглэл бүхий хуванцар эд анги, тээврийн хэрэгслийн нэмэлт толь, зэргийн будгийн найрлагыг хувьд хоорондоо тохирч байгааг криминалистикийн шинжилгээгээр тогтоох боломжгүй ...” гэх дүгнэлт /хх-ийн 69 тал/,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №2245617200390 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5 дугаар багийн иргэн П.Мийн 61-25 ХӨҮ улсын дугаартай Toyota harrier XU30 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 39.600.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 76-77 тал/,

Мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн: “...2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Ослын үед 61-25 ХӨҮ улсын дугаартай тоёота маркийн тээврийг хэрэгслийг жолоодож явсан иргэн П.М нь дараах заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

1.         Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хуулийн 3.1.6-д зааснаар “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд, хохирох, тээврийн хэрэгсэл болон, зам замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.

2.         Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

3.         Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсгийн б-д заасан осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2. Ослын үед амь хохирогч П.С нь дараах заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

1.         Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1 дэх хэсэгт заасан “явган зорчигч нь явган хүний замаар ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсвэл зорчих хэсгийн захаар /тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар/ цуварч явна.

2.         Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.2 дахь хэсэгт заасан харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. Мотоцикл, мопед, унадаг дугуй түрж яваа хүн тээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлэх хэрэгсэл гэрэл ойлгуурыг халхлахгүй явна.

3.         Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дахь хэсэгт заасан явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгс хөндлөн  гарна гэх заалтуудыг зөрчсөн байна...” гэх магадалгаа /хх-ийн 80-82 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

Прокурорын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 40 дугаартай “мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /хх-ийн 22 тал/,

Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 24 тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 25-26 тал/,

Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 123 дугаартай эд мөрийн баримт, эд зүйл, баримт бичгийг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 28 тал/,

Эд мөрийн баримтыг хураан авсан тухай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 29 тал/,

Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 30 тал/,

Цогцост үзлэг хийсэн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 56-58 тал/,

Шүүгдэгч П.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж “...Би хүлээн зөвшөөрч байна...Би тухайн үед зогсож харсан, тэгэхэд тэр хүн босож байгаа харагдсан учраас гайгүй байх гэж бодсон юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримтыг шинжлэн судлав.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл / баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч П.Г, гэрч Б.Е, У.Д, Д.П, Ц.Л нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 59 дугаартай дүгнэлт, Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №2245617200390 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн магадалгаа, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, прокурорын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 40 дугаартай “мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол, прокурорын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл, прокурорын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 123 дугаартай эд мөрийн баримт, эд зүйл, баримт бичгийг хураан авах тухай зөвшөөрөл, эд мөрийн баримтыг хураан авсан тухай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл, мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, цогцост үзлэг хийсэн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар 2022 оны 7 дугаар сарын 17-ны  өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хөвсгөл аймгийн Хатгал тосгон явах асфальтан зам дээр шүүгдэгч П.М нь 61-25 ХӨҮ улсын дугаартай “Харриер” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.5 дахь хэсгийн б заалтыг тус тус зөрчсөний улмаас П.Сыг мөргөж амь насыг хохироосон,  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж явсан нийлмэл гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч П.Сын цогцост тогтоогдсон тархи болон цээж, хэвлийд хавсарсан битүү гэмтэл болон дух, зүүн хөмсөг, цээж, хэвлий, зүүн өвдөг, нуруунд зулгаралт, баруун өгзгөнд цус хуралт бүхий гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас тархи болон цээж, хэвлийдээ хавсарсан битүү гэмтэл авч амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч П.Мий Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч П.М жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч П.М нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, уг гэмт хэргийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас П.Сын амь нас хохирсон болох Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч П.Г нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч П.Г нь шүүгдэгч П.Мэс 25.000.000 төгрөгийг авсан гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/, шүүгдэгч П.М нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч П.Г руу 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 100-102 тал/ хэрэгт авагдсан байх бөгөөд шүүхийн шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч П.Г нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч П.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

              Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч П.Мийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч П.Мийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

              Шүүгдэгч П.Мийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.  

              Хавтаст хэргийн 89, 91-92, 95-99 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолоодох эрхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, байнга оршин хаягийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.Манх-Эрдэнэ нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл  аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 26-10 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

              Шүүгдэгч П.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

              Шүүгдэгч П.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 20ы өдрийн 165 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

              Шүүгдэгч П.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг,

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2238002760602 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй байх тул 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож,  битүүмжлэгдсэн 61-25 ХӨҮ улсын дугаартай “Харриер” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1х1 см диаметр бүхий 763687944-48OWO-1-ABS-1 бичиглэлтэй хуванцар эд анги, Тоёота Харриер 240 жи загварын тээврийн хэрэгслийн зүүн талын нэмэлт толь зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Ханбүргэдэд даалгаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч П.Мийн 1084916 дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  М овогт  Пийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч П.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т  зааснаар тэнссэн хугацаанд П.Мийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч П.Мд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 61-25 ХӨҮ улсын дугаартай “Харриер” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож,  битүүмжлэгдсэн 61-25 ХӨҮ улсын дугаартай “Харриер” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч П.Мд буцаан олгосугай.

10. Эрүүгийн 2238002760602 дугаар хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч П.Мийн 1084916 дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1х1 см диаметр бүхий 763687944-48OWO-1-ABS-1 бичиглэлтэй хуванцар эд анги, Тоёота Харриер 240 жи загварын тээврийн хэрэгслийн зүүн талын нэмэлт толь зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Ханбүргэдэд  тус тус даалгасугай.

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ДӨЛГӨӨН