Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2024/0627

 

 

 

 

 

 

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Э ХХК

Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагч, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны газрын даамал

Нэхэмжлэлийн шаардлага: “Э” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Цахир толгой зүүн сугад байрлах 1. 5591178.*** 583120.***, 2. 5591206.*** 583109.***, 3. 5591218.*** 583143.***, 4. 5591224.*** 583165.***, 5. 5591193,*** 583177.***, 6. 5591183.*** 583156.*** солбицол бүхий отог-ийн зориулалттай газарт газар эзэмших эрх олгохоос татгалзсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/*** тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Э” ХХК-д газар эзэмших эрх олгохыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 126/ШШ2024/0097 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э

Хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга З.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 126/2023/0190/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагч, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны газрын даамал нарт холбогдуулж “Э” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Цахир толгой зүүн сугад байрлах 1. 5591178.*** 583120.***, 2. 5591206.*** 583109.***, 3. 5591218.*** 583143.***, 4. 5591224.*** 583165.***, 5. 5591193.*** 583177.***, 6. 5591183.*** 583156.*** солбицол бүхий отог-ийн зориулалттай газарт газар эзэмших эрх олгохоос татгалзсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/*** тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Э” ХХК-д газар эзэмших эрх олгохыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 124/ШШ2024/0097 шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7.1-д “.... нэхэмжлэгч нь маргаан бүхий 2000 м.кв газрыг эзэмшихээр удаа дараа Хатгал тосгоны захирагч, Хатгал тосгоны газрын даамал, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад тус тус хүсэлт гаргасан гэж тайлбарлах боловч хүсэлтдээ дурдаж буй цэгүүд нь маргаан бүхий газартай хамааралгүй солбицол болох нь Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 476 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зургаар тогтоогдож байна” гэжээ. “Э” ХХК нь маргаан бүхий газрыг 2002 оноос эхлэн ашиглах эрх авч, эзэмшиж эхэлсэн бөгөөд төдийгөөс өдий хүртэл хугацаанд 1. 50’27’983” 100’10’287”, 2. 50’27’996” 100’10’324’, 3. 50’27’054” 100’10’299”, 4. 50’28’036” 100’10’299” дугаар солбицлоор тэмдэглэн гэрчилгээ олгогдож, гэрээ байгуулж, үе үеийн кадастрын зураг үйлдэгдэж ирсэн боловч бидэнд анх зааж өгсөн газар нь нэг л газар, бид тухайн газарт отгийн зориулалттай үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрөө цаг тухайд нь төлж, тухайн газраа газрын тухай хуульд заасны дагуу арчилж хамгаалсаар ирсэн. Гэтэл бидний нэг л газар эзэмшиж, ашигласаар ирснийг солбицол зөрүүтэй гэж үзэж хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч байгууллагын зүгээс ч яг одоо бидний ашиглаж байгаа отгийн зориулалттай нэхэмжлэлийн сүүлийн шаардлагад дурдсан газрыг манай ашиглалтын газар мөн эсэх талаар маргадаггүй. Гагцхүү өөрсдөө тухайн газрыг авах ашиг сонирхлын үүднээс төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг үндэслэлээр олгохоос татгалзсан. Тэгтэл шүүх бидний байршлын хувьд маргаагүй газрыг, мөн нэхэмжлэлийн шаардлагадаа зөв солбицлыг зааж тодруулсан байхад уг үндэслэлийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосныг зөвшөөрөх боломжгүй байна.

Үндэслэх нь хэсгийн 7.2-д “...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчид газар эзэмшүүлэх эрх олгосон шийдвэр олгоогүй, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй” гэжээ. “Э” ХХК нь анх 2002 онд Хатгал тосгоны захирагчийн захирамжаар газар эзэмших эрх авсан ба тус захирамж одоог хүртэл хүчин төгөлдөр байхад мөн тус захирамж нь маргааны гол зүйл биш байхад манайд газар ашиглах эрх олгосон захирамжийн хүчин төгөлдөр байдлын талаар үнэлэлт өгснийг зөвшөөрөхгүй.

Үндэслэх нь хэсгийн 7.3-д “...нэхэмжлэгчээс Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны газрын даамалд гаргасан газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдөлдөө 2 га газрыг эзэмших хүсэлт гаргасан, харин нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсанчлан өмнө нь ашиглаж байснаар буюу 1.8 га, 0,2 га газрыг тус тусад нь эзэмших хүсэлтийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй” гэжээ. Бидний зүгээс анх 2013 онд газар эзэмших хүсэлт өгөхдөө жуулчны бааз, отгийн зориулалттай газрыг тус тусад нь эзэмших зорилгоор хүсэлт өгсөн ба газрын кадастрын зургийг ч өгсөн. Харин захиргааны байгууллага 1 гэрчилгээ өгсөн боловч 2 тусдаа гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргасныг нь минь тухайн үедээ зөвшөөрч байсан болох нь 2013 онд Оюунгэрэл даамалтай байгуулсан газар эзэмших гэрээнээс харагдана. Гэтэл шүүхээс тухайн гэрээг огт үнэлж үзсэнгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр ч Оюунгэрэл даамал эдгээр нөхцөл байдлыг үгүйсгэж чадаагүй. Бид анхнаасаа буюу 2013 оноос хойш “отог’’-ийн газартаа гэрчилгээ гаргуулах хүсэлт өгсөөр байсан болох нь Хатгал тосгоны захирагч, газрын даамал, Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, аймгийн Засаг даргад өгсөн өргөдлүүдээр нотлогддог. Нөгөө талаас газар эзэмших хүсэлт хэрэгт авагдсан боловч дагалдах баримтуудыг захиргааны байгууллага хадгалаагүй байдаг. Тэгэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг хариуцагчид ашигтайгаар тайлбарлаж шийдвэрлэсэн нь талуудад эрх тэгш хандах үндсэн зарчмыг зөрчиж байна.

Үндэслэх нь хэсгийн 8.3-д “...хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшихийг хүсэж буй 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Хөвсгөл газарчин” ХХК-иар хийлгүүлсэн 2000 м.кв газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь Хөвсгөл аймгийн ГХБХБГ-ын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 476 тоот албан бичиг болон Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр тогтоогдож байгаа тул газар эзэмших эрх олгохоос татгалзсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01/*** тоот албан бичиг хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ. Бид 2013 оноос эхлэн отгийн зориулалттай 2000 м.кв газрыг эзэмших хүсэлтээ өгсөөр ирсэн. УИХ-ын 2011 оны тогтоол гарсантай холбогдуулан тухайн үед газар ашиглаж байсан иргэн, аж ахуй нэгжийн газрыг шууд хүсэлтийг нь аваад эзэмшүүлж байсан ба энэ талаар газрын даамал Оюунгэрэл шүүх хуралдааны үеэр хэлсэн байдаг. Манай компани анхнаасаа газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэхгүйгээр газраа эзэмших боломжтой байхад олон жилийн турш захиргааны байгууллагын үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлынх нь золиос болж өнөөдрийг хүрээд байна. Нөгөө талаас манай компани 2023 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг үүсгүүлээд маргааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа сольсон байхад 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дурдаж шийдвэр гаргаж буй нь шударга ёсонд нийцэхгүй. Нөгөө талаас нэг газрыг дахин дахин газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах талаар ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Маргаан бүхий газрыг Алаг-Эрдэнэ сумын ИТХ-с 2017 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж баталсан байдаг. Тус төлөвлөгөөний дагуу Хатгал тосгоны захирагчийн ажлын алба өөрсдөө газрыг авч эзэмшиж байгаад 2022 онд аймгийн Засаг даргын захирамжаар хүчингүй болсон ба энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр захирамжийн биелэлт хангагдаж, газрын мэдээллийн нэгдсэн системээс хасалт хийгдсэн. Ингэснээр маргаан бүхий газар нь 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, хэн нэгэн эзэмшээгүй, ашиглах эрх нь манай компанид байдаг газрын эрх зүйн байдалтай болсон. Тэгтэл шүүхээс2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байдлыг яагаад үнэлээгүйгээ тайлбарлаагүй, үндэслэлгүй тайлбарыг хийжээ.

Үндэслэх нь хэсгийн 9-д “Эзэмших хүсэлт гаргасан газар нь ... усны онцгой хамгаалалтын бүсийн 50м газартай давхцаж байгаа болох нь Хөвсгөл аймгийн ГХБХБГ-ын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 505 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зургаар тогтоогдож байна” гэжээ. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь заалт нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэгдсэн заалт бөгөөд тус хуулийн заалтыг хэрэгжиж эхлэхээс өмнө газар эзэмшиж, ашиглаж байсан иргэн аж ахуй нэгжийн эрхийг хөндөхгүйгээр хэрэгжиж эхэлсэн байдаг. Манай компани 2002 оноос эхлэн газрыг хууль ёсоор ашиглах эрх авсан. 2013 оноос эзэмших хүсэлт өгсөн учраас бидний хүсэлтийг хууль ёсны дагуу шийдвэрлээд явсан бол энэхүү хуулийн заалт нь манайд үйлчлэхгүй байх боломжтой байсан. Хамгийн сүүлийн байдлаар тодруулсан шаардлагын хариу тайлбарт хариуцагч талаас усны хамгаалалтын бүсийн талаар тайлбар өгдөггүй боловч шүүхээс ийнхүү хэт нэг талыг барьж манай компанийн ашиг сонирхлын эсрэг тайлбарыг хийж байгаад гомдолтой байна. Бид хариуцагч талд ч тэр, шүүх хуралдааны үед ч тэр усны хамгаалалтын бүсэд хамаарах хэсгийг хасуулж нэхэмжлэлийн шаардлагыг багасгах боломжтой гэдгээ илэрхийлсээр ирсэн байдаг.

Шүүх хэт нэг талыг барьж нотлох баримтыг үнэлсэн. Өөрөөр хэлбэл хариуцагчид ашигтай нотлох баримтуудыг үнэлсэн боловч нэхэмжлэгчид ашигтай нотлох баримтуудыг үнэлээгүй, яагаад үнэлээгүй тухайгаа шүүхийн шийдвэртээ тусгаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-д заасныг зөрчсөн. Тухайлбал “Э” ХХК- ийн хүчин төгөлдөр газар ашиглах эрхийн гэрчилгээ, түүний хавсралтууд, гэрээнүүд, газрын төлбөр төлсөн баримтууд, 2013 оны газар эзэмших эрхийн гэрээнд маргаан бүхий отгийн зориулалттай газрын солбицол тусгагдсан байдал, 2016 онд Алаг-Эрдэнэ сумын Засаг даргаас эзэмшүүлэх шийдвэр гаргасан албан бичиг, отгийн газрын анхны болон удаа дараа хийгдсэн кадастрын зургууд, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг газар ашиглах, эзэмшихтэй холбоотой баримтуудыг үнэлээгүй, яагаад үнэлээгүй тухайгаа шүүхийн шийдвэртээ тусгаагүй байгаа нь хэт нэг талыг барьж, “Э” ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болно.

Иймд Э ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгосон Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 126/ШШ2024/0097 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... “Э” ХХК нь анхнаасаа газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэхгүйгээр газраа эзэмших боломжтой байсан... 2002 оноос эхлэн газрыг хууль ёсоор ашиглах эрх авсан, 2013 оноос эзэмших хүсэлт өгсөн, бидний хүсэлтийг хууль ёсны дагуу шийдвэрлэсэн бол энэхүү хуулийн заалт нь манайд үйлчлэхгүй байх боломжтой байсан” хэмээн маргажээ.

          3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Байгаль орчны яамны 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0*** дугаар улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр “Э” ХХК-д Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт орших Хөвсгөлийн БЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Цахир толгойн зүүн суга нэртэй газарт 2,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай олгож,

          3.1 Улсын Их Хурлын 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах болон улсын тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хилийн заагийг шинэчлэн тогтоох тухай” 18 дугаар тогтоолын 2.1-т “Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хилийн заагаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон болон Ханх сумын төвийн эдэлбэр газрыг чөлөөлж, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Ханх сумын зарим хэсгийг хамруулан уг байгалийн цогцолборт газрын хилийн заагийг 1 дүгээр хавсралтаар” чөлөөлж шийдвэрлэсэн.

          4. Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших хүсэлтийг гаргаж, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А-** дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “Э” ХХК-д Цахир толгойн зүүн хойд талд 2 га газар эзэмшүүлж, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай, 00029***** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.  

          5. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан.

          6. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн эзэмшихийг хүссэн 1.5591178.*** 583120.***, 2.5591206.*** 583109.***, 3. 5591218.*** 583143.***, 4. 5591224.*** 583165.***, 5. 5591193.*** 583177.***, 6. 5591183.*** 583156.*** солбицол бүхий 2000 м.кв газар нь Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7*** дугаар албан бичгээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь тогтоогдож байна.

          7. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж зааснаар Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 5** дугаар албан бичгээр “Э” ХХК-ийн эзэмшихийг хүсч буй газар нь онцгой хамгаалалтын бүсэд 50 метр газартай давхцалтай байна.  

          8. Анхан шатны шүүх “...Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь холбогдох аймаг, сумын Засаг даргад газар эзэмших хүсэлт гаргах эрхтэй бөгөөд уг хүсэлт гаргасан газрын байршил нь тухайн аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байх..., ...иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд бие даан шийдвэрлэхээр заасан...” гэх дүгнэлт үндэслэлтэй болжээ.  

          9. Нэхэмжлэгч хуулийн этгээд өөрийн эзэмшиж буй 2 га газрыг 18.000, 2.000 м.кв гэж тусдаа эзэмших хүсэлттэй гэх боловч, нэхэмжлэлийн шаардлагаа энэ байдлаар тодорхойлоогүй, усан сан бүхий онцгой хамгаалалтын бүсэд хамаарах газрыг эзэмшихээр нэхэмжлэл гаргасан, энэ шаардлагын хүрээнд анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй. 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 126/ШШ2024/0097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                    А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА