Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2021/0425

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэл гаргагч: БМ ХХК 

Хаяг: 

Хариуцагч: БЗД-н ТХ-ын уб К.Н, О.Э,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэл гаргагчийн төлөөлөгч М.Б, нэхэмжлэл гаргагчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагч К.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч К.Н, О.Э нар БМ ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны татварын ногдуулалт төлөлтөд иж бүрэн татварын хяналт шалгалт хийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ******* тоот Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд 1. 2018 онд 67,635,800.00 төгрөгийн борлуулалтын орлогоос 40,808,300.00 төгрөгийн өртгийг хасаж тооцон үлдэх 26,827,500.00 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн албан татварын тайланд тусгаж татвар ногдуулж төлөөгүй нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл. Албан татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан;...бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл. Төлөөгүй татварт ногдуулах алданги 74.1 Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж заасныг үндэслэн 2,682,750.00 төгрөгийн татвар нөхөн ногдуулах, 804,825.00 төгрөгийн торгууль, 536,550.00 төгрөгийн алданги, нийт 4,024,125.00 төгрөгийн төлбөр ногдуулах гэснийг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар бүхий шийтгэлийн хуудсаар нийт 4,024,125.00 төгрөгийн төлбөр ногдуулсан. Гэтэл тус ******* тоот Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, холбогдох шийтгэлийн хуудас нь утга агуулгын илэрхий алдаатай, мөн бодит байдалд биелүүлэх боломжгүй болох нь, түүнчлэн ******* ХХК нь татвар ногдох орлогыг нуун дарагдуулаагүй буюу хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй нь холбогдох үнэн зөв баримтуудаар нотлогдоно. Үүнд:

Нэгдүгээрт, тухайн үед шалгалтын ажиллагаанд БМ ХХК-ийн зүгээс татварын байцаагч нарт холбогдох баримт мэдээллүүдийг өгсөн бөгөөд татварын байцаагчид харилцах дансанд орсон бүх гүйлгээг борлуулалт хэмээн тодорхойлж, татварын системд бүртгэгдсэн баримт болон гаалийн лавлагааг өөрсдөө аван өртөг, зардлыг тооцсон хэмээн мэдэгдсэн/ Захиргааны Ерөнхий хуулийн 25.3. Захиргааны байгууллага өөрт байгаа болон байх ёстой мэдээлэл, нотлох баримтыг оролцогчоос шаардахгүй/. №******* Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд Татварын шалгалтад хамрагдах хугацаанд тус компанитай холбоотой хөндлөнгийн мэдээлэл байхгүй гаалийн 4 мэдээ буюу 44,383,142.13 төгрөг мэдээллийг тулган шалгасан болно гэжээ. Гэтэл тус хугацаанд гаалийн 5 мэдээ буюу нийт 92,797,977.92 төгрөгийн мэдээлэл байсан нь Гаалийн статистикийн газраас авсан 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн цахим мэдээгээр нотлогдоно.

Хоёрдугаарт, мөн тэмдэглэлд Харилцагч иргэд байгууллагад бараа бүтээгдэхүүн худалдсан тухай бүрд төлбөрийн И-Баримт олгож хэвшсэн байна гэж дүгнэсэн. Гэтэл татварын системд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлтэй 47,500,000.00 төгрөгийн дүнтэй, ******* дугаартай бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөрийн И-Баримтыг огт дурдалгүй орхигдуулсан.

Гуравдугаарт, №******* Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд 2018 онд борлуулалтын орлогогүй, 1,450,000.00 төгрөгийн хасагдах зардалтай, 1,450,000.00 төгрөгийн алдагдалтай тайлантай гэжээ. Гэтэл тухайн үед нягтлангийн буруутай үйлдлээс үүдэн тайланг цахим системд илгээгээгүй байсан.Мөн холбогдох ажиллагааны шийтгэлийн хуудсанд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хэмээн оныг нэг жилээр зөрүүлж бичсэн.

Дөрөвдүгээрт, №******* Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд 2016 онд 3,744,082.82 төгрөгийн борлуулалтын орлоготой, 19,397,718.01 төгрөгийн зардалтай, 15,653,635.19 төгрөгийн алдагдалтай гэжээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйл. Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох. 20.2.Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараах дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцох, 20.3.Энэ хуулийн 20.2-т заасны дагуу албан татвар ногдуулах орлогоос жил бүр хасагдах алдагдлын хэмжээ нь дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд тухайн жилийн албан татвар ногдуулах орлогын дүнгийн 100 хувь, бусад салбарын хувьд 50 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд уг хасагдах алдагдлыг тухайн татвар төлөгчийн албан татвар ногдуулах орлогоос тооцно гэж заасны дагуу 2016 оны алдагдлыг 2018 онд шилжүүлэн тооцох байтал огт дурдалгүй орхигдуулсан.

Эндээс үзэхэд тус захиргааны акт нь татварын байцаагчдын өөрт байх ёстой нотлох баримт буюу татварын системд бүртгэгдсэн ******* төлбөрийн баримтыг тооцоогүй, мөн гаалийн байгууллагаас авсан мэдээ нь санаатай эсхүл санаандгүйгээр өндөр дүнтэй мэдээллийг орхигдуулсан буюу 92,797,977.92 төгрөгийн мэдээллийг 44,383,142.13 гэж тооцсон, шийтгэлийн хуудасны огноог буруу бичсэн, ААНОАТ-ын тухай хуулийн 20 дугаар зүйл. Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох тухай заалтыг дагаж мөрдөөгүй байгаа нь Захиргааны Ерөнхий хуулийн 47.1. Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.1. утга агуулгын илэрхий алдаатай; 47.1.6. иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; 47.1.7. Түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул илт хууль бус гэж үзэж байна.

Манай компаниас Захиргааны Ерөнхий хуулийн 92-р зүйл, Татварын Ерөнхий хуулийн 43-р зүйлд саасны дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор гомдол гаргасан боловч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 20/193 тоот албан бичгээр Татварын Ерөнхий хуулийн 43-р зүйлийн 43.1-д Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан хугацаанд Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах, мөн Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 4.6.3, 4.6.4-д заасны дагуу танай гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, буцаасныг үүгээр мэдэгдье гэсэн хариу өгсөн. Бидний зүгээс Маргаан таслах зөвлөлийн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани нь Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлтийг гаргасан. Засгийн газрын 2019 оны *******-р тогтоолоор батлагдсан Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 4.9-т Захиргааны Ерөнхий хуулийн 47.1-д заасан үндэслэлээр гомдол гаргасан тохиолдолд энэ журмын 4.1-д заасан хугацааг үл харгалзан гомдлыг хүлээн авна гэж заасан байна. Энэхүү заалтаар бол манай компанийн гаргасан гомдлыг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн хэмээн хүлээн авахаас татгалзах нь үндэслэлгүй юм. Түүнчлэн, Маргаан таслах зөвлөлийн тус албан бичигт ...шалгалтаар ногдуулсан төлбөрөөс 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 268,275.00 төгрөгийг төлсөн... гэж худал мэдэгдсэн. Тус 268,275 төгрөг нь БМ ХХК-д хууль бусаар ногдуулсан нийт татварын дүнгийн 10 хувь бөгөөд тус төлбөр нь Татварын Ерөнхий хуулийн 47.3-т заасны дагуу Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргахад шаардагдсан тул 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн нь төлбөрийн баримтаар нотлогдоно.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох, 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан. Үүнд дээр үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж заасны дагуу энэ гомдлыг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасантай яаж нийцэж байна вэ гэвэл дандаа буруу алдаатай тооцоонуудтай, огноог буруу бичсэн байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангаж чадаагүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан албан татвар ногдох орлогоо нуун дарагдуулах зорилгоор тайланд тусгаагүй гэж үзэж нөхөн татвар, торгууль, алданги тооцсон. Гэтэл орхигдуулсан баримтуудыг авч үзэхэд энэ үндэслэл нь нотлох баримтаар няцаагдаж байгаа гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э, К.Н нар Татварын ерөнхий газрын 2010 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 07/2312 тоот албан бичиг, Авилгатай тэмцэх газар Мөрдөн байцаах хэлтсийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний 06/5663 тоот албан бичиг, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын ******* тоот томилолтыг үндэслэн ******* тоот татвар төлөгчийн дугаартай БМ ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны татвар ногдуулалт төлөлтөд иж бүрэн татварын хяналт шалгалт хийж 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ******* дугаар Шийтгэлийн хуудас үйлдсэн. БМ ХХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан тайланг 2016 онд 93,744,082.82 төгрөгийн борлуулалтын орлоготой, 19,397,718.01 төгрөгийн зардалтай 15,653,635.19 төгрөгийн алдагдалтай, 2017 онд Х тайлан 2018 онд борлуулалтын орлогогүй 1,450,000.00 төгрөгийн хасагдах зардалтай, 1,450,000.00 төгрөгийн алдагдалтай тайлан гаргаж татварын албанд ирүүлсэн байдаг. Татвар төлөгчийн татварын хяналт шалгалтад ирүүлсэн 2018 оны Хаан банканд дахь дансны хуулгаар 67,635,800.00 төгрөгийн орлого орж ирсэн бөгөөд энэ талаар татварын тайланд тусгаагүй зөрчил гаргасан байна. Иймд 67,635,800.00 төгрөгийн борлуулалтын орлогоос 40,808,300.00 төгрөгийн зардлыг хасаж тооцон үлдэх 26,827,500.00 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл 7.3 Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно, 7.3.1 үйл ажиллагааны орлого" гэсэн заалтыг зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт татвар төлөгч хүн хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор: 1.1 татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл татварын тайланд тусгахгүй орхигдуулсан ... бол татварыг нөхөн төлүүлж хүн хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна хуулийн заалтыг тус тус үндэслэн 2,682,750.00 төгрөгийн нөхөн татвар, 804,825.00 төгрөгийн торгууль, 536,550.00 төгрөгийн алданги нийт 4,025.125.00 төгрөгийн төлбөр ногдуулсан. БМ ХХК нь 2018 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг 2019 оны 11 дүгээр сарын 22-д хүсэлт явуулан 23-нд татварын тайланд залруулга хийсэн байдаг. Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйл 21.4 Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, мөн Шийтгэлийн хуудас бичсэний дараа татварын тайланд өөрчлөлт оруулан залруулсан нь хууль бус байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.6-д Харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийхээс гадна төрийн эрх бүхий байгууллага нь энэхүү цахим санд баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, тодруулгыг ашиглана", 10.3 Энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага нь эхний хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ. Татвар төлөгч нь санхүүгийн тайлан тэнцлийг өнөөдрийг хүртэлх хугацаанд эрх бүхий байгууллагад гаргаж хүргүүлээгүй байна. Нягтлан бодох бүртгэлийн тайлан баланс, татварын тайлан хоорондоо нягт уялдаатай, олон улсын стандартыг бүрэн хангасан байдаг. Үүнээс харахад татварын тайлан үнэн зөв бодитой байх үндэслэн харагдахгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1-д захиргааны акт илт хууль бус болохыг заасан байх бөгөөд татвар төлөгч нэхэмжлэлд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэхийг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэж алдаатай бичсэн талаар тусгасан байна. Уг зөрчил нь шийтгэлийн хуудсаар тогтоогдсон төлбөрийн дүнд тооцооны алдаа гараагүй бөгөөд уг дүнг засварлаагүй болно. Иймд ******* дугаар Шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан Илт хууль бус захиргааны акт гаргаагүй болно.

Гомдол гаргагчийн зүгээс илт алдаатай акт гэж маргадаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай гэж заасан. Гэтэл шийтгэл хуудаст оноог бичихдээ 1 тоог алдсан. Энэ нь тухайн шийтгэлийн хуудасны мөн чанар болон утга агуулгад өөрчлөлт ороогүй, тоон утгад алдаа ороогүй байна. Иймд утга агуулгын хувьд илэрхий алдаатай акт гэж үзэхгүй байна. Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад хамрагдаж байхдаа холбогдох баримт материалыг татварын албанд гаргаж өгөх, анхан шатны баримтыг 5 хүртэлх жилийн хугацаанд хадгалах үүрэгтэй байдаг. Хяналт шалгалтын ажил эхэлснээс дуусах хүртэлх бүх процессыг тэмдэглэж үлдээсэн, татвар төлөгчид эрх, үүргийг тайлбарлаж өгсөн байдаг. Татвар төлөгчтэй хийсэн ярилцлагад өөрийн гаргасан алдаа, зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг учраас зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч "БМ ХХК-иас тус шүүхэд хандан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Э, К.Н нар "БМ ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт, шалгалт хийж, 2019 оны 9 дүгээр 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар 2,682,750 төгрөгийн нөхөн татвар, 804,825 төгрөгийн торгууль, 536,550 төгрөгийн алданги нийт 4,025,125 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Гомдол гаргагч "БМ ХХК-ийн зүгээс дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч ...тухайн үед нягтлангийн буруутай үйлдлээс үүдэн тайланг цахим системд илгээгээгүй байсан, шийтгэлийн хуудаст оныг нэг жилээр зөрүүтэй бичсэн, татварын байцаагч нар өөрт байх ёстой төлбөрийн баримтыг нотлох баримтаар авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаагүйн улмаас шийтгэлийн хуудас утга агуулгын хувьд илэрхий алдаатай, компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, бодит нөхцөлд тухайн актыг биелүүлэх боломжгүй зэрэг үндэслэлээр маргаж байна.

2. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 47 дугаар зүйлийн 47.1-т Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана, 74 дүгээр зүйлийн 74.1-т 74.1.Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна, 75 дугаар зүйлийн 75.2-т 75.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ хэмээн,

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно, 1.3 дугаар зүйлийн 2-т Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна, 11.19 дүгээр зүйлийн 1.1-т татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан .. бол татварын нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн,

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйл 21.4 Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ хэмээн,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.6-д Харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийхээс гадна төрийн эрх бүхий байгууллага нь энэхүү цахим санд баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, тодруулгыг ашиглана", 10 дугаар зүйлийн 10.3-т Энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага нь эхний хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ хэмээн,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.1.2-т татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 11.19... дэх хэсэгт заасан зөрчил-д зөрчлийг шалган шийдвэрлэнэ хэмээн тус тус заасан.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, Анх Авлигтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 06/5663 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газарт хандан ...Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрүүгийн хэрэгт холбогдуулан Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу ******* регистрийн дугаартай ******* ХХК-ийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд татварын хяналт шалгалтыг хийж, хариуг ирүүлэхийг мэдэгдсэн дагуу Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газраас 2019 оны 07/2312 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст хандан ...******* регистрийн дугаартай БМ ХХК-ийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд татварын хяналт шалгалтыг хийж, дүнг Авлигтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон манай газарт ирүүлэхийг мэдэгдсэн.

Энэ дагуу, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар томилолтын үндсэн дээр тус хэлтсийн татварын улсын байцаагч О.Э, К.Н нар БМ ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 29-ээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалтыг хийж, холбогдогч БМ ХХК-ийг 2018 онд өөрийн Хаан банканд дахь дансаар орж ирсэн 67,635,800.00 төгрөгийн борлуулалтын орлогыг татварын тайланд тусгаагүй зөрчил гаргасан болохыг тогтоон, тухайн орлогоос тайлант хугацаанд хамаарах 40,808,300.00 төгрөгийн зардлыг хасаж, үлдэх 26,827,500.00 төгрөгийн борлуулалтын орлогыг нуун дарагдуулсан хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2019 оны 9 дүгээр 27-ны өдөр ******* дугаар шийтгэлийн хуудсаар 2,682,750 төгрөгийн нөхөн татвар, 804,825 төгрөгийн торгууль, 536,550 төгрөгийн алданги нийт 4,025,125 төгрөгийн төлбөр ногдуулсан шийдвэрлэсэн. Ингэхдээ шийтгэлийн хуудаст шийтгэл оногдуулсан оныг 2018 хэмээн бичсэн болох нь,

гомдол гаргагч *******" ХХК нь 2018 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, гомдол гаргагчийн зөрчлийг шалган тогтоож, шийтгэл оногдуулснаас хойш буюу 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр залруулга хийсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Авлигтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2019 оны 06/5663 дугаар албан бичиг, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын 2019 оны 07/2312 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2019 оны ******* дугаар томилолт, татварын улсын байцаагчийн 2019 оны ******* дугаар шийтгэлийн хуудас, Татварын удирдлагын нэгдсэн систем дэх БМ ХХК нь тайлангийн түүх болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

Үүнтэй холбогдуулан шүүх, нэгэнт хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т дахь хэсэгт тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд БМ ХХК-ийн үйлдсэн зөрчлийг хангалттай тодорхой шалган тогтоож, маргаан бүхий акт болох татварын улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсаар зөрчил гаргагчид хуульд заасан хариуцлагыг хүлээлгэсэн байхад шүүхээс тухайн шийтгэлийн хуудсыг он буруу бичигдсэн болон БМ ХХК-иас татварын хяналт шалгалтын дараа тайланд залруулгыг хийсэн зэрэг гомдол гаргагчийн тайлбарлан маргаж бус үндэслэлүүдээр илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэлгүй хэмээн үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын Ерөнхий хуулийн /2008 оны /74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий БМ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.