Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/173

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.До

Шүүгдэгч М.Еы өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Б

Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Б,

Шүүгдэгч М.Е, Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт М-ы Е, Ж овогт Б-ы Т нарт холбогдох эрүүгийн 2213000000237 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын .. дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Маы Е, РД:

2.  Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Жа овогт Бы Т, РД:

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч М.Е, Б.Т нар нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн үед Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, Харанхуй гэх газарт малын бэлчээрийн асуудлаар хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.

1.1 Шүүгдэгч М.Е мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

1.2 Шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

2. Эрүүгийн 2213000000237 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Б.Тээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Хохирогч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

2.3. Хохирогч М.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

2.4. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Хайратын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 795 дугаартай “иргэн Б.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

2.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Хайратын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 803 дугаартай “иргэн М.Еы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

2.6. Яллагдагч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51, 54 дэх тал/,

2.7. Яллагдагч М.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/,

2.8. Шүүгдэгч  Б.Т, М.Е нарын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Т, М.Е нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч М.Е, Б.Т нар нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн үед Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр, Харанхуй гэх газарт малын бэлчээрийн асуудлаар хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

3.1.1. Иргэн Б.Тээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

3.1.2. Хохирогч  Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хонь хариулаад явж байхад манай гэрээс 5-6 орчим км зайтай байдаг хөрш М.Е хүрч ирээд “чи яагаад миний газарт малаа хариулаад байгаа юм” гээд манай малыг үргээгээд шууд над руу ойртож ирээд баруун гараа атгаж байгаад миний зүүн талын хацарт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би түүнийг барьж аваад ноцолдоход бид хоёр газарт унасан. Тэр үед би түүний дээр гарахад тэр миний үснээс зулгааж миний баруун гарын шуу хэсгээс хазаж, миний толгой хэсэг рүү хөлөөрөө 5-6 удаа өшиглөхөд би түүний толгойн дээгүүр давж унасан. Тэрээр миний толгой руу хоёр гараараа ээлжлээд 4-5 удаа цохиод сүүлд нь миний ам руу гараа атгаж байгаад 4 удаа цохиход дээд талын нэг үүдэн шүд тал хугарч, хиймэл шүд бүтнээрээ унасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

3.1.3. Хохирогч М.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би түүнтэй үг хэлээр учраа олно гэж бодоод түүнд учирлаж хэлэхэд тэрээр миний үгэнд орохгүй намайг хэл амаар доромжилж над руу дайрч ирэхэд нь би түүнийг түлхээд чамтай зодолдохгүй, хэрэв чи зодолдоно гэвэл надтай зодолдоно гэсэн бичиг хийгээд өгчих гэхэд тэр тийм зүйл бичиг өгөхгүй гээд намайг уулын уруу газар түлхэж унагаагаад миний дээр гараад толгой руу гараа атгаж байгаад 3 удаа цохисон.

...дахиад миний зүүн талын нүд рүү гараа атгаж байгаад 2 удаа цохиод цус гаргасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

3.1.4. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай К.Х-н 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 795 дугаартай “1.Иргэн Б.Тийн биед тархины доргилттой, баруун нүдэнд битүү хавантай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, баруун шуунд шархтай, хүзүү толгойны зүүн хажуу талд, баруун завж орчим тус тус шархтай, дээд уруулд хавантай, шархтай, дээд эрүүний 1 үүдэн шүд үзүүр хэсгээр тасарч хугарсан гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь 1-7 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. 3.Иргэн Б.Тийн дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

3.1.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эм ажилтай К.Х-ын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 803 дугаартай “1. Иргэн М.Еы биед тархины доргилттой, зүүн нүдэнд доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн талын шанаанд зулгарсан шархтай, зүүн хацарт шархтай, зүүн гарын эрхий хуруунд шархтай, баруун шуунд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун мөрөнд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь 1-7 хоногт үүссэн шинэ гэмтлүүд. 3. М.Еы дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

3.1.6. Яллагдагч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тэрээр анх намайг малаа хариулаад явж байхад хүрч ирээд надад чи надтай зодолдоод ямар нэгэн шарх гэмтэл авсан ч гомдолгүй гэж бичиг хийгээд өгчих, тэгээд зодолдож болох юм гэхээр нь би түүнд бичиг хийж өгөхгүй гэхэд тэрээр эхэлж намайг алгадаж зодоон эхэлсэн. ...миний эрүүл мэндэд 500.000 төгрөгийн хохирол учирсан ба М.Еаас хохирлыг бэлнээр барагдуулж авсан. Хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй, бие биенээсээ уучлал гуйж эвлэрсэн болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51, 54 дэх тал/,

3.1.7. Яллагдагч М.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Б.Тийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед бид хоёр харилцан зодолдож хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан маань үнэн. Би энэ хэрэгт өөрт учирсан хохирол болох 88.500 төгрөгийг Б.Тээс бэлнээр барагдуулж авсан тул хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Т, М.Е нарын  үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул тэд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Т, М.Е нар нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний  халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

6.2. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

6.3.Шүүгдэгч М.Е нь хохирогч Б.Тийн эрүүл мэндэд “биед тархины доргилттой, баруун нүдэнд битүү хавантай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, баруун шуунд шархтай, хүзүү толгойны зүүн хажуу талд, баруун завж орчим тус тус шархтай, дээд уруулд хавантай, шархтай, дээд эрүүний 1 үүдэн шүд үзүүр хэсгээр тасарч хугарсан” хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч Б.Т нь хохирогч М.Еы эрүүл мэндэд “биед тархины доргилттой, зүүн нүдэнд доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн талын шанаанд зулгарсан шархтай, зүүн хацарт шархтай, зүүн гарын эрхий хуруунд шархтай, баруун шуунд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун мөрөнд хөх ягаан туяатай цус хуралттай” хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

6.4. Шүүгдэгч Б.Т, М.Е нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Т, М.Е нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.5. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Т, М.Е нарын зүй бус харилцаа, бэлчээрийн маргаантай асуудал шууд нөлөөлсөн байна.

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Шүүгдэгч Б.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Еы эрүүл мэндэд, шүүгдэгч М.Еы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Тийн эрүүл мэндэд тус тус учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Т, М.Е нар нь гэмт хэргийн хор уршгийг харилцан барагдуулж, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Т, М.Е нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Шүүхээс шүүгдэгч Б.Т, М.Е нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгч Б.Т, М.Е нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б.Т, М.Е  нар сайн дураар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн саналд яллагдагч Б.Т, М.Е нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б.Т, М.Е нар нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 114-115 дахь тал/.

2.3. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Б.Т, М.Е нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.4. Шүүгдэгч Б.Т, М.Е нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.Т, М.Е нар урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.5. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т, М.Е  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Т, М.Е нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

2.6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т, М.Е  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.

2.7. Шүүгдэгч Б.Т, М.Е нарт урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Бы Т, Ж овогт М-ы Е  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, М.Е нарын тус бүрд  500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, М.Е нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, М.Е нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т, М.Е нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэд нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Т, М.Е нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Т, М.Е нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.Т