Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/171

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Б,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч С.Ө,

өсвөр насны шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Жийн Ат холбогдох эрүүгийн 2213000000228 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс казах, суурь боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согог багийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын .... дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 6, эцэг эх, ах эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Жкийн А, РД:

Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Өсвөр насны шүүгдэгч Ж.А нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай “Мега” нэртэй дэлгүүрийн дэргэд иргэн Ж.Хы 140.000 төгрөгийн үнэ бүхий “Galaxy J3” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.   

1. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.

1.1. Өсвөр насны шүүгдэгч Ж.А мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ зөвшөөрч, гэмшиж байна. Тухайн үед жолооч ахын гар утасыг хараад авах бодолтой болсон” гэв.

1.2. Өсвөр насны шүүгдэгч Ж.Аийн хууль ёсны төлөөлөгч С.Ө мэдүүлэхдээ: “Хүүхэд маань урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож, хүүхдүүдтэй зодолдож байгаагүй. Хүүхдийн маань хийсэн хэрэгт нь хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэв.

2. Эрүүгийн 2213000000228 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Ж.Хаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

2.2. Иргэн Т.Нын эзэмшлийн “Мега” нэртэй дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /хавтаст хэргийн 04-09 дэх тал/,

2.3. Сурагч Ж.Аээс ““Galaxy J3” загварын гар утас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны карт” зэрэг эд зүйлсийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-18 дахь тал/,

2.4. Сурагч Ж.Аээс ““Galaxy J3” загварын гар утас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны карт” зэрэг эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 19-23 дахь тал/,

2.5. Хохирогч Ж.Хд “Galaxy J3” загварын гар утас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны карт” зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

2.6. Хохирогч Ж.Хы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36, 40, 43 дахь тал/,

2.7. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн БӨА-22-0305 дугаартай “Galaxy J3” загварын гар утас 2022 оны 10 дугаар сарын байдлаар 140.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 54-58 дахь тал/,

2.8. Өсвөр насны яллагдагч Ж.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

2.9. Өсвөр насны яллагдагч Ж.Аийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хавтаст хэргийн 82-84, 86, 89-90, 93-105, 108 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр тус тус шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, өсвөр насны шүүгдэгч Ж.Аийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Өсвөр насны шүүгдэгч Ж.А нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай “Мега” нэртэй дэлгүүрийн дэргэд иргэн Ж.Хы 140.000 төгрөгийн үнэ бүхий “Galaxy J3” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн Ж.Хаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

3.1.2. Иргэн Т.Нын эзэмшлийн “Мега” нэртэй дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /хавтаст хэргийн 04-09 дэх тал/,

3.1.3. Сурагч Ж.Аээс ““Galaxy J3” загварын гар утас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны карт” зэрэг эд зүйлсийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-18 дахь тал/,

3.1.4. Сурагч Ж.Аээс ““Galaxy J3” загварын гар утас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны карт” зэрэг эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 19-23 дахь тал/,

3.1.5. Хохирогч Ж.Хд “Galaxy J3” загварын гар утас, иргэний үнэмлэхийн хуулбар, Хаан банкны карт” зэрэг эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

3.1.6. Хохирогч Ж.Хы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед “Ах дам” захад таксинд зогсож байх үед миний машинд 170-175 сантиметрийн өндөртэй туранхай, шаргал өнгийн цамц, хөх өнгийн жинсэн өмдтэй хүүхэд ирж суугаад Өлгий сумын 12 дугаар багт очно гэсэн. Би хүүхдийг авч Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Мега” гэх дэлгүүрийн урд очсон.

... Тэр хүүхэд тухайн үед “нэг найзтайгаа уулзана” гэж хэлж байсан. Уг дэлгүүрийн урд очиход миний машинаас буугаад өөрийнхөө гар утасаар ярьж байсан юм. Тэгээд машины урд талын хаалгыг онгойлгож надад хандаж “ганц удаа утсаар ярих гэсэн юм, та гар утсаа түр өгч байгаач” гэж хэлсэн бөгөөд би уг хүүхдэд өөрийнхөө “Samsung galaxy J3” загварын гар утсаа гаргаж өгсөн. Би уг хүүхдийг машин дотор хараад сууж байсан бөгөөд уг хүүхэд миний гар утсаар ярьж байх шиг байсан юм. Удалгүй уг хүүхэд цааш нь хашааны булан тойроод яваад өгсөн бөгөөд би машинаа асааж араас нь очиход алга болсон байсан. Би уг хүүхдийг миний утсыг буцаан авчирч өгөх байх хэмээн бодсон боловч өгөөгүй.

...Би уг гар утсыг 1 жилийн өмнө захаас 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан.

... 2 ширхэг картны нэгнийх нь хугацаа дууссан байсан. Харин нэг картанд нь 10.000 төгрөг байсан. Уг мөнгө нь бүрэн байна.

...Миний бие гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан бөгөөд утсаа алдсан өдөр Мобикомын салбарт очиж, сим карт сэргээхэд 3.000 төгрөг төлсөн, мөн утасны үнэлгээ гаргахад 20.000 төгрөг төлсөн зэрэг зардлууд надаас гарсан. Уг мөнгийг надад Аийн ээж нь гэх Ө гэх эмэгтэй 40.000 төгрөг төлж өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36, 40, 43 дахь тал/,

3.1.7. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн БӨА-22-0305 дугаартай “Galaxy J3” загварын гар утас 2022 оны 10 дугаар сарын байдлаар 140.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 54-58 дахь тал/,

3.1.8. Өсвөр насны яллагдагч Ж.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...таксины жолоочоос найзтайгаа ярина, утсаа түр өгч байгаач гэж хэлээд жолоочийн гар утсыг асууж аваад найз болох Ержаны 95612785 дугаар руу залгаж, түүнд хаана байгаа вэ гэж асууж ярьчихаад гар утсаа барьсан чигээрээ гудамж руу ороод тэр чигтээ гүйгээд гудамжаар гараад шууд Ержан гэх хамаатан ахын гэр рүү явчихсан.

...Дээрх утсыг цүнхэндээ нууж явж байгаад хоёр хоногийн дараа цагдаагийн байгууллагад хураалгасан” мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас өсвөр насны Ж.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” эмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлах тухай дүгнэлтийг, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас “гэм буруугийн талаар маргаан байхгүй” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргаж, гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Ж.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

6.2. Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч буй үйлдэл бөгөөд өсвөр насны шүүгдэгч Ж.А нь хохирогч Ж.Хы “Samsung galaxy J3” загварыг гар утсыг “найзтайгаа ярина” хэмээн илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсан үйлдэл нь уг гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

            6.3. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, өсвөр насны шүүгдэгч Ж.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

            6.4. Гэмт хэрэг гарахад өсвөр насны шүүгдэгчийн хуулийн мэдлэггүй байдал, хялбар аргаар хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт зорилго нь шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.  

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Өсвөр насны шүүгдэгч Ж.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Ж.Хд 140.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс өсвөр насны шүүгдэгч Ж.Аээс Samsung galaxy J3 загварын гар утас, гар утасны хамт байсан иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлсийг хураан авч, хохирогч Ж.Хд буцаан олгосон, мөн өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Өээс хохирогч Ж.Хд сим карт сэргээхэд төлсөн 3.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 20.000 төгрөг хэмээн нийт 40.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул  өсвөр насны шүүгдэгч Ж.Аийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч Я.Динагаас “өсвөр насны шүүгдэгч Ж.Аийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” дүгнэлтийг,

2.2. Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Бахытаас “Өсвөр насны шүүгдэгч Ж.А нь 2005 онд төрсөн, гэмт хэрэгт холбогдох үед 17 нас 25 хоногтой байсан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх” дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэв.

2.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ж.Ат үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг хуульчилсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна.” гэж зохицуулсан байна.

2.4. Өсвөр насны шүүгдэгч Ж.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.5. Өсвөр насны шүүгдэгч Ж.А нь хувийн байдлын хувьд төлөв даруу зантай, гэмт хэрэгт холбогдох үед 18 насанд хүрээгүй, ам бүл 6, эцэг эх, ах эгч, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согог багийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон гэрч З.А-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 05 дугаар багийн Засаг даргын болон тус сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн тодорхойлолтууд, өсвөр насны шүүгдэгч Ж.Аийн сурагчийн хувийн хэрэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

2.6. Өсвөр насны шүүгдэгч Ж.А нь хохирогч Ж.Хы гар утасыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Ат ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Аийг хянан хүмүүжих хугацаанд “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Ат хүлээлгэсэн “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүргийг тус тус хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, өсвөр насны шүүгдэгчийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эцэг эх болох Ш.Ж, С.Ө нарт даалгах нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Ж.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй; эсхүл үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

2.8. Өсвөр насны шүүгдэгч Ж.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав. 

Хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхгийг эрүүгийн 2213000000228 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хамт хадгалах нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Ж.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Ж-ийн Аийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Аийг хянан хүмүүжих хугацаанд “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Ат хүлээлгэсэн “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Аийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эцэг эх нь болох  Ш.Жарденбек, С.Ө нарт тус тус даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Ж. А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7.  Өсвөр насны шүүгдэгч Ж.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт ирүүлсэн СД 1 ширхгийг эрүүгийн 2213000000228 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, өсвөр насны шүүгдэгч Ж.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Ж.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т