Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:101/2018/05301/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дүгээр хороо, .... тоотод байрлах “Э” ХХК /РД: .... , утас: ............ /-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .... дүгээр баг, .... хороолол, .....  гудамж .... тоотод оршин суух ..... овгийн Б.Х- /РД:, утас: ..... /-д холбогдох,

 

 “Орон сууц захиалгаар барих тухай гэрээний үүрэгт 75,405,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

““Э” ХХК нь Б.Х-тай 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ОС-177/13 дугаар “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний дагуу Баянзүрх дүүрэг 26-р хороо, НӨ хотхоны N3 /723 дугаар байр/, 12 давхрын 43 тоот, 85.8 мкв 3 өрөө орон сууцыг 1 мкв-ын үнийг 2,595,000 төгрөгөөр тооцон нийт 222,651,000 төгрөгөөр барьж захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу тус компани орон сууцыг барьж 2014 онд ашиглалтанд оруулж, Б.Х-ын өмчлөлд шилжүүлэн өгсөн. Б.Х- нь орон сууцны төлбөрөөс 172,381,000 төгрөг төлж үлдэгдэл 50,270,000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй гэрээний үүргээ зөрчиж байна. ОС-177/13 дугаар “Орон сууц захиалгаар барих тухай” гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т “графикийн дагуу төлөөгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцож төлнө” гэж заасан. Өнөөдрийн байдлаар Б.Х-ын төлбөр төлөх хугацааг 46 сар 28 өдөр хэтрүүлсэн байна. Дээрх хугацааны алдангийг тооцвол 159,858,600 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцүүлэн Б.Х-ын төлөх алдангийг тооцож үзвэл гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь буюу 25,135,000 төгрөг болж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Х- нь бодит байдал дээрээ Улаанбаатар хотод байдаг 2 шүүхийг хууран заль гаргаад байгаа. Манай талаас та эртхэн харьяаллаараа Улаанбаатар хот руу хэргээ шилжүүлээч гэж бүр өмнө нь хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу мэдэгдсэн тайлбар алга байна. Тийм учраас Б.Х-тай бид эвлэрэхгүй гэдгээ албан ёсоор хэлж байна. Шүүхэд гаргаж байгаа хүсэлт нь үндэслэлгүй гаргаж байгаа тайлбар нь хүндэтгэн үзэх шалтгаангүй учир хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Шүүхийн зүгээс бүх ажиллагаа хийгдэж хэргийн материал танилцуулсан, товыг мэдэгдсэн, удаа дараа шүүгчийн туслах хариу тайлбар өгөхийг анхааруулж хэлсэн боловч бүхэл бүтэн 2 сарын  хугацаанд хариу тайлбар өгөхгүй шүүхийг үл хүндэтгэж байгаа энэ байдлаас авч үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү. Компанийн зүгээс харилцагч, үйлчлүүлэгч, оршин суугчдад харьцангуй хөнгөлөлттэй нөхцөлтэй байж үнийг төлөх бололцоог хэвийн журмаар  харьцангуй зөөлөн байж ирсэн. Харин энэ нөхцөл байдлыг маань хэтэрхий далимдуулж 4 жилийн хугацаанд компанийн төлбөрийг төлөхгүй хохироосон. Арга буюу 2018 оны 12 дугаар сард шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр, хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Мөн ОС-177/13 дугаар “Орон сууц захиалгаар барих тухай” гэрээний 5 дугаар зүйлийн 1-д “графикын дагуу төлөөгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 0,3% тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцож төлнө” гэж талууд тохиролцон гэрээ байгуулсан. Өнөөдөр хариуцагч Б.Х- нь 46 сар 28 өдөр хугацаа хэтрүүлсэн хугацааны алдангийг гэрээнийхээ үүргийн дагуу бодохоор 159,858,600 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйл 232.6-д нийцүүлэн Б.Х-ын төлөх алдангийг тооцож үзвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 25,135,000 төгрөг болж байна. Иймд ОС-177/13 дугаар “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-ний үлдэгдэл төлбөрт 50,270,00 төгрөг, алданги 25,135,000 төгрөг, нийт 75,405,000 төгрөгийг Б.Х-аас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэж хүсэж байгаа. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасны дагуу үүргээ биелүүлээгүй, түүнчлэн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Б.Х-аас ОС-177/13 тоот Орон сууц захиалгаар барих тухай гэрээний үүргийн дутуу үүрэг 50,270,000 төгрөг, алданги 25,135,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч Б.Х- нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ОС-177/13 тоот “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ” байгуулагдан гэрээний зүйл болсон Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо “НӨ” хотхоны N3 /723 дугаар байр/ 12 дугаар давхарын 43 тоот 85.8 м.кв 3 өрөө орон сууцыг захиалагч талд шилжүүлэн өгсөн, захиалагч хариуцагч Б.Х- гэрээний үнэ 222,651,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр 50,270,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т графикийн дагуу төлөөгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцож төлнө гэснээр алданги гэрээний гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцон нэхэмжилж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж байна. /хэргийн 6-13 дугаар хуудас/

Талууд байгуулсан гэрээг “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч гэрээний зүйл болсон орон сууцны зориулалттай 3 өрөөг өмчлөлд нь шилжүүлэн өгсөн буюу гэрээний 4.2-т төлбөрийг 100 хувь бүрэн төлж дууссаны дараа түлхүүрийг хүлээн авах эрхтэй, өөрийн өмчлөлд шилжүүлэх эрхийг аваагүй тохиолдолд уг орон сууцыг бусдад шилжүүлэх, худалдах зэрэг эрхийг эдлэхгүй, 4.7-т захиалагч өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардагдах баримт бичиг бүрдүүлэх үүргийг хариуцахаар тохиролцсон өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 үүргийн агуулгад харшлахааргүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна, мөн зүйлийн 260.3-т заасан хариуцагч Б.Х-ыг эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний үнэ, гэрээгээр хүлээсэн  алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тал нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр болох анзыг хэрэглэхээр гэрээнд заасан, хариуцагч Б.Х-ын гүйцэтгэх үүргийн хугацаа гэрээнд зааснаар 2015 оны 06 дугаар сарын 20, гүйцэтгээгүй үүрэг 50,270,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас илүү гарч байх тул мөн зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцоход 25,135,000 төгрөг байна.

Иймд нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Б.Х-аас 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ОС-177/13 тоот “Орон сууц захиалгаар барих тухай гэрээ”-ний дагуу гүйцэтгээгүй үүрэг, гэрээгээр хүлээсэн алданги шаардах эрхтэй.

Хариуцагч Б.Х- нэхэмжлэлийн хувийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гардан авсан, хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-т зааснаар шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах үүрэгтэй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч маргааны зүйлийн талаар эвлэрэх эрхтэй.

Энэ эрхийн дагуу хариуцагч Б.Х- ...гэрээний үлдэгдэл төлбөр 50,270,000 төгрөгийг Дархан-Уул аймгийн ...... суманд байрлалтай ногооны зоорийг иргэн С.З-д худалдан борлуулсны орлогоос 2019 оны 4 дүгээр сард багтаан төлөхөөр “Эйч Эс Би” ХХК-тай ярьж тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулахаар ярилцсан тул шүүх  хурлыг хойшлуулж өгөхийг хүсье... гэсэн хүсэлт ирүүлжээ. /хэргийн 45 дугаар хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-д  хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, төлөөлж байгаа этгээд төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэснээр нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх этгээд /хэргийн 46 дугаар хуудас/  эвлэрэн хэлэлцэх саналыг хүлээн авахгүй, харилцан тохиролцсоноор бол хариуцагч Б.Х-ыг өөрийн оршин суугаа газрын шүүхэд хэргийг шилжүүлсний дараа эвлэрэн хэлэлцэх асуудлыг ярилцаж болох юм гэснээс эвлэрлийн гэрээ байгуулаагүй,  мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хариуцагчийн оролцоогүйгээр шүүх хуралдааныг  явуулсан болно.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх  замаар мэтгэлцэх эрхтэй” мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” 107 дугаар зүйлийн 107.2 нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно, мөн зүйлийн 107.3 хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заасан.

Энэ эрх, үүргийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан, сануулсныг дурдах нь зүйтэй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хуульд заасан хугацаанд хариуцагч Б.Х- нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хариуцагч Б.Х-аас ОС-177/13 тоот Орон сууц захиалгаар барих тухай гэрээний үүргийн дутуу үүрэг 50,270,000 төгрөг, алданги 25,135,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгохоор хуульчилсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 534,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х-аас 534,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч Б.Х-аас ОС-177/13 тоот Орон сууц захиалгаар барих тухай гэрээний дутуу үүрэг 50,270,000 төгрөг, алданги 25,135,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ХААН банк, Улаанбаатар хотын банк төрийн сан 2609006167 тоот дансанд  урьдчилан төлсөн 534,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х-аас 534,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                            

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ