Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/174

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бк даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

улсын яллагч Х.Ө,

шүүгдэгч Ж.Т,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У ургийн овгийн Жын Тт холбогдох 2213002080207 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дугаар багийн 19 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, У ургийн овгийн Ж-ын Т, регистрийн дугаар

 

Шүүгдэгчийн холбогдон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Т нь архидан согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Алтай таван богд уул"-ын зуслангийн газарт хохирогч М.Х-ын зүүн нүдэн тус газар нь баруун гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг,

1.1 Шүүгдэгч Ж.Т мэдүүлэхдээ:  “Мэдүүлэг өгөх шаардлагагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

2. 2213002080207 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Иргэн М.Х-аас 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал),

2.2. Иргэн М.Х-ын “Сондра” эмнэлэгт хагалгаанд орж, эмчилгээ хийлгэсэн  талаарх 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 220403 дугаартай өвчтөний түүхийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 34-44 дэх тал),

2.3. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт иргэн М.Х-ын хэвтэж эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсон талаарх 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 124 дугаартай өвчтөний түүхийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 47-60 дахь тал),

2.4. Амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 62-82 дахь тал),

2.5. Хохирогч М.Х-ын эмчилгээний зардлын баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 86-146 дахь тал),

2.6. Хохирогч М.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний биехувираа өөрийн 8412 улсын дугаартай “Уаз-22064” маркийн машинаар гадаад дотоодын жуулчдыг авч явдаг юм. 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгаас ирсэн гэх 8 том хүн 3 хүүхэд нийт 11 хүнийг “Алтайн таван богд” ууланд авч явсан. ...20-21 цагийн үеэр миний бие эсгий гэрээс гараад ирэхэд гэрийн үүдэнд холгүй газар миний машинд сууж очсон нэг эмэгтэй бөөлжөөд байсан ба хажууд нь нөхөр нь зогсоод байхаар нь тэр хоёрын хажууд очоод нөхөрт нь "танай эхнэрийн цөс нь ажиллахгүй байгаа юм биш үү, дал хэсэгт нь иллэг хийгээрэй” гэж хэлэхэд эмэгтэй нь “надад толгойн эм байна уу” гэж асуухаар нь би эмийн сангаасаа "Цитромон" гэх эмээс 1 ширхгийг аваад эмэгтэйд өгсөн.

Тухайн үед нөхөр нь хараад зогсож байсан. Тэгж байтал нөгөө эмэгтэй надад "машинд чинь орж түр амаръя" гэхээр нь эсгий гэр доторх шуугианаас залхсан байлгүй гэж бодоод эмэгтэйг хажуугаас нь түшээд машиныхаа хойд хаалгаар оруулаад, машин дотор энэ тэнд толгойгоо цохиж авах вий гэж бодоод мөн хажуунаас нь түшээд хойд талын гуравдугаар эгнээний суудалд эмэгтэйг хэвтүүлчхээд буцаж машин дотор хойшоо эргэхэд нөгөө хажууд нь байсан нөхөр нь баруун гараараа миний зүүн талын нүд рүү нэг удаа цохьсон. Нэлээн хүчтэй цохьсон. Би цохиулсны дараа бага зэрэг хойшоо гэдийхэд нөгөө залуу дахиж нэг цохих шиг болсон. Гэхдээ сүүлийн цохилт нь оноогүй. Тэгж байтал эсгий гэрээс хүмүүс гарч ирээд салгаж авсан. Намайг цохисон залууг Т гэдэг гэсэн.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 156-157 дахь тал),

2.7. Хохирогч М.Хын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Өмнө миний хоёр талын нүд зүв зүгээр байсан. Өмнө нүдэндээ ямар нэгэн гэмтэл авч, эмчилгээ хийлгэж байгаагүй. ...Хэргийн улмаас миний зүүн нүд ямар ч хараагүй, юу ч харж чадахгүй болчихсон байгаа. Би 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт нүдний хагалгаанд орсон. ...Тэгээд хот руу явж 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Сондра” нүдний эмнэлэгт үзлэг шинжилгээнд ороод тухайн өдөр тус эмнэлэгт нүдний хагалгаанд орсон....

...Нэгдүгээрт сэтгэл санааны хохиролд 30000000 төгрөг нэхэмжилж байна. Энэ хэргийн улмаас миний бие маш их стресстэй байгаа. Нэг газарт очсон ч гэсэн хар нүдний шилтэй явна. Энгийн хүн орчин тойрноо бүрэн хардаг бол би талыг нь хардаг. Шөнө унтаж чадахгүй болсон. Зуны улиралд хувийн машинаар жуулчинд явж 6-10 сая төгрөгийн орлого олдог байсан.  Одоо хувийн машинаа жолоодох боломжгүй болсон...” гэсэн мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 160-161, 173-174 дэх тал),

2.8. Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид хэд жолоочтойгоо арван хоёулаа байсан бөгөөд жолооч гэсэн тухайн үед халамцуу байсан. Тэгээд архи дууссаны дараа бүгдээрээ амрахаар болоход эсгий гэрээс Бумандолгорыг нөхөр нь түшээд аваад гарсан. Тухайн үед Бумандолгор хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байдалтай байсан. Тэгж байтал хэсэг хугацааны дараа эсгий гэрийн гадаа эмэгтэй хүний орилсон чимээ гарахаар нь бид хэд гэрээс гараад очсон. Эхлээд эрчүүд нь гараад очсон. Эмэгтэйчүүд нь сүүлд гараад очиход машин дотор жолооч нь суугаад байсан. Харин Т нь түүн рүү дайраад байсан. Юу болсныг тодруулахад жолооч эрэгтэй "нүд рүү минь цохичихлоо” гэж хэлсэн. Т  "чи манай эхнэрийг үнсэх гээд байсан биз дээ” гэж хэлээд дайраад байсан. Гэхдээ түрүүлж гарсан А, Тү хоёр салгаж авсан. Дахин зодоон энэ тэр болоогүй. Сүүлд нь дахиж зодоон болох вий гээд машины жолооч Хыг өөр газар хонуулсан. Тэр хүн манай гэрийн урд нэг айлд хоносон...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 183-184 дэх тал),

2.9. Гэрч Ж.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид хэд жолоочтойгоо арван хоёулаа байсан.Манайх 8 том хүн, 3 хүүхэд. Орой нь жолооч гэсэн тухайн үед халамцуу байсан. Бид хэд жолоочид ч гэсэн хэдэн хундага архи өгсөн. Гэхдээ тэр хүн нээх их угаагүй. Машин бариад явж байна гээд бага уугаад байсан. Орой нь архи дууссаны дараа бүгдээрээ амрахаар болсон бөгөөд Бумандолгор нь сүүлдээ нэлээн согтсон байдалтай, тасарчихсан байсан. Тэгээд түүнийг нөхөр нь эсгий гэрээс түшээд аваад гарсан. Араас нь би хэсэг хугацааны дараа тамхи татах гээд гадагшаа гарахад Бумаа гэрийн үүдний хэсэгт бөөлжөөд суугаад байсан ба хажууд нь нөхөр нь байсан. Тэгээд би эргээд гэр лүү орсон.  

Хэсэг хугацааны дараа эсгий гэрийн гадаа эмэгтэй хүний орилсон чимээ гарахаар нь бид хэд гэрээс гараад очсон. Гэрээс гараад очиход Т фургон машины хойд хаалганы хэсэгт байсан ба цаагуур нь машины жолооч сууж байхаар нь хажууд нь очиж, юу болсон талаар асуухад жолооч “нүд рүү минь цохичихлоо” гэж хэлсэн. Харин Т нь “энэ нөхөрт эм аваад ир гээд эм авчирч өгөхөөр нь эхнэрээ харж байгаарай гээд шээх хооронд алга болсон байхаар нь гэрээс шагайсан чинь байхгүй байсан. Тэгээд машины цонхоор харсан чинь нөхөр жолооч манай эхнэрийг хэвтүүлчихсэн дээр нь гараад үнсэж байхаар нь цохичихлоо” гэж хэлээд дайраад байхаар нь салгаж авсан. Дараа нь дахин зодоон энэ тэр болоогүй бөгөөд жолоочийг өөр газарт очиж амар, дахиж зодоон гарах вий гээд явуулсан. Тэр хүн өөр газарт амарсан..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 186-187 дахь тал),

2.10. Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х Миний бие гэр бүлтэйгээ найз нөхдийн хамт аймгийн төвөөс 4812 БӨА улсын дугаартай фургон маркийн машиныг хөлсөлж өчигдөр Алтай таван богд уулыг үзэхээр очсон. Амарч яваа улсууд болохоор замдаа бид хэдүүлээ хэдэн зуун грамм ууж очсон. Орой нь тэндээс гэр буудал түрээсэлж авч бүгдээрээ хэдэн шил архи уусан. Сүүлдээ бүгдээрээ халцгааж согтсон байсан. Орой нь архи ууж дууссаны дараа бүгдээрээ амрахаар болсон бөгөөд найз Т эхнэр Б-ыг түшээд гадагшаа гараад явсан. Тухайн үед Б бараг тасарчихсан байдалтай байсан. Удалгүй эсгий гэрийн гадаа эмэгтэй хүний орилсон чимээ гарахаар нь бид хэд гэрээс гараад очсон ба би нэлээн халамцуу байсан. Эсгий гэрээс гараад очиход манай найз нар Т болон жолоочийг салгачихсан байсан. ...Харин жолооч машин дотор сууж байсан ба жолооч залуу “нүд рүү минь цохичихлоо" гэж хэлсэн. Харин манай найз Т нь "машины цонхоор харсан чинь жолооч манай эхнэрийг хэвтүүлчихсэн дээр нь гараад үнсэж байхаар нь цохичихлоо” гэж хэлээд дайраад байхаар нь салгасан. Гэхдээ дахин зодоон энэ тэр болоогүй.

...Харин өглөө 06 цагийн үед жолооч залуу нүд өвдөөд, нээгдэхгүй байна гээд яриад байсан. Тухайн үед нүд нь хавдчихсан бид хэд жин тавьж өгсөн...." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 189-190 дэх тал),

2.11. Гэрч Д. ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...Тухайн үед бид  хэд гэр дотор дэмий ярьцгаагаад нэг нэгнийгээ шоолж инээгээд сууж байхад юу юугүй л Тын хүүхэд нь гадаа уйлахаар нь гэрээс бүгдээрээ гараад иртэл Х машин дотроо сууж байсан. Харин Т машины хаалгыг онгойлгосон байдалтай Х руу дайрч байсан. Тэгээд бид нар яав юу болов гэж асуухад Т хэлэхдээ “Би бие засчхаад эргээд ирэхэд Х, Б хоёр байхгүй болсон байсан, гэрт байгаа болов уу гээд гэрийн хаалгаар шагайхад гэрт бас байхгүй. Тэгээд фургоны хаалгыг онгойлгоход энэ пизда чинь манай эхнэрийн дээр гарчихсан үнсэж байна. Тэгэхээр нь цохиод авлаа" гэж ярьж байсан. Харин Х "нүд рүү цохичихлоо, би юу ч хийгээгүй шүү” гэсэн...

...Тэгээд бид нар 07 дугаар сарын 23-ны өглөө 07 цагийн үед босоод харахад Х манай гэрээс 200-300 метр зайтай өөр газарт айлын гадаа зогсож байсан. Бид нар Хыг дагуулж авахаар очтол Х машин дотроо согтуу байсан бөгөөд нэг нүд нь хавдсан байсан. Энэ үед Х бид нарт хандаад “би явахгүй, миний нүд өвдөж байна. Та нар өөр машин олж аваарай” гэж хэлсэн. Удалгүй өөр нэг хоёр жолоочийг дагуулж ирээд “та нар энэ хүмүүстэй тохиролцож яваарай” гэж хэлэхээр нь бид нар уурлаад “чамд мөнгө төгрөгөө өгөөд ирсэн юм чинь чамаар л явна, дахиж өөр машин хөлслөн гэж байхгүй” гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 192-193 дахь тал),

2.12. Гэрч Л.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т нарын хүүхэд нь гэнэт уйлаад хашхирахаар нь гадаа гарахад фургон машин дотор Х нүүрээ дарсан байдалтай намайг цохичихлоо гэсэн сууж байсан. Харин түүний хажууд нь машины хойд хаалгыг нь онгойлгосон Т газарт зогсож байсан. Т ярихдаа “энэ нэг юм чинь эхнэрийг машиндаа оруулсан дээр нь гарсан үнсэж байдаг шүү, тэгэхээр нь цохиод авлаа" гэж хэлсэн. Тэгээд бид нар дахиад зодоон цохион болох юм байх гэж бодоод Хад хандаад “та бид нараас арай хол газар очиж хоноод өглөө ирээ” гэж хэлсэн. Тэгээд Х машинаа асаагаад хөдлөөд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 194 дэх тал),

2.13. Гэрч Е.Айн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тодруулж хэлэхэд хохирогч М.Хын зүүн нүдний харааны бууралтыг хувь хэмжээгээр нь ярих боломжгүй. Учир нь Хад урд өмнө нь нүдний харааны хувь хэмжээг тогтоолгож, нүдэндээ ямар нэгэн эмчилгээ хийлгэж байсан талаарх ямар нэгэн эмнэлгийн бичиг байхгүй болохоор яг одоогоор тэр хүний зүүн нүд нь өмнө нь тэдэн хувийн хараатай байж байгаад өнөөдөр тэдэн хувьтай хараагаа алдсан гэж хэлэх боломжгүй байна. Ямар ч байсан өнөөдрийн байдлаар иргэн М.Хын зүүн нүд нь албан ёсны анагаах ухааны хэллэгээр 50 см зайд хуруу тоолох хараатай, энгийн хар яриагаар бол 1 бүхэл харааг 100 хувь гэж үзвэл 1 хувь хүрэхгүй хараатай гэж ойлгож болно.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 206-207 дахь тал),

2.14. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ч.Эын гаргасан 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 10374 дугаартай “...1.М.Хын биед зүүн нүдний алимны язарсан шарх, алим, шилэнцрийн цус хуралт, хараагүйдэл, салстын цус харвалт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3.  Эдгээр гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 7.34.1.11-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтыг 35 хувь тогтонги алдагдуулах тул 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 213-124 дэх тал),

2.15. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ч.Эын 2022 оны 09 сарын 16-ны өдрийн №749 дугаартай нэмэлт шинжилгээ хийлсэн тухай “...2. Дээрх эмнэлгийн бичиг баримтуудтай танилцахад урд гаргасан 10374 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохооргүй байна..." гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 226-227 дахь тал),

2.16. Шүүгдэгч Ж.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...

...Товчоор хэлбэл тухайн үед буюу 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэр дэх Алтай таван богд уулыг үзэхээр гэр бүл, найзуудынхаа хамт очсон. Бид аймгийн төвөөс 8412 БӨА улсын дугаартай, "Фургон" маркийн тээврийн хэрэгслийг хөлсөлж очсон бөгөөд орой нь бүгдээрээ 5, 6 шил архи ууж дуусаад амрах гэж байтал манай эхнэр дотор муухайраад байна гэхээр нь эхнэрээ дагуулаад эсгий гэрийн гадаа бид хоёулхнаа гарсан. Гэрийн гадаа гараад эхнэрээ гэрээс зайдуу суулгачхаад би өөрөө бие засахаар цаашаагаа хэд алхаад бие засаад дуустал фургон машины хаалга таг гэж хаагдах шиг болсон. Эргэж харахад манай эхнэр сууж байсан газартаа байхгүй байхаар нь би эхлээд эсгий гэрээс харахад эхнэр байхгүй байсан ба нөгөө бид хэдийг авч очсон машины хойд талд машины дотор суудалд эхнэр сууж байсан. Жолооч залуу эхнэрийн дээр нь гарчихсан үнсэж байсан. Тэгэхлээр нь би шууд машины хаалгыг татаж онгойлгоод жолооч залууг мөрнөөс нь татаж байгаад баруун гараараа зүүн нүдэн тус газарт нь нэг удаа цохьсон. Тэгж байтал эсгий гэрээс манай найз нар гарч ирээд бид хоёрыг салгаж авсан.

Түүний дараа дахиж зодоон энэ тэр болоогүй. Ийм л юм болсон. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 245-248 дахь тал),

2.17. Шүүгдэгч Ж.Тын эзэмшлийн Хаан банкны 5540282266 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 14-17, 23-28, 56 дахь  тал),

2.18. Хохирогч М.Хын Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт гаргасан “Хохирогч М.Х би Жамсрангийн Таас цаашид гарах хохирол, эмчилгээний зардалд 10.000.000 төгрөгийг миний ХААН банкны 5194090100 тоот харилцах дансаар шилжүүлэн авлаа. Өмнө гарсан эмчилгээний зардал болох 7.047.000 төгрөгийг бүрэн төлж өгсөн болно. Ж.Т надаас уучлалт хүссэн. Би түүнтэй эвлэрч миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн байх тул яллагдагч Ж.Тын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй болно. Цаашид иргэний журмаар сэтгэл санааны хохирол нэхэмжлэх зүйлгүй болно.” гэсэн хүсэлт, нотариатаар гэрчлүүлсэн эвлэрлийн гэрээ,  (2 дугаар хавтаст хэргийн 54-55 дахь  тал) зэрэг нотлох баримтууд  болно.

2.19. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтыг шинжлэн судлуулав.  

1. Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр Т нь айлын хоёр дахь хүү нь бөгөөд илүү дутуу муу зуршилгүй. Хааяа л найз нартайгаа уулзахдаа зуун грамм татдаг. Уг нь дуу цөөтэй хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 181 дэх тал),

2. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 162 дугаартай лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 3 дахь  тал),

3. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01/1059 дугаартай лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 4 дэх  тал),

4.Шүүгдэгч Ж.Тын иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн  лавлагаанууд,  (2 дугаар хавтаст хэргийн 6-8 дахь  тал),

5. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 388 дугаартай “Тус багийн иргэн Жавсранцав овогтой Т нь 5 ам бүлтэй. Эхнэр, 3 хүүхдийн хамт 6 дугаар багийн 19-23 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 13 дахь  тал),

6. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 31 дэх  тал),

7. Иргэн Ж.Тын 2021 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого (2 дугаар хавтаст хэргийн 34-37 дахь  тал),

8. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн түрээсний гэрээ, тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтууд болно.

2.20. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1.  Шүүгдэгч Ж.Т нь архидан согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Алтай таван богд уул"-ын зуслангийн газарт хохирогч М.Хын эзэмшлийн “Уаз фургон” загварын тээврийн хэрэгсэл дотор “эхнэрийг минь үнсэх гэлээ” гэсэн шалтгаанаар хохирогчийн зүүн нүдэн тус газарт баруун гараараа цохиж, зүүн нүдний алимны язарсан шарх, алим, шилэнцрийн цус хуралт, хараагүйдэл, салстын цус харвалт, зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд:

3.1.1. Иргэн М.Хаас 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал),

3.1.2. Иргэн М.Хын “Сондра” болон Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус  хагалгаанд орж, эмчилгээ хийлгэсэн  талаарх өвчтөний түүхийн хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 34-44, 47-60 дахь тал),

3.1.3. Хохирогч М.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Машин дотор хойшоо эргэхэд нөгөө хажууд нь байсан нөхөр нь баруун гараараа миний зүүн талын нүд рүү нэг удаа цохиод авсан. Нэлээн хүчтэй цохисон. Би цохиулсны дараа бага зэрэг хойшоо гэдийхэд нөгөө залуу дахиж нэг цохих шиг болсон. Гэхдээ сүүлийн цохилт нь оноогүй. ...Намайг цохисон залууг Т гэдэг гэсэн. ...Хэргийн улмаас миний зүүн нүд ямар ч хараагүй, юу ч харж чадахгүй болчихсон байгаа....” гэсэн мэдүүлгүүд (1 дүгээр хавтаст хэргийн 160-161, 173-174 дэх тал),

3.1.4. Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эмэгтэйчүүд нь сүүлд гараад очиход машин дотор жолооч нь суугаад байсан. Харин Т нь түүн рүү дайраад байсан. Юу болсныг тодруулахад жолооч эрэгтэй "нүд рүү минь цохичихлоо” гэж яриад байсан. Т  "чи манай эхнэрийг үнсэх гээд байсан биз дээ” гэж хэлээд дайраад байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 183-184 дэх тал),

3.1.5. Гэрч Ж.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэрээс гараад очиход Т фургон машины хойд хаалганы хэсэгт байсан ба цаагуур нь машины жолооч сууж байхаар нь хажууд нь очиж, юу болсон талаар асуухад жолооч “нүд рүү минь цохичихлоо” гэж хэлсэн...." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 186-187 дахь тал),

3.1.6. Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Харин жолооч машин дотор сууж байсан ба жолооч залуу “нүд рүү минь цохичихлоо" гэж ярьж байсан. ...Өглөө 06 цагийн үед жолооч залуу нүд өвдөөд, нээгдэхгүй байна гээд яриад байсан ба тухайн үед нүд нь хавдчихсан бид хэд жин тавьж өгсөн...." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 189-190 дэх тал),

3.1.7. Гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...Харин Т машины хаалгыг онгойлгосон байдалтай Х руу дайрч байсан. ...Х "нүд рүү цохичихлоо, би юу ч хийгээгүй шүү” гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 192-193 дахь тал),

3.1.8. Гэрч Л.Цйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т нарын хүүхэд нь гэнэт уйлаад хашхирахаар нь гадаа гарахад фургон машин дотор Х нүүрээ дарсан байдалтай намайг цохичихлоо гэсэн сууж байсан. Харин түүний хажууд нь машины хойд хаалгыг нь онгойлгосон Т газарт зогсож байсан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 194 дэх тал),

3.1.9. Гэрч Е.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ямар ч байсан өнөөдрийн байдлаар иргэн М.Хын зүүн нүд нь албан ёсны анагаах ухааны хэллэгээр 50 см зайд хуруу тоолох хараатай, энгийн хар яриагаар бол 1 бүхэл харааг 100 хувь гэж үзвэл 1 хувь хүрэхгүй хараатай гэж ойлгож болно.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 206-207 дахь тал),

3.1.10. Шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 10374 дугаартай “...1.М.Хын биед зүүн нүдний алимны язарсан шарх, алим, шилэнцрийн цус хуралт, хараагүйдэл, салстын цус харвалт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3. ...Хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтыг 35 хувь тогтонги алдагдуулах тул 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 213-124 дэх тал),

3.1.11. Шүүгдэгч Ж.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхлээр нь би шууд машины хаалгыг татаж онгойлгоод жолооч залууг мөрнөөс нь татаж байгаад баруун гараараа зүүн нүдэн тус газарт нь нэг удаа цохьсон. Тэгж байтал эсгий гэрээс манай найз нар гарч ирээд бид хоёрыг салгаж авсан....” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 245-248 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3.3. Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Ж.Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруугийн талаар маргахгүй, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлсөн” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

3.4. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар мэтгэлцээгүй боловч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Ж.Т нь эхнэр Д.Бур, гэр бүлийн найзууд Ч.Б, Ж.Т, Б.А, Д.Н, Л.Ца болон хүүхдүүдийн хамт арван хоёулаа Баян-Өлгий аймгийн төвөөс Хотон нуур, Алтай Таван богд уулын чиглэлд аялж амрах зорилгоор хохирогч /жолооч/ М.Хын фургон загварын 8412 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөлсөлсөн, улмаар Алтайн Таван богд уулын зуслангийн газарт гэрт бүгдээрээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн,  хохирогч М.Х, шүүгдэгчийн эхнэр Д.Бумандолгор нар машин дотор байхад шүүгдэгч Ж.Т нь хохирогчийг эхнэрийг минь үнсэх гэлээ гэх шалтгаанаар зүүн нүдэн тус газарт гараараа цохисон, нүдэндээ цохиулсны улмаар хохирогчийн зүүн нүдэнд гэмтэл учирч, шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүгдэгч Ж.Тын хохирогч М.Хын зүүн нүдэн тус газарт нь гараараа цохиж, түүний биед хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, түүний эрүүл мэндэд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн  шинжийг агуулсан байна.

4.2 Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халддаг, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг.  

4.3 Хохирогч М.Хын биед учирсан зүүн нүдний алимны язарсан шарх, алим, шилэнцрийн цус хуралт, хараагүйдэл, салстын цус харвалт, зовхинд цус хуралт бүхий гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай тушаалаар баталсан Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.2.4-д заасан хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтыг 35 хувь тогтонги алдагдуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 79-80 дахь тал) үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

4.4. Хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч Ж.Т нь согтуу байсан нь тогтоогдож байгаа ба тэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байна. (хавтаст хэргийн 65-66 дахь тал) 

4.5 Шүүгдэгчийн хохирогчийн нүдэн тус газарт гараараа цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоорондоо шалтгаан холбоотой, тэрээр өөрийнхөө үйлдлийн хууль бус шинжийг ухамсарласан атлаа согтуурсан үедээ хохирогчийн эрүүл мэндэд халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.6. Шүүгдэгч Ж.Тын үйлдсэн гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэв.

4.7. Иймд шүүгдэгч Ж.Тыг хохирогч М.Хын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.8. Хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ.

5.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

5.1. Гэмт хэргийн улмаас хохирогч М.Хын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал зэрэг хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

6.2 Шүүгдэгч нь хохирогч М.Хад учирсан хор уршиг буюу эмчилгээний болон бусад зардалд нийт  17047000 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирогчийн “Хохирогч М.Х би Жамсрангийн Таас цаашид гарах хохирол, эмчилгээний зардалд 10.000.000 төгрөгийг миний ХААН банкны 5194090100 тоот харилцах дансаар шилжүүлэн авлаа. Өмнө гарсан эмчилгээний зардал болох 7.047.000 төгрөгийг бүрэн төлж өгсөн болно....” гэсэн хүсэлт, нотариатаар гэрчлүүлсэн эвлэрлийн гэрээ,  шүүгдэгч Ж.Тын эзэмшлийн Хаан банкны 5540282266 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 54-55, 14-17, 23-28, 56 дахь  тал) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1. Шүүгдэгч Ж.Тыг шүүхээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн  лавлагаанууд, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 388 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, 2021 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого,  шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн түрээсийн гэрээ, тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Т нь  хувийн байдлын хувьд 41 настай, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дугаар багт амьдардаг,  хөлсөөр тээврийн хэрэгсэл жолооддог, тогтмол орлоготой, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 181, 2 дугаар хавтаст хэргийн 4, 6-8, 13, 31, 34-37 дахь  тал)

2.4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хор уршгийг төлж барагдуулсан зэрэг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.5. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ж.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний 15000000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн хор уршгийг төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн, тогтмол орлоготой зэрэг нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ 10000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

2.6 Шүүгдэгчийн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэв. 

2.7.  Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тыг 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12000000  төгрөгийн торгох ялаар шийтгэв. 

2.8. Шүүгдэгч Ж.Тын хөрөнгө, орлого олох боломж буюу хөлсөөр ачааны машин жолооддог гэх  хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч Ж.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

3.2. Хохирогч нь 17047000 төгрөгийн хор уршгийг төлүүлж авсан учир шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

3.3. 2213002080207 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У ургийн овогт Ж-ын Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жамсранжавын Тт 12000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12000000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тт оногдуулсан 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12000000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3  (гурав) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ж.Тт сануулсугай.

5. Шүүгдэгч Ж.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэргэлсүгэй.

6. Шүүгдэгч Ж.Т нь хохирогч М.Хад 17047000 төгрөгийн хор уршгийг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурдаж, хохирогч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. 2213002080207 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ө.Б