Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/175

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бк даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч Х.Ө,

шүүгдэгч Б.Б, Х.М,  

шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.А-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч И ургийн овогт Бны Б, О ургийн овогт Хгийн М нарт  холбогдох 2213000000225 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Буянт сумын .... багт оршин суудаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн  1997 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 7/02 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, И ургийн овгийн Бы Б, регистрийн дугаар

2. Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Буянт сумын ... багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,  хэрэг хариуцах чадвартай гэх, О ургийн овгийн Хйн М,  регистрийн дугаар

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б, Х.М нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 22 цагийн үед Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өмнөгол  гэх газарт бэлчээрийн маргааны улмаас хохирогч С.Бгыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна”  гэв.

1.2 Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү”  гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2213000000225 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэргийн газарт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 4-12 дахь тал),

2.2. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 100 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол (хавтаст хэргийн 14 дэх тал),

2.3. Хохирогч Мас гаргаж өгсөн эмийн жор, НӨАТ-ийн баримт зэрэг баримтуудыг бэхжүүлж авсан мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

2.4. Иргэн Б.Мөнхзулын эзэмшлийн улсын дугааргүй, Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 26-32 дахь тал),

2.5 Иргэн Х.Мын эзэмшлийн 9743 БӨТ улсын дугаартай Митцубиши Л200 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 33-41 дэх тал),

2.6. Эд мөрийн баримтаар хурааж авсан чулуунд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 42-47, 48-52 дахь тал),

2.7. Хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн “...Тухайн өдөр буюу 9 дүгээр сарын 23-ны өдөр 21 цаг 30 минутын орчимд манай сумын уяач Э.Галхүү гэх хүн манай гэрт ирсэн. ...Тэгээд бид хоёр манай гэр лүү харихаар хөдөлсөн ба гэрийн дээд талд байх жалганаас мотоциклоор гарч байхад миний баруун гар талаас холын гэрэл асаасан хурц гэрэлтэй машин гэнэт гарч ирэн тормоозлож Галхүү бид хоёрын сундалдаж явсан мотоциклийг шүргэх төдий болоход бид хоёр  унаад өгсөн. Би гайхан босоход миний өөдөөс манай 3 дугаар багийн иргэн Б гэх залуу “Та яагаад мал хөөдөг юм” гэж хэлээд миний цамцны хоёр талын  ханцуйнаас барьж авсан. Жолооч талын суудлаас бууж ирсэн царай нь хараагүй залуу миний толгойн дагз хэсэг рүү хатуу зүйлээр хүчтэй цохиод авсан. Би эргэж хартал манай хөрш айлын Х.М гэх залуу байсан. Намайг унахад миний дээрээс тухайн хоёр залуу биеийн зүүн хавирга, зүүн сүүж, өгзөг, зүүн шилбэ хэсэг рүү өшиглөөд, хатуу зүйлээр цохиж эхэлсэн ба би баруун гараа дарж унасан байдалтай байсан. ...Б гэх залуу “хөлийг нь хуга цохино” гэж хэлсэн...

...Тухайн болсон асуудлын шалтгааныг би тухайн хоёр хүмүүсийн хамаатан болох Б.Энхтөр гэх залууг цохисон асуудлын улмаас үүссэн байж магадгүй гэж бодож байна. ...09 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд надад зүүн хөлийн шилбэ цуурч хугарсан, зүүн өвдөг цууралттай, ташаа няцралттай, зүүн хавирга гэмтэлтэй гавлын яс хагарсан гэмтэл учирсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-57 дахь тал),

2.8. Хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өсгөн “...Х.М, Б.Б гэх хоёр залуу намайг нийлж зодсон. Тухайн өдрөөс 2 хоногийн дараа буюу 09 дүгээр сарын 26-ны өдөр Б.Б, Х.М нар 10 цагийн үед надаас уучлалт гуйж ирсэн. Б.Б надад “бид хоёр уурын мунхгаар таныг зоджээ. Бид хоёрыг уучлаарай. Аймаг ороод эмчилгээний төлбөр гарвал хэлээрэй. Бид өгнө.” гэж хэлсэн.  Би Баас “чи миний хөлийг чулуугаар цохисон биз дээ” гэхэд хариуд нь Б.Б “Би таны хөлийг чулуугаар цохисон нь үнэн.” гэж хэлсэн....

...Би Х.Маас 250000 төгрөг, Б.Баас 250000 төгрөг авсан. Үлдсэн 62000 төгрөгийг аваагүй. Миний хэрэглэсэн эм боолт, тариа байх тул Х.М, Б.Б нараас хохиролтой холбоотой гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 60-61 дэх тал),

2.9. Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн “...Би очоод харахад манай нөхрийн ногоон өнгийн мотоцикл унасан, манай Б.Б баруун гараа дарж зүүн гараараа толгойгоо барьсан байдалтай уначихсан байсан. Манай хөрш  Х.М, Б.Б нар гартаа чулуу барьж нөхөр С.Бгын дээрээс цохиж  байсан. Би “Та нар хүн аллаа, наад хүн чинь үхчихсэн байна.” гэж орилж Х.Мыг татаж  болиулсан. Тухайн үед миний хүү Б.Мөнхзул хажууд нь зогсож байсан... Манай хүү Б.Мөнхзул утас авч ирэн зураг дарж эхэлсэн ба Х.М, Б.Б нар машиндаа суугаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 63-65 дахь тал),

2.10. Гэрч Б.Мөын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн “...Намайг очиход Галхүү гэх залуу хойно зогсож байсан ба Гминий ээж Энхтуяа, болон надад М, Б нар гар хүрээгүй. Харин Х.М манай аавыг чулуугаар цохиж байсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 68 дахь тал),

2.11. Гэрч Э.Гйн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн “...Буцах замд буюу М гуайн хойд хэсэгт байрлах жалгыг гаталж байхад баруун талаас гэрэл асаасан нэг машин ирж жалгын эрэгт ирж зогссон. Тухайн машин нь М бид хоёрын сундалдаж явсан мотоциклоос ойролцоогоор 2 орчим метрийн зайлтай ирж дөхөж зогссон ба М ах мотоцикл жолоодож байсан тул  жалганд унаад өгсөн. Тухайн гэрэл асааж ирж зогссон машин нь мотоциклийг мөргөсөн ямар нэгэн зүйл байхгүй. Би М гуай машин ирж мөргөчихвий гэж сандраад баруун дарж жалганд унасан байж магадгүй  гэж бодож байна. ...Машинаас 2 эрэгтэй хүн бууж ирсэн ба машины урд гэрлээ асаасан байсан. Би харанхуйд хэн гэдгийг нь сайн таниагүй  ба тухайн хоёр хүн шууд М ахын хажууд ирж зогссон. Харанхуйд зарим зүйл сайн харагдаагүй. М ах руу нөгөө машинаас бууж ирсэн хоёр хүн дайрч, цохиж унгаахад би айгаад жоохон зай аваад зогссон. Би ямар шалтгаанаар яагаад М гэх хүнийг цохиж зодсоныг нь мэдэхгүй ...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 73 дахь тал),

2.12. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн хошууч К.Хайратын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 736 дугаартай “Дүгнэлт: 1. Иргэн С.Б биед тархины доргилттой, зүүн талын нарийн шилбээ /тахилзуур/ ясны хугаралттай, зүүн гуя өгзгийг хамаарсан хэсэгт цус  хуралттай зөөлөн эдийн гэмтэл, зулайны баруун талд няцарсан шархтай гэмтлүүд тогтоогдлоо.  2. Иргэн С.Б-ын биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр  үүссэн болно. 3. Тухайн гэмтлүүд нь шинэ гэмтлүүд. Өөрөөр хэлбэл учирсан гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. үүсгэгдэнэ. ...4. Иргэн С.Б биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 84-85 дахь тал),

2.13. Шинжээч К.Хайратын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн С.Б биед учирсан нарийн шилбэний тахилзуур ясны хугаралт гэмтэл нь чулуу болон бусад хатуу зүйлээр үүссэн байж болно. С.Б биед учирсан нарийн шилбэ нь нэг удаагийн хатуу мохоо зүйлийн нөлөөллөөр үүсэх боломжтой ба бусад гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дахь тал),

2.14. Яллагдагч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр орой харанхуй болчихсон байсан. 22 цаг өнгөрч байхад Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өмнөгол гэх газарт С.Б гэрт очиж түүнтэй уулзъя гэж бодоод нэг нутгийн хамт намарждаг Х.Мын хамтаар түүний Митцубиши Л200 маркийн 97-43 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хоёулаа хамт манай гэрийн гаднаас хөдөлсөн. Тэгээд тэдний гэр рүү Өмнөгол багийн хадлангийн талбайн ус татсан жалга өнгөрөөд явж байхад  М нь өөрийн Мустанг маркийн ногоон өнгийн мотоциклтой ардаа нэг хүн суулгачихсан явж байсан. Тухайн жалга өнгөрөөд зогсож байхад М жалга руу мотоциклтойгоо унасан. Тэр үед нь би машинаас буугаад очиход М өөрөө босож ирээд намайг заамдаж, надтай зууралдаж байхад Х.М С.Б ардаас толгой руу цохиход М газарт унасан. Түүнийг унасны дараагаар Х.М түүнийг хөлөөрөө 3-4 удаа өшиглөсөн. Тэр үед нь би бас хөл рүү нь 1-2 удаа өшиглөөд Х.Мыг салгаж аваад машинд нь суулгаад гэртээ харьсан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-109 дэх тал),

2.15. Яллагдагч Х.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд аймаг явж байхад миний авга эгч Б.Мартын хүү Б.Энхбатыг М хонь хариулж байхад нь зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би орой 21 цаг өнгөрч байхад Б.Бы хамтаар өөрийн Митцубиши Л200 маркийн 9443 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр С.Б гэр рүү очсон. Би өөрөө машинаа жолоодоод тэдний гэр рүү дөхөж байхад М өөрийн ногоон өнгийн мотоциклтой ардаа нэг хүнтэй явж байсан ба машинаараа түүний баруун талаас нь очиж зогсоход тэрээр зүүн талаараа унасан.  Тэгээд Б.Б машинаас буугаад очиход М өөрөө босож ирээд тэр хоёр хэрэлдэж заамдалцсан. Тэр үед би машинаас бууж ирээд С.Б толгой рүү гараа атгаж байгаад 1 удаа цохиход тэрээр толгойгоо бариад газар унасан. Тэгэхээр нь би түүний дээрээс нь хөл рүү нь 2-3 удаа өшиглөж түүнийг зодож байхад  Б.Б бас түүний хөл рүү 1-2 удаа өшиглөөд намайг салгаж авч машинд суулгаад бид хоёр яваад өгсөн.  Би С.Б толгой руу гараараа цохьсон. Ямар нэгэн чулуу болон өөр бусад зүйлээр цохиогүй. ...Би С.Б эмчилгээний зардалд 250000 төгрөг, Б.Б 250000 төгрөг нийт  500000 төгрөг төлсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 146-147 дахь тал),

2.16. Хохирогч С.Б гаргасан “Х.М, Б.Б нарт ямар нэг нь гомдол санал үгүй. Эмчилгээний зардал хохирлыг бүрэн барагдуулсан.” зэрэг нотлох баримтууд болно.

2.17. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

1. Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай “Тус багийн иргэн Бокан овогтой Б  ам бүл 5, 3 дугаар багийн оршин суугч мөн болохыг тодорхойлов.”  гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 112 дахь тал),

2. Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай “Тус багийн иргэн Хулаа овогтой М  ам бүл 5, 3 дугаар багийн оршин суугч мөн болохыг тодорхойлов.”  гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 150 дахь тал),

3. Иргэн Б.Бы 2021 оны мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын хуулбар, (хавтаст хэргийн113-120 дахь тал),

4. Шүүгдэгч Б.Бы иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 121-125 дахь тал),

5. Шүүгдэгч Х.Мын үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх тухай лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа,   (хавтаст хэргийн 151-155 дахь тал),

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 128, 167 дахь тал),

7. Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 7/02 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 130 дахь тал),

8. Иргэн Х.Мын 2021 оны мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын хуулбар (хавтаст хэргийн 158-165 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

3. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

4. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч М, гэрч Б.Энхтуяа, Б.Мөнхзул, Э.Галхүү, яллагдагч Б.Б, Х.М, шинжээч К.Хайрат нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 736 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 4-12, 55-57, 60-61, 63-65, 68, 73,  92, 107-109, 146-147 дахь тал) болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, Х.М нар нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 22 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Өмнөгол  гэх газарт “бэлчээрийн маргаанаас улбаатай авга эгчийн хүү Б.Эн-ыг зодсон” гэх шалтгаанаар  хохирогч С.Б толгойн тус газарт цохиж, газарт унагаан өшиглөж зодон хохирогчийн биед тархины доргилт, зүүн талын нарийн шилбээ /тахилзуур/ ясны хугаралт, зүүн гуя өгзгийг хамаарсан хэсэгт цус  хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зулайны баруун талд няцарсан шарх гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.

5. Эрх зүйн дүгнэлт:

5.1. Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

5.2. Шүүгдэгч Б.Б, Х.М нарын хохирогч С.Б толгой хэсэгт нь цохиж, өшиглөж зодон биед нь гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  хохирогчийн халдашгүй байх эрхэд халдсан, эрүүл мэндэд нь /хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн  шинжийг агуулсан байна.

5.3. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай тушаалаар баталсан Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаардаг.

5.4. Хохирогч С.Б биед нь үүссэн зүүн талын нарийн шилбээ /тахилзуур/ ясны хугаралт гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ. (хавтаст хэргийн 83-85 дахь тал),            

5.5. Хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгч Б.Б, Х.М нарын хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэж дүгнэлээ.

          5.6. Иймээс шүүгдэгч  Б.Б, Х.М нарын бүлэглэж хохирогч С.Баттулгыг зодож, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

5.7. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрх чөлөөнд халдаж, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл үүсгэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

5.8. Прокурор шүүгдэгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн хор уршгийг төлсөн, прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

5.9. Иймд шүүгдэгч Б.Б, Х.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5.10. Хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нарын бэлчээрээс улбаатай таарамжгүй харилцаа, тэдгээрийн эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ.

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

6.1. Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

6.2. Хохирогч Мд учруулсан хор уршиг буюу эмчилгээний зардалд шүүгдэгч Б.Б, Х.М нар тус бүр 250000 төгрөг, нийт 500000 төгрөг төлж барагдуулсан нь хохирогчийн “...Би Х.Маас 250000 төгрөгийг, Б.Баас 250000 төгрөг авсан. Х.М, Б.Б нараас хохиролтой холбоотой гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 60-61 дэх тал), мөн хохирогчийн  хүсэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1. Шүүгдэгч Б.Б, Х.М нарыг шүүхээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгч Х.М урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Б.Б Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн  1997 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 7/02 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар  тогтоогдож байна. (хавтаст хэргийн 128, 130, 167 дахь тал),

2.3  Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.4. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Б, Х.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрийг нь 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2700000 төгрөгийн торгох ялаар шийтгэх саналтай” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийг төлж барагдуулсныг харгалзан улсын яллагчийн санал болгосон 2700000 төгрөгийн торгох ялыг оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

2.5. Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй.

2.6. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Б.Б, Х.М нарын тус бүрийг 2700  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.

2.7. Шүүгдэгч нарын хөрөнгө, орлогыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, тэдгээрт оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2700000 төгрөгийн торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Б, Х.М нарт тус тус сануулав.

3. Бусад асуудлын талаар:

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

3.2.Шүүгдэгч нар хохирогчид 500000 төгрөгийн хор уршгийг төлсөн, хохирогч өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

3.3. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

3.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 10х6 см, 20х15 см-ийн хэмжээтэй 2 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын  Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И ургийн овогт Бы Б, О ургийн овогт Хийн М нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Бы Б, Хйн М нарын тус бүрийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Х.М нарт тус тус оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгийн торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Б, Х.М нарт тус тус сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Б, Х.М нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. 2213000000225 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Х.М нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Мд 500000 төгрөгийн хор уршгийг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол, төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 10х6 см, 20х15 см-ийн хэмжээтэй 2 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын  Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ө.Б