| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2022/0172/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/206 |
| Огноо | 2022-11-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
Хохирогч Б.Бямбацэцэг,
Шүүгдэгч Э.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 176/А дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэбатын Мөнхтулгад холбогдох эрүүгийн 2207000000182 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 350 дугаар ангид авто засварчнаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 4 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Боржигон овогт Эрдэнэбатын Мөнхтулга /РД:ЗЮ81072515/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.Мөнхтулга нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 4-14 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Бямбацэцэгтэй “хүүхэд загнасан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж, биед нь нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Мөнхтулга нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр манай найз хөдөөнөөс ирэхдээ надад 20 литр айраг авч ирсэн. Тэрийгээ уугаад сууж байтал манай эхнэр болох хохирогч Б.Бямбацэцэг нь ажлаа тарж гэртээ ирчхээд хүүхдээ хичээлээ хийгээгүй байна гэх шалтгаанаар загнаад байсан. Тэгээд би уурлаад тухайн үед эхнэртэй гар хүрсэн. Эхнэртэй гар хүрсэн нь миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Б.Бямбацэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би Улаанбаатар хотод албан ажилтай байсан. Тэгээд гэртээ ирэхэд хүүхэд маань хичээлээ хийгээгүй, мөн гэрээ цэвэрлээгүй байсан. Манай хүүхэдтэй хамт Э.Мөнхтулгын найзынхан 2 хүүхэд байдаг байсан. Би хүний хүүхэд, өөрийн хүүхэд гэж ялгалгүй тэднийг хамтад нь загнасан. Гэтэл Э.Мөнхтулга нь хүүхэд загналаа гэх шалтгааны улмаас миний биед халдсан. Тэгээд шүүгдэгчийн зүгээс 1.000.000 төгрөгийг надад өгсөн. Тэгээд би цус шингэлэх эмчилгээ хийлгэсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хохирогчийн мэдүүлэг /хх-5/, гэрч Ж.Мөнхбатын мэдүүлэг /хх-7/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-48/, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 389 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-11-12/, яаралтай тусламжийн төвийн баримт /хх-14/, 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-93-96/, 2019 оны 02 сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэр /хх-97-99/, яллагдагч Э.Мөнхтулгын мэдүүлэг /хх-25/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/, Э.Мөнхтулгын ажил байдлын тодорхойлолт, яллагдагч, хохирогч нарын хүсэлт, Мөнхтулгын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Э.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Мөнхтулга нь хохирогчийн шаардсан эмчилгээний зардлыг төлсөн, мөн хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Э.Мөнхтулга нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргээс хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Э.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуу/ мянга торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгч Э.Мөнхтулга мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд цагдан хоригдсон хоноггүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй. Шүүгдэгч Э.Мөнхтулгад мөрдөн шалгах ажиллагааны үед авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдээлгэх саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Э.Мөнхтулгын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.Мөнхтулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 22 цагийн орчим Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 4-14 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Бямбацэцэгтэй “хүүхэд загналаа, яваад өгье гэлээ” гэх шалтгааны улмаас түүний нүүрний зүүн шанаа хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Э.Мөнхтулгын өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ би хүүхдүүдтэйгээ байж байх үед манай хуучин эхнэр Б.Бямбацэцэг орж ирээд бид нар хамт айраг уугаад байж байх үед Б.Бямбацэцэг хүүхэд загнаад байхаар нь би яагаад хүүхэд загнаад байгаа юм зүгээр хэлчхэж болдгүй юм уу гэж хэлтэл чамд хамаагүй чи зүгээр яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад баруун гараараа нүүрний хацар, шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгэх үед манай Ж.Мөнхбат бид хоёрын дундуур орж салгасан. Тэр үед Б.Бямбацэцэг шууд гараад явчихсан. Би хүчтэй цохиогүй. Гэхдээ намайг дандаа хөөж туугаад байдаг болохоор нь би тухайн үед тэсэлгүй нэг удаа цохисон юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 25 дугаар тал/
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Б.Бямбацэцэгийн өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би Улаанбаатар хотод ажилтай явж байгаад Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 4-14 тоот болох гэртээ 22 цагийн үед хүрч ирсэн...би гэртээ ороод хоол идээд байж байгаад хамаатны хүүхэд болох хүүхдийг би тухайн үед гэр орон цэвэрлээгүй хичээл номоо хийсэнгүй гэж хэлээд загинах үед манай хуучин нөхөр Э.Мөнхтулга над руу уурлаад чи хүүхэд загнахгүй зүгээр хэлчхэж болдоггүй юм уу гээд над руу уурласан. Тэгэхээр нь би тэгвэл яваад өгье гэж хэлэх үед Э.Мөнхтулга босож ирээд миний нүүр нүд хэсэг рүү нэг удаа цохисон...Хүүхдээ бодоод хамт амьдарч байгаа. Сүүлд 2020 оноос буцаад одоог хүртэл амьдарч байгаа...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 5 дугаар тал/
3. Мөрдөн байцаалтад гэрчээр Ж.Мөнхбатын өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр...би утсаа ухаад сууж байх үед Э.Мөнхтулга болон Б.Бямбацэцэг нар хүүхэд загналаа гэх талаар яриад маргалдаад байсан. Тэгэхээр нь би тоохгүй ойр зуурын хэрүүл байхаар нь тоохгүй утсаа ухаад байж байх үед Э.Мөнхтулга, Б.Бямбацэцэгийн зүүн шанаа хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би гүйж очиж салгасан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 7 дугаар тал/
4. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/389 дугаар: “Б.Бямбацэцэгийн биед нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 12 дугаар тал/
5. Яаралтай тусламжийн хуудас,
/хх-ийн 14 дүгээр тал/
6. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,
/хх-ийн 48-49 дүгээр тал/
7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 50 дугаар тал/
8. Шүүгдэгч Э.Мөнхтулгын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 27-46 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Э.Мөнхтулга нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Б.Бямбацэцэгийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Мөнхтулга нь хохирогч Б.Бямбацэцэгийн зүүн шанаа хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/389 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч Э.Мөнхтулгыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.Мөнхтулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Э.Мөнхтулгын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бямбацэцэгийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг авсан. Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Э.Мөнхтулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Э.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Э.Мөнхтулга нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбатын Мөнхтулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхтулга 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхтулгад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Мөнхтулга нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мөнхтулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ