| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2022/0193/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/205 |
| Огноо | 2022-11-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
Шүүгдэгч М.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 201 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэв гүн овогт Мөнхжаргалын Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 2207000000212 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, “Петровис” ХХК-д нефт хангамжийн операторч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүрэг 8 дугаар хороо, Нарлаг 16 дугаар гудамж 5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Пүрэв гүн овогт Мөнхжаргалын Эрдэнэбат /РД:НС84020779/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.Эрдэнэбат нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн орчим Налайх дүүргийн 8 дугаар хороо, Наадмын 02-28 тоот гэртээ хамтран амьдрагч Н.Чимэгбаяртай эвдэрхий машин худалдан авсан талаар ярьж маргалдан, улмаар түүн рүү сандал, аяга шидэж, хөлийн шилбэ, бөгс хэсэгт өшиглөн зодож биед нь духанд шарх, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн бугалга, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Эрдэнэбат нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ Одоогийн эхнэртэйгээ гэрлэлтээ батлуулаагүй. Бид хоёр 2022 оны 08 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байгаа. Хамтран амьдраад 3 сар болж байна. Гурван хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Налайх дүүргийн 8 дугаар хороо, 2-28 тоот байшин манай ээжийн газар дээр гэрт амьдардаг. Би “Петровис” ХХК-д 11 жил ажиллаж байгаа. Эхнэр мөн Петровист ажилладаг. Өнөөдөр ээлж нь таараад ирээгүй. Бид хоёр тухайн үед машинаас болж маргасан. Би эхнэрийн нэр дээр машин шилжүүлэхээр ярьсан. Эхнэрийг хэдэн төгрөг гаргаад машиныг нэр дээрээ болгож ав гэсэн. Гэтэл эхнэр чи өөрөө наад асуудлаа шийд. Дандаа хоёр хүүхдэдээ мөнгө өгдөг гэсэн. Тэгэхээр нь би шүүхээр орж, хүүхдийн тэтгэлэг төлөхөөр болсон. Өгөхгүй гээд яах вэ гэж маргалдсан. Би сард хоёр хүүхдэд нийт 278.000 төгрөгийн тэтгэлэг төлдөг. Бага хүүхэд 4 настай. Цэцэрлэгт явдаг. Том нь 8 настай, түүний ээж нь гурван сартай байхад нь хаяж явсан. Багаасаа надтай хамт амьдарсан. Дараа нь нэг хүнтэй амьдарч, хоёр хүүхэдтэй болсон. Тэгээд салж, 2018 онд шүүхээр орж хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Н.Чимэгбаяртай 2019 онд танилцаж, 2022 оны 07 дугаар сараас ээжийн газар дээр хамт амьдарч байгаа. Бид хоёр маргалдаад би сандал авч шидсэн. Дараа нь очиж өшиглөж, сүүлд аяга авч шидсэн. Би энэ сар л эхнэрээсээ гуйсан. Чи зохицуулаад өөрийнхөө нэр дээр машин болгочих. Би хоёр хүүхдийн тэтгэлэг төлдөг. Надад мөнгө хүрэлцэхгүй байна гэхэд тийм зүйл өөдөөс ярьж эхэлсэн. Би 2022 онд приүс 20 маркийн машиныг 9.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл машин нүүрсэн яндангүй байсан. Би цалингийн зээл тултал нь авсан. Хоёр хүүхдийн тэтгэлэг төлдөг учраас бухимдаж, тийм үйлдэл гаргасан байсан. Эхнэр бид хоёр ажилдаа ээлжилж унадаг. Миний цалин борлуулалтаас шалтгаалдаг. Үндсэн цалин 450.000 төгрөг, литр тутамд 6.7 төгрөгөөр бодож, урамшуулал авдаг. Зун цалин гайгүй авч, өвөл мууддаг. Өвөл сард 800.000 төгрөгийн цалин авдаг. Цалингийн зээлд сард 520.000 төгрөг төлдөг.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хавтаст хэргээс хохирогч Н.Чимэгбаярын мэдүүлэг /хх-5-6/, насанд хүрээгүй гэр М.Тэргэлийн мэдүүлэг /хх-12/, шинжээчийн 438 дугаартай дүгнэлт /хх-16-17/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-32-33/, яллагдагч М.Эрдэнэбатын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-50/, М.Эрдэнэбатын ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-39, 45-46/, яллагдагч М.Эрдэнэбат, хохирогч Н.Чимэгбаяр нараас гаргасан хүсэлт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Шүүгдэгч М.Эрдэнэбат нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Налайх дүүргийн 8 дугаар хороо, Наадмын 2-28 тоот хаягт гэртээ хамтран амьдрагч Н.Чимэгбаяртай эвдэрхий машин худалдаж авсан гэх шалтгаанаар маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны дагуу хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Чимэгбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч М.Эрдэнэбатыг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна. Эрүүгийн хариуцлагын дүгнэлтийн тухайд шүүгдэгч М.Эрдэнэбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцох боломжтой байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч М.Эрдэнэбат нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой зэрэг хувийн байдал болон прокурорын хяналтын шатанд тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгож, торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан. Хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч М.Эрдэнэбат баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй байна. Хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй байна. Шүүгдэгч М.Эрдэнэбатад мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд М.Эрдэнэбатын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч М.Эрдэнэбат нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн орчим Налайх дүүргийн 8 дугаар хороо, Наадмын 02-28 тоот гэртээ хамтран амьдрагч Н.Чимэгбаяртай эвдэрхий машин худалдан авсан талаар ярьж маргалдан, улмаар түүн рүү сандал, аяга шидэж, хөлийн шилбэ, бөгс хэсэгт өшиглөн зодож биед нь духанд шарх, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн бугалга, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан болох нь:
1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар М.Эрдэнэбатын өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би Налайх дүүргийн 8 дугаар хороо Наадмын 2-298 тоотод гэртээ байж байгаад түлээ нүүрс авах гээд Нарлагийн түлээ нүүрс зардаг газраас түлээ нүүрс аваад буцаад гэртээ очоод буулгаад гэртээ ороод цай уугаад сууж байтал манай эхнэр машины даатгал хийлгээгүй машин хот руу орохгүй юм байна гэхээр нь би чи наад даатгалыг нь төлөөд бичиг баримтаа өөрийн нэр дээрээ шилжүүлээд нэг тийш нь шийдчих гэсэн чинь чи эвдэрхий машин авчхаад надад өгөх гээд байна гэхээр нь би өр зээлээ төлөөд боломжоороо энэ машиныг авчихсан юм гэж хэлсэн. Тэгсэн Н.Чимэгбаяр чи хоёр хүүхдийнхээ ээжид мөнгө өгдөг биз дээ гэж хэлэхээр нь би бид хоёр шүүхээр салахад угаасаа өгөхөөр болж салсан биз дээ гэж хэлээд уурлаад жижиг хөлтэй сандал аваад зөөлхөн шидсэн чинь Чимэгбаярын гар хэсэгт оноод газар унасан. Тэгсэн Чимэгбаяр намайг давраад байгаарай гээд хэрүүл хийгээд байхаар нь би уурлаад очоод хөл шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөсөн тэгээд би чи дандаа ийм юм ярьдаг ширээн дээр очиход Чимэгбаяр надад чи дандаа хоёр хүүхдэдээ мөнгө өгдөг биз дээ гэхээр нь би аяга аваад нүүр хэсэг рүү шидсэн. Тэгсэн Чимэгбаярын толгойн дух болон нүдний доод талд аяга оноод зүсээд цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би цусыг нь арчиж өгөөд хүүхдээ хүргэж өгөх гээд гэрээс гараад хүргэж өгчхөөд буцаад ирсэн. Н.Чимэгбаяр явчихсан байсан. Тэгээд би гэртээ байж байхад Н.Чимэгбаяр над руу залгаад би эмнэлэг дээр байна. чи хүрээд ир гэж дуудсан. Намайг яваад очиход ямар ч байсан оёдол тавиулж байсан. би хаана нь хэдэн оёдол тавьсан талаар хараагүй. Удалгүй цагдаа хүрч ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 30 дугаар тал/
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Н.Чимэгбаярын өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ байж байх үед манай хамтран амьдрагч М.Эрдэнэбат гадуур гарчхаад хүрч ирсэн. Тэгэхээр нь би Эрдэнэбатад оношилгоонд ороогүй машиныг явуулахгүй гэж байна гэж хэлсэн чинь Эрдэнэбат наад машин чинь оношилгоонд орчихсон харин татвар төлөөгүй байгаа чи татварыг төлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд машинаа авахдаа анхнаасаа үзэж харж авахгүй чи ганцаараа дур мэдээд эвдэрхий машин авчихсан гэж хэлсэн чинь Эрдэнэбат чи мэдэж байгаа юм чинь хаана байгаа юм гэж хэлээд над руу хуванцар жижиг хөлтэй сандал аваад шидсэн тэгэхээр нь би гараараа хаахад шуу хэсэгт оноод сандал газар унасан. Тэгэхээр нь би давраад байгаарай гээд хоорондоо хэрэлдээд байж байхад Эрдэнэбат миний хөл шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөөд эргэж хараад ширээн дээр байсан шаазан шилэн аягыг аваад над руу шидэхэд миний нүүрний зүүн хэсэгт оноод цус гарахаар би цусаа цэвэрлээд үүдэнд зогсож байхдаа мөнгө төгрөг яриад хэрэлдэж байх үед бөгс рүү өшиглөсөн. Тэгээд Эрдэнэбат хүүхдүүдээ хүргэж өгөхөөр гараад явсан. Тэгэхээр нь би хүүхэд Тэргэлийг дагуулаад эмийн сан ороод шархаа цэвэрлэх бинт аваад буцаад иртэл гэрийнхээ хаалгыг цоожлоод явсан байхаар нь утас руу нь залгаад чи яагаад цоожлоод явчихсан юм. Би одоохондоо зайлаагүй байна шүү гэж хэлсэн чинь Эрдэнэбат би чамайг хаашаа явсан талаар би яаж мэддэг юм гэж хэлээд удалгүй хүрч ирээд надад түлхүүр өгсөн. Тэгэхээр нь би уур хүрээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 5 дугаар тал/
3. Мөрдөн байцаалтад гэрчээр М.Мөнхтуяагийн өгсөн: “...Манай ах М.Эрдэнэбат нь даруу төлөв зантай манай ах доороо хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй айлын том сайн ах байгаа юм. Өмнө нь асуудалд огт орж байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт зөөгөөд явж байдаг. Бид нар байнга гэрт нь очоод байдаггүй болохоор хэрэлдээд байдаг талаар бол мэдэхгүй хүүхдүүдээс нь асуусан чинь байнга хэрүүл маргаан болоод байгаа гэж бага насны хүүхэд нь хэлсэн. Би тэр жаахан хүүхэд үнэн худал ярьсныг мэдэхгүй байна. Миний мээхийн хэрүүл маргаан болоод байгаа талаар мэдэгдээгүй. Өчигдөр ахынд очиход хэрүүл маргаангүй сайхан байж байсан. Хүүхдүүдийн асуудал дээрээс болж бага зэрэг маргалдаад байгаа юм шиг байна лээ. Өмнө нь бол ингэж цохиж зодсон асуудал байгаагүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 10 дугаар тал/
4. Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр М.Тэргэлийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 19-ний өөр би гэртээ сэрээд аяга тавгаа угаагаад гэрээс гараад буцаад ороод ирэх үед ээж болон Эрдэнэбат ах хоёр хэрэлдээд байж байсан. Тэгсэн Эрдэнэбат ах ээж рүү сандал аваад шидсэн тэгэх үед ээжийн гар хэсэг рүү оносон. Тэгсэн ээж чи битгий давраад байгаарай гээд хэрэлдсэн чинь ээж рүү ширээн дээр байсан шаазан аяга аваад шидсэн тэгэх үе тухайн аяга нь ээжийн нүүр хэсэгт оносон. Тэгсэн ээжийн нүдний доод талаас цус гарсан. Тэгэхээр нь би нойлын цаас авч өгөөд хажууд нь байж байх үед Эрдэнэбат ах хүрч ирээд дахиад ээжийн бөгс хэсэг рүү нээх хүчтэй бол биш зүгээр хальт өшиглөөд тэгээд дахиж хэрэлдэж байгаад Эрдэнэбат ах Анударийг хүргэж өгөх гээд гараад явсан. Тэгээд миний хичээлийн цаг болж байсан болохоор ээжтэй хамт гараад ээж эмийн сан харин би сургууль руу явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг
/хх-ийн 12 дугаар тал/
5. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/438 дугаар: “Н.Чимэгбаярын биед духанд шарх, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн бугалга, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 17 дугаар тал/
6. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн хуудас №8241
/хх-ийн 18-19 дүгээр тал/
7. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,
/хх-ийн 32-33 дугаар тал/
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 49 дүгээр тал/
9. Шүүгдэгч М.Эрдэнэбатын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 39-48 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч М.Эрдэнэбат нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Н.Чимэгбаярын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Эрдэнэбат нь хохирогч Н.Чимэгбаярын хөлийн шилбэ, бөгс, дух, зүүн гар хэсэгт нь цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/438 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч М.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч М.Эрдэнэбатын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Чимэгбаярын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч М.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд М.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд прокурортой тохиролцсон ялын төрөл хэмжээний дотор буюу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тохиролцсон бөгөөд шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял хөнгөрүүлж шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч М.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Пүрэв гүн овогт Мөнхжаргалын Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэбатыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэбатад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эрдэнэбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ