Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/364

 

2022           11            07                                 2022/ШЦТ/364

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Д-д холбогдох эрүүгийн 2225000000411 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Г.Д

Шүүгдэгч Г.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг “Арбулаг” амралтын газар согтуугаар, тодорхой шалтгаангүйгээр Л.Б цохиж унагаан, өшиглөх, цохих зэргээр зодож, зүүн арван нэгдүгээр хавиргыг нь хугалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;

хохирогч Л.Б “...2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай байгууллагын хамт олон Говил баг “Арбулаг” амралтын газар салхинд гарахаар очсон. ...Бүжиглэж байгаад заалнаас гараад бие засах санаатай харанхуйд ганцаараа алхаж явтал миний араас толгой руу нэг зүйлээр цохих шиг болж, би газар ухаан алдаж унасан. Удалгүй сэргэтэл надтай хамт ажилладаг Дэлгэрбат ах миний бие, цээж болон толгой руу өшиглөж, дээрээс гараараа цохиод байсан, тэгэхээр нь би “болиоч ээ, хүн амьтан байна уу, туслаарай” гээд орилтол Дэлгэрбат ах зугтаагаад явчихсан. Үүний дараа босох гэтэл бөгсөн биенээс доош мэдээ алдчихсан, хөдлөхгүй байсан. ...Босож чадахгүй бие өвдөөд байхаар нь гэртээ ганц, хоёр хоног хэвтрийн дэглэм барьж байгаад эмнэлэгт үзүүлсэн, БОЭТ-д рентген зураг авхуулахад “11 дүгээр хавирга чинь хугарсан байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

          гэрч Ц.Ц “...диско заалны...урд талд очиход гэрэлтүүлэггүй харанхуй байсан ба тэр харанхуйд Буман-Эрдэнэ дээшээ харчихсан хэвтэж байсан. ...Буман-Эрдэнэ “сая намайг Дэлгэрбат зодчихлоо, босоод алхаж явж чадахгүй байна” гэж хариулсан. Тэгэхээр нь Баттулга бид хоёр Буман-Эрдэнийг амарч байсан гэр рүү аваачих гээд өргөтөл дийлэхгүй байсан. ...Амралтын газарт амарч байсан танихгүй залуучуудыг гуйж, дамжилж өргөөд амарч байсан баруун талын гэр рүү оруулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

гэрч Ц.Б “...2022 оны 9 дүгээр сарын 23-ны өглөө манай байгууллагын ажилчид ажлаасаа буугаад “Арбулаг” амралтын газар очсон. ...диско заалны хаалга нь хойд зүг рүү харчихсан байдаг учраас бид хоёр цонх тогших гээд орчлонгийн зүгээр заалны урд хэсэгт очиход газар Буман-Эрдэнэ дээшээ харчихсан “ёо, ёо” гээд хэвтэж байсан. Тэр үед Буман-Эрдэнийн биед ил харагдах шарх болон цус байгаагүй, тэр үед Буман-Эрдэнэ тасартлаа согтоогүй байсан, “эхнэрийг дууд, Дэлгэрбат намайг зодчихлоо” гэж хэлсэн. Цэнгүүнжав бид хоёр Буман-Эрдэнийг өргөөд дийлэхгүй байсан, тэгэхээр нь ...танихгүй гурван залууг гуйж Буман-Эрдэнийг тал, талаас нь өргөөд амарч байсан гэрийн баруун талын гэрт оруулж орон дээр хэвтүүлсэн. ...тэр үед Буман-Эрдэнэ яагаад алхаж чадахгүй байсныг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Г.Д сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн уулын хэсгийн ээлжийн хамт олонтойгоо “Ар булаг” амралтын газар очсон. ...Би орой гадаа харанхуй болчихсон байхад бүжгийн заалнаас ганцаараа гарч заалны урд талын хэсэг рүү явж очсон, тэр үед надтай хамт ажилладаг Буман-Эрдэнэ зогсож байсан тэгэхээр нь би араас нь явж очоод толгой руу нь нэг удаа гараараа цохиход их согтуу байсан учраас найгаад Буман-Эрдэнэ газар уначихсан, би Буман-Эрдэнийн цээж рүү ганц, хоёр удаа өшиглөж, бие рүү нь цохисон. ...Буман-Эрдэнийн цээж рүү ганц, хоёр удаа өшиглөчихөөд амарч байсан гэр рүүгээ очих гээд алхаж явахад Буман-Эрдэнэ ганцаараа орилоод үлдсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

“...Л.Б цохиж, газарт унагаан цээж рүү нь өшиглөж, бие рүү нь цохин, 11 дүгээр хавиргыг нь хугалж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Буянзаяагийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 769 дугаартай; “...1.Л.Б биед зүүн талын арван нэгдүгээр хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.5.Уг гэмтэл нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6.Зүүн талын арван нэгдүгээр хавирганы далд хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 7.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

иргэн Л.Б мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 4-6 дахь тал/,

Г.Д иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37, 44 дэх тал/,

хохирогч Л.Буман-Эрдэнэд 2.095.000 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 47 дахь тал/,

яллагдагч Г.Д “...Л.Б гэдэг залууг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Буруугаа ойлгож эмчилгээний зардал 2.095.000 төгрөгийг Буман-Эрдэнэд өгсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 57 дахь тал/,

хохирогч Л.Б “...Г.Д гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж өгнө үү, мөн би ээлжийн ажилтай тул учир шүүх хуралд оролцох боломжгүй байна.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Г.Д сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Нэг: Шүүгдэгч Г.Д гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Г.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг “Арбулаг” амралтын газар согтуугаар, тодорхой шалтгаангүйгээр Л.Б-г цохиж унагаан, өшиглөх, цохих зэргээр зодож, зүүн арван нэгдүгээр хавиргыг нь хугалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Л.Б “...Бүжиглэж байгаад заалнаас нь гараад бие засах санаатай харанхуйд ганцаараа алхаж явтал миний араас толгой руу нэг зүйлээр цохих шиг болж, би газар ухаан алдаж унасан. Удалгүй сэргэтэл надтай хамт ажилладаг Дэлгэрбат ах миний бие, цээж болон толгой руу өшиглөж, дээрээс гараараа цохиод байсан, тэгэхээр нь би “болиоч ээ, хүн амьтан байна уу, туслаарай” гээд орилтол Дэлгэрбат ах зугтаагаад явчихсан.” гэх,

          гэрч Ц.Ц “...диско заалны...урд талд очиход гэрэлтүүлэггүй харанхуй байсан ба тэр харанхуйд Буман-Эрдэнэ дээшээ харчихсан хэвтэж байсан. ...Буман-Эрдэнэ “сая намайг Дэлгэрбат зодчихлоо, босоод алхаж явж чадахгүй байна” гэж хариулсан.” гэх,

          гэрч Ц.Б “...Б дээшээ харчихсан “ёо, ёо” гээд хэвтэж байсан. Тэр үед Буман-Эрдэнийн биед ил харагдах шарх болон цус байгаагүй, тэр үед Буман-Эрдэнэ тасартлаа согтоогүй байсан, “эхнэрийг дууд, Дэлгэрбат намайг зодчихлоо” гэж хэлсэн.” гэх,

          Г.Д сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Буман-Эрдэнэ зогсож байсан тэгэхээр нь би араас нь явж очоод толгой руу нь нэг удаа гараараа цохиход их согтуу байсан учраас найгаад Буман-Эрдэнэ газар уначихсан, би Буман-Эрдэнийн цээж рүү ганц, хоёр удаа өшиглөж, бие рүү нь цохисон. ...Буман-Эрдэнийн цээж рүү ганц, хоёр удаа өшиглөчихөөд амарч байсан гэр рүүгээ очих гээд алхаж явахад Буман-Эрдэнэ ганцаараа орилоод үлдсэн.” гэх мэдүүлгүүд,

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Буянзаяагийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 769 дугаартай дүгнэлт, хохирогч Л.Б 2.095.000 төгрөг төлсөн баримт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

Шүүгдэгч Г.Д үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүх түүний “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

             Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр: Шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Г.Д-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” санал гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          торгох ялыг долоон сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудал;

          Хохирогч Л.Б “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт хураагдан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ