Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2019/00136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00045/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ******  оршин суух ****** овгийн *******- /РД: ****** , утас: ****** /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг,  ****** оршин суух ****** овгийн *******- /РД: ****** /-д холбогдох

 

 “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******-, хариуцагч *******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие нь нөхөр *******-тай 2002 онд танилцаж, 2003 онд гэр бүл болж, 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан хамтын амьдралын хугацаанд 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүү *******-, 2011 оны 07 дугаар сарын 16-ны өдөр охин *******нар нь төрсөн. Хамтын амьдралын хугацаанд хэн хэн нь өдий хүртэл амьдралынхаа төлөө зүтгэж ирсэн. Сүүлийн үед үзэл бодол, зан харьцаа ч нийлэхээ больсон. Надад удаа дараа гар хүрч зодож, хэлэх хэлэхгүй үгээр доромжилж эрх чөлөөнд халдаж, амь насаа хамгаалахын тулд аргагүйн эрхэнд цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан тохиолдолд ч зөндөө байдаг учраас бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд амьдрах хэцүү байгаа бөгөөд 2 хүүхдээ бодоод өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй болсон тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгүйгээр гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хамтын амьдралын хугацаанд бидний хөрөнгө гэвэл 4 өрөө орон сууц, 1 машин, амины орон сууцны зориулалттай газар, тариалангийн зориулалттай газар, 2 хүүхдийн хадгаламжинд 14 сая гаруй төгрөг байдаг. Би нэхэмжлэл дээрээ эд хөрөнгийн маргаангүй гэж бичсэн байгаа. Одоо ч гэсэн маргаангүй байх гэж бодож байна. Яагаад гэхээр дундын өмчлөлийн 4 өрөө байрны хамтран өмчлөлөөс 2018 оны 05 дугаар сард хасагдах хэлцэл хийгээд нэрээ хасуулсан байгаа. Одоо ганц энэ хүний нэр дээр 4 өрөө орон сууц байгаа. Машины хувьд *******- өөрийн цалингаараа авсан байдаг. Тариалангийн зориулалттай газар, амины орон сууцны зориулалттай газар миний нэр дээр байдаг. Энэ 2 газрыг цалингийн зээлээр аваад *******- бид хоёр 2 талаасаа төлөөд дуусгасан. Мөн *******- нь агрономич мэргэжилтэй ганц хийж чаддаг зүйл нь. Мэргэжилтэйгээ холбоотой учраас тариалангийн газар хэзээ нэр дээрээ авахыг хүснэ, тэр үед нь шилжүүлээд өгнө. Харин амины орон сууцны зориулалттай газраа өөр дээрээ авна. Хүүхдийн хадгаламжийн хувьд миний нэр дээр байдаг. *******- нь миний нэр дээр болгочих гээд байнга хэрүүл хийж байдаг. Хэрвээ намайг үрчихнэ гэж бодож байвал банкин дээр очоод хязгаарлалт хийлгэж болно. Тийм учраас би энэ хүнд шилжүүлж өгөхгүй. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.” гэжээ.

            Хариуцагч *******- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бид хоёр 2003 онд гэр бүл болж 16 жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд 2 хүүхэдтэй болсон. 2015 он хүртэл ямар нэгэн маргаангүй сайхан байсан. Би 2015 оны 11 дүгээр сард Солонгос улс руу ажил хийхээр явсан. 2015 он, 2016 онд ирэхгүй байж байгаад 2017 оны зун амралтаараа ирэхэд хэрүүл маргаан гарч эхэлсэн. Одоо би хагалгаанд орох гээд ажлаасаа чөлөө аваад ирсэн байгаа. Би *******-ын ярьсан шиг дарамталж доромжилсон зүйл байхгүй. Бид хоёрт хэн хэнд нь буруу байгаа тул бид ярилцаад учраа олно гэж бодож байна. Миний хувьд шүүх хурлаар ороод яахав гэж зөндөө хэлсэн. Би зээл авсан байсан болохоор зээлээ төлөх гээд Солонгос явж ажиллахаар болсон. Солонгост байхдаа огт холбоогүй биш гэр бүл үр хүүхдүүдтэйгээ холбоотой байж үр хүүхдээ анхаарал халамж тавьдаг байсан. Би гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй байна” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү *******-, 2011 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин *******- нарын асрамж тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч *******- ...16 жил амьдарсан амьдрал, 2 хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулахгүй... гэж маргаж байна.

Нэхэмжлэгч *******-, хариуцагч *******- нар 2002 оноос танилцан гэр бүл болж, Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд 2006 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон  хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна.

Нэхэмжлэгч *******- ...Сүүлийн жилүүдэд нөхөр маань байнга архи ууж, агсам согтуу тавьж, заналхийлэх болсон. Үзэл бодол таарахгүй, байнга хэл амаар доромжилж, эрх чөлөөнд халдаж, бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд амьдрах хэцүү байна. Цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг хариуцагч *******- ...Миний бие 2015 оны 11 сард Солонгос улс руу ажил хийхээр гэрээгээр явсан. 2017 оны зун ээлжийн амралтаараа Монголд ирэхэд хэрүүл маргаан гарч эхэлсэн. Бидний хэн хэнд нь буруу байгаа тул бид ярилцаж учраа олно гэж бодож байна. 16 жил амьдарсан амьдрал, 2 хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулахгүй... гэж маргаж байна.

Зохигчид гэрлэлтээ батлуулан 16 жил орчим хамтран амьдарснаас хойш хариуцагч *******- 2015 оноос Бүгд найрамдах Солонгос улсад гэрээгээр ажиллахаар болж тусдаа амьдарснаас маргаан үүсэж, зөрчилдөөнтэй байгаа, 2018 оны 12 дугаар сард  хагалгаа хийлгэхээр ирсэн, хагалгаагаа хийлгэсэн, цагаан сарын дараа буцна гэж тайлбарлаж байгаа нь огнооны хувьд зөрүүтэй байна.

Хариуцагч *******- БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх үе 2016-2018 он хүртэл зарим онд ирээгүй, нэг удаа ирсэн гэж тайлбарлаж байгаа боловч Монгол улсад түр хугацаагаар амрахаар ирсэн үедээ гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулах байдал гаргаж байсан нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн Газраас хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримтад ...Гомдол мэдээллийн бүртгэл 2018 оны 07 дугаар сарын 13 гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 2018 оны 05 дугаар сарын 09 02:01:23 мин. Манай аав гэртээ агсан тавиад ээжийг зодох гээд байна гэсэн дуудлагаар ******* гэгчийг эрүүлжүүлэх саатуулах байранд түр саатуулсан... гэж, 2018 оны 05 дугаар сарын 31. 00:42:51 мин хажуу талын айлд согтуу хүн агсан тавиад байна гэх дуудлагаар *******ыг найз ******* нь хүлээлгэн өгөв... гэж, 2018 оны 10 дугаар сарын 03-ны 00:42:43 мин эхнэр согтуу гэртээ хүүхдүүддээ агсан тавиад байна гэсэн дуудлагаар худлаа дуудлага өгсөн. Эхнэр ******* эрүүл байв... гэж, 2018.12.30 23:46:28 манай ах согтуу хэрүүл маргаан хийгээд байна гэсэн дуудлагаар очиход******* гараад явсан байв... гэж тэмдэглэсэн, зөрчил гарсан гэх газар нь одоогийн амьдарч буй Хотхонды 46/14 тоот... гэж тэмдэглэгдсэн байна. Мөн газрын Саатуулсан, эрүүлжүүлсэн хүн гэсэн бүртгэлд ******* *******. 2018 оны 07 дугаар сарын 11, 2018 оны 05 дугаар сарын 09, 2017 оны 06 дугаар сарын 27, 2015 оны 05 дугаар сарын 25 гэж бүртгэснээр тогтоогдож байна.

Хариуцагч *******- нь 2017 оноос гэр бүлийн гишүүд *******-, -, - нарыг гэр бүлийн дундын өмч Дархан сум 10 дугаар 5 дугаар хороолол тоот 4 өрөө орон сууцанд оршин суух боломж олгоогүй, хүүхдүүдийг өсөж торнисон, ээнэгшин дассан орчноос хөндийрүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хамтран өмчлөгчөөс өмчлөгч *******-ын нэрийг хасуулах үйлдлээ уг орон сууцыг засан сайжруулж худалдан борлуулаад амины орон сууц барина гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар гэрлэгчид нь гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг эзэмших ашиглах захиран зарцуулах эрхтэй, гэрлэгсдийн хэн аль нь нэгийгээ эд хөрөнгийн хавчигдмал болон сэтгэл санааны дарамттай байдалд байлгах, хүчирхийлэх, нэр төр, алдар хүндийг гутаах зэргээр хохирол учруулбал хохирсон тал гэм хор учруулснаас учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд гэрлэгсдийн хэн нэг нь согтууруулах болон мансууруулах бодис байнга хэрэглэдэг, гэр бүлийн гишүүдийг өөрийн эрхшээлд байлгахаар хүч хэрэглэж, биед нь халдах, айлгах, сүрдүүлэх, заналхийлэх, гэр бүлийн дундын өмчийг дангаар захиран зарцуулах зэргээр сэтгэл санаа, бие махбодь, эдийн засгийн байнгын хүчирхийлэл, дарамт үзүүлснээр гэр бүлийн бусад гишүүд, ялангуяа хүүхдэд ноцтой хор хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй нөхцөл байдлыг гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэж үзнэ.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах , хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх  адил үүргийг  хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.2-д зааснаар гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл тогтоогдоогүй.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар шүүх нэхэмжлэгч *******-, хариуцагч *******- нарын  гэрлэлтийг цуцлав.

Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүү *******-, 2011 оны 07 дугаар сарын 16-ны өдөр охин *******- нар төрсөн нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байгаа, зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгт маргаагүй.

Гэр бүлийн тухай тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд шүүх түүний саналыг харгалзан үзэх, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар шүүх өмгөөлөгч байлцуулан хүүхдүүдийн саналыг авахад 2011 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин *******...Дугуйланд ихэнхи нь ээж хүргэж өгдөг. Машингүй байхад ч гэсэн. Одоо  П хотхон- тоотод ээжтэй, ахтайгаа бас аавтайгаа амьдардаг. Аав Солонгос яваад ирээд байдаг. Нэг явахаараа Солонгост уддаг. Энд ирээд нээх уддаггүй, 2-3 сараас уддаггүй. Манай ээж бол анхаарал халамж их тавьдаг. Аав бол зурагт хараад л байж байдаг. Ээж бол агаа бид хоёрт маш их хайртай. Миний хэлсэн болгоныг ээж авч өгдөг, надаас юу ч харамладаггүй... гэж, 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү *******- ...Ээж ааваас илүү анхаарал халамж тавьдаг. Одоо Хотхонд аав ээж дүүтэйгээ амьдардаг. Хичээл орохоор би сургуулийнхаа дотуур байранд байдаг. Аав хааяа Солонгос явж ажил хийдэг. Сая хамар нь болохоо байсан гээд хагалгаанд орох гээд Солонгосоос ирсэн. Аав ээж хоёр хоорондоо ер нь байнга маргалддаг. Би ээжтэйгээ хамт баймаар байна... гэх саналыг илэрхийлсэн, хариуцагч *******- нь 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү *******-, 2011 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин *******нарыг эх *******-ын асрамжид өгөхгүй байх, хүүхдүүдийн одоогийн өсөж торниж байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх ямар нөхцөл байдал байгаа талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар нотлохгүй байна.

 Иймд 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү *******-, 2011 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин *******нарыг эх *******-ын асрамжид үлдээж шийдвэрлэв.

Хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаагийн зэрэгцээ хүүхдийн оршин суугаа газрыг шийдвэрлэж буй хэрэг бөгөөд эцэг *******-, эх *******- нар тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, цаашид хүүхдийн хүмүүжил, хөгжилд тэгш хариуцлага хүлээх учиртай.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж хуульчилсан.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилснаар *******-, *******нарт эцэг *******-аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан шийдвэрлэж болно гэснээр талууд эд хөрөнгийн маргаан гаргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д  шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ, улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгч *******-ын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан тул хариуцагч *******-аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 65,523 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар ........... овгийн *******- /РД:........... ,  ....... овгийн *******- /РД:............ / нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү *******-, 2011 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин *******нарыг эх *******-ын асрамжид үлдээсүгэй.

 

  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү *******-, 2011 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин *******нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд   тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******-аас тэтгэлэг сар болгон гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******-аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 65,523 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОЮУНДАРЬ